| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0058/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/058 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч М.Тд холбогдох эрүүгийн 1814006980001 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, М.Т
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч М.Т нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 38 тоот хашаанд Г.Дгийн зүүн өгзөгт хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч М.Тын мөрдөн байцаалтад өгсөн
... Би Г.Дгийнд очиход орон дээрээ унтаж байхаар нь дуудаад уулзаж байгаад махны хажууд байсан хутгыг нь аваад тоглоод Г.Дгийн өгзөг рүү нь 1 удаа хатгасан чинь яваад орчихсон. Тэгээд Г.Д намайг хутгалчихлаа гэхээр нь би үнэмшээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 /
Хохирогч Г.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
… М.Т нь манай эхнэрийн хоол хийх гээд зуухны хажууд тавьсан байсан хутгыг аваад миний цээж рүү хатгах гэхээр нь би хойшоо болоод гар руу цохиод хатгуулаагүй. Тэгээд зүүн хөлөө өргөхөд М.Т миний зүүн талын өгзөг орчимд хутгалсан байсан. Тэгээд цус гараад чи намайг хутгалчихлаа гэхэд М.Т хутгаа бариад гараад явсан эргэж орж ирсэн. М.Т хамт байж түргэний тэргэнд суулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 /,
Гэрч Т.Гийн мөрдөн байцаалтад өгсөн
... М.Т гаднаас орж ирээд манай нөхрийг бос гэсэн. Манай нөхөр босч ирээд орон дээр сууж байхад М.Т миний хажууд зуухны дэргэд байсан хутгыг аваад эхлээд цээж рүү хатгасан чинь манай нөхөр гар руу нь цохиод хатгуулаагүй. Тэгтэл нөхрийн өгзөг рүү нь хутгаар М.Т нэг удаа хатгасан намайг хутгалчихлаа гэсэн чинь хутгаа бариад М.Т гараад явсан. Тэгээд би нөхрийн цусыг цэвэрлэж шалан дээр гоожсон цусыг цэвэрлэж гадагшаа асгасан. М.Т буцаж хутгагүй орж ирсэн. Би түүнээс хутга яасан гэж асуухад мэдэхгүй гэж байсан гэрээс гарахдаа хутга аваад гарсан юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай
1. Г.Дгийн зүүн өгзөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 45-46/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 17-20/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8/, шүүгдэгч М.Тын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2019.01.17-ны өдрийн №2005 тоот тодорхойлолт / хх-ийн 51/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/, шийтгэл тогтоолын хуулбар /хх-ийн 53-57/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч М.Т нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 38 тоот хашаанд Г.Дгийн зүүн өгзөгт хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч М.Тын ... махны хажууд байсан хутгыг нь аваад тоглоод Г.Дгийн өгзөг рүү нь 1 удаа хатгасан чинь орчихсон ….гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 /
хохирогч Г.Дгийн ... зүүн хөлөө өргөхөд М.Т миний зүүн талын өгзөг орчимд хутгалсан байсан … гэх мэдүүлэг / хх-ийн 23-25 /
гэрч Т.Г ... нөхрийн өгзөг рүү нь хутгаар М.Т нэг удаа хатгасан... гэх мэдүүлэг / хх- ийн 28-29 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай “...Г.Дгийн биед зүүн өгзөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35- 36/ гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Тд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Т нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч М.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч М.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй, шүүхээс ногдуулсан торгох ял биелэгдэн боломжгүй зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Г.Д нь М.Тын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Г.Д нь эмчилгээ хийлгэх шаардлагатай бол цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч М.Т нь 2018 оны 12 дугаар сарын 08-аас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 12 хоногийг нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Тын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Тд буцаан олгож , эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт М.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Тыг гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Т нь гурван зуун тавин /350/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Тд оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгч М.Тын цагдан хоригдсон 12 хоногийг нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хассугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Тд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хохирогч Г.Д нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч М.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.Тын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч М.Тд буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Тд хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА