Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2024/00009

 

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138/ШШ2023/01144 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******од холбогдох

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 12 145 059 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч *******од холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 12 145 059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах; Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Тодруулбал, Төрийн албаны тухай хүчингүй болсон хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд Төрийн албаны зөвлөл төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан.

Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга ******* нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/20 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/04 дүгээр, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/09 дүгээр тушаалуудаар тус хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн *******г тус тус албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Иргэн ******* нь дээрх 2017 оны Б/20, 2019 оны Б/04, 2021 оны Б/9 дүгээр тушаалуудыг тус тус эс зөвшөөрч Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00941 дүгээр шийдвэр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 138/ШШ2019/00605 дугаар шийдвэр, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2022/00242 дугаар захирамж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2022/00567 дугаар шийдвэр тус тус гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Дорнод аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтсээс 2019-2022 онд нийт 12 145 059 төгрөгийг *******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд тооцож олгосон байна.

... Хэрвээ *******г чөлөөлсөн ямар нэгэн тушаал гаргаагүй байсан бол ******* хэвийн ажлаа эрхэлж, цалингаа авах боломжтой байсан. Гэтэл *******д олгогдсон 12 145 059 төгрөг бол түүнийг ажлаа хийгээгүй байхад шүүхийн шийдвэрийн дагуу олгосон мөнгө учраас төрд учирсан хохирол гэж үзнэ. Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтын дагуу бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гарган оролцож байна. Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 12 145 059 төгрөгийг буруутай албан тушаалтан *******оос гаргуулж өгнө үү. гэжээ.

 2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

Үүнд: ... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/20 дугаар тушаал нь 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуучин хуулиар зохицуулагдана гэж ойлгож байна. Хуучин хуулинд хэн нэгэн буруутай этгээд улсыг хохиролгүй болгоно гэсэн зүйл заалт байхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байна.

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/04 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтын дагуу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан *******ыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 105 дугаар тогтоолын дагуу тус хэлтэст баталгаажуулалтын шинжээчээр томилж, шалгалтад ороогүй *******г төрийн албанаас чөлөөлсөн. Энэ нь миний бие төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно. *******г өнөөдрийг хүртэл төрийн албанд хуурамчаар ажиллаж байгаа гэдгийг Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон миний бие удаа дараалан Төрийн албаны зөвлөлд материал хүргүүлж байсан боловч энэ асуудал огт шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Төрийн албаны шалгалтанд ороогүй, тэнцээгүй хүн төрийн албанд ажиллах боломжгүй гэж үзэж байна.

... Иймд тус хэлтсийн дарга миний бие 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хуучин хууль үйлчилж байх хугацаанд гарсан гэж үзэж байна. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тушаал нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн тул дээрх хоёр тушаалтай холбоотой хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, харин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/09 дүгээр тушаал үндэслэлгүй буруу гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 12 145 059 /арван хоёр сая нэг зуун дөчин таван мянга тавин ес/ төгрөгийг гаргуулан Төрийн албаны зөвлөлийн төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 209 271 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний гаргасан 2017 оны Б/20 дугаар тушаал 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуучин хуулиар зохицуулагдана гэж ойлгож байна. Хуучин хуульд хэн нэгэн буруутай этгээд улсыг хохиролгүй болгоно гэсэн зүйл заалт байхгүй. ... Харин 2019 оны Б/04 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтын дагуу 2018 оны 12 сарын 05-ны өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан *******ыг Төрийн албаны зөвлөлөөс тус хэлтэст Баталгаажуулалтын шинжээчээр ажиллуулах 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 105 дугаар тогтоолын дагуу авч, шалгалтанд ороогүй *******г 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Б/04 тушаалаар төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан болно. Энэ нь миний бие Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно.

... Иймд тус хэлтсийн дарга миний бие 2017 оны 12 сарын 27-ны Б/20 дугаар тушаал хуучин хуулийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан талаар дараагийн буюу 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаал нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй харин 2021 оны 12 сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаал үндэслэл буруу гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийт 3 удаа Болормааг ажлаас чөлөөлсөн байгаа нь харагдаж байна. Мөн үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрүүдийг хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагчийн хувьд удаа дараа хууль бус шийдвэр гаргасан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр батлагдсан. Үүний цаана төрд нийт 12 145 059 төгрөгийн хохирол учирсан байна. Ингээд Төрийн албаны зөвлөл уг төлбөрийг хуулиар олгосон эрхийнхээ хэмжээнд буруутай этгээдээс нэхэмжилж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******од холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 12 145 059 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч *******од холбогдуулан түүний гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 12 145 059 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч, ... миний бие Төрийн албаны болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, Б.Болормааг ажлаас чөлөөлсөн 2017 оны тушаал гарах үед 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулиар хэн нэгэн буруутай этгээд улсыг хохиролгүй болгоно гэсэн зүйл заалт байгаагүй. Мөн 2019 оны тушаалаар төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлсэн. Харин 2021 оны тушаалыг хууль бус гарсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. ... гэх үндэслэлээр маргажээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны талаар буюу төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн талаар зохицуулсан Төрийн албаны тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

5. Хэргийн материалаас үзэхэд, хариуцагч ******* нь Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлстийн даргаар ажиллаж байх үедээ 2017 оны 12 сарын 27-ны өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/20 дугаар, 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/04 дүгээр, 2021 оны 12 сарын 27-ны өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/09 дүгээр тушаалуудаар тус хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн *******г албан тушаалаас нь тус тус чөлөөлснийг ******* эс зөвшөөрч, тухай бүр нь шүүхэд гомдол гаргаснаар Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 3 сарын 15-ны өдрийн 27 дугаар тогтоол, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2019 оны 3 сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор дээрх тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн хүчингүй болгож, *******г үндсэн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Түүнчлэн ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах тухай гомдол гаргаснаар түүний ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт тус шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 941 дүгээр шийдвэрээр 6 710 711 төгрөг, 2019 оны 9 сарын 02-ны өдрийн 605 дугаар шийдвэрээр 3 256 960 төгрөг, 2022 оны 6 сарын 15-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр 799 388 төгрөг, 2022 оны 3 сарын 07-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр дутуу авсан цалин нэмэгдлийн зөрүү 1 524 126 төгрөгийг тус тус Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс *******гийн ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт нийт 12 145 059 төгрөгийг *******д олгосон үйл баримтууд тогтоогдсон байх ба энэ талаар зохигч талууд маргаагүй.

6. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн гаргасан 2021 оны 12 сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан тул хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрдөг боловч ... 2017 оны Б/20 дугаар тушаал гарах үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулиар буруутай албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай заалт байгаагүй, ... 2019 оны Б/04 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн тул дээрх тушаалуудын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй ... гэж маргасан бөгөөд уг татгалзлаа шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлдээ дурджээ.

7. Хариуцагч ******* нь Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн хэлстийн даргаар одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн хувьд аливаа шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан ... хууль дээдлэх ... тухай төрийн албаны нийтлэг зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх тусгай зарчмыг тус тус хэрэгжүүлэх ёстой ба хэрэв хуульд нийцээгүй шийдвэр гаргасан бол түүний үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй.

Иймээс хариуцагч ******* нь хуулиар олгогдсон захиргааны байгууллагын удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ *******г хууль бусаар удаа дараа ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тус тус тогтоогдсон, уг шийдвэрүүдийн дагуу үндсэн ажлаа хийж гүйцэтгээгүй *******д ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон тул үүнийг төрд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч нь төрийн албан хаагчийн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг гэм буруугүй гэж үзэхгүй бөгөөд тухайн гэм буруутай үйлдлийн улмаас *******гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан /цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт тасалдсан/, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгаснаар хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр шаардах эрхтэй.

8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөө заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана., 498.5-д Энэ хуулийн ... 498.2 ...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн дээрх заалтууд нь төрийн албан хаагчийн хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг эхний ээлжинд төр хариуцан арилгаж, үүний дараа буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх шаардах эрхийг тусгайлан зохицуулсан байх тул хариуцагчийн гаргасан ... 2002 оны Төрийн албаны тухай хуулиар буруутай албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай заалт байгаагүй тул хохирлыг хариуцахгүй... гэх гомдол үндэслэлгүй байна.

 9. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан зохицуулалтуудыг зөв тайлбарлан хариуцагч *******оос түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 12 145 059 төгрөгийг гаргуулан Төрийн албаны зөвлөлд олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

10. Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 138/ШШ2023/01144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 271 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

Г.УРТНАСАН