Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 00095

 

 

 

 

      

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч Ж.М,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рагчаабазарын Р.Бд холбогдох эрүүгийн 1938002640128 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутагт эр, эмийн хардалтаас шалтгаалан хохирогч Ж.Мгараар цохих, маажих, өшиглөх зэргээр зодож, биед тархи доргилт, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны

 хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн үед нөхрийгөө хайж яваад Мөрөн сумын 9 дүгээр хорооны ар талд жижигхэн цагаан өнгөтэй машин дотор Ж.М гэх эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байх үед нь олсон...Би энэ байдлыг харчихаад өөрийгөө барьж дийлэхгүй тэр эмэгтэйг үсдэж татаад машинаас буулгасан. Машинаас буулгаад үсдэж чирж байхдаа нүүрийг нь маажсан...Би Ж.Мгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч түүнтэй эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Мг-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Сүхбатыг Сондор дэлгүүр дээрээс очиж аваад Мөрөн сумын 9 дүгээр багийн ард талын тал руу гарсан. Тал дээр гараад түүнтэй уулзаад машин дотроо юм яриад сууж байхад хажуу талд машин ирээд зогссон. Тэгэхэд машинаас Р.Б гэх манай ажлын газрын эмэгтэй бууж ирсэнээ шууд машины маань хаалгыг онгойлгосноо намайг үстэж чирж, машинаас гаргаад газарт унагаагаад нүүр лүү маань 2 удаа өшиглөж, гараараа нүүрийг маажсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч В.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ж.Мтэй уулзаад тал дээр байж байтал манай эхнэр, найзтайгаа хүрч ирээд хэрүүл маргаан болоод Ж.Мг үсдэж аваад нүүрийг маажсан. Тэгэхээр нь би салгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21, 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Д.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Р.Б над руу залгаад нөхөр Баасандорж маань байхгүй байна, нөгөө хүүхэн лүүгээ явчихсан юм шиг байна. Хоёулаа хамтдаа гарч нөхрийг маань хайя гэж хэлэхээр нь хойд талаар хайгаад явж байтал жалганы цаад талд нэг жижигхэн машин байхаар нь тэр машины ар талд очоод зогсож байхад  Р.Б машинаас бууж ирээд нөгөө талын хаалгыг татаж онгойлгоод Ж.Мг машинаас татаж гаргаж ирсэн. Р.Б, Ж.Мтэй маргалдаад байсан...Баасандорж машинаас бууж ирээд Р.Бг тэвэрч аваад салгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 142 дугаартай:

      1. Ж.Мгийн биед тархи доргилт зүүн нүдний салст, зүүн дээд доод зовхи зүүн мөр, зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт, духны гол хэсэг, зүүн доод зовхи, доод уруулын баруун хэсэг, баруун зүүн хацар, зүүн чихний хонхорын урд, ар хэсэг, хүзүүний баруун хэсэг, ар хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүссэн шинэ гэмтэл байна.

       3. Ж.Мгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Мгийн унаж явсан гэх машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа газрын  тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /ХХ-ийн 50-56 дугаар хуудас/,

       Хохирогч, шүүгдэгч нар нь хохирол төлсөн талаар эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938002640128 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутагт эр, эмийн хардалтаас шалтгаалан хохирогч Ж.Мзодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р хуудас/, гэрч В.Баасандоржийн /ХХ-ийн 20-21, 23-24-р хуудас/, гэрч Д.Ууганчимэгийн /ХХ-ийн 26-27-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 142  дугаар дүгнэлт /ХХ-ийн 31-р хуудас/, хохирогч, шүүгдэгч нар нь хохирол төлсөн талаар эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 57 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Р.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 56 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч, шүүгдэгч нар нь хохирлын талаар эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1938002640128 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Р.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Б.Р.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938002640128  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР