Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00714

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00714

 

 

 

П.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00475 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А ХК-д холбогдох, 2015 оны 05 сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие А ХК-тай 2015 оны 05 сарын 26-ны өдөр 750,000 ам.долларын бизнесийн зориулалттай зээлийг 60 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй төлөх нөхцөлтэй **/**-** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Мөн зээлийн гэрээний дагуу миний хувьцааг нь эзэмшдэг Н ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, **-р хороо, А гудамж, ** тоот хаягт байрлах Ү-********* бүртгэлийн дугаартай 2,304 м.кв талбайтай барилга, Ө ХХК-ийн Г************ бүртгэлийн дугаартай 1,560 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалан **/**-** тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан. Дээрх гэрээг бичгээр байгуулсан боловч надад өнөөдрийг хүртэл 750,000 ам.долларыг бэлнээр болон дансаар өгөөгүй. Гэтэл энэ үеэс эхлэн А ХК нь 750,000 ам.долларын зээлийг олгосон мэтээр зээлийн өр төлбөр үүсгэн, санхүүгийн дарамтад оруулж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1-д тус тус зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан ч гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. А ХК нь надөд өгч байгаагүй 750,000 ам.долларын зээлийн гэрээний үр дагавар одоо ч арилаагүй, тэр зээлийн гэрээг үндэслэн миний хамаарал бүхий хуулийн этгээдээс төлбөр суутгасан нь намайг ангилал бууруулсан, их хэмжээний зээлтэй болгож харагдуулан миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд А ХК-тай байгуулсан 2015 оны 05 сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: П.Э нь А ХК-тай 2015 оны 05 сарын 26-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулсан. Уг гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд хэрэгжээд дуусгавар болсон гэрээ тул зээл олгоогүй гэдэг нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар А ХК-д холбогдох 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэгч П.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар П.Э-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 13,056,975 төгрөгийг улсын орлогод хэвээр тус тус үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд 2015 оны 05 сарын 26-ны өдөр байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ-ний 1.1-д зээлийн хэлбэр, хэмжээ, хүү болон зориулалтын талаар харилцан тохиролцож, хэрэв зээлийн зориулалтыг өөрчлөх бол бичгээр нэмэлт гэрээг заавал байгуулах нөхцөлийг тохиролцсон боловч зээлдүүлэгч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээл олгоогүй. А ХК-ийн 2015 оны санхүүгийн тайлангаар энэ хэмжээний зээлийг П.Э-д олгоогүй, санхүүгийн эх үүсвэргүй нь нотлогддог.

4.2. Түүнчлэн, А ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбараа өөрчилж, зээлийн мөнгөн дүнд оролцуулж П.Э нь Г.У-аас үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авсан гэж тайлбарладаг боловч энэ талаар гэрээ, хэлцэл байхгүй. Г.У-аас зээлийн дүнд шилжүүлэн өгсөн гэх үл хөдлөх эд хөрөнгө Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс 5 сарын дараа буюу 2015 оны 10 сарын 15-ны өдөр Н.О-т шилжсэн. Зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар болон шүүхийн дүгнэлт нь бичгийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг миний бие 2019 оны 10 сарын 09-ний өдөр нөхөр Н.О-аас өвийн журмаар авч, 2019 оны 10 сарын 16-ны өдөр А ХК-д худалдсан. Г.У-аас Н.О-т үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн үйл баримтыг талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж хамаатуулан дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3-т 4 удаагийн гүйлгээгээр Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу мөнгө хүлээн авсан, бусдад төлөх зээлүүдийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлсөн гэж дүгнэсэн боловч уг төлбөрүүд өмнө нь А ХК нь И ХХК нэртэй байх үед 2011 оны 12 сарын 08-ны өдөр байгуулсан Н ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр байсан талаар шүүхэд амаар болон бичгээр тайлбар гаргаж, нотлох баримтаа өгсөн. Нэхэмжлэгч П.Э нь Н ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд А ХК, Н ХХК-ийн 20 хувийн хувьцааг 768,000 ам.доллараар 2011 онд худалдсан. Гэвч А ХК нь хувьцааны үнийг бүрэн төлөөгүй, 2015 онд 370,000 ам.долларыг иргэн П.Э-д төлөх өртэй гэдгээ албан бичгээр илэрхийлсэн байдаг. Хувьцааны үнэ бүрэн төлөөгүй, өртэй байсан гэдэгт хариуцагч маргаагүй. А ХК дээрх өрийг төлөхдөө, П.Э-ын Х ХК-иас авсан зээлийг хаах хэлбэрээр төлсөн нь А ХК нь П.Э-д зээл олгосон 2015 оны 05 сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээтэй холбоогүй байхад шүүх хариуцагчийн гүйлгээ хийсэн баримтын утгад үндэслэн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй гэж үзнэ.

4.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.4-т 521,000 ам.долларын зээлийн гэрээний үүрэгт тооцож өгсөн үл хөдлөх хөрөнгийг Н.О-ын нэр дээр шилжүүлсэн гэж гэрч Г.У-ын өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 521,000 ам.долларын гэрээ хэлцэл хийгдэж байгаагүй, шүүхийн маргаан эхэлснээс хойш миний бие анх удаа сонсож байна. Гэтэл энэ талаарх үйл баримтыг нягтлан шалгалгүй шүүх буруу дүгнэлт хийсэн. Хариуцагч компанийн захирал Ч.Г-ийн эхнэр Г.У нарын гэрчийн мэдүүлэг нь давхар эх сурвалжаар нотлогдоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд өгсөн бөгөөд тус баримтуудад Нотариатын тухай хууль зөрчиж гэрчилсэн баримтууд байсан тул нэхэмжлэгч талаас Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гомдол гаргасны дагуу Сахилгын зөвлөлийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 40 тоот тогтоолоор хариуцагч талаас гаргасан тухайн нотлох баримтуудыг хууль зөрчиж гэрчилснийг тогтоосон.

4.6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний үр дагавартай холбогдуулан 2024 оны 02 сарын 06-ны өдөр тус тусдаа 2 нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Маргаан бүхий Барьцаат зээлийн гэрээ-г дагалдуулан 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 19/1205-2 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г байгуулсныг мөн хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан нэхэмжлэгчийн өмчлөлд тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Энэ гэрээний үнэ 1,496,363,000 төгрөг бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 7,639,765 төгрөг төлсөн. Мөн барьцаат зээлийн гэрээтэй холбогдуулан 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 19/1205-1 тоот төлбөр барагдуулах гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэмэгдүүлсэн шаардлага гаргасан бөгөөд бие даасан өөр өөр гэрээний дүнг давхцуулан бичсэн тус гэрээний үнийн дүнг тодорхойлох боломжгүй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 70,200 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч гэрээнд заасан үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасны хүрээнд хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа хэлцлийн үр дагаврыг хэрхэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс хэлцэлтэй хамааралтай 2 хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байхад илтэд үндэслэлгүй хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн өмнөх шаардлагад 13,056,975 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байхад дутуу төлсөн гэж татгалзаж миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн бодитой үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний 2.1.1-д ...зээлдэгчийн хүсэлтээр төлбөр тооцоо гүйцэтгэнэ гэж заасан. 750,000 ам.долларын зээлийн гэрээг нийт ямар байдлаар зээлж, төлбөр тооцоог Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлага хангаж гүйцэтгэсэн гэдэг үйл баримт байдаг. 2 удаагийн зээл, 2 удаагийн төлбөрийг өөр рүү нь шилжүүлж, нийт 4 удаагийн төлбөр бөгөөд 5 дахь төлбөр нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж, нийт 750,000 ам.долларын зээл олгосон. Хариуцагч нь П.Э-ын өмнөөс А ХХК-ийн 112,000 ам.долларын зээл, 99,264 ам.доллароор Х ХК-иас авсан зээлийг тус тус төлсөн. П.Э-ын данс руу 10,374 ам.доллар, 11,555 ам.доллар болон зарим мөнгийг төгрөгөөр шилжүүлсэн. Үлдэгдэл 521,000 ам.долларт иргэн Г.У-ын нэр дээр байсан 450 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, нийт 750,000 ам.доллар шилжүүлсэн талаар гэрч Г.С мэдүүлэг өгсөн. Зээл тус бүрийг шүүхээс асуусан. Хууль сануулсан гэрч нарын мэдүүлгээр 5 удаагийн төлбөрөөр зээл төлөгдсөн болох нь харагдана. Талууд 2015 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2019 оны 12 сарын 05-ны өдөр 19/1205-01 дугаар төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 521,000 ам.долларт ногдуулж өгсөн орон сууцыг шилжүүлж авчихаад дараа нь дахин нэмсэн дүнгээр буцааж 750,000 ам.долларыг 550,000 ам.долларт шилжүүлж, үлдэгдэл 200,000 ам.долларыг А ХХК-иас зээл авч төлсөн нь үнэн. Өөрөөр хэлбэл, төлбөрт авсан, авсан төлбөрөө буцааж төлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Энэ гэрээтэй холбоотой төлбөр төлөгдөж дууссан. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу төлбөр, тооцоог гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулав.

2.   Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч А ХК-д холбогдуулан 2015 оны 05 сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ...гэрээний дагуу 750,000 ам.долларыг хүлээн аваагүй, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул гэрээ хүчин төгөлдөр бус... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /1хх 1-2/

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...гэрээний дагуу 750,000 ам.долларыг мөнгөн болон бусад хэлбэрээр өгсөн, гэрээ хэрэгжээд дууссан... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /1хх 22/

3.   Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэхэд хариуцагч талын тайлбар, татгалзлыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.

3.1.  Хэрэгт 2015 оны 05 сарын 26-ны өдрийн **/**-** тоот Барьцаат зээлийн гэрээ авагдсан, уг гэрээнд А ХК нь 750,000 ам.долларыг 30 хоногт 1 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, П.Э нь уг зээлийг гэрээнд заасан хугацаанд тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг тус тус тусгажээ. /1хх 5-7, 73-74/

Дээрх зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д ...зээлийг зээлдэгчид бэлнээр эсхүл бэлэн бусаар олгож, зээлдэгчийн хүсэлтээр төлбөр тооцоог гүйцэтгэх гэж заасан нь Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-д заасан үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний тал тодорхойлж болох зохицуулалтад нийцжээ.

А ХК нь 2015 оны 05 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг буюу 10,374 ам.долларыг П.Э-д шилжүүлж, 2015 оны 06 сарын 18-ны өдөр бусдын өмнө хүлээсэн П.Э-ын 211,210,000 төгрөг буюу 112,889 ам.долларын зээлийг өмнөөс нь төлж, 2019 оны 06 сарын 18-ны өдөр бусдын өмнө Ө ХХК-ийн хүлээсэн 189,295,530 төгрөг буюу 99,264 ам.долларын зээлийг өмнөөс нь төлж, 2015 оны 07 сарын 24-ний өдөр 11,555 ам.долларыг П.Э-д шилжүүлж, 2015 оны 10 сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн **-р хороо, Ш ** гудамж, *** тоот хаягт байршилтай 450 м.кв хувийн сууцыг 521,000 ам.долларт тооцон Н.О /П.Э-ын нөхөр/-т шилжүүлжээ. /1хх 41, 42, 43, 101, 131, 132, 165, 189-191, 192-196, 2хх 12/

3.2.  Улмаар, талууд 2019 оны 12 сарын 05-ны өдөр 19/1205-1 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээний 1.1-д төлбөр төлөгч нь ... төлбөр авагчаас 750,000 ам.долларыг 30 хоногт 1 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн бөгөөд үндсэн гэрээний хугацаанд зээлийн хэмжээ болон хүүтэй холбогдуулж аливаа маргаан гаргаагүй гэж, 1.2-т гэрээ байгуулах өдрөөр А ХК, П.Э нар нь өглөг авлагын тооцоо нийлж Тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд гэрээ байгуулах өдрийн байдлаар төлбөр төлөгч нь үндсэн гэрээний дагуу төлбөр төлөгчид 750,000 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй гэж, 1.3-т төлбөр төлөгч нь ... өөрийн өмчлөлд бүртгэлтэй ... 450 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийг ... газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээний хамт 550,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөр үнэлж ... төлбөр авагчид шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн... гэж, 1.5-д үл хөдлөх хөрөнгө шилжүүлсний дараа төлбөр төлөгч нь төлбөр авагчид төлөх 200,000 ам.долларын зээлийн үлдэгдлийг А ХК-аас зээл авч шилжүүлэх хүсэлт гаргасныг талууд харилцан зөвшөөрснийг тэмдэглээд... гэж тус тус тусгажээ. /1хх 44-49/

3.3.  Дээрх тохиролцооны дагуу П.Э , А ХК нар 2019 оны 12 сарын 05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г, А ХК, П.Э , Ө ХХК нар 2019 оны 12 сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ-г тус тус байгуулсан байна. /1хх 52-54, 121-124/

3.4.  Сүхбаатар дүүргийн **-р хороо, Ш ** гудамж, *** тоот хаягт байршилтай 450 м.кв үл хөдлөх хөрөнгө нь 2015 оны 10 сарын 26-ны өдөр Г.У /гэрч/-ын өмчлөлөөс Н.О /П.Э-ын нөхөр/-ын өмчлөлд, 2019 оны 10 сарын 16-ны өдөр П.Э-ын өмчлөлөөс А ХК-ийн өмчлөлд тус тус шилжсэн байна. /1хх 52-54, 81, 101, 2хх 12/

4.   Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтын үнэлгээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбоотой давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

4.1.  А ХК-ийн нягтлан бодох бүртгэл буюу тайлан баланстай холбоотой асуудал нь Барьцаат зээлийн гэрээ-г үгүйсгэх үндэслэл болохгүй, улмаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэх өгсөн эсэхийг эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэх нотлох баримт биш байна.

4.2.  Нотариатч Б.Т-ын хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй.

4.3.  Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэсэн байна.

5.   Нэхэмжлэгч нь Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн тодорхойлсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй тул уг заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00475 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...281 дүгээр зүйлийн 281.1... гэснийг хасч,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч П.Э-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 13,057,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР