Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 020/2013/0264/з |
Дугаар | 001/ХТ2016/0140 |
Огноо | 2016-04-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2016/0140
2016 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 001/ХТ2016/0140 | Улаанбаатар хот |
Ц.Оюунчимэг, В.Зоригт нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Өлзий, нэхэмжлэгч В.Зоригтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц, өмгөөлөгч Б.Цэнгүүн, гуравдагч этгээд Я.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 737 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 132 дугаар магадлалтай, Ц.Оюунчимэг, В.Зоригт нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Я.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Оюунчимэг би Улаанбаатар хотын Тээврийн үйлчилгээний “Автобус-3” компанийн захирлын 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 129 тоот “Ажилчдын орон сууц, хашаа худалдах тухай” тушаалаар хувь хүмүүст худалдагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 37 дугаар гудамжны 140 тоотод байрлах амины хашаа, 2 айлын орон сууцыг 1997 оны 4 дүгээр сараас хойш өөрийн эзэмшилд байлгаж байна. Үүнээс хойш Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандан өөрийн эзэмшлийн хашааны газрыг баталгаажуулан авахаар олон удаа хүсэлт гаргаж байсан ч шийдвэрлэж өгөхгүй явсаар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/151 тоот захирамжаар 642 м.кв газарт эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмших гэрчилгээ авсан ч баруун талын айл болох Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 37 дугаар гудамж 141 тоот Я.Пүрэвсүрэнгийн эзэмшил хашааны 433 м.кв газрын кадастрын зураглалтай 31 м.кв газар давхацсаныг мэдсэн.
Энэ давхцалыг арилгуулахаар Чингэлтэй дүүргийн Газрын алба, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газруудад хандахад нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/186 тоот захирамжаар Я.Пүрэвсүрэн, Т.Номундарь нар 432,82 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар нэг удаа үнэгүйгээр хамтран өмчлөх эрхтэй болсон тул нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх эрх мэдлийн асуудал болсон нь тогтоогдсон.
Мөн иргэн Я.Пүрэвсүрэн нь 2003-2004 онуудад тендерээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн газрын кадастрын зураглалыг хийсэн хувийн компани болон тухайн үед Чингэлтэй дүүргийн газрын албанд ажиллаж байсан хүмүүстэй үгсэн хуйвалдах замаар өөрийн эзэмшлийн 433 м.кв хашааны газрын кадастрын зураглалаас 7,45х11,41м≈85 м.кв талбай бүхий газрын зургийг хасч санаатайгаар 85 м.кв хоосон орон зай үүсгэж, үүнийгээ бусдын эзэмшил газраар дүүргэлт хийсэн хууль бус үйлдэл гаргасан, үүнд нь миний эзэмшил хашааны газрын жорлон, бохир усны цооног байрлах хэсгийн 31 м.кв газар, арын айлын 54 м.кв /58 м.кв/ газар өртсөн байх магадлал өндөр байгаа.
Ингээд дээрх захирамжийн иргэн Я.Пүрэвсүрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргад хандан 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2005 оны А/186 тоот захирамжийн өмчлөгч иргэн Я.Пүрэвсүрэн /ЦЗ70041601/, хамтран өмчлөгч иргэн Тогоогийн Номундарь /УП95041749/ нарт 432,82 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилсөн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Өлзий 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Чингэлтэй дүүргийн Засаг даргын иргэн Я.Пүрэвсүрэнд газар өмчлөх эрх олгосон 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 275 тоот захирамжийн түүнд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүйд тооцуулах, Нийслэлийн Засаг даргын иргэн Я.Пүрэвсүрэн, П.Номундарь нарт газар өмчлөх эрх олгосон 2005 оны 186 дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүйд тооцуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч В.Зоригт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Улаанбаатар хотын Тээврийн үйлчилгээний “Автобус-3” компанийн захирлын 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 129 тоот тушаалаар ажилчдын орон сууц, хашаа худалдах тухай... хувь хүмүүст худалдагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 37-7 тоотод байрлах амины хашаа, орон сууцыг 1991 оноос хойш өөрийн эзэмшилд 20-иод жил байлгаж байна. Миний бие 2000 оноос Чингэлтэй дүүргийн Газрын албанд олон удаа хандаж өөрийн эзэмшлийн 200 м.кв хашааны газраа баталгаажуулан авахаар өргөдөл өгч, хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй өдийг хүргэж байна.
Гэтэл миний хашааны баруун талын айл жижигхэн хашаагаа зараад нүүсний дараа нь харахад Яргайтын 37 дугаар гудамж 141 тоот хашааны айл Я.Пүрэвсүрэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 275 тоот захирамжаар 300 м.кв газар эзэмшдэг хэрнээ нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн дарга Б.Чулуунцэцэг, мэргэжилтэн Н.Мөнхтуяа нартай үгсэн хуйвалдаж, 2005 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн 700 м.кв газартаа миний эзэмшил газраас 140 м.кв газар, мөн урдах айл Ц.Оюунчимэгийн 30 гаруй м.кв газар, өөр дэл сул газруудыг багтаан оруулж нэгж талбарын 18643316105805 дугаарт 432,82 м.кв , нэгж талбарын 18643316107795 дугаарт 86 м.кв газар зуруулан нийт 518,82 м.кв газар болгон нэмэгдүүлж хууль бусаар нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар 432,82 м.кв 5,713224 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчилж авсан байна.
Ийнхүү иргэн Я.Пүрэвсүрэн, охин Т.Номундарьтайгаа миний эзэмшлийн хашааны 146 м.кв газрыг бусармаг аргаар хуйвалдан нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж авсан нь тогтоогдож байгаа тул нийслэлийн Засаг даргын 2005 оны А/186 тоот захирамжийн Я.Пүрэвсүрэн, Т.Номундарь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.Зоригтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Чингэлтэй дүүргийн Засаг даргын иргэн Я.Пүрэвсүрэнд газар ашиглах эрх олгосон 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 275 тоот захирамжийн түүнд холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын иргэн Я.Пүрэвсүрэн, П.Номундарь нарт өмчлөх эрх олгосон 2005 оны 186 дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2005 оны А/186 дугаар захирамжаар иргэн Я.Пүрэвсүрэнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 37-141 тоот хашааны газрыг өмчлүүлсэн. Иргэн Ц.Оюунчимэгийн нэхэмжлэлд дурдагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 37 дугаар гудамжны 140 тоот болон 37 дугаар гудамжны 141 тоот хаягтай маргаан бүхий хашаанууд нь манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт давхцаагүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2005 оны А/186 дугаар захирамж нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн дээр үндэслэж хууль ёсны дагуу гарсан. Иймд иргэн Ц.Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Я.Пүрэвсүрэн нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 275 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 37 дугаар гудамжны 141 тоот хашааны 300 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Тухайн үед кадастрын зургийн бүртгэл хийгдэж эхлээгүй байсан учир газрын хэмжээг дунджаар 300 м.кв гэж гэрчилгээн дээр бичигддэг байсан. Я.Пүрэвсүрэн нь “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан холбогдох материалын бүрдэл хангаж тус албанд хандсанаар нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/186 дугаар захирамжаар 433 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авах шийдвэр гарсан байна.
Тухайн үед кадастрын зургийн бүртгэлд орсон бодит хэмжээ болох 433 м.кв газар нь өмчлөгдөхдөө Ц.Оюунчимэг, В.Зоригт нарын газартай ямар нэгэн давхцалгүй байсан байна. Иргэн В.Зоригтын нэхэмжлэлд дурдсан газраа эзэмших тухай хүсэлт гаргаад шийдвэрлүүлж чадахгүй байгаа тухай гомдол нь “нийтийн зориулалттай орон сууц”-ны газар тул хүсэлтийг хангах боломжгүй байсан. Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын дээрх шийдвэрүүд нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцэж гарсан тул иргэн Ц.Оюунчимэг, В.Зоригт нараас гаргаж буй “нийслэлийн Засаг даргын 2005 оны А/186 дугаар захирамжаар газар өмчлөгч Я.Пүрэвсүрэн, хамтран өмчлөгч Т.Номундарь нарын газар өмчлөлийн шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээд Я.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо Яргайтын 37-141 тоотод хаягтай 96 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 433 м.кв газрын хамт Улсын Их Хурлаас 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн үе буюу 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн н.Ноовоос 4,700.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу авч өнөөг хүртэл үйлчилгээний зориулалтаар ашиглаж байна.
2005 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авах миний хүсэлтээр мөн оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/186 тоот захирамж гарч Я.Пүрэвсүрэн надад 433 м.кв газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэснээр уг газраа хуулиар өмчилсөн байтал Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо Яргайтын 37-140 тоот зүүн хашааны Ц.Оюунчимэг гэгч эмэгтэй миний хашааны зүүн урд хэсгээс 31 м.кв газрыг “кадастрын зурагт давхацсан, тухайн зураг үйлдсэн компанийн ажилтан, төрийн захиргааны ажилтнуудтай үгсэн хуйвалдаж, 96 м.кв барилгынхаа доорх газрыг зориуд хасч, хашааныхаа газрын хэмжээг нэмсэн” хэмээн намайг гүтгэн доромжилж улмаар надад өмчлүүлсэн газраас 31 м.кв газрыг булаан авч догол хэсэгтээ дүүргэлт хийж, тэгш өнцөгт 641,6 м.кв хэмжээтэй газар болгон эзэмших эрх үүсгэх гэсэн олон жилийн туршид төлөвлөн бэлтгэсэн санаагаа хэрэгжүүлэхээр шүүхэд хандан төвөг удаж байгааг би эсэргүүцэж байна.
2002 онд газрыг худалдан авахад манай хашааны зүүн урд буланд өмнө нь барьж ашиглаж байсан жорлон, бохирын цооногийг манайх ашиглахаа больж 2003 оны хавар өөрсдийн ажилчид болон амьдарч манаа хийж буй айлд зориулан өөрийн хашааны зүүн хойд хэсэгт шинээр жорлон, бохирын цооног гаргаж ахуйн зориулалтаар ашиглаж эхлэхэд “хуучин нүхийг дүүртэл ашиглая” гэж зүүн талын хашааны хүмүүс /тухайн үед танигдаагүй байсан/ манай манаачаас гуйж үргэлжлүүлэн ашиглаж байгаад газар өмчлөгч миний бие хашаандаа байнга очдоггүй, ажилчиддаа итгэн бүгдийг хариуцуулдгийг Ц.Оюунчимэг нөхрийн хамт 2004-2005 оны үед овжноор ашиглаж миний хууль ёсны өмчлөлийн газар дээрх хуучин нүхийг дарж шинээр муу усны цооног, жорлонг манай агуулах байсан 20 тн-ийн төмөр контейнер, тоосгон барилгын баруун талд барьсан.
Өмчийн харилцааны газраас манай газрын кадастрын зураг огт давхцаагүйг 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тогтоосон ба мэдээллийн сан дахь миний өмчлөлийн газрын байршлын кадастрын зураг анх 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр босоо хэлбэрээр, 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хэвтээ хэлбэрээр, 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тус тус гарахад бүгд нэгэн адил зураглалтай, 433 м.кв хэмжээтэй, ямар ч өөрчлөлтгүй, маргаангүй байгаа нь батлагддаг.
Ц.Оюунчимэг нь үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй манай тоосгон барилгатай тулган миний өмчлөлийн 31 м.кв газар дээр дур мэдэн жорлон, бохирын цооног гаргаж олон жил 15-20 орчим тооны түрээслэгчдэд тогтмол ашиглуулсны уршгаар барилгын доорх газрын хөрс бохир, усанд нэвчин сийрэгжиснээс барилгын хойд болон зүүн хананд 10-15 см-ийн өргөнтэй босоо цууралт үүсч барилга хагарч, нурах аюултай болсон. Иймд бидний хоорондын маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Я.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:
Ц.Оюунчимэгийн тухайд 500 м.кв газар эзэмшиж байгаад 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/151 захирамжаар 642 м.кв газар болгож, тодруулбал маргаан бүхий 31 м.кв газрыг нэмж зуруулан захирамж гаргуулсан явдал нь эсрэгээрээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч В.Зоригтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаярын 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 737 дугаар шийдвэрээр 1. Газрын тухай хуулийн /1994 оны/ 25 дугаар зүйлийн 25.5.3, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2.2, 30.2.3-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны А-275 дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, 2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн иргэн Я.Пүрэвсүрэн, Т.Номундарь нарт холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 132 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Газрын тухай хуулийн /1994 оны/ 25 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 3, 27 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2, 3, Газрын тухай /2002 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны А-275 дугаар захирамжийн Я.Пүрэвсүрэнд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн Я.Пүрэвсүрэн, Т.Номуундарь нарт холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд Я.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Магадлалын хянавал хэсэгт “Лха түшиг” ЗБН-ийн эзэмшил газрын 1997 оны нийслэлийн Газрын албанд хийгдсэн кадастрын зургаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Оюунчимэг, гуравдагч этгээд Я.Пүрэвсүрэн нарын давхацсан гэж маргаж буй 31 м.кв бохир усны цооног байрлаж буй газар “Лха түшиг” ЗБН-ийн эзэмшиж байсан 300 м.кв газарт багтаж байжээ гэж дүгнэсэн нь бодитой, үнэн зөв дүгнэлт болж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал 1997 оноос хойш шүүхэд маргаан үүсэх хүртэл 17 жилийн хугацаанд тухайн маргаан бүхий 31 м.кв газрын хууль ёсны өмчлөгч хэн бэ, шүүх хэрэгт цугларсан баримтуудыг бүхэлд нь хянах шаардлагатай байсан.
Өөрөөр хэлбэл 1997 онд маргаан бүхий 31 м.кв газрыг 1997 онд “Лха түшиг” ЗБН нэг жилийн хугацаатай ашиглаж байсан байх ба энэхүү ашиглах эрхийг сунгасан тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ нь тухайн газрыг ашиглах эрх 1998 онд дуусгавар болсныг харж болно. Үүнээс хойш тухайн газрыг хэн ч хуулийн дагуу эзэмших, өмчлөх өргөдөл хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд гагцхүү тухайн газар дээр “Лха түшиг” ЗБН болон өөр хүмүүс нэгэн зэрэг гаргасан тохиолдолд өмнө ашиглаж байсан гэдгээр давуу эрхтэй шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэвч “Лха түшиг” ЗБН нэг жилийн хугацаатай газар ашиглах эрх дууссанаас хойш 4 жилийн дараа Я.Пүрэвсүрэн хуулийн дагуу ашиглах эрх авч улмаар өмчлөх эрхтэй болсон.
2. Ц.Оюунчимэг нь өөрийн компани болох “Лха түшиг” ХХК-ийн нэр дээр 2005 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 152 тоот шийдвэрээр 500 м.кв газрыг эзэмшдэг болсон бөгөөд 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн “Лха түшиг” ХХК-ийн нэрээр эзэмшиж байсан 500 м.кв газраа өөрийн нэр дээр шилжүүлэх нэрээр төрийн захиргааны байгууллагыг хууран мэхэлж 641.6 м.кв газар болгон нэмэгдүүлэн авсан.
Энэ шийдвэрийн улмаас Я.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн 31 м.кв газартай давхцал үүсч маргаан эхэлсэн. Энэ нь илт хууль бус үйлдэл төдийгүй Ц.Оюунчимэгийн газар эзэмших эрх нь хууль зөрчиж олгогдсон ба эрхийн зөрчилтэй гэдгийг нотлон харуулдаг. Тодруулбал “Лха түшиг” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэй 500 м.кв газрыг эзэмшигчийн нэр шилжүүлэх нэрээр хууль бусаар 642 м.кв болгож гэрчилгээ гаргуулсан явдал нь илтэд хууль бус байгааг 2 шатны шүүх анхаарч дүгнэлт хийхгүй байгаа нь хэргийн нэг талд үйлчилж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгч В.Зоригт өөрийн эзэмшдэг байрны цонхны харалдаа газрыг эзэмших хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргахад нийтийн эзэмшлийн газар гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэж байгаагүй атлаа..., шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч В.Зоригт нь Чингэлтэй дүүргийн Газрын албанд өөрийн эзэмшлийн 200 м.кв хашааны газраа баталгаажуулж авахаар хүсэлт гаргаж байсан боловч тухайн үед нийтийн эзэмшлийн орон сууцны газар гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй байна” гэсэн 2 шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэж заасныг ноцтой зөрчиж байна.
Нэхэмжлэгч В.Зоригт нь өөрийн эзэмшдэг байрны цонхны харалдаа газрыг эзэмших хүсэлтээ Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад огт гаргаж байгаагүй, түүнийгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд огт нотлоогүй, тийм үйл баримт тогтоогдоогүй байхад 2 шатны шүүх “В.Зоригт хүсэлтээ гаргасан байхад шийдвэрлэж байгаагүй атлаа” гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна. В.Зоригт хэзээ, хэнд, хэдэн удаа, ямар утгатай хүсэлт гаргасныг хэн гэдэг албан тушаалтан шийдвэрлээгүй болохыг шүүх бодитой, үйл баримтад тулгуурлаж дүгнэлт гаргах үүргээ зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Оюунчимэг, В.Зоригт нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь “...миний эзэмшлийн газраас 31 м.кв хэсэг газар нь Я.Пүрэвсүрэнгийн өмчилж байгаа 433 м.кв газрын кадастрын зураглалтай давхацсан” гэж, нэхэмжлэгч В.Зоригт нь “...миний эзэмшлийн 140 м.кв газрыг өөрийн газар дээр нэмэгдүүлэн өмчилсөн байна” гэж тус тус маргаж, нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн Я.Пүрэвсүрэн, Т.Номуундарь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 275 дугаар захирамжийн Я.Пүрэвсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн, эдгээр захирамжуудыг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар шаардлагаа өөрчилжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 275 дугаар захирамжаар Я.Пүрэвсүрэнд тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Яргайтын 37-141 тоот хаягт 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар ашиглуулсан, газар ашиглах эрхийн 010610858 дугаар гэрчилгээгээр баталгаажсан уг газраа “21х13 хэмжээтэй 260 м.кв” гэж тодорхойлж өмчилж авах хүсэлт гаргасныг нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ 432.82 м.кв хэмжээтэй газрыг өмчлүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Яргайтын 37-140 тоот хаягт 642 м.кв газар эзэмшиж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0228585 дугаар гэрчилгээгээр нэгж талбарын 18643316128797 дугаартай 642 м.кв газар эзэмших эрх нь баталгаажсан, нэхэмжлэгч В.Зоригт нь Яргайтын 37 дугаар гудамж дахь нийтийн эзэмшлийн 10 айлын байрны 7 тоот сууцны эзэмшигч байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд Ц.Оюунчимэгийн нэр дээр нэгж талбарын 18643316128797 дугаар бүхий 565 м.кв, гуравдагч этгээд Я.Пүрэвсүрэнд нэгж талбарын 18643316105810 дугаартай 433 м.кв газар тус тус бүртгэгдсэн ба нэхэмжлэгчийн маргаж буй 31 м.кв хэсэг газар нь Я.Пүрэвсүрэнд өмчлүүлсэн нэгж талбарт хамаарсан, кадастрын зургаар 140, 141 тоот хашааны газрууд давхцалгүй, бодит байдлаар Ц.Оюунчимэг нь жорлон, муу усны нүх барьж ашиглаж байгаа 31 м.кв газрыг оролцуулан 596 м.кв, Я.Пүрэвсүрэн нь 546 м.кв газар тус тус эзэмшиж байгаа зэрэг нь тогтоогджээ.
Хэдийгээр Ц.Оюунчимэг, өмнө нь “Лха түшиг” ХХК-ийн нэр дээр эзэмшиж байсан газраа 2012 онд нэмэгдүүлэн авч өөрийн нэр дээр эзэмшсэн нь тухайн орчинд гуравдагч этгээд Я.Пүрэвсүрэнд газар өмчлүүлсэн шийдвэрээс хойно боловч анх нийслэлийн Засаг даргын 1997 оны А/211 дүгээр захирамжаар “Лха түшиг” нөхөрлөлд эзэмшүүлсэн 300 м.кв газарт маргаантай 31 м.кв хэсэг газар нь орж байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, мөн “Лха түшиг” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 152 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 500 м.кв газрыг өөрийн нэр шилжүүлэн эзэмших хүсэлт гаргахдаа “...хэмжилтийн зөрүүг арилгаж шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу 641.6 м.кв газар” гэснийг үндэслэн мөн Засаг даргын 2012 оны А/151 дүгээр захирамжаар түүнд 642 м.кв газар эзэмшүүлсэн, энэ газарт “маргаж буй 31 м.кв газар” багтаж байгааг Геомастер” ХХК-ийн 2010 онд хийсэн кадастрын зурагт тодорхой тусгажээ.
Үүнээс үзвэл, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд Ц.Оюунчимэгийн эзэмшлийн газрын хэмжээг багасгаж, уг маргаж буй хэсэг газар ороогүй байдлаар тухайн газрын нэгж талбар бүртгэгдсэнийг үндэслэж Я.Пүрэвсүрэнд маргаантай 31 м.кв газрыг оролцуулан 300 м.кв газар эзэмшүүлсэн гэж үзэх нь эргэлзээтэй, хашааны зориулалттай уг газрын хил, хязгаарыг яаж заагласан нь тодорхой бус, юуг үндэслэж өмчлөх хүсэлт гаргасан хэмжээнээс илүү газрыг өмчлүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.
Давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 275 дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, уг захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасантай нийцсэн байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 132 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ