Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2024/00011

 

 *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2024/00160 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Гэрээний үүргийн биелэлт 12 300 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******гийн гаргасан 2015 оны 05 сарын 28-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч У.Түвшин /цахимаар/, хариуцагч *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 12 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: ... *******тай 2015 оны 05 сарын 28-ны өдөр 15 400 000 төгрөгийг өгч хэлцэл байгуулсан. Тус хэлцлээр 2015 оны 05 сарын 26-наас 2015 оны 07 сарын 01-ний дотор нийт 33 хоногт багтаан буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Хэлцлийн дагуу 2015 оны 05 сарын 28-ны өдөр 15 400 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. ******* энэ хугацаанд төлбөрөө төлөхгүй байсан учир удаа дараа шүүхэд хандаж эрэн сурвалжлуулж байсан. *******гийн аав ******* нь надтай ирж уулзаж Миний бие ******* нь *******гаас 2014 оны 09 сарын 21-нд 15 400 000 төгрөгийг авсан нь үнэн болохыг үүгээр баталж байна. Энэ мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах болно. гэх баталгаа гаргаж өгсөн. Ингээд миний данс руу 2020 оны 09 сарын 21-нээс 2023 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл нийт 23 удаагийн гүйлгээгээр 7 200 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 8 200 000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул хэлцлийн дагуу 0,5 хувийн алданги тооцон 4 100 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд *******, ******* нараас 12 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

Үүнд: ******* эгч бид хоёр 2014 оноос хойш бие биеэ мэднэ. Ерөнхийдөө бид хоёрын дунд 2014 оноос хойш мөнгө зээлэх асуудал үүссэн. 2014 онд  ******* эгчээс авсан зүйл гэвэл 2 төрлийн үнэртэй ус, гар утас, бэлэн мөнгө зэрэг байсан бөгөөд нийт 6 сая төгрөгийн зээлийн асуудал үүссэн. Энэ авсан мөнгөө төлж байгаад 2015 оны хэлцлийг хийхийн өмнө би ажилгүй болсон учир нэг хэсэг төлж чадахгүй зогссон юм. Гэтэл 2015 оны 05 сарын 28-ны өдөр над дээр цагдаатай хамт ирээд чи мөнгөө төлөөгүй учир одоо нийт үлдэгдэл нь 15 200 000 төгрөг болж байна. Хэрвээ энэ мөнгөө төлнө гэсэн баталгаа гаргаж өгөхгүй бол цагдаагаар энэ асуудлаа одоо шийдүүлье гэсэн. Тухайн үед би энэ хэлцэл дээр бичсэн алдангийн асуудлыг сайн ойлгохгүй гарын үсгээ зурсан. Тэрнээс биш би ******* эгчээс 15 400 000 төгрөг авч байгаагүй. ******* эгчээс авсан мөнгө 6 195 000 төгрөг болсон.  Тухайн үед би энэ 6 195 000 төгрөгөөс төлөлт хийж байсан. Одоо ******* эгчийн хувьд 15 400 000 төгрөг надад өгөөгүй байж хэлцэл байгуулсны дагуу алданги авна гэж нэхээд байгаа юм. Би энэ хүнтэй хэсэг харилцаа холбоогүй байсан болохоор цагдаа намайг ирж авлаа гэхээр аав, ээж маань тухайн үедээ сандраад, очоод хэлцэл хийсэн байсан. ... ******* эгч тухайн үед намайг эрж хайж их зардал чирэгдэл болсон гээд зовлонгоо ярьсан болохоор би мэдээж бас энэ хүнийг хүндлэх ёстой, хоёрт би 6 195 000 төгрөгөө төлье гэсэн бодолтой 7 200 000 төгрөг төлөөд төлөлтөө зогсоосон, учир нь энэ хүнээс авсан мөнгөө хангалттай өгчихсөн гэж үзээд дахиж нэг ч төгрөг өгөөгүй. ... Би энэ хүнээс 15 400 000 төгрөг аваагүй, хэрвээ намайг авсан гэж байгаа бол баримтаа өөрсдөө гаргаад ир гэж хэлэх байна. гэжээ.

3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

Үүнд: Манай охин аймагт ирээд ажилд ороогүй байтал хотоос цагдаа ирээд авч явах гэж байна гээд тэр шөнөдөө охиноо дагаад явсан. Хотод очоод Сүхбаатар дүүргийн цагдаагийн эрэн сурвалжлах албаны Болдсайхан гэж хүнтэй уулзахад ******* гэх хүний гаргасан гомдлын дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан гэдэг талаар тайлбарлаж өгсөн. *******тай ирээд уулзахад миний охиныг их айлгасан шинжтэй байсан. Танай охин мөнгө аваад өгөхгүй, намайг давхар өр зээлд оруулсан би  43 000 000 төгрөг охиноос чинь авах ёстой гээд загнаж дайраад, нэг бол эрүүгийн хэрэг үүсгэнэ, охиныг чинь хориулна гээд ярьж байснаа эхний удаа 15 000 000 төгрөг төл гэсэн. Тэгээд тэр үедээ 43 000 000 төгрөг нэхэж байснаа 15 000 000 төгрөг гэхээр нь надад бага санагдаад мөн охиныг сандаргаад байсан болохоор би энд чинь оролцъё гэж хэлсэн. Ингээд 15 000 000 төгрөг дээр эргэн төлөлтийн хуваарь гаргаад нотариат оръё гэсэн. Тэгээд нотариат дээр дагуулаад очсон. Эхний нотариат дээр өөрийн бичсэн юмаа надад хэлж бичүүлсэн ба хоорондоо тохирч байна нотариатын үйлчилгээ авъя гэсэн. Гэтэл тэр нотариатч нь мөнгөө шилжүүлсэн баримт хаана байна гэхэд ******* их сандарсан. Тэгээд нотариат тийм зүйл байхгүй бол үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэхэд их сандарсан. Тэр нотариатаас гараад ******* нь ойрхон миний мэдэх нотариат байгаа гэж ороод энэ дээр нотариатын үйлчилгээ авъя гэхэд тэр нотариатч нь ямар нэгэн юм нэхээгүй шууд баталсан. Нотариатаас гарангуутаа хэдүүлээ харилцаа холбоотой, ах дүү шиг явъя гээд их баярлаж байсан. Анх 43 000 000 төгрөг авна гэж дарамталж байхдаа эрэгтэй хүнтэй ирсэн байсан. Тэр эрэгтэй нь шууд оролцоод дарамт үзүүлж байсан. Миний хувьд *******гаас 15 400 000 төгрөг авах нь битгий хэл барааг нь хараагүй. Тухайн үед охиноо л бодсон, *******г тэр үед л харсан. ******* миний хэлснээр бичээ, та хариуцлага хүлээхгүй гэж хэлснээр нь бичсэн. Би охинтойгоо ярилцаад 7 200 000 төгрөгийг *******д төлсөн. гэжээ.

4. Хариуцагч ******* нэхэмжлэгчид холбогдуулан 2015 оны 05 сарын 28-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Би 15 400 000 төгрөг аваагүй учир энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тухайн үедээ хуулийн хүрээнд ямар асуудал болохыг ч мэдээгүй, нас залуу, аав ээждээ ч хэлээгүй айж түгшээд явж байхдаа огт аваагүй мөнгөн дээр хэлцэл хийсэн учраас энэ хэлцлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

Үүнд: Манайх мөнгөө зээлүүлсэн нь үнэн. Түүнийхээ дагуу төлбөрөө төлж байсан атлаа одоо бол хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах ёсгүй. Хэлцлийг нотариатаар гэрчлүүлээд үүнийхээ дагуу 7 200 000 төгрөг төлсөн нь хүлээн зөвшөөрч төлсөн учир энэ сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******гийн *******, *******ын ******* нараас Гэрээний үүргийн биелэлт 12 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ийн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэл 2015 оны 05 сарын 28-ны өдөр байгуулсан Хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 750 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч *******гаас 70 200 төгрөг гаргуулан *******д олгож, ... шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэргийн үйл баримтыг бодитойгоор дүгнэлгүй, хариуцагчид хууль бус давуу байдал олгосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* нь 2014 оны 5 сард *******гаас 15 400 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс, мөнгөн хөрөнгийг авсан. Ингээд уг тохиролцооны дагуу эд хөрөнгийг худалдан борлуулж олсон мөнгө, бэлнээр авсан мөнгөн хөрөнгө зэргийг буцааж төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл амаар харилцан тохиролцсоны дагуу төлбөрийг буцаан төлөөгүй. Ингээд 2015 оны 5 сарын 28-ны өдөр хэлцэл баримтыг үйлдсэн.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж заасан. Энэхүү баримтын дагуу ******* нь 2015 оны 7 сарын 01-ний өдрийг гэхэд 15 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч мөн л төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Мөн хариуцагчийн аав болох ******* нь 2020 оны 9 сарын 21-ний өдөр Баталгаа гаргах тухай баримтад Миний бие ******* нь *******гаас 2014 оны 9 сарын 21-ний өдөр 15 400 000 төгрөгийг авсан нь үнэн болохыг үүгээр баталж байна. Энэ мөнгийг графикийн дагуу төлж барагдуулах болно. гэх баталгааг гаргаж өгсөн.

Логикийн хувьд аливаа иргэн, хуулийн этгээд бусдаас зээл авсан тохиолдолд түүнийг буцаан төлөх тухай ойлголт юм.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчид 15 400 000 төгрөгөөс 7 200 000 төгрөгийг 2020 оны 9 сарын 21-ний өдрөөс 2023 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 23 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн үйл баримттай маргадаггүй. Зээл авсан төлбөрөө төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн тус дансны гүйлгээний утган дээр *******гаас зээл төлөлт гэсэн байхад шүүх тус нотлох баримтуудад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийг авсан, буцаан төлсөн нөхцөл байдалд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно. гэж заасны дагуу хариуцагч *******гийн хүлээсэн үүргийг хүлээн авч, баталгаа гаргаж байгаа гуравдагч этгээд нь хариуцагч *******. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндсэн ойлголт, агуулгыг өөрөөр тайлбарлаж ******* нь хэлцлийн үндсэн оролцогч мэтээр тайлбарлаж буруу хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2.-т заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хэлцэл нь хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. гэж заасны дагуу хуульд заасан шаардлагыг хангаж байх тул хариуцагч нар нь төлөх үүрэгтэй. Шүүх нь алдангийг хүү гэж буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Нөгөөтэйгүүр хариуцагч нар нь Б.Булгамаад огт өр зээлийн төлбөргүй байсан бол хэлцэл, зээлийг төлөх баталгаа зэрэг баримтыг бичиж өгөхгүй байсан. Түүнчлэн уг хэлцлүүдийн дагуу мөнгөн төлбөрийг төлж явахгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, хэргийн бодит нөхцөлд байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхээс үйл баримтуудад тодорхой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Ганц бичгийн баримтаар гэрээний харилцаа шийдэгддэггүй гэдгийг хэлэхийг хүсч байна. ... Сүүлд буюу 2015 онд хэлцлийг байгуулахдаа 15 400 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авсан байна үүний төлбөрийг ийм хугацаанд нөхөн төлнө гэж дурдсан. ... Гэтэл анхан шатны шүүхээс 15 400 000 төгрөг өгсөн гэдгээ нэхэмжлэгч нотлох ёстой гэдэг. Гэтэл хариуцагч авчихсан гэдгээ нотолсоор байгаа. ... Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ илэрхий алдаа гаргасан. ... Хариуцагч нараас хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж яриад байдаг. Гэтэл ийм тохиолдолд 1 жилийн дотор хүсэлтээ шүүхэд гаргаж хэлцлийг хүчингүй болгох эрхтэй байдаг. Ийм зүйл хариуцагч талаас гаргаагүй байна.

... *******гийн хувьд мөнгө авчихаад өөрөө өгнө гэдгээ илэрхийлээд байхад хангахгүй шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. гэв.

9. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч талаас 15 400 000 төгрөг хүлээлгэж өгсөн гэж хэлж байна. Би ийм их мөнгө авч байгаагүй. Миний хүлээн авч байсан мөнгө нь 6 195 000 төгрөг хүлээж авсан байна лээ. ... Гэтэл дараа нь ирж уулзахдаа бараа бүтээгдэхүүн болон мөнгөний хүүг тооцоход 15 400 000 төгрөг болно гэж хэлж байсан. ... Манай аав миний өмнөөс 15 400 000 төгрөг гэсэн гэрээнд гарын үсэг зурсан байна лээ. Яагаад 7 200 000 төгрөг төлөөд зогссон бэ гэхээр би анх мөнгө авсныхаа дараа хэд хэдэн удаа төлөлт хийж байсан. Би ямар ч байсан өгөх ёстой мөнгөө өгсөн гэж үзээд төлөлт хийхийг зогсоосон. гэв.

10. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би ганц охинтой хүн. Би сүүлд гарын үсэг зурсан нь үнэн. Ганц охиноо ийм асуудалтай олон жил явуулсанд өөртөө гутраад юу ч болсон яадаг юм гэж бодоод гарын үсэг зурсан. ... Эхний удаад 15 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ энэ мөнгийг нь өгөөд салъя л гэж бодсон. Би дараа нь энэ хүнд ямар хэрэгцээтэй баримт байхыг мэдээгүй. Баталгаан дээр юу гэж бичихээ ч мэдэхгүй байсан. Өөрөө хэлж өгөөд гарын үсгээ зур гэж хэлээд л өгсөн. ... Өөр нэмж хэлэх зүйлгүй. гэв.

11. Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* нь *******гаас мөнгө зээлж авсан гэдгээ хэлсэн. Дансаар нийт 6 195 000 төгрөг авсан гэдгээ илэрхийлсэн. 15 400 000 төгрөгийн баримт нь өөрөө тэс өөр байна. 15 400 000 төгрөг өгсөн гэдгийг ч нотолж чадаагүй. Өөрсдөө тайлбараа нотлох үүрэгтэй байсан. ... *******гийн хувьд мөнгө авч байгаагүй гэдгээ дансны хуулгаараа нотолчихсон. ... Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэлцэл хүчин төгөлдөр бус агуулгатай байгаа гэдгийг анхаарч үзэхийг хүссэн. Анхан шатны шүүхийн баримталж байгаа хуулийн заалт нь үндэслэлтэй байна. ... Гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, Т.Пүрэвдорж нарт холбогдох гэрээний үүргийн биелэлт 12 300 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 05 сарын 28-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон Т.Пүрэвдорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 8 200 000 төгрөг, алдангид 4 100 000 төгрөг, нийт 12 300 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* нь *******гаас 2015 оны 5 сарын 28-ны өдөр 15 400 000 төгрөгийг зээлэх тухай хэлцэл байгуулсан. Тус хэлцлээр ... 33 хоногт багтаан буцаан төлөх байсан. Хэлцлийн дагуу 2015 оны 05 сарын 28-ны өдөр 15 400 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. ******* энэ хугацаанд төлбөрөө төлөхгүй байсан учир удаа дараа шүүхэд хандаж эрэн сурвалжлуулж байсан. *******, түүний аав Т.Пүрэвдорж нар уг зээлийг төлнө гэж баталгаа гаргаж өгсөн. ... 7 200 000 төгрөг төлсөн нь дээрх мөнгийг зээлсэн болохоо нотолж байна. Иймд тэд зээлийн үлдэгдэл 8 200 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй тул хэлцэлд заасны дагуу алдангид 4 100 000 төгрөг, нийт 12 300 000 төгрөгийг нэхэмжилнэ. ... гэж тайлбарласныг хариуцагч нараас уг шаардлагыг эс зөвшөөрч ... ******* миний хувьд ******* эгчээс 2014 оноос эхлэн мөнгө зээлж байсан нь үнэн боловч 15 400 000 төгрөг зээлээгүй. Нийтдээ 6 150 000 төгрөгийг зээлсэн, мөн 1 400 000 төгрөгөөр үнэртэй ус, гар утас зэргийг зээлээр худалдан авсан. Зээлээсээ би 3 сая гаруй төгрөгийг төлсөн байсан. ... 7 200 000 төгрөгийг төлсөн. Би ******* эгчээс авсан бүх мөнгөө төлж дуусгасан. ... Пүрэвдорж нь *******гаас огт мөнгө зээлж аваагүй, охиноо өрөнд орчихлоо гэж айж сандарсандаа түүний хэлснийг бичиж, гарын үсэг зурж өгсөн. ... Тиймээс уг мөнгийг бид төлөх үндэслэлгүй. гэх үндэслэлээр маргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг шаардлагын үндэслэлээ ******* бид хоёрын дунд байгуулагдсан 15 400 000 төгрөгийг төлж барагдуулна, мөн алданги төлнө гэсэн агуулга бүхий 2015 оны 5 сарын 28-ны өдрийн хэлцлийг би аав ээждээ ч хэлээгүй, тухайн үед айж түгшээд, алданги төлнө гэдгийг ч сайн мэдэлгүйгээр зөвшөөрч гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. гэж тайлбарласныг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч ... ******* нь тухай үед өөрөө зөвшөөрч төлнө гэж гарын үсэг зурсан. Бид мөнгө зээлүүлсэн нь үнэн. ******* мөнгө зээлснээ зөвшөөрч 7 200 000 төгрөгийг төлсөн нь үнэн тул сөрөг шаардлага үндэслэлгүй байна. гэж маргажээ.

5. Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөн тэдний хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

6. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас 2014 оноос эхлэн мөнгө зээлж, тэд 2015 оны 5 сарын 28-ны өдөр 15 400 000 төгрөгийг ...33 хоногт багтаан төлөх, хугацаандаа хохирлоо барагдуулаагүй бол 0,5 хувийн алданги тооцно. гэх агуулга бүхий хэлцлийг бичгээр байгуулсан /хх 8/, мөн нэхэмжлэгч *******гаас *******гийн ХААН банкин дахь тоот дансанд 2014 оны 3 сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, 4 сарын 02-ны өдөр өдөр 45 000 төгрөг, мөн өдөр 500 000 төгрөг, 4 сарын 25-ны өдөр 1 150 000 төгрөг, 6 сарын 17-ны өдөр 3 500 000 төгрөг, 7 сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 9 сарын 02-ны өдөр 2 500 000 төгрөг буюу нийт 8 695 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч ******* нь 2014 оны 6 сарын 12-ны өдөр 2 260 000 төгрөг, 9 сарын 03-ны өдөр 945 000 төгрөг буюу нийт 3 205 000 төгрөгийг *******гийн ХААН банкны тоот дансанд буцааж төлсөн /хх 54-58/, мөн 2020 оны 9 сарын 21-ний өдрөөс 2023 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 7 200 000 төгрөгийг нэхэмжлэгч *******гийн дээрх дансанд шилжүүлсэн /хх 20-42/ үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг хоёр талын гэрээ бөгөөд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын ХААН банкны дансны хуулгаас үзвэл хариуцагч ******* нь 2014 оны 3 сарын 31-ний өдрөөс мөн оны 9 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 8 695 000 төгрөгийг *******гаас зээлж авч, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгч ******* нь *******д 2015 оны 5 сарын 28-ны өдөр 15 400 000 төгрөгийг шилжүүлэн өгч зээлүүлсэн тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Тухайлбал, нэхэмжлэгч нь бидний дунд байгуулагдсан 2015 оны 5 сарын 28-ны өдрийн хэлцлээр ******* нь 15 400 000 төгрөгийг төлнө гэдгээ зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн зээлийн төлөлт гэж 7 200 000 төгрөг төлсөн зэрэг нь түүнийг 15 400 000 төгрөгийг зээлж авсан гэдгээ нотолж байна. гэж маргадаг боловч тэдний дунд байгуулагдсан 2015 оны 5 сарын 28-ны өдрийн хэлцлээр *******гаас *******д 15 400 000 төгрөгийг бүгдийг шилжүүлэн өгсөн гэх үйл баримт хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

Харин дээрх хэлцлээр хариуцагч ******* 15 400 000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги төлөх буюу гэрээний хариуцлага хүлээх талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасныг зөрчөөгүй байх тул тэдний хооронд алданги төлөхөөр тохиролцсон дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

9. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *******гаас 2014 онд 1 400 000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус болон гар утсыг худалдан авсан боловч үнийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд хуульд зааснаар ******* нь худалдан авсан хөрөнгийн үнийг *******д төлөх үүрэгтэй байна.

Түүнчлэн *******гийн худалдан авсан үнэртэй ус болон гар утасны үнэ болох 1 400 000 төгрөг тэдний хооронд байгуулагдсан 2015 оны 5 сарын 28-ны өдрийн хэлцлээр алданги төлөхөөр тохирсон 15 400 000 төгрөгийн үнийн дүнд багтсан болохыг нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алин нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул шүүх зээлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээний үүргийг аль алинд нь алданги тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар заажээ.

10. Дээрх үндэслэлээр хариуцагч *******гийн нэхэмжлэгчээс зээлж авсан 8 695 000 төгрөгөөс түүний буцаан төлсөн 3 205 000 төгрөгийг хасч, зээлийн үлдэгдэл 5 490 000 төгрөг дээр худалдан авсан барааны үнэ 1 400 000 төгргийг нэмбэл 6 890 000 төгрөг болох ба алдангийг 3 445 000 төгрөг/6 890 000 төгрөгийн 50 хувь/-өөр тооцон, хариуцагчийн зээлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээгээр төлбөл зохих үүрэг 10 335 000 төгрөг болж байна. Үүнээс хариуцагчийн 2020-2023 онд төлсөн 7 200 000 төгрөгийг хасч 3 135 000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 165 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

11. Анхан шатны шүүх хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч ******* нь *******г хариуцагчаар тодорхойлсон үндэслэлээ ...******* нь охиныхоо өмнөөс түүний зээлж авсан мөнгийг төлж барагдуулна гэсэн баталгаа гаргаж өгсөн тул *******гийн хамт төлж барагдуулах үүрэгтэй. ... гэж тодорхойлсныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан.

 Хэргийн материалд хариуцагч ******* нь 2020 оны 9 сарын 21-ний өдөр Миний бие ******* овогтой ******* нь овогтой *******гаас 2014 оны 9 сарын 21-ний өдөр 15 400 000 төгрөгийг авсан нь үнэн болохыг баталж байна. Энэ мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах болно. гэсэн Баталгаа гаргах тухай баримтанд гарын үсэг зурсан баримт авагджээ. /хх 18/

Иргэний 234 дугаар зүйлийн 234.1-т Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд баталгаа гаргаж болно. гэж зааснаас үзвэл ******* нь охин *******гийн өмнөөс түүний гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцан төлөх баталгааг гаргаж болно.

Гэвч *******гийн 2020 оны 9 сарын 21-ний өдрийн үйлдсэн Баталгаа гаргах тухай баримтын агуулга нь ******* нь *******гаас 15 400 000 төгрөг зээлсэн, графикийн дагуу төлж барагдуулна гэх агуулгатай байгаагаас дээрх баримт нь Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1-т зааснаар баталгаа гаргасан гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хариуцан төлөх үүрэггүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байхаас гадна нэхэмжлэгч *******гийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

12. Анхан шатны шүүх хариуцагч *******гийн гаргасан 2015 оны 5 сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад хэлцэл байгуулсан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хэлцэл гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна.

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа *******гаас 15 400 000 төгрөгийг зээлж аваагүй байхад гарын үсгээ зур гэж дарамталсан, аав ээждээ энэ тухайгаа хэлээгүй байсан, айж түгшсэндээ ямар хэлцэл хийж байгаагаа мэдэлгүйгээр гарын үсэг зурсан. ... гэж тайлбарладаг боловч хэлцлийг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нь тодорхойгүй байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохоор заасан бөгөөд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд ноцтой төөрөгдлийн улмаас болон хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж хийсэн хэлцлүүд хамаардаг.

Гэвч хариуцагч *******гийн гаргасан сөрөг шаардлагын үндэслэл тодорхойгүй байхаас гадна хэрэгт авагдсан баримтуудаар 2015 оны 5 сарын 28-ны өдөр хэлцэл байгуулах үед нэхэмжлэгч нь хариуцагчийг дарамталсан, айлгаж түгшээсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнээс гадна талуудын хооронд 2014 оноос эхлэн зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн байхад шүүх зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч талаас шүүх хуралдаанд 2015 оны 5 сарын 28-ны өдөр хэлцэл байгуулахдаа хүлээлгэн өгсөн гэх хэсэгт *******гийн, хүлээн авсан гэх хэсэгт *******гийн гарын үсгийг сольж зурсан байгаа нь хууль зөрчсөн байна. гэж тайлбарладаг боловч талууд хэлцэлд гарын үсгээ сольж зурсан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй юм.

13. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан ...нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 138/ШШ2024/00160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг

 1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас гэрээний үүргийн биелэлт 3 135 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 165 000 төгрөгийг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******гийн 2015 оны 5 сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 211 750 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 65 110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 952 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Г.УРТНАСАН