| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2023/01231/И |
| Дугаар | 201/МА2024/00008 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 201/МА2024/00008
*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 138/ШШ2024/00083 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
2 614 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2 614 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Би 2021 оны 12 сард сумаас ирж явах замд машин маань эвдрээд ******* гэх хүний засварын газарт ирсэн ба ******* гэх залууг хөдөө эвдэрсэн машин руугаа авч яваад газар дээр нь машиныг үзүүлэхээр тохиролцон авч явсан. Машины мотор эвдэрсэн гээд тэндээс *******ын засварын газарт авчраад машинаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед ******* энэ ******* гэх залууг машиныг чинь засна гэж хэлсэн. Машиныг олон дахин задалсан ба дуу гараад, утаа гараад нэг л болж өгөхгүй байсан. Анх *******той ярихдаа 1 600 000 төгрөгөөр тохирсон байсан. Дараа нь 510 000 төгрөгийн шургааг буулгаж өгсөн. Дээрх мөнгөнд ажлын хөлс сэлбэг бүгд орно гэсэн. Ингээд 2021 оны 12 сарын 23-ны өдөр машин бэлэн болсон гэхээр нь би ирээд машинаа автал сонин дуу гараад, утаа хаяад байсан. Тэгээд засварын газраас машинаа аваад явахдаа нүүрс ачиж байтал мотор нь задарсан. Би суманд ажилтай байсан учир маргааш нь өөр машин хөлслөөд сум руугаа явсан. Дараа нь 2022 оны 01 сарын 04-ний өдөр машинаа ирж ав гэсэн. Гэтэл машин маань мотор нь дуугараад утаа хаяад байхаар нь *******д хэлэхэд зүгээрээ, явж байгаад зүгээр болно гэсэн. Гэтэл машинаа аваад явж байтал машин дахин болохгүй болж чирж яваад айлын хашаанд түр тавиад явсан. Ингээд 2022 оны 5 сарын 04-ний өдөр ирээд айлын хашаанаас машинаа аваад Галын гол өнгөртөл түжигнэж дуугараад эвдэрчихсэн. Тэгээд би машинаа чирээд ******* гэх хүний засварын газарт очиж үзүүлтэл порш нь хагараад, дохиур нь хугарсан байсан. Машиныг маань маш муу зассан учир машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангуулж авах хүсэлтэй байна.
Би *******т 1 800 000 төгрөгөөр машинаа засуулсан, мөн миний машины янданг сольсон байсан учир яндангийн үнэ 120 000 төгрөг, 12 сарын 24-ний өдөр машин хөлсөлж явсан 80 000 төгрөг, Цагаан-Овоо сум руу айлд чирж очиход 105 000 төгрөг, Баян-Уул сум руу чирүүлсэн 90 000 төгрөг, тухайн үед машин дотор байсан залгууран дорцов 15 000 төгрөг, 2-3 тооны данхраад 75 000 төгрөг, дугуйн иш 30 000 төгрөг, өндгөн тулгуур шинэ хайрцагтай 30 000 төгрөг, дорцовны түргэн иш 25 000 төгрөг, 24,27,33,36,30 дугаартай дорцов 25 000 төгрөг гээд нийт 2 395 000 төгрөг болж байна. Би нийт 2 614 500 төгрөг нэхэмжилж байсан 219 500 төгрөгийг хасч үлдэх 2 395 000 төгрөгийг *******гоос гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.
Үүнд: Анх ******* над руу залгаад хөдөө нэг машин эвдэрсэн, очиж янзлах уу гээд ажлын хөлсөө 70 000 төгрөгөөр тохирч намайг аваад явсан. Машин дээр очиход хөдөө янзлах аргагүй байсан болохоор чирж ирээд *******ын засварын газарт авчирсан. Би машинаас моторыг тайлаад ******* сэлбэгийг нь янзлаад би моторыг буцаагаад машинд тавих үүрэгтэй байсан. Би *******ын хүү тэй хамт моторыг тайлж угсарч өгөөд ажлын хөлсөнд 300 000 төгрөг авч хувааж авсан. Би өөр юм хийгээгүй, мэдэхгүй. Бид хоёрын хооронд засвар хийх, хөлсний талаар яриа болоогүй, машинаа надад хүлээлгэж өгөөгүй. Бидний хооронд ямар ч яриа болоогүй. Би моторыг салгаад ******* янзлаад боллоо гэхээр нь моторыг буцаагаад тавих ажлыг л хийдэг. Мотор тайлахад яндан оролдох шаардлагагүй. Миний хувьд засвар хийж өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 492 дугаар зүйлийн 492.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ын *******гоос Ажлын хөлс болон эд зүйлийн үнэ 2 395 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 782 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
... Би 2021 оны 12 сард өөрийн ДОА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашинаа Хэрлэн сумын 4-р багийн засварын газрын эзэн *******той ярьж тохироод, засварчин *******д үзүүлэхэд хөдөө засах боломжгүй гэсэн тул чирүүлж *******ын засварын гадаа *******, ******* хоёрт үлдээгээд явсан.
Засварын газарт 20 гаран хоноход миний машиныг олон дахин задалж, угсарч байсан ба ердөө засрахгүй байсан нь дандаа муу сэлбэг тавьж байсантай холбоотой гэж би үзэж байгаа. Учир нь би маш олон удаа очиж үзэхэд мотор нь эвгүй дугараад, хяхтнаж олон янзын дуу гаргадаг байсан бөгөөд засварчин нь ******* байсан. Сүүлдээ миний машиныг засах хүн олдохоо байсан гээд *******ын хүү засаж байсан.
******* би засварчин *******д ажлын хөлсийг, машины эд ангийг солих шинэ сэлбэгтэй бүгдийг нь өгсөн гэсэн ба бүх засварыг ******* хийж гүйцэтгэснийг шүүхэд гэрчилж чадна гэж хэлэхэд нь би итгээд *******т холбогдох 2 186 380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж, *******той хамт шүүхийн нарийн бичгийн хажууд гарын үсэг зурсан.
...Засварчин ******* миний машиныг засаж байх хугацаандаа янданг сольж, багаж хэрэгслийг хулгайлсан. Нийт хохирол 2 173 380 төгрөг болж байна. Өмнөх нэхэмжлэлийн хохирлын үнээс зөрж байгаа нь одоогийн үнэ ханшаар бодогдсоных юм. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 2 614 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2 614 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 219 500 төгрөгөөр багасган, 2 395 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч нь ...Би авто машинаа засуулах, үнэ хөлсний талаар *******той тохирч, засвар үйлчилгээний талаар түүнтэй харилцаж байсан нь үнэн. Гэвч ******* нь *******ын засварын газарт ажилладаг бөгөөд засварт байх хугацаанд ******* л миний машиныг засаж янзалж байсан ба энэ хүн машиныг дутуу зассаны улмаас дахин эвдэрч, би өөр хүнээр 1 800 000 төгрөг өгч байж засуулсан. Мөн машин эвдэрсний улмаас машин дуудаж чирүүлэх, өөр машин хөлслөх зэргээр надаас зардал гарсан. Мөн *******г миний машиныг засаж байх хугацаанд машинд байсан эд зүйлсүүд алдагдсан тул *******гоос нэхэмжлэх нь зөв гэж үзсэн. Иймд надаас гарсан зардлыг нэхэмжилж байна. ... гэж, хариуцагч талаас ... *******ын засварын газарт би туслах ажил хийдэг байсан бөгөөд *******ын хэлснээр *******ын машины моторыг салгаж аваад, *******ыг боож зассаны дараа моторыг буцаагаад угсрах ажлыг хийсэн. Түүнээс биш ******* гуай надаар машинаа засуулахаар тохиролцоогүй, хөлс өгөөгүй, түүнтэй гэрээний харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ... гэж тус тус мэтгэлцсэн ба нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч ******* хариуцаж төлөх эсэх нь талуудын хооронд үүссэн маргааны үндэслэл болжээ.
5. Хэргийн материалаас үзэхэд, нэхэмжлэгч ******* нь 2021 оны 12 сард өөрийн эзэмшлийн ДОА дугаартай, Портер маркийн ачааны авто машины моторыг 1 600 000 төгрөгийн хөлстэйгээр засуулахаар Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах засварын газрын эзэн гэх *******той тохиролцсон, уг тохиролцооны дагуу ******* нь авто машинаа *******ын засварын газарт авчирч хүлээлгэн өгсөн, 2022 оны 01 сарын 04-ний өдөр автомашинаа засвараас авсан боловч машин дахин эвдэрсэн, үүний улмаас нэхэмжлэгч ******* нь эвдэрсэн машинаа өөр машин хөлслөн чирүүлж авч явсан, өөр хүнээр засуулсан зэргээр түүнээс тодорхой зардал гарсан үйл баримтууд тус тус тогтоогдож байх ба өөрт учирсан хохирол, зардлын талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээх бөгөөд уг гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.
Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч ******* нь өөрийн эвдэрсэн машиныг *******гоор засуулах ажлыг гүйцэтгүүлэх талаар түүнтэй тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч *******ад учирсан хохирлыг хариуцагч ******* хариуцан төлөх үүрэггүй байна.
Нэхэмжлэгч ******* нь авто машинаа засуулах талаар засварын газрын эзэн *******той харилцан тохирч, ажлын хөлсийг төлсөн, ажлын үр дүнгийн талаар *******т удаа дараа мэдэгдэж байсан болохоо үгүйсгээгүй бөгөөд хариуцагч ******* нь тухайн үед *******ын засварын газарт туслах ажилтнаар ажилладаг байсан, *******ын даалгаснаар *******ын автомашиныг хөдөө эвдэрсэн байхад нь очиж чирч авчирсан, авто машины моторыг тайлж авах, буцааж угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлын хөлсийг *******оос авсан гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна.
7. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох бөгөөд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцдаг.
Нэхэмжлэгч ******* нь авто машинаа засуулахаар харилцан тохирч, ажил гүйцэтгүүлсэн этгээдээс ажлын үр дүнгийн доголдол, түүнтэй холбоотой гарсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно.
8. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үүрэггүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх хэдий ч шийдвэртээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримталсан нь буруу байна.
Тухайлбал, Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлүүдэд зохицуулсан үндэслэлгүй хөрөнгөжих-тэй холбоотой зүйл заалтууд нь тухайн хөрөнгө шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүй олж авсан хөрөнгийг буцааж тухайн этгээдэд олгох зорилготой байдаг.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд ийнхүү буцаан шаардахын тулд 1-рт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх, 2-рт үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байхыг тус тус шаарддаг.
Энэ хэргийн хувьд хариуцагч дээрх байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримталж шийдвэрлэснийг хууль хэрэглээний алдаа гэж үзнэ.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 138/ШШ2024/00083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 492 дугаар зүйлийн 492.1-д тус тус заасныг баримтлан ... гэснийг ... 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул ... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 724 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН