Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00100

 

 

 

 

      

 

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэчимэгийн Э.Дд холбогдох эрүүгийн 1938001610096 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 12 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Ямаат” гэх газраас иргэн Э.П-ийн 1 тооны гүү хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Пүрэвсүрэнгийн адуунд байсан саарал гүүг өөрийнхөө адуунд нийлүүлээд гэрийн хойно тууж авчраад орхисон. Манай адуунд тэр саарал гүү хоёр хоносон. Тэгэхээр нь би Азбилэг гэдэг айлын гадна хөтөлж ирээд тэр гүүг нядалсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Арбулаг сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Ямаат” гэх газраас 1 тооны гүү хулгайд алдаж хохирсон. Тухайн үедээ хөлөөрөө алга болсон байх гэж бодоод хайж байсан ч олдоогүй тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...Сайн танина Баавай гэж дууддаг жинхэнэ нэр нь Эрдэнэчимэгийн Э.Д гэдэг юм. Манай ээжийн талаар бид төрөл садан хүмүүсээ. Тэгсэн манай хамаатан садан болох Баавай маань миний ганц саарал гүүг хулгай хийж хүнд зарсан байна...Би Э.Дтэй эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-12 дугаар хуудас/,

Гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Нөхөр бид хоёр Э.Дтэй болон түүний эхнэртэй идэшний адууны наймаа хийсэн. Э.Д залгаад адуугаа ав гэхээр нь нөхрийн хамт Азаа гэдэг айлын гаднаас адууны махаа очиж авсан. Бид хоёрыг очиход Э.Д адуу янзалж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Э.Д нь одоогоос 7 жилийн өмнө манай хүргэн болж байсан. Хөдөө малаа маллаж амьдардаг. Манай хүргэн Э.Д өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй хүний үгээр, үг, дуу цөөтэй даруухан ажилсаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 сарын сүүлээр байхаа Э.Д буюу Бааваа гэж дууддаг хүний эхнэр Лхагва-Отгон манай эхнэр Долгормаагийн утас руу залгаад мөнгөний хэрэг болоод байна. Намар идэшний адуу, үхэр аль нь болно, мөнгө зээлээч гэхээр нь би идэшний тарган адуу авъя гэж тохироод ХААН банкны 5892083575 тоот данснаас Лхагва-Отгоны ХААН банкны дансруу 400.000 төгрөг дансаар өгөөд 100.000 төгрөгөнд нь бараа өгөөд 500.000 төгрөгөөр тарган адуу авахаар тохиролцсон...2018 оны 12 дугаар сарын сүүлээр байхаа манай эхнэр Долгормаагийн утас Бааваа байна маргааш өглөө эрт сумын төвийн ард “Бөхөнгийн өвөр” гэдэг газар Азаа ахын тэнд хүрээд ир би авч явсан гүүгээ алдаад Азаа ахын адуунд нийлүүлж барьж аваад тэнд нь уячихлаа эртхэн гараад ирээрэй гэсэн мессеж ирсэн байсан. Маргааш өглөө 10 цагийн орчим эхнэр бид хоёр өөрсдийн машинаар “Бөхөнгийн өвөр” гэдэг газар байдаг Азаа гэдэг айлд очиход гэрийн гадаа Азаа, Бааваа хоёр саарал зүсмийн дэлийг нь зассан туранхай гүү нядлаад нэг талыг нь хуулаад дуусаж байсан. Би нядалсан адууг нь хараад энэ адуу чинь туранхай байна. Би авахаа больё би чамд өгөх гэж байсан өөрийнхөө гүү адууг олохгүй байна. Идэш оройтлоо гэхээр нь үүнийг авчирч янзаллаа гэхээр нь наадах чинь хэнийх юм гэхэд энэ манай өөрийн гүү гэсэн. Тэгээд Бааваа хөгшин нь дээр нь хонь, ямаа хоёрын нэгийг өгье тэгээд ч авчираад алчихлаа, үүнийг л ав гэхээр нь авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 12 сарын эхээр байхаа манайд өглөө 09:30 цагийн орчим саарал гүү хөтөлж ирээд надад хэлэхдээ: би Буянтогтоход нэг адуу өгөх юм. Танай гэрийн гадаа нядлах гэсэн юм. Авах хүмүүс нь одоо ирнэ гэхээр нь би төврүү оруулахгүй яасан юм гэхэд энд нядлаад байж байя одоо Буянтогтох сумын төвөөс ирнэ гэж хэлэхээр нь би тэр гүүг унагаалцаж өгсөн. Тэгэхэд ганцаараа ихэнхийг нь янзалсан. Удалгүй Буянтогтох сумын төвөөс эхнэртэйгээ ирж махыг нь авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6-р багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, малын А данс,  /ХХ-ийн 45-49 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Пнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938001610096 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 12 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Ямаат” гэх газраас иргэн Э.Пүрэвсүрэнгийн 1 тооны гүү хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Э.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-12-р хуудас/, гэрч Т.Долгормаагийн /ХХ-ийн 13-14-р хуудас/, гэрч Б.Буянтогтохын /ХХ-ийн 19-21-р хуудас/, гэрч Э.Азбилэгийн /ХХ-ийн 23-24-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 30-р хуудас/, хохирогч Э.Пшүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 50 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Дмал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Э.Пнь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 45 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938001610096 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Дбусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Д1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Дд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1938001610096 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

     6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР