Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 4385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5/Б-12 тоотод оршин суух, Далай овогт Сүнчиндинагийн Цолмон /РД:ЦД73051962/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5/Б-12 тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн  Гэ овогт Туань Шүнь-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Цолмон, хариуцагч Гэ овогт Туань Шүнь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Цолмон нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь Гэ Туань Шүньтэй 1996 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаандаа 2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Ц.Номин, 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүү Ц.Анар нарыг төрүүлж, миний дагавар охин Ц.Хулан нарын хамт амьдарч байна. Амьдралын хугацаанд нөхөр мөрийтэй тоглож, итгэл алдан, зоддог байсан бөгөөд байнгын дарамтанд амьдрахад хэцүү байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Нөхөр 1991 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Л.Пүрэвсүрэнтэй гэрлэлтээ батлуулсан байсныг би хожим мэдсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлаар харилцан тохиролцсон тул шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Охин Ц.Номин  ээжийнхээ асрамжид, хүү Ц.Анар нь аавынхаа асрамжид байна гэсэн тул тэдний саналыг хүндэтгэж үзэхээр шийдсэн. Хэн алин нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гэ Туань Шүнь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1996 оноос эхлэн хамтран амьдраад 2005 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Гэ Туань Шүнь миний бие С.Цолмонгоос Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5/Б-12 тоот орон сууцаа хүүхдүүдтэйгээ хамтран эзэмшиж, бүх хүүхдүүдээ 16 нас хүртэл нь зарж бусдын эзэмшилд өгөхгүйгээр хамтран эзэмшүүлэх хүсэлтэй байсан боловч С.Цолмонтой харилцан тохирсоны үндсэн дээр С.Цолмонгийн эзэмшилд үлдээхээр болсон. Охин Ц.Номинг ээжийнх нь асрамжид үлдээж, хүү Ц.Анар аавынхаа асрамжид үлдэхээр болсон. Цаашид би хүүхдүүдээ сурч боловсрох болон бусад шаардлагатай үед өөрийн зүгээс эдийн засгийн хувьд харж хандаж явна. Иймд бидний хооронд эд хөрөнгө болон үр хүүхдийн асран халамжлах асуудалд ямарч маргах асуудалгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Цолмон нь хариуцагч Гэ овогт Туань Шүнь-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

С.Цолмон, Гэ овогт Туань Шүнь нар нь 1996 онд гэр бүл болж, улмаар 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас 2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Ц.Номин, 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Ц.Анар нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 8,9,10 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь харилцан зөвшөөрч, маргахгүй байх тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэрлэгчдийн дундаас 2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ц.Номин нь эх С.Цолмонгийн асрамжид үлдэх талаар, 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ц.Анар нь эцэг Гэ овогт Туань Шүний асрамжид үлдэх талаар санал гаргасан байх ба хүүхдүүдийнхээ энэхүү саналыг гэрлэгчид хүлээн зөвшөөрч байх тул  2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ц.Номинг эх С.Цолмонгийн асрамжид, 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ц.Анарыг  эцэг Гэ овогт Туань Шүний асрамжид тус тус үлдээн шийдвэрлэв.

Гэрлэгчид харилцан бие биенээсээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Зохигч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлаар хоорондоо тохиролцсон тул шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл,132 дугаар зүйлийн 132,6 дахь хэсгийг удирдлага болгон   

                                                                                                         

                                                                                                        ТОГТООХ нь:  

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Далай овогт Сүнчиндинагийн Цолмон /РД:ЦД73051962/, БНХАУ-ын иргэн  Гэ овогт Туань Шүнь нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ц.Номинг эх С.Цолмонгийн асрамжид, 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ц.Анарыг  эцэг Гэ овогт Туань Шүний асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэ овогт Туань Шүниас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цолмонд олгосугай. 

5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй  гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА