Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/99

 

                      

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Данзангийн Д.М холбогдох эрүүгийн 1838004510440 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Эмаргалдан маргах явцдаа тэшүүр авч шидсэний улмаас толгойн тус газарт нь онож эрүүл мэндэд нь тархины битүү гэмтэл болон зүүн чамархайн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны

 хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би хашаа руу явж ороод байж байтал Э намайг яах гэж ирсэн юм таныг хэн гэдэг юм гээд уурлангүй байсан. Тэгж байж байгаад босож ирээд намайг цохичихсон. Яагаад цохисныг нь би сайн ойлгоогүй. Би Энхсүрэнтэй маргалдчихсан зогсож байсан. Э надтай маргалдаад байхаар нь би хашаан доор байсан тэшүүрийг аваад шидчихсэн чинь толгой руу оночихсон. Би тэшүүр шидчихээд л шууд яваад өгсөн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Би талийгаач Эийн ээж Атай уулзаж түүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

      Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаачийн ажил явдлын үеэр талийгаачийн найз болох Г.П нь ирээд эзгүй хашаанд би О, Э талийгаач бид 4 пиво ууж байтал Д.М орж ирэхээр хүү маань хажиглаад Д.Мийг яв гэсэн...Талийгаач Д.Мийг нүүр лүү нь цохитол хамраас нь цус гараад байсан. Тэгтэл Д.М чамайг би хүүгээ дуудаж алуулна гээд утсаар яриад байсан гэсэн... Би талийгаачтай 2018 оны 06 дугаар сарын 03-ны орой уулзахад талийгаач хүү маань та хэзээ ирсэн юм, буцаж хот явах юм уу гэж асуусан. Асууж байхад бие нь нилээн сул муу асууж байсан. Өөр юм яриагүй...Б надтай уулзахад би талийгаач Э нэг их сүртэй зодоогүй, нэг өшиглөж, нэг л цохисон. Ийм асуудал гаргасан нь миний буруу та бид нарыг уучлаарай гэж уучлалт гуйж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-34, 128-129 дүгээр хуудас/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эцэг Д.Мийн хашаанд очиход хамрын цус гарсан байдалтай байсан. Тэгээд аавтай О гэгч эгчийн хашаанд ороход О эгч, талийгаач Э, зүс таних жижгээ гурав байсан. Би ороод аавыг хэн зодсон бэ гэж асуухад талийгаач Э би зодсон. Яасан гээд босоод ирсэн. Би тэгэхээр нь нэг алгадаж, нэг өшиглөсөн өөр гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-39 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Оийн хашаа руу ороход хашаан дотор О эгч, талийгаач Э, манай нутгийн Ж гэх залуу гурав байсан...Би хүмүүсийн ярианаас Д.М ах тэшүүрээр шидэж толгойг нь оносон гэдгийг мэдэж авсан. Тэрийг Жгээс асуувал сайн мэднэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12, 43-45, 47-49 дүгээр хуудас/,

Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нутгийн Д.М хашаа руу ороод ирсэн. Энхсүрэн Д.Мийг яах гэж орж ирсэн юм гээд уурлаад байсан. Тэгэж маргалдаж байснаа Энхсүрэн босоод Д.Мийг гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгэхээр нь би салгачихаад явсан. Намайг явснаас хойш ямар үйл явдал болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-51 дүгээр хуудас/,

Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э, Ж бид гурав нэг шил архиа ууж дуусчихаад явах гээд намайг хашааны үүдээр гарах гээд явж байтал надтай зөрөөд Д.М ахын хүү Батбаатар манай нутгийн залуу Элбэгзаяа гурав орж ирсэн. Би яах гэж байгаа юм бол гэж гайхаад хашааны үүдэнд байж байгаад эргээд хашаа руу ороход Батбаатар, Элбэгзаяа хоёр надтай зөрөөд хашаанаас гараад явсан. Тэр хоёрыг явсаны дараа Д.М, Э хоёр хоорондоо дахиж маргалдаад байсан нэг харахад Д.М ах Э рүү хашаан дотор байсан тэшүүрийг аваад шидэж байгаа харагдсан. Миний харсанаар тэшүүрээр Энхсүрэнгийн толгой орчим нь оночих шиг болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-54 дүгээр хуудас/,

Гэрч Г.П-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энхсүрэн, Отгоо, Эрдэнэбилэг ах бид нар хувааж уугаад байж байтал манай нутгийн шар хочит Д.М ах ирсэн. Д.М ахыг орж ирсэн чинь Энхсүрэн хөгшин хүн архи ууж яадаг юм гээд бага зэрэг хажиж хөөх ааш аяг гаргасан. Тэгсэн Д.М ах урдаас нь юм хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгэж маргалдаж байгаад Энхсүрэн босож ирээд Д.М ахын нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Д.М ах өөрийн хүү Батбаатар, манай нутгийн Элбэгзаяа ах хоёрыг дагуулж ирсэн. Элбэгзаяа ах ирээд Энхсүрэнг хөгшин хүн зодлоо гээд бөгс хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхэд нь би боль гээд болиулсан. Энэ үед Батбаатар ах Энхсүрэнг нэг удаа цохиж өшиглөсөн. Тэгэхээр нь би бас салгасан. Тэрнээс өөр зодоон болоогүй. Батбаатар, Элбэгзаяа ах хоёр яваад өгсөн. Тэр хоёрыг явсаны дараа Д.М ах үлдээд Энхсүрэнтэй хэрүүл хийгээд маргалдаж байснаа хашаан дотор байсан тэшүүр аваад Энхсүрэн рүү шидсэн. Тэрийг нь хараад би уг нь гараараа хаасан. Тэгсэн боловч Энхсүрэнгийн толгой хэсэгт тэшүүр оночихсон. Тэгсэн Энхсүрэн толгойны арьс нь зулгараад тэр хэсгээс нь бага зэрэг цус шүүрч байсан. Зүүн талын чамархай орчим оносон. Урт зурагдсан маягтай шарх болчихсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17, 55-56 дугаар хуудас/,

Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байсан байх Энхсүрэн ахыг байна гэсэн газарт нь яваад очтол айлд орон дээр хэвтэж байхаар нь яасан юу болсон талаар асуухад хариу огт хэлэхгүй намайг яв гээд хөөгөөд байсан. Намайг очиход архи уучихсан согтуу байсан. Дээрх явдлаас хойш хоёр хоногийн дараа Энхсүрэн ахыг айлын эзэнгүй байшинд архи уугаад байна гэхээр нь би яваад очтол архи л уухгүй бол үхэх гээд байна архи гараад ирэхээр нуруу ууцаар өвдөөд байна гэж байсан. Толгойны аль хэсэгт билээ ямар ч байсан шархтай байсан. Тэрнээс өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Нуруу ууцаар аймар өвдөөд байна гэж байсан. Ер нь дээрх хугацаанд өдөр болгон архи уугаад сүүлдээ архи олдохгүй болохоор нь эмээгийн гэрт ирсэн. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр адуу дэллэж байгаад адуунд хашаа руу шахуулснаас хойш үе үе талийгаач Энхсүрэн ах нуруу өвдөөд байна нэг л биш байна гээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-20, 59-61 дүгээр хуудас/,

Гэрч Б.С-ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач Энхсүрэн нэг адуу хашаанд шахуулсан харагдсан. Тэр адуугаа чихдэж хүзүүг нь мушгиж газарт унагаахдаа мориныхоо доор дарагдаад босч ирсэн...Бүх адууг дэллэж дуусаад хашааны гадаа юм яриад зогсож байхад талийгаач Энхсүрэн адуунд дарагдаад нуруу эвгүй болчихлоо гээд тэр үедээ яриад өнгөрсөн...Мөрөн лүү явахаас нь өмнө уулзахад нуруу өвдөөд байна гэсэн өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 62-64 дүгээр хуудас/,

Гэрч Н.Т-ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ээлжинд гарч байхад 86053575 утсаар нэрээ хэлэхгүй хүүхэд Норовбадам эмээ нь дуудлага өгч байна. Манай зээ Энхсүрэн ууц нуруугаар өвдөөд босож чадахгүй байна, 3-4 хоногийн өмнө моринд өшиглүүлсэн гэсэн гэж дуудлага ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-66 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай дүгнэлтийн хуулбар /ХХ-ийн 70-71 дүгээр хуудас/,

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...тархи болон зүүн чамархайн хуйхны шарх гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Тэшүүрээр шидэж толгойн тус газар нь оносон бол зүүн чамархайн хэсэгт тогтоогдсон шарх, тархины битүү гэмтэл үүссэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 72-73 дугаар хуудас /,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаартай:

“...тархины битүү гэмтэл болон зүүн чамархайн шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 74-75 дугаар хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1-р багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын архивын лавлагаа /ХХ-ийн 92-97, 99-100 дугаар хуудас/,

       Хохирогч Б.А нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 139 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1838004510440 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Эмаргалдан маргах явцдаа тэшүүр авч шидсэний улмаас толгойн тус газарт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

 Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-34, 128-129-р хуудас/, гэрч Ц.Элбэгзаяагийн /ХХ-ийн 11-12, 43-45, 47-49-р хуудас/, гэрч Г.Отын /ХХ-ийн 52-54-р хуудас/, гэрч Г.П-ы /ХХ-ийн 15-17, 55-56-р хуудас/, гэрч М.Э-ын /ХХ-ийн 18-20, 59-61-р хуудас/, шинжээч эмч М.Батмөнхийн /ХХ-ийн 72-73 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 74-75-р хуудас/, хохирогч Б.А шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 139-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.М нь урьд 2014 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 93-97 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.А нь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838004510440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838004510440 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР