Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0364

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0013 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э-ийн давж заалдах гомдлоор, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0013 дугаар шийдвэрээр: “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХКомпанийн Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан тус Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/727 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас учирсан хохирол нийт 64397061 /жаран дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: “...Манай компани нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Төрийн албан хаагчийн 20 айлын орны зүүн талд Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар 19431972798314 тоот нэгж талбарын дугаартай, 880 м.кв талбайтай газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Тус газар дээр манай компани нь 72 айлын орон сууц барилга барих бэлтгэл ажлын хүрээнд иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, барилга баригдах үйл явцад саад учруулахгүй байх бүхий л арга хэмээг авч уг газрын хогийг цэвэрлэж, газрыг тэгшлэн хашаа барьж, орон сууцны барилгын зураг төслийг хийлгэж, барилгын ажлыг эхлэх техникийн нөхцөл зөвшөөрлүүдийг авч, өндөр хүчдэлийн цахилгаан шугамыг барилгын талбайгаас холдуулж, шинээр холболт хийлгэж уг талбайг харуул хамгаалалт, хяналттай байлгах зорилгоор сахиул ажиллуулж нийтдээ 64497061 төгрөгийн хөрөнгө зардал гаргаж ажил эхэлсэн байхад Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдөр А/612 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хийгдэж байсан ажлууд зогссон. Үүнээс шалтгаалан барилгын ажилд хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон компани гэрээ хийхээс татгалзаж манай компанид хохирол учирч эхэлсэн. Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 29-ний өдрийн А/236 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн. Өмнөх хөрөнгө оруулагч хамтран ажиллахаас татгалзсан учраас дахин хөрөнгө босгох, санхүүжилтийг шийдэхээс болж барилгын ажил зогсонги байдалд орж ажил хэвийн ажиллагаа алдагдсан. Дахин шинээр хөрөнгө босгож, 2019 оны хавар барилгын ажил эхлэхээр бэлтгэж байтал Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний А/727 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах боломжгүй болсон. Ийм байдлаар газар эзэмших эрхийг удаа дараа хүчингүй болгосон нь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүргэсэн. Энэ талаар холбогдох нотлох баримттайгаар тайлбарлахад анхан шатны шүүх нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн тайлбар, нотлох баримтыг үнэлж дүгнэж үзсэнгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Шүүх хурал дээр болон бичгээр гаргасан тайлбартаа хариуцагч талууд нотлох баримттайгаар хуулийн үндэслэлтэйгээр тайлбар хийж чадаагүй. Зөвхөн барилга барих, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах байсан талаар л ярьсан, харин манай компанийн зүгээс эзэмшил газартаа юу хийсэн, ямар хөрөнгө оруулалт татсан, ажиллах боломжийг олгож байсан уу гэдэг талаар ямар ч тайлбар гаргаагүй шүүгч энэ дээр ямар ч дүгнэлт хийсэнгүй.

Зохигчид: Захирамж олгосон, хүчингүй болгосон, газар ашиглах гэрээг яаж дүгнэсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргах, тайлагнах хугацаа болсон эсэх талаар маргаж байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар хүсэлт нотлох баримтыг шинжлэн судалж маргааныг эргэлзээгүй үнэн зөв талаас нь эцэслэн шийдвэрлэж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд манай компани хөрөнгө зардал чамгүй хэмжээгээр гаргаж ажилласан боловч төрийн байгууллага гаргасан шийдвэрээ удаа дараа хүчингүй болгож, үйл ажиллагаа явуулах, орон сууц барих боломж олгоогүй. Газрын зөвшөөрөл олгосон захирамжаа сэргээдэггүй юм гэхэд миний гаргасан 64497061 төгрөгийн зардлыг хэн хариуцаж, намайг хохиролгүй болгох юм бэ. Би зөвшөөрөлгүй газарт энэ их хөрөнгө оруулалтыг оруулаагүй. Энэ мөнгө миний хүч хөдөлмөр бүх зүйлээ зориулан өөрт байгаа эд хөрөнгөө барьцаалж, ах дүү нараасаа зээлж олсон мөнгө, би барьцаанд тавьсан эд хөрөнгөө яаж барьцаанаас чөлөөлөх вэ, ах дүү нараасаа авсан зээлээ яаж төлөх вэ гэдэгт шүүх огт дүгнэлт хийсэнгүй нотлох баримтыг үнэлж дүгнэсэнгүйд үнэхээр гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж үнэн зөв шударга шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/727 дугаар захирамжаар “...Газрын  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.2 дугаар заалтыг үндэслэн Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй “П” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож”, уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ “...захиргааны шийдвэр гаргах ажиллагаатай холбогдсон бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагааг 2018 оны 9 дүгээр сард хийж гүйцэтгэхэд “П” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 22-нд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг заасан хугацаанд арилгах арга хэмжээ аваагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” гэж тайлбарлажээ.

            Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс “...барилгын ажил эхлүүлэх гэж байтал газар эзэмших эрхийг дуусгавар болгосонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчаа алдсан, үүнээс болоод барилыг ажил эхлүүлэх боломжгүй болгосон, тухайн газар дээр барилгын суурь нүх ухах, манаач байрлуулах, цахилгааны утас татах гэх мэт хөрөнгө зарцуулсан ажил их хийсэн, иймээс гаргасан зардлуудаа хохирол гэж тооцон хариуцагчаас гаргуулах хүсэлтэй” гэж маргасан байна.

            Анхан шатны шүүхээс “..нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй, харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон...” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

            Дорноговь аймгийн Байгаль орчны газраас 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “П” ХХК-ийн хэрэгжүүлэх “Худалдаа үйлчилгээтэй орон сууц” барих төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, тухайн төслийг “нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой” гэж дүгнээд төсөл хэрэгжүүлэхэд мөрдөж ажиллах шаардлагатай 10 нөхцөл, болзлыг тогтоосон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “П” ХХК нь төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилгын ажил гүйцэтгэх талбайг бэлтгэж, барилгын суурийн нүхийг ухсанаас өөрөөр ямар нэг ажил хийгээгүй, ийнхүү байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж тогтоосон 10 нөхцөл, болзлын алийг нь ч хангаж ажиллаагүй, заавал хэрэгжүүлэх шаардлагатай дээрх арга хэмжээний тайланг Байгаль орчны газарт хүргүүлээгүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс үүнтэй маргаагүй, гагцхүү барилгын ажил эхлүүлэх боломжийг олгоогүй, үүний улмаас дээрх дүгнэлтээр тогтоосон нөхцөл, болзлыг биелүүлэх боломжгүй болгосон гэж хариуцагчийг буруутган маргажээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь газар эзэмшигч тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг авахыг төсөл хэрэгжүүлэгчид даалгах, төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллөөс байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготой юм.

Хэдийгээр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр тавигдсан шаардлагуудаас барилгын ажлыг үргэлжлүүлэх, дуусгах үе шатанд хамаарах хэд хэдэн арга хэмжээ байх боловч барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө гүйцэтгэх шаардлагатай “Үйл ажиллагаа эхлэхийн өмнө Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан аймгийн Байгаль орчны газраар батлуулж, тайланг жил бүр гарган 11-р сарын 1-ний өдрийн дотор ирүүлж байх”, “үйл ажиллагаа явуулахтай холбогдуулж, усны дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулан ажиллах” гэсэн арга хэмжээг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон нэг үндэслэлээ “...нэхэмжлэгч нь 2017 онд байгуулсан газар эзэмших гэрээний 4.8, 4.18, 4.19 дэх заалтыг зөрчсөн буюу барилгын ажил гүйцэтгэх графикийг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлээгүй, барилгын ажлыг 2018 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлээгүй, дулаан, цэвэр, бохир усаар хангах техникийн нөхцөлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаснаас өөр барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй, магадлалаар батлагдсан барилгын зураг төслийн эх болон хуулбар хувийг ирүүлээгүй” гэж тайлбарлан дээрх үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д хамааруулан нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заахдаа тухайн тохиолдол бүрээр, тус тусад нь зүйлчлэн хуульчилсан байгаа бөгөөд үүнээс үзвэл уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зүйлд заасан үндэслэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-40.1.6 дахь зүйлд зааснаас бусад хэлбэрээр буюу тухайлбал, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалахдаа уг асуудлуудыг зохицуулсан хуульд заасан журмыг зөрчсөн, мөн газрыг анх олгосон зориулалтаас өөр байдлаар ашигласан зэрэг байдлуудаар буюу дээрх зүйл, заалтад зааснаас өөр үндэслэлүүдээр гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж дүгнэсэн нь зөв байна.

Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “П” ХХК-ийг газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, газрыг зориулалтын бусаар эзэмшиж, ашиглаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх хэдий ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан “...миний гаргасан 64 497 061 төгрөгийн зардлыг хэн хариуцаж, намайг хохиролгүй болгох юм бэ. Би зөвшөөрөлгүй газарт энэ их хөрөнгө оруулалтыг оруулаагүй” гэх гомдлын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгчээс мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-ийн дагуу хохирлоо шаардах, уг шаардлагын дагуу захиргааны хэргийн шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтын дагуу шийдвэр гаргаж болохоор заасан байна. Гэхдээ эдгээр зохицуулалтууд нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан шууд хохиролд хамааралтай гэж үзнэ.

Гэтэл маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн энэ тохиолдолд захиргааны албан тушаалтны үйл ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн хохирол гаргуулах талаарх шаардлагыг хангах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч маргаан бүхий актад заагаагүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудалд дүгнэлт хийж, үүнтэй холбогдуулан шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй байх тул уг хуулийн заалтыг хассан өөрчлөлтийг оруулах мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн нэрийг бичихдээ “орчныг” гэхийг “орчны” гэж үсгийн алдаа гаргасныг зөвтгөж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН