Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 640

 

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2016/00640                  

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, 3 дугаар баг, Бичигт ногоо тасаг, 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, 40 настай, эрэгтэй, Боржигон овогт Нацагдоржийн Нэргүй /РД:НЙ76080614/-гийн нэхэмжлэлтэй,

         Боржигон овогт Нацагдоржийн Тамир /РД:НЙ75060508/-ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нэргүй, нарийн бичгийн дарга А.Солонго оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Н.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүд эгчийн хамт амьдардаг. Миний төрсөн эгч Н.Тамир нь аав Ж.Нацагдоржийн хамт амьдарч байсан. Аав Ж.Нацагдорж нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр нас барсан. Эгч Н.Тамир анх төрөхөөсөө эхлэн сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чаддаггүй, сэтгэцийн өвчтэй, байнга хүний асрамжид байхгүй бол болдоггүй. Өдөр бүр унаж татдаг. Иймд эгч Н.Тамирыг иргэний эрх зүйн чадамжгүй болохыг тогтоож, намайг асран хамгаалагчаар нь тогтоож өгнө үү гэжээ.  

            Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

        Нэхэмжлэгч Н.Нэргүй нь төрсөн эгч Н.Тамирыг эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д зааснаар Н.Нэргүй нь иргэний эрх зүйн чадамжгүйд гэж тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

        Н.Тамир нь 41 настай боловч сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болох нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт, 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн магадлах комиссын 0056412 дугаартай шийдвэр /хх-8/, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комисс, хөдөлмөрийн чадвар алдагдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-9/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 595 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-24/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

        Иймд Н.Тамирыг сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө зөв удирдаж чадахгүй, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгохгүй болох нь дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Н.Тамирыг эрх зүйн чадамжгүйд тооцож, төрсөн дүү Н.Нэргүйг түүний асран хамгаалагчаар тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

          Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Нацагдоржийн Тамир /РД:НЙ75060508/-ыг эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар төрсөн дүү Боржигон овогт Нацагдоржийн Нэргүй /РД:НЙ76080614/-г тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нэргүй нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

      3. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Нэргүйд буцаан олгосугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т зааснаар Н.Тамир эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал өөрөө буюу түүний асран хамгаалагч Н.Нэргүй, сонирхогч бусад этгээд эрх зүйн чадамжтай болсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУУЛ