Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2024/00010

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Д.Ганзориг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 138/ШШ2024/00093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 659 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь хариуцагч *******той багын найзууд, мөн гэр бүлийн найзууд байсан. ******* 2009 оноос ******* гэх барилга угсралтын компанийн ажлыг эхэлсэн бөгөөд ... үйл ажиллагаа барилгын тендерийн ажлын гүйцэтгэлд зориулан 2015 оны 1 сарын 05-ны өдөр 260 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй аман хэлцэл хийж итгэлцлийн үндсэн дээр зээлдүүлсэн. ....Тохирсон хугацаанаас хожимдуулж үндсэн зээлийн төлбөрөөс 120 000 000 төгрөгийг хуримтлагдсан хүүгийн хамт 2015 оны 8 сарын 23-ны өдөр төлж, үлдэгдэл 140 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2015 оны 12 сарын 23-ны өдөр ******* ХХК-ийн барилгын тендерийн ажлын оны эцсийн гүйцэтгэлээр төлөхөөр тохиролцон сунгасан. Тохиролцсон хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт 168 000 000 төгрөг болж хуримтлагдсан байсан. ... 2019 онд *******той дахин аман хэлцэл хийсэн. ******* нь 2015 оны 8 сарын 23-ны өдрөөс хойш төлөөгүй 140 000 000 төгрөгийн үндсэн зээлийг  100 000 000 төгрөгийн хүүгийн хамт нийт 240 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. ... *******ын зүгээс мөнгөө төлөхгүй байсан учир *******, ******* нартай уулзахад ...мөнгийг гаргаж өгөхийн тулд манай компани хэвийн ажиллах хэрэгтэй байна, манай компанийн хэвийн үйл ажиллагааг дэмжээд өгөөч гээд дахин мөнгө зээлэх саналыг гаргасан. Тухайн үед энэ хоёроос 240 000 000 төгрөгөө гаргуулж авахын тулд ******* дахин компанийг нь санхүүжүүлсэн. 2019 оны 06 сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл 5 удаагийн гүйлгээгээр нийт 692 000 000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн. Тус мөнгөөр *******ын ******* ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн.

Хариуцагч *******ын өмнөөс ******* ХХК-ийн захирал эгч ******* нь 2020 оны 1 сарын 03-ны өдөр 261 966 666 төгрөг, компанийн тоот данснаас 2020 оны 1 сарын 31-ний өдөр 357 680 000 төгрөг, нийт 619 680 000 төгрөг төлсөн. Зээлүүдийн үлдэгдэл 72 320 000 төгрөг үлдсэнийг баталгаажуулж 2019 оны 12 сарын 23-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Гэрээгээр 10 сарын хугацаатай, зээлийн нийт хүүг 7 680 000 төгрөг байхаар, 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон талууд гарын үсэг зурсан байдаг. Энэ зээлийн гэрээний хувьд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү төлөөгүй 860 хоног хугацаа хэтэрсэн байна. Нэг өдөрт ногдох алданги 361 500 төгрөг болж хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн тул алдангид 40 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ гэрээний нэхэмжлэлийн дүн үндсэн зээл 72 320 000 төгрөг, хүү 7 680 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөг болж байна.

******* нь 2020 оны 7 сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 95 000 000 төгрөг зээлж тус бүр дээр зээлийн гэрээ бичгээр байгуулсан. 2020 оны 7 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 6 800 000 төгрөг, алданги 23 400 000 төгрөг, нийт 70 200 000 төгрөг, 2020 оны 7 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 600 000 төгрөг, алданги 2 800 000 төгрөг, нийт 8 400 000 төгрөг, 2020 оны 9 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг, нийт 81 000 000 төгрөг тус тус нэхэмжилнэ. Эдгээр мөнгөнүүдийн цаана ******* ХХК байгаа учраас уг компанийг хариуцагчаар татсан байгаа.

... ******* нь 2020 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл 130 000 000 төгрөг зээлэхдээ хүү, алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлээс 85 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хуульд заасны дагуу хүү, алданги тооцож нэхэмжилсэн. гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: ...Хариуцагч *******ын хувьд: Нэхэмжлэгч нь 2015 оны 1 сарын 05-ны өдөр зээлсэн 260 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 140 000 000 төгрөг, хүү 100 000 000 төгрөг, нийт 240 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* нь ...анх 260 000 000 төгрөг аваагүй, 140 000 000 төгрөг авсан. Мөнгө зээлж байх үед бид гэр бүлийн дотно найзууд байсан. Тухайн үед ******* нь Дорнод аймгийн Худалдаа хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан учраас дансаар мөнгө өгөх, авах хориотой гээд мөнгийг бэлнээр өгч, авч байсан. Тухайн үед 140 000 000 төгрөгийг ******* бид хоёр 5 хувийн хүүтэй зээлж авсан. Сар болгон 7 000 000 төгрөгийн хүү төлж, дундуур нь 3 сар хүү төлөхгүй байж байгаад 21 000 000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Одоо ямар ч өр төлбөр байхгүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч 5 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэдэг зүйлийг ярьсан. Иймд 2015 оны 6 сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар байна. Амаар тохиролцсон хугацаа дуусгавар болохоор шаардах эрх 2015 оны 06 сарын 05-ны өдрөөс эхэлж, хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Нэхэмжлэгч талаас мөнгийг байнга нэхэж байсан гэдэг боловч хугацаа дууссаны дараа *******, *******, ******* нар нь тохиролцон гэрээний хугацааг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэх нотлох баримт байхгүй байна. ... Нэхэмжлэлийг 2023 оны 03 сарын 10-ны өдөр буюу 6 жил 9 сарын дараа гаргасан байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас 240 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн 2019 оны 12 сарын 23-ны өдөр зээлдүүлсэн 72 320 000 төгрөг, түүний хүү, алданги нийлээд 120 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь ...2019 оны 7 сарын 19-ний өдөр 72 000 000 төгрөг огт зээлж аваагүй. Харин 2019 оны 6 сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг, 7 сарын 23-ны өдөр 150 000 000 төгрөг, 11 сарын 14-ний өдөр 150 000 000 төгрөг,  12 сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 12 сарын 23-ны өдөр 430 000 000 төгрөг, нийт 780 000 000 төгрөг зээлж авсан. Эдгээр зээлийг авахад зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон. ... 2019 оны 11 сарын 12-ны өдөр *******ын хэлсний дагуу Энх-Амгалан гэдэг хүний данс руу ******* ХХК-ийн данснаас 288 046 000 төгрөгийг эгчийн хамт шилжүүлсэн. Эгч ******* нь 2020 оны 1 сарын 02-ны өдөр 261 966 666 төгрөг, 1 сарын 31-ний өдөр 357 680 000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн. 3 удаагийн гүйлгээгээр *******од нийт 907 692 666 төгрөгийг төлсөн. 780 000 000 төгрөг зээлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй ч 127 692 666 төгрөгийг хүүнд тооцож өгсөн. Ийм учраас 2019 онд зээлж авсан гэх мөнгөнүүдийг төлж барагдуулсан. Миний хувьд 72 000 000 төгрөг зээлээгүй тул 120 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэж тайлбарладаг.

2019 оны 12 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор 72 320 000 төгрөг нь *******ын дансанд орсон, бэлнээр өгсөн зүйл байхгүй байна. ... Гэрээнээс харахад 72 320 000 төгрөгийг зээлдүүлж байгаа боловч зээлдүүлэгч нь зээлдэгчид шилжүүлэх ёстой 72 320 000 төгрөгийг бодитой өгөх үүргээ биелүүлээгүй байна. Ийм учраас зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй учраас 120 000 000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь *******оос 2020 оны 7 сарын 07-ны өдөр зээлсэн 40 000 000 төгрөг, 7 сарын 31-ний өдөр зээлсэн 5 000 000 төгрөг, 9 сарын 05-ны өдөр зээлсэн 50 000 000 төгрөгийг тус тус хүү алдангийн хамт нийт 159 600 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс үндсэн зээл, зээлийн хүү болох 106 400 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. ... Соёлын төвийн тендерт 2019 оны 07 сард орсон. Ажил эхлээд явж байтал дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн. Соёлын төвийн 2019 онд төсөвлөгдсөн төсөв 2020 онд ажил хийгдээд ирэхээр төсөв нь бага, барилгын материалын үнэ, тээврийн зардал огцом өссөн учраас ямар нэгэн ашиггүй, алдагдалтай ажилласан. Үүнээс хойш компанийн хувьд хүнд байдалд орсон учир алдангийг төлөх боломжгүй байна гэдэг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу анзын хэмжээг багасгаж өгнө үү.

Хариуцагч *******ийн нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 5 сарын 28-ны өдрийн гэрээнд маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заасан тул хариуцагчийн хувьд арбитраар шийдүүлэх саналтай байна.

Нэхэмжлэгч нь ******* ХХК-иас нэхэмжилж байгаа үндэслэлээ мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан учраас мөнгийг төлөх ёстой гэж тайлбарладаг. ... ******* ХХК болон ******* нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа огт үүсээгүй байх тул ******* ХХК-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт  279 000 000 /хоёр зуун далан есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, хариуцагч ******* ХХК, Б.Алтанчимэг, ******* нараас 240 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 457 200 төгрөгөөс 2 755 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 1 552 950 төгрөгийг, төсвийн орлогоос илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 701 250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдаж, ... шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт манай нэхэмжлэлийн шаардлагаас 240 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг үндэслэсэн байна.

Нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ гэрээний үүрэгтэй холбоотой гэж үзсэнийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 240 600 000 төгрөгийн талаар аман болон бичгийн хэлцлийг байгуулаагүй бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр түр хугацаанд зээлүүлсэн үйл явдал байгаад анхан шатны шүүх бодитой дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Талуудын хооронд үүссэн харилцааны хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгчийн уг үйлдэл хийх ёстой байсан үеэр тоолно. гэсэн хуулийн заалтад хамаарна. Учир нь ямар нэгэн болзол нөхцөлтэй хийсэн өмнөх хэлцлүүдээс 240 600 000 төгрөгийн шаардлага нь өөр бөгөөд нэхэмжлэгчийн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж шаардах эрх үүсэхээр байсан.

Тиймээс ч нэхэмжлэгч нь гадаад улсад суралцсан, эрүүл мэндийн нөхцөл байдал илтэд муудсан болон нийтэд ил болсон ковидын давагдашгүй хүчин зүйлийн улмаас хууль хяналтын байгууллагад хандсаны дараа иргэний шүүхэд хандах эрх үүссэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т хамаарахгүй. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн ******* ХХК, *******, ******* нараас 240 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

... Багаасаа найзалсан найзынхаа бизнесийг боломжит бүх байдлаараа дэмжиж үргэлж итгэж байсан учраас ганц удаа ч цаасан дээр гэрээ хийж гарын үсэг зуруулж байгаагүйн төлөө хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж 240 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч миний бие маш их алдагдал, давхар өр зээлтэй болохын зэрэгцээ бизнесийн боломжуудаа алдаж харин хариуцагч нар зээлсэн мөнгөөрөө эмчилгээ хийлгэж эрүүл болсоноос гадна бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан талаараа цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Хариуцагч нар зээлсэн, хэрэглэсэн мөнгөө өгнө гэж худал хэлэн итгэл төрүүлээд хугацаа хожоод байвал хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шалтаглан заль мэх хэрэглэж болдог юм байна гэсэн үндэслэлгүй хөрөнгөжих боломж олгосон шийдвэр гэж үзэж байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд байнга зээлсэн мөнгөө шаардаж байсан болон гадаадад сурахаар явсан Монголд ирээд хорт хавдар тусаж эмчилгээ хийлгэсэн мөн өмнөх зээлүүлсэн мөнгөө олж авах гэж үргэлжлүүлэн зээл олгосон зэрэг нь хүндэтгэх шалтгаан болно гэж үзэж байна.

... Мөн эдгээр бүх зээлүүлсэн мөнгө маань ******* ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдаж байсан бөгөөд тус ХХК-тай холбоо хамааралтай болохыг хариуцагч талаас гаргасан дансны хуулга, мөнгөн гүйлгээнээс харж болохоор учир тус компани хариуцагч болох нь тодорхой юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нараас 240 600 000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хариуцагч *******оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 120 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан гэх 2019 оны 12 сарын 23-ны өдөр буюу түүнээс хойшхи хугацаанд 72 320 000 төгрөгийг хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй нэхэмжлэгч тал нь холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй.

Хариуцагч ******* нь 2019 оны 12 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зурсан боловч *******оос 72 320 000 төгрөгийг хүлээж аваагүй над руу шилжүүлээгүй гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг 2019 оны 12 сарын 23-ны өдөр болон түүнээс хойшхи хугацаанд *******ын өмчлөлд зээлийн гэрээнд заасан 72 320 000 төгрөгийг шилжүүлээгүй талаарх хариуцагч талын няцаалтыг хүлээн авалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ын нэхэмжлэлийн шаардлагаас нийт 360 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, *******лоос 159 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас гаргаж байгаа гомдлын үндэслэл нь ерөөсөө хөөн хэлэлцэх хугацаа, хүндэтгэн үзэх шалтгааныг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөөч гэж хүсч байгаа. гэв.

 7. Хариуцагч нарын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүх хуралдааны үед 72 сая төгрөг нэхэмжилж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа нийт зээлүүлсэн мөнгөний зөрүү 72,320,000 төгрөг гэдэг. ... Анхан шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан учраас гаргах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ бичгээр гэрээ байгуулсан гэж үзэж байгаа хэдий ч зохиомол гэрээ гэдгийг ойлгож авч үзэх нь зүйтэй. Энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нарын төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******, ******* болон ******* ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 659,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 140,250,000 төгрөгөөр багасган нийт 519,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: ...*******, ******* нарт 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 260,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй аман хэлцэл хийж итгэлцлийн үндсэн дээр зээлдүүлсэн. ...2019 онд дахин аман хэлцэл хийж ******* нь 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлөөгүй 140,000,000 төгрөгийн үндсэн зээлийг 100,000,000 төгрөгийн хүүгийн хамт нийт 240,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон тул хариуцагч *******, ******* нараас нэхэмжилсэн.

...Тухайн үед хариуцагч нараас 240,000,000 төгрөгөө авахын тулд дахин компанийг нь санхүүжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 удаагийн гүйлгээгээр нийт 692,000,000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн. Тус мөнгөөр *******ын ажиллуулдаг ******* ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. ...Хариуцагч *******ын өмнөөс ******* ХХК-ийн захирал, эгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 261,966,666 төгрөг, компанийнхаа тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 357,680,000 төгрөг, нийт 619,680,000 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 72,320,000 төгрөг төлөөгүй үлдсэнийг баталгаажуулж 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 10 сарын хугацаатай, зээлийн нийт хүү 7,680,000 төгрөг байхаар, 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон талууд гарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээний дагуу үндсэн зээл 72,320,000 төгрөг, хүү 7,680,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөг нэхэмжилнэ.

...Хариуцагч *******, ******* ХХК хамтран 692,000,000 төгрөгийг ашигласан, ...619,680,000 төгрөгийг ******* ХХК буюу ******* нар төлсөн байдаг. Дээрх мөнгүүдийг *******, ******* нар зээлээд байгаа мэт боловч ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулж үр шимийг нь хүртсэн гэж үзээд нэхэмжлэгч ******* ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон. 692,000,000 төгрөгийн үлдэгдэл 72,320,000 төгрөгөнд хуулийн дагуу гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу төлөх ёстой 120,000,000 төгрөгийг хариуцагч ******* болон ******* ХХК-иас нэхэмжилнэ.

...******* нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 95,000,000 төгрөг зээлж тус бүр дээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 159,600,000 төгрөгийг *******оос нэхэмжилж байна. ...*******ид холбогдох хэргийг арбитрын журмаар шийдвэрлүүлнэ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч нараас нийт 519,600,000 төгрөг нэхэмжилнэ. гэж тодорхойлсон.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ...2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлсэн зээлийн үлдэгдэл гэж 240,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь анх 260,000,000 төгрөг зээлээгүй, 140,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Сар болгон 7,000,000 төгрөгийн хүү төлж, дундуур нь 3 сар хүү төлөхгүй байж байгаад 21,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. ...Мөн Land-200 маркийн автомашиныг Э.*******од өгч бүх зээлээ хаасан гэж тайлбарладаг. ...Нэхэмжлэгчийн төлөөлөгч 5 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэж тайлбарласан. Иймд гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусна. Шаардах эрх 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ., 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас 240,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлдүүлсэн 72,320,000 төгрөг, түүний хүү, алданги нийлээд 120,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь нэхэмжлэгчээс 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 7 дугаар сарын 23-ны өдөр 150,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 14-ний өдөр 150,000,000 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 430,000,000 төгрөг, нийт 780,000,000 төгрөг зээлсэн. Эдгээр зээлийг авахад зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон. ...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр *******ын хэлсний дагуу Энх-Амгалан гэдэг хүний данс руу ******* ХХК-ийн данснаас 288,046,000 төгрөг, эгч ******* 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 261,966,666 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдөр 357,680,000 төгрөг буюу нийт 907,692,666 төгрөгийг ******* руу шилжүүлсэн. 780,000,000 төгрөг зээлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй ч 127,692,666 төгрөгийг хүүнд тооцож өгсөн. ...Мөн ******* нь 72,000,000 төгрөг зээлээгүй. Гэрээнээс харахад 72,320,000 төгрөгийг зээлдүүлж байгаа боловч зээлдүүлэгч нь зээлдэгчид шилжүүлэх ёстой 72,320,000 төгрөгийг бодитой өгөх үүргээ биелүүлээгүй учраас 120,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.

...Нэхэмжлэгч нь *******оос 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлсэн 40,000,000 төгрөг, 7 дугаар сарын 31-ний өдөр зээлсэн 5,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлсэн 50,000,000 төгрөгийг тус тус хүү, алдангийн хамт нийт 159,600 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс үндсэн зээл, зээлийн хүү болох 106,400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ...Соёлын төвийн тендерт 2019 оны 7 дугаар сард орж, ажил эхлээд явж байтал дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн. Үүнээс хойш компанийн хувьд хүнд байдалд орсон учир алдангийг төлөх боломжгүй байна.

...Хариуцагч *******ийн нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд маргааныг арибтраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул арбитраар шийдвэрлүүлнэ. ...******* ХХК болон ******* нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй байх тул компанитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай. гэх үндэслэлээр мэтгэлзжээ.

6. Хэрэгт цугларсан бичгийн баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 72,320,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 7,680,000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, *******, хариуцагч ******* нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 130,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх тухай зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, *******, ******* нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 40,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх тухай зээлийн гэрээ байгуулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

7. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 20/01 дугаартай зээлийн гэрээний 8-д Энэ гэрээтэй аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлэнэ. гэж заасны дагуу талууд харилцан тохиролцсон нь Арбитрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан хэргийн харъяаллыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 140,250,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас нийт 519,600,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон.

8. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт зөв, гэрээ хүчин төгөлдөр байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлөөгүй 140,000,000 төгрөгийн үндсэн зээлийг 100,000,000 төгрөгийн хүүгийн хамт нийт 240,000,000 төгрөгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр төлөхөөс татгалзсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үе буюу 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

10. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 72,320,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 7,680,000 төгрөгийн хүү төлөхөөр, зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч хариуцагч тал нь нэхэмжлэгч бодитоор 72,320,000 төгрөгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж маргадаг бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцсон нь үндэслэлтэй байна.

 11. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтаар ******* ХХК болон нэхэмжлэгч ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байх бөгөөд хамтран үүрэг хүлээх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь ******* ХХК-иас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй талаар дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

12. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 40,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй тус тус зээлэхээр, зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 95,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. Харин зээлдэгч нь зээлийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлд зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

13. Анхан шатны шүүх хариуцагчийн үүргийг зөв тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 72,320,000 төгрөг, зээлийн хүү 7,680,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 6,400,000 төгрөг, алданги 23,200,000 төгрөг, нийт 69,600,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, алданги 2,800,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 4,000,000 төгрөг, алданги 27,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөг буюу нийт 279,000,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, хариуцагч нь зээлийг төлсөн талаар тайлбарладаг боловч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* ХХК, Б.Алтанчимэг, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 240,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 138/ШШ2024/00093 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,360,950 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

 ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

Ц.ЭРДЭНЭЗУУ