Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 609

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2016/00609

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Төв аймаг, Өндөрширээт сум, 1 дүгээр баг, Баянтуулд оршин суух, 50 настай, эмэгтэй, Даваажав овогтой Дагвадоржийн Бүжинлхам /РД:НК66080704/-ийн,

        Ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бүжинлхам, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгч Д.Бүжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд ажиллаж байсан баримт бичгийн тамга тэмдэг бүдэг гээд шүүхэд хандсан. 1981 онд Төв аймгийн Бүрэн сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр бичилт бүрэн бөглөгдсөн байгаа боловч тухайн үед ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа. Мөн тухайн үед авч байсан цалингийн түүвэр дутуу гарч ирээд байгаа. Тэгээд архиваас лавлагаа авах гэхээр лавлагаа гарч ирэхгүй байна. 1984 онд анх адуу маллаж байхдаа анхны хүүхдээ гаргасан. Дараа нь 1986 он, 1987 он, 1992 онд дөрөв дэх хүүхдээ гаргасан. Би 4 хүүхдийн төрсний гэрчилгээнүүд нь байгаа. Ингээд 4 хүүхэдтэй гээд тэтгэврээ тогтоолгох гэсэн юм. Гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн 1982 оны 1 дүгээр 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

      Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Даваажав овогтой Дагвадоржийн Бүжинлхам нь тэтгэвэр тогтоолгох гэхэд Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэр” нэгдэлд 1981 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан талаарх хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг байхгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

        Д.Бүжинлхам нь 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын    16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх бөгөөд хавтаст хэрэгт:

        1. Төв аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 572 дугаартай лавлагаа /хх-4/,

       2. Төв аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 573 дугаартай Цалингийн түүвэр /хх-5/,

        3. Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай Нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал /хх-6/, 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаартай Амралт олгох тухай тушаал /хх-22/,

             4. Д.Бүжинлхамын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 7-8/,

        5. Гэрч Ц.Рэгзэдмаа, А.Лувсанцэрэн нарын “Д.Бүжинлхам нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд малчнаар” ажиллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолтууд /хх 10-11/,

           6. Гэрч А.Лувсанцэрэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Д.Бүжинлхам нь 8 дугаар анги төгсөө л Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн Хайрхан бригадын малчин болсон. эх Цэрэн нь тухайн үед заводод саальчин, эцэг нь Хайрхан бригадын дарга хийдэг байсан. 1983 онд тус бригадын адуучин Сэрмүүн гэж хүнтэй суугаад адуу маллах болсон. 4 хүүтэй, том хүү нь 1984, удаах хүү 1985 онуудад төрсөн. 2 бага нь хэдэн онд төрснийг сайн хэлж мэдэхгүй байна. Тус нэгдэлд хувьчлагдаад тарах хүртлэх хугацаанд малчнаар ажиллаж байсан. 1990 онд хувьчлал болж нэгдлээс гарсан. Би тухайн үед Бүрэн сумын 8-н жилийн дунд сургуульд ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хх-16/, А.Лувсанцэрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 17-18/,

       7. Гэрч Ц.Рэгзэдмаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Д.Бүжинлхам нь 1981 оноос 1983 он хүртэл 2 жил заводод саальчин хийж байгаад 1990 он хүртэл нэгдэл буюу тарахаас өмнө Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд эднийх адуу маллаж байсан. Тэр үед манайх хоньтой байсан. Тухайн үед Бүжинлхамын эцэг Давгадорж нь тус нэгдлийн Хайрхан бригадын дарга хийдэг байсан. Нэгдэл тараад манайханд хувьцаа гэж хэд гурван мал тараагаад хувь малтай болоод бригад тарсан. Бид цугаараа Хайрхан бригадад харъяалагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-19/ 8. 1984 оны 3 дугаар сарын 6-нд төрсөн хүү С.Лувсанбатын, 1986 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн С.Мөнхбатын, 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн С.Түвшинбатын, 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн С.Эрдэнэбат нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 20-21/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

      Нэхэмжлэгч Д.Бүжинлхам нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэлийн шаадлагаа Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оныг хүртлэх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгохоор  өөрчилсөн болно.

       Дээрх хугацаанд Д.Бүжинлхам нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн /1982 оны 1 дүгээр сараас эхлэн бөглөгдсөн/, мөн 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаартай Амралт олгох тухай тушаал /хх-22/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажилласныг, мөн хөдөлмөрийн дэвтэрт 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд бичилт хийгдсэн мөн гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

      Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Бүжинлхамыг Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд малчнаар ажилласныг тогтоож, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Бүжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч  Даваажав овогтой Дагвадоржийн Бүжинлхамыг  Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1982 оны 1  дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бүжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУУЛ