| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 163/2019/0207/Э |
| Дугаар | 255 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 10.1.2.6., 10.1.2.7., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 255
Б.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл, Ш.С, хохирогч Л.С болон түүний өмгөөлөгч П.Цэрэн-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох 1915 00000 0122 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл, Ш.С, хохирогч Л.С нарын гомдлуудыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б.Г
Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар хоёр хүнийг алахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 16 жил хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэж,
4 дэх заалтад “... 16 жилийн хугацаагаар хорих ял ...” гэснийг “... 14 жилийн хорих ял ...” болгон тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ш.С, О.Цэрэнпунцаг, Л.Нарангэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... өмгөөлөгч би шүүгдэгч хэрэг болох үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоныг гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс гадна шүүгдэгчийн цусанд 2.6% спиртийн зүйл илэрсэн, согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн, гэмт хэрэг үйлдэх үедээ архины гүн хордлогод орсон байжээ гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Мөн шүүгдэгч эхнэр, хүүхдээ алах санаа зорилго буюу санааны чиглэмж байгаагүй нь хэрэг үйлдэхээс өмнө, хэрэг үйлдэх үед, хэрэг үйлдсэний дараа нь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны шинж чанар, зан үйлээс харагдаж байгаагаар нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, алах санаа зорилготой гэж дүгнэх хангалттай үндэслэл болохгүй, эргэлзээ төрүүлнэ. Машин бариад явж байхад нь “архи ууж болохгүй, архи ууна” гэсэн яриа шүүгдэгч, хохирогч нарын хооронд өрнөсөн болохыг хохирогч нар мэдүүлдэг ч энэ ярианаас шүүгдэгч эхнэр, хүүхдээ ална гэдэг сэдэлт төрсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтаар прокурорын яллаж байгаа зүйлчлэл тохирохгүй, миний үйлчлүүлэгч энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруугүй, харин согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй” гэж мэтгэлцсэн.
1. Шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
Шүүх дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Г-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, тээврийн хэрэгслээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С-н биед хүнд гэмтэл учруулж, Г.Х-н амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэсэн атлаа “ухамсартай, урьдчилан мэдсэн, зориуд хүргэсэн” эсэхийг дүгнэхдээ “цусанд 2.6% спиртийн зүйл илэрсэн, согтолтын хүнд зэрэг хамаарна гэсэн шинжээчийн, гэмт хэрэг үйлдэх үедээ архины гүн хордлогод орсон байжээ” гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, зүйлчлэлд нөлөөлсөн гэж үзнэ. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”. Шүүх “шүүгдэгч Б.Г-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, тээврийн хэрэгслээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С-н биед хүнд гэмтэл учруулж, Г.Х-н амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно, ... зүйлчлэлийн хувьд тохирчээ” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүнийг алахыг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна.
Яллах үндэслэл болж байгаа Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн, ... хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр 39 см тоормосны мөр гарсан байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байсан байна” гэсэн дүгнэлтээс “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хохирол, хор уршиг учруулсан гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгч мэтгэлцсэн, шүүх хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан дүгнэсэн гэж үзэхээр байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд: Өмгөөлөгч би шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дараах 2 баримт болох а/ хх 53-54 хуудаст байгаа 2019.08.12-ны өдөр мөрдөгч Лхагвадоржийн гэрч Ц.Оюунцэцэгээс авсан мэдүүлэг нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1-2-т заасан шаардлага хангасан өрөөнд авна гэснийг зөрчсөн. Шаардлагатай бол байгаа газарт нь очиж авах зохицуулалттай боловч ямар шаардлага байгаа талаар баримт байхгүй, тэмдэглэлд тусгаагүй,
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1-4-т заасан мэдүүлэг авах хүмүүсийг тус тусад нь байлгаж мэдүүлэг авах ба мөрдөгч нэг хэрэгт мэдүүлэг авах хүмүүсийн өөр хоорондоо харилцахгүй байх арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. Тодруулбал, 2019.08.12-ны өдөр гэрчээс мэдүүлгийг Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннаран 18-65б тоот гэрт 14:00-14:21 цагт авчээ. Харин хохирогч Сийн яг энэ өдөр, энэ хаягт мэдүүлгийг 13:39-13:54 цагт авсан. Хохирогчийн дэргэд, тусгаарлахгүйгээр мэдүүлэг авсан байна.
3. Энэхүү мэдүүлгийн тэмдэглэлийг гэрчид уншуулж, эсхүл уншиж танилцуулаагүй нь тэмдэглэлээр нотлогдох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3-2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.
б/ хх 43-46 хуудаст байгаа 2019.06.22-ны өдөр мөрдөгч Ганбатын насанд хүрээгүй гэрч Г.Н-с авсан мэдүүлэг нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3-3-т заасан 18 насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Н-г төрсөн эцгийнх нь эсрэг, түүнийг гэм буруутайг нотлох мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6-5 дахь заалтыг тайлбарласан тэмдэглэл байх боловч 6 настай гэрч өгч байгаа мэдүүлгийнхээ үр дагаврыг бүрэн гүйцэт ойлгох ухамсар төлөвшөөгүй, өөрөө хохирогчоор тогтоогдож байгаа нь түүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэлтэй байна гэж үзнэ. Тиймээс энэ мэдүүлэг гэрч, хохирогчийн төрсөн эцгийг яллах нотлох баримт болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 53-54, 43-46 дугаар хуудсанд байгаа 2 гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлт гаргасан бөгөөд энэ хүсэлтийг шүүх хэлэлцэж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан гэдгийн хувьд өмгөөлөгч би хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй гэдэг саналаа дэмжинэ. Энэ баримтыг шүүх гэм буруутайд тооцох баримт болгож ашигласныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 1. ... анхан шатны шүүх Б.Г-д холбогдох хэргийг насанд хүрээгүй гэрч, хохирогч Г.Н-н “... би дайрлаа гэж бодоод машины замыг чөлөөлж хажуу тал руу зугтаасан. Тэгээд ээж дүү 2 дайруулсан”, хохирогч Л.С-н “... хоёр хүүхдээ аваад машинаас бууж гэр лүүгээ алхаж явтал гэнэт машин дуугарахаар нь эргээд хартал бид нарын хойноос хурдтай ирж байсан. Н хажуу тийшээ гүйсэн, би хүү Х-г авч байгаад мөргүүлсэн” гэсэн эхнэр, хүүхдийнх нь мэдүүлгийг илүү ач холбогдолтойд үзэж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй гэрч Г.Н-с мэдүүлэг авахдаа ашиг сонирхлын зөрчилтэй нагац ах Л.Сансар гэх хүнийг оролцуулж, мөрдөгч хэр хурдтай ирж дайрсан бэ? Г-г машинтай дайрах гэж ирж байхыг харсан уу? гэх зэргээр хөтөлж асуулт тавьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 3-т заасан “Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал өмгөөлөгчийг оролцуулна” гэсэн, 25.1 дүгээр зүйлийн 13-д “мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн. Иймд бага насны хүүхэд Г.Н-н мэдүүлгийн нотолгооны ач холбогдол, нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогдохоор байна. Б.Г-н үйлдлийг идэвхтэй, ухамсартай, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Гэтэл шүүх тогтоолдоо хор уршгийг хүсээгүй гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалттай зөрчилдсөн, ойлгомжгүй, эргэлзээтэй дүгнэлт хийсэн.
Шүүхийн шинжилгээний албаны 2019.06.04-ний өдрийн “Б.Г-н цусанд 2.6 хувь спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц гэм судлалын 2019.11.20-гы өдрийн “Б.Г нь хэрэг үйлдэх үедээ архи хэтрүүлэн хэрэглэсэн, архины гүн хордлоготой байсан” гэсэн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар Б.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ хүнд зэргийн согтолттой байсан, архины гүн хордлогонд орсон байсныг нотолж байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг ойлгоно” гэж заасан. Б.Г нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийн үйлдэл, үйл хөдөлгөөнөө хянах чадваргүй байсан болох нь нотлогдоод байхад түүнийг ухамсартай, санаатай үйлдэл хийсэн гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019.07.25-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 5-д Х.Портер маркийн 14-49 БУА улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй гэсэн байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-г гэртээ харих гээд явж байсан эхнэр, хүүхдийнхээ араас Портер машинаараа хурдтай ирж дайрах үйлдэл санаатай хийсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.
2. Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д зааснаар шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хүнийг санаатай алах, алахыг завдсан, санаатай хүнд гэмтэл учруулсан талаар хийсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Харин мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Г-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон гэж үзэж байна. Тухайлбал, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019.07.25-ны өдрийн Зам тээврийн ослын шалтгааныг тогтоохоор хийсэн “Х.Портер маркийн 14-49 БУА улсын дугаартай автомашины жолооч Б.Г-н цусанд 2.6 хувь спиртийн зүйл илэрсэн нь жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “Жолоочид дараах зүйлийг хориглоно: ... эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Г-н цусан дахь спиртийн зүйлийн хувь хэмжээ, согтолтын зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, ШША-ны Г.Х-д хийсэн шинжээчийн дүгнэлт, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хохирогч, шүүгдэгчийн эхнэр, хүүхдийн зүгээс биднийг алах ямар нэгэн санаа зорилго байхгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан зарчимд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч Б.Г нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “Жолоочид дараах зүйлийг хориглоно: ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Л.С гаргасан гомдолдоо “... 1. Шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Шүүх Б.Г-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, тээврийн хэрэгслээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С-н биед хүнд гэмтэл учруулж, Г.Х-н амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэсэн атлаа “ухамсартай, урьдчилан мэдсэн, зориуд хүргэсэн” гэж дүгнэсэн байгааг хүлээн звшөөрөхгүй, бидний хооронд гэр бүлийн таарамжгүй харилцаа огт байдаггүй, архи уусан хүмүүсийн хоорондын яриаг ашиглан нөхрийн маань эхнэр хүүхдээ алах санаа зорилготой байсан гэж үзэж хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж хүнд зүйл ангиар зүйлчилж байгаа нь хууль ёсны, энэрэнгүй ёсны зарчмыг алдагдуулж байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх яллах үндэслэл болгосон хохирогч миний болон 6 настай хүү Г.Н бидний мэдүүлгийг гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тодорхой ойлгомжтой тайлбарлаагүй, осол учралаас болж айж сандарсан, өвдөж шаналсан байхад мэдүүлэг авсан, мөн тухайн цаг хугацаанд өмгөөлөгчөөс зөвлөгөө авах боломжгүй нөхцөлд мөрдөгч өөрийн үгээр буулгасан мэдүүлгийг ашиглаж буруутгаж байгааг хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийг хянан хэлэлцэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн, ял шийтгэлийг багасгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогч Л.С-н өмгөөлөгч П.Цэрэн-Очир хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогчийн хувьд шүүгдэгчтэй нэг ижил байр суурьтай оролцож байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулж байгаагүй, өмнө нь ямар нэгэн байдлаар захиргааны зөрчил, хариуцлага хүлээж байгаагүй, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгууль хүлээж байгаагүй, гэр бүлдээ хайртай, халамжтай нөхөр байсан гэдгийг илэрхийлээд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын байр суурийг дэмжиж байгаа. Гэр бүлийн гишүүдийг санаатай алах гэмт хэрэг байгаагүй. Гагцхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүсээгүй үр дагаварт хүргэчихлээ. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, гэрч, хохирогч нарын өөрийгөө өмгөөлөх, төрөл, садан гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг бодитойгоор эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн зарчмыг зөрчсөн байдал харагдсан. Энэ байдал засагдахгүй явсаар байгаад хэрэг хяналтын шатны шүүхэд ирсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид “ашигтайгаар” шийдвэрлэх зарчмыг хэрэглээгүй. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний дүрэм ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгтэй нилээд төстэй байгаа. Шүүх “бусдыг санаатай алах” гэмт хэрэгт буруутгаж буй үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа. Тээврийн хэрэгсэл ашигласан, согтуугаар үйлдсэн хэрэг бүхнийг “бусдыг санаатай” алах гэмт хэргээр зүйлчилвэл бусад гэмт хэргүүд яагаад “болгоомжгүй” хэлбэрээр зүйлчлэгдэж байна вэ гэдэг эргэлзээтэй асуулт тавигдана. Энэ эргэлзээтэй байдлыг арилгахын тулд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах байсан. Хохирогчийн хувьд гэр бүлийн түшиг тулгуур, ноён нуруу болох нөхөр Б.Г нь урт хугацааны хорих ял шийтгэл эдлээд ард үлдсэн гэр бүл, үр хүүхэд нь бараг л амьдрах аргагүй болоод байгаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим зөрчигдсөн байна гэдэг дээр хохирогчийн байр суурийг дэмжиж хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Хохирогч нарт Б.Г-н эсрэг буюу гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг бодитойгоор хэрэглээгүйн улмаас анхан шатны шүүх шийтгэл ногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Прокурор мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулахад хохирогч Н, С нар нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд шүүгдэгч Б.Г-г “бусдыг санаатай алах” гэмт хэрэгт буруутгах нотлох баримт байхгүй байгаа юм гэж хэлэхээр байна” гэв.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г нь эхнэр Л.С, хүү Г.Н Г.Х нарын араас чиглэн тээврийн хэрэгслээр дайрах үйлдэл буюу хүнийг алах гэмт үйлдэл хийсний улмаас 3 настай хүү Г.Х-н амь нас хохирсон, эхнэр Л.С ийн биед хүнд гэмтэл учирсан, 6 настай хүү Г.Н, эхнэр Л.С нарыг дайрч алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр буюу түүнээс олон хүнийг алахыг” завдсан гэмт хэрэгт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа ялыг хүндрүүлэн зүйлчилсэн зүйлчлэл тус бүрд нь ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д заасан зүйлчлэлийг нэгтгэж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “хүний биед хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь мөн Эрүүгийн хуулийг тус тус буруу хэрэглэсэн байна. Хэргийн үйл баримтыг харахад шүүгдэгч Б.Г нь “хүнийг санаатай алсан”, “хоёр хүнийг санаатай алахыг завдсан” болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д зааснаар шүүгдэгчид ял оногдуулах нь зүйтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг залруулах нь зүйтэй байна. Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаарх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С, Д.Нарангэрэл болон хохирогч Л.С нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг бүрэн хянаж үзэв.
Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 14-49 БУА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон эхнэр Л.С , бага насны хүүхдүүд болох Г.Н, Г.Х нарын хамт явж байхдаа эхнэр Л.С-тэй архинаас үүдэлтэй маргаж, улмаар машинаас бууж гэр рүүгээ буцаж явсан эхнэр Л.С, хүү Г.Н, Г.Х нарын араас чиглэн тээврийн хэрэгслээр дайрах үйлдэл хийсний улмаас 3 настай хүү Г.Х-н амь хохирсон, эхнэр Л.С-н биед хүнд гэмтэл учирсан, 6 настай хүү Г.Н, эхнэр Л.С нарыг дайрч алахыг завдсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр харьцуулан үнэлэх замаар хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Гэвч анхан шүүхээс хохирогч Л.С-н биед хүнд гэмтэл учирсныг тусад нь зүйлчилж шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь, Б.Г нь тээврийн хэрэгслээ жолоодон Л.С, Г.Н, Г.Х нарыг дайрсан идэвхтэй үйлдэл нь шууд санаатай, ухамсарт үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй хэдий ч дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.С-д учирсан хүнд гэмтлийг тусад нь зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, Б.Г-н 2 ба түүнээс дээш хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаар тээврийн хэрэгсэл жолоодон хохирогч нар руу ноцтойгоор халдаж дайрсан нь анхнаасаа хүнийг алах сэдэлт, зорилготой гэмт үйлдэл болох ба тус үйлдлийн улмаас Г.Х-н амь нас хохирч, Л.С-н биед хүнд гэмтэл учирч, 6 настай хүү Г.Н зугтааснаар эрүүл мэнд, амь насаа аварсан үйл баримт тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинж буюу “нэг хүнийг алсан”, “хоёр хүнийг алахыг завдах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзэх учраас хохирогч Л.С-н биед хүнд гэмтэл учруулсан нь бие даасан гэмт хэргийн шинж болохгүй.
Хүн тус бүрийн амь нас, эрүүл мэнд тус бүртээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тул нэг хүний амь нас, эрүүл мэндийг бусад хүний амь нас, эрүүл мэндийн хүнд хор уршигт нь багтаан зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд 2 ба түүнээс дээш хүнийг алахад чиглэгдсэн нэг удаагийн үйлдэл нь тийнхүү нийлмэл гэмт хэргийн шинжийг хангаж байхад давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх алдааг зөвтгөж чадаагүйн зэрэгцээ шүүгдэгч Б.Г-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д заасныг нэгтгэн ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан “... насанд хүрээгүй хохирогч Г.Н-г өмгөөлөгчгүй байцаасан ...”, “... шаардлага хангаагүй өрөөнд, тусгаарлахгүйгээр мэдүүлэг авсан ...” зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх боловч эдгээр нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Иймд хяналтын шатны шүүхээс хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн болон ял нэгтгэсэн заалтыг хүчингүй болгож, түүнд Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан түүнд 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 14 жил хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл, Ш.С, хохирогч Л.С нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН