Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/05523/И |
Дугаар | 4378 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 4378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67-119 тоотод оршин суух, Хүрдийн овогтой Рагчаагийн Тайвантуяа /РД:ТГ84072903/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-112 тоотод оршин суух, Боржигон овогтой Энхтуяагийн Одбаяр /РД:ЕЙ85080111/-т холбогдох,
2009 оны 7 сараас өдийг хүртлэх хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах, цаашид хүүхдийг насанд хүртэл хүүхдийн тэтгэлгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Тайвантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Тайвантуяа миний бие Э.Одбаяртай танилцан хамтран амьдарч 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охинтой болсон. 2009 оны 05 дугаар сард бид Англи улс дахь Элчин сайдын яаманд гэрлэлтээ батлуулсан. Охин Т.Мишээл нь 2009 оны 07 дугаар сараас эхлэн Монголд миний эх А.Сэмжидмаагийн асрамжинд өссөн. Нөхөр бид 2 Монголд 2012 оны 02 дугаар сард ирсэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2583 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. 2009 оны 07 дугаар сараас 2012 он хүртэл охин ээжийн асрамжид байх хугацаанд нөхөр охиндоо хэрэглээний мөнгө өгч байгаагүй. Монголд ирсэн хойно охин бид хоёроос нүүр буруулан ажлынхаа эмэгтэйтэй холбогдон сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан Э.Одбаярын буруутай үйлдлээс гэрлэлт цуцлагдсан. Гэрлэлт цуцлуулах шүүх хурлын үед Э.Одбаяр нь худал мэдүүлэг өгч сэтгэл санааны дарамт үүсгэсэн тул миний бие хүүхдийн тэтгэмж авахаас татгалзах бодлогогүй шийдвэр гаргасан байна. Тухайн үед миний энэ гаргасан бодлогогүй шийдвэр нь миний охин Мишээлийн эрхийг зөрчиж байсныг би одоо ухаарч байна. Миний бие төрийн байгууллагад ажилладаг, цалин хөлс хүрэлцээ муу, тэтгэвэрт гарсан ээжийнхээ гэрт охинтойгоо хамт амьдардаг бөгөөд охин 2014 онд сургуульд орсноос хойш хүүхдийн хэрэглээ өсч, өдөр өнжүүлэхийн зардал зэргээс шалтгаалж мөнгө санхүүгийн хувьд хүнд байдалтай байна. Одоо охин минь 2 дугаар ангид сурдаг. Олон жил хүүхэд харсан ээжийн бие тааруу ядруу болсон тул охиноо сар бүр 270,000 төгрөгийн төлбөртэй өдөр өнжүүлэхэд явуулж байгаа болно. Цаашид хүүхэд маань өсч, томрох тусам хүүхдэд хэрэглэгдэх зардал ихсэж байгаа тул эцгээс нь тэтгэлэг авахаас өөр аргагүйд хүрч байна. Э.Одбаяр нь эцэг хүний үүрэг болох хүүхэддээ эд материал, санхүүгийн тусламжийг үзүүлэхээс гадна охиныхоо өсөлт, хүмүүжил, сурч боловсрох, эрүүл мэндийн хувьд хариуцлага хүлээх ёстой байтал өдий хүртэл охиныхоо төлөө юу ч хийхгүй, хайхрахгүй явж байгаа нь хүүхдийн сэтгэл санаа болон хүмүүжилд нь маш муугаар нөлөөлж байна. Иймд холбогдох хуульд зааснаар Э.Одбаяраас 2009 оны 07 дугаар сараас эхлэн охинтойгоо хамт амьдраагүй, тэжээн тэтгээгүй, мөнгө санхүүгийн тусламж үзүүлээгүй тул 2009 оны 07 дугаар сараас өдийг хүртэлх хүүхдийн тэтгэлгийн мөнгийг нөхөн гаргуулах, цаашид хүүхдийг насанд хүрэх хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг тус тус тогтоож, Э.Одбаяраас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Одбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Одбаяр нь 2007 онд Англи улсад суралцаж байхдаа Р.Тайвантуяатай танилцаж 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бидний дундаас охин Мишээл төрсөн. 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Англи улсын элчин сайдын яаманд гэрлэлтээ батлуулж, хууль ёсны гэр бүл болсон боловч Баянгол дүүргийн шүүхийн 20013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2583 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Харин ч энэ хуралдаанаас Р.Тайвантуяа нь намайг эцэг, эхийнхээ хараанаас гараагүй, ямар ч эрх мэдэлгүй, хүүхдээ тэжээх чадваргүй гэж хэлээд хүүхдийн тэтгэлэг авахгүй, охиноо ч уулзуулахыг хүсэхгүй байна гэсэн тайлбарыг өгч байсан. Түүний нэхэмжлэлд бичсэнчлэн Би Р.Тайвантуяаг сэтгэл санаагаар дарамтанд оруулж, худал мэдүүлэг өгөөгүй. Охин Мишээлдээ нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Би өөрийн боломжийн хэрээр охиндоо тусалж, өдөр өнжүүлэхийн төлбөрөөс нь төлөлцөж явдгийг тэрээр юу ч биш гэж үгүйсгэсэн байна. 2009 оны 07 дугаар сараас хойшхи хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Тайвантуяа нь хариуцагч Э.Одбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах, цаашид хүүхдийг насанд хүртэл хүүхдийн тэтгэлгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Р.Тайвантуяа, Э.Одбаяр нар нь 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн гэр бүл болж, хамтран амьдрах хугацаандаа тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин О.Мишээлийг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, охин О.Мишээлийн №159 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх байна.
Хариуцагч Э.Одбаяр нь охин Т.Мишээлийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2583 дугаартай шийдвэрээр Р.Тайвантуяа, Э.Одбаяр нарын гэрлэлтийг цуцалж, охин Т.Мишээлийг эх Р.Тайвантуяагийн асрамжид үлдээн, тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь “...охин Т.Мишээлийн эцэг Э.Одбаярыг Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байсан тул 2009 оноос өнөөг хүртэлх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах, цаашид тэтгэлэг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарлаж байгаа бол хариуцагч нь “тэтгэлэг нөхөн гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй, харин цаашид охин О.Мишээлд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлнө” гэж нэхэмжлэлийг зарим шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй гэжээ.
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2583 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Р.Тайвантуяа нь охин О.Мишээлд тэтгэлэг гаргуулахгүй гэж шийдвэрлүүлсэн байх боловч хариуцагч Э.Одбаярт охин Т.Мишээлийг асран хамгаалах, тэжээн тэтгэх хуульд заасан үүрэг хэвээр байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Одбаяраас тэтгэлэг гаргуулан охин Т.Мишээлийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байх тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Р.Тайвантуяагийн цаашид хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2009 оноос хойшхи хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Х.Мишээлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Одбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийн Э.Одбаярт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Р.Тайвантуяа нарт тус тус даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Одбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Тайвантуяад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА