Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 56

 

“Монтрак групп” ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нарт хариуцагдах

“47.620.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Түвшинзаяа

            Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

     Нэхэмжлэгч Монтрак групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Хятад улсын Дегун компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж 2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уул уурхайн машин тоног төхөөрөмжийн худалдаа, засвар, сэлбэг, авто тосны үйлчилгээний нэгдсэн төв нээж ажиллуулахаар төлөвлөгөөтэй байсан. Дээрх автомашин, тоног төхөөрөмжийн нэгдсэн төв барьж, байгуулах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 2500 м.кв газрыг 2014.07.04-ны өдөр иргэн Д.Энхтуяагаас 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, №08 дугаартай газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр урьдчилгаа 47,000,000 төгрөгийг автомашин оролцуулан газрын нэг эзэмшигч Э.Мөнх-Одод шилжүүлэн өгсөн. Гэрээний зүйл болох 2500 м.кв газар нь угтаа бүхэлдээ Д.Энхтуяагийн эзэмшлийн газар байгаагүй. Ш.Баттогтох, Э.Болор-Од, Э.Мөнх-Од, Д.Байгалмаа, С.Анужин нарын эзэмшлийн газар байсан. Уг Газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8 дах заалтад хуульд заасан тохиолдолд зохих этгээдийнт зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Д.Энхтуяа нь бусад газар эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй, итгэмжлэлгүй хийгдсэн гэрээ байна. Мөн уг гэрээний зорилго хэрэгжээгүй. Гэрээ ёсоор газрын эрхийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлэхээр тохиролцсон байсан боловч Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нар нь манай компанид уг газрыг шилжүүлэн өгөөгүй. Газар худалдах, худалдан авах гэрээний 1.3, 2.2 дахь хэсгүүдийг зөрчсөн. Уг гэрээний үүргээ зөрчсөний улмаас хөрөнгө оруулагч Дегун компани манай компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх гэрээгээ цуцалсан. Үүний улмаас манай компанид багагүй хэмжээний хохирол учирсан. Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нар нь Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр гэрээний төлбөр 47,000,000 төгрөгөөр хөрөнгөжсөн байна. Хөрөнгө оруулагч компанийн шаардлагаар компанийн ажилтан Б.Болдбаатар, У.Оюунболд нарт итгэмжлэл өгч газраа шилжүүлэн авахаар уг газрын байршил дахь нотариатаар нэр шилжүүлэх үйлдэх хийлгэх хуулийн шаардлагын дагуу 3 удаа, мөн захирал Н.Уранчимэг 2 удаа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиход Э.Мөнх-Од нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр утсаа аваагүй, ирээгүй, газрыг шилжүүлэн өгөөгүй болно. Ингэж очиход нийт 620,000 төгрөгийн зардал гарсныг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Энхтуяа миний бие Монтрак групп ХХК-тай газар худалдахаар гэрээ хийсэн нь үнэн бөгөөд өөрийн хүү болох Э.Мөнх-Одоор тус 6 айлын газрын гэрчилгээнд итгэмжлэл хийлгүүлж гэрээ байгуулуулсан. Тус газар нь Монгол улсаас иргэн бүрт өгч буй гэр бүлийн хэрэгцээний 2500 м.кв газар бөгөөд эрх зүй, хуулийн хүрээнд авсан нь үнэн болно. Монтрак групп ХХК-ийн захирал болох Н.Уранчимэг нь одоогоос 3 жилийн өмнө газар худалдан авах санал тавьж тухайн үеийн ханшаар 60 сая төгрөгт худалдан авахаар тохиролцсон боловч мөнгийг маш их удаасан. Бидний зүгээс газраа өөр хүнд заръя мөнгө нь яаралтай хэрэгтэй байна гэж хэлэхэд зөвшөөрөөгүй бөгөөд 2 жилийн хугацаанд 32 сая төгрөг цувуулан өгч, 15 сая төгрөгөөр тоёото аксио маркийн машин ав гэж шаардан гарцаагүй байдалд оруулсан. Тус машин нь тухайн үеийн ханшаар 10 сая төгрөгтэй тэнцэж байсныг бид мэдэж байсан ч авсан ба 1 жилийн дараа зах зээлийн ханшаар 7 сая төгрөгөөр зарагдсан. Тухайн үед газрын үнэ 60 сая төгрөгөөр хангалттай зарагдах байсан ба 2-3 жил өнгөрсний дараа уул уурхай зогсонги байдалд орсноор газрын үнэ даган буурсан. Иймээс тус компани нь анх тохиролцсоноосоо татгалзаж одоогийн ханшаар үнээ бодъё, үнийн дүнд машин оролцуулъя гэх мэтээр булзайруулж байсан. Иймд манай гэр бүлийн хувьд санасан үнэндээ зарж чадаагүй маш хямдаар өгч ийм их явдал чирэгдэл учруулсанд гомдолтой байна. Бидний зүгээс энэ оршин суугаа орон нутагтаа тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлж, гэртээ тогтвортой байдаг ба утас байнга нээлттэй байсан. 2014 оны 07-р сарын 31-ээс өмнө газрыг шилжүүлж өгөхийг мэдэж байсан ба тус компанийн зүгээс төлөөлөгчөө нэг удаа ирүүлэхдээ итгэмжлэлгүй ирүүлсэн. Дараа нь олон дахин ирсэн, олон удаа утсаар залгасан гэж худал мэдүүлж байна. Н.Уранчимэг рүү утсаар залгахад утас нь холбогддоггүй, утсаа авдаггүй байсан. Миний зүгээс газрыг Н.Уранчимэгийн нэр дээр шилжүүлэхэд эрх зүйн доголдолгүй байсан ба шилжүүлэхийг хичээсэн ч утсаа аваагүй, өөрөө ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлээгүй. Иймд нэмж нэхэмжилж буй зардлын үнэ болох 620 мянган төгрөгийг ямар ч үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа мэдүүлэгтээ газраа шилжүүлээгүйгээс болж хөрөнгө оруулалт зогссон гэж мэдүүлж байгааг эсэргүүцэж байна. Бидний зүгээс Н.Уранчимэгээс мөнгөө нэхэхэд хятадаас хөрөнгө оруулалт орж ирэхээр удахгүй өгнө гэж байсан ба уул уурхайн үйл явц доголдсонтой холбоотойгоор хөрөнгө оруулалт нь зогссонд бидэнтэй холбоотой мэтээр мэдүүлж байгааг дэмжихгүй байна. Иймд газраа хурдан хугацаанд шилжүүлэн авч, үлдэгдэл төлбөр 3 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Хоролцэцэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хүнд машин мехнизмын сэлбэг борлуулдаг. 2014 онд ашиг олох зорилгоор Хятад улсын компанитай гэрээ байгуулсан. Уг гэрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2500 км2 бүхий хүнд машины сэлбэг зардаг, засварын төвтэй болгох зорилгоор гэрээ байгуулсан. Гэрээгээ хэрэгжүүлэхийн тулд Мөнх-Од, Энхтуяа нараас 2500 км2 газрыг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 47.000.000. төгрөг өгсөн. 3.000.000 төгрөгийг газрыг нэр дээрээ шилжүүлсэн тохиолдолд өгөхөөр болсон. 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор газрыг шилжүүлж өгөх байсан боловч шилжүүлж өгөөгүй. Газраа шилжүүлж авахыг тулд удаа дараа Цогтцэцийд очсон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шилжүүлж өгөөгүй. Иймээс 47.620.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс газраа цаг тухайд нь шилжүүлэх бодолтой байсан. Монтрак ХХК-с итгэмжлэл хийлгээгүй хүн явуулсан. Тэр үед манай нотариат амарсан байсан. Утсаар ярихад заавал нотариатаар батлуулсан байх шаардлагатай гэсэн. Бидэнтэй нэг удаа ирж уулзсан. Газар өгөхөөс татгалзах зүйл байгаагүй. Одоо ч өгөхөд бэлэн байна. Газар бэлэн байгаа гэжээ.

     Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Монтрак групп ХХК, Э.Мөнх-Одод холбогдуулан гаргасан 47,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монтрак групп ХХК-наас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хоролцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Монтрак групп” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 2500 м.кв газрыг худалдан авахаар 2014.07.04-ний өдөр иргэн Д.Энхтуяатай №08 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Гэтэл гэрээ байгуулах тухайн өдрийн байдлаар Д.Энхтуяа болоод мөн оролцогч болох Э.Мөнх-Од нар нь тухайн газрыг худалдах, гэрээ байгуулах эрхгүй этгээдүүд байсан. Мөн тэдгээр нь гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд байгаад гэрээ хуулийн зохих шаардлага ханган хийгдсэн тохиолдолд тухайн газрын эзэмших эрхийг “Монтрак групп” ХХК-нд шилжүүлэн өгөхөд ямар нэгэн саад үүсэхгүй юм. Гэтэл саад үүссээр өнөөдрийг хүрсэн. Тодруулбал: Монгол улсын Иргэний хуулийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” талаар, мөн хуулийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт оичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэсэн зохицуулалтуудыг хуульчилсан байна. Мөн Иргэний хуулийн 110.1-д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” зохицуулалттай тул Монтрак групп ХХК болон иргэн Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нарын хоорондын харилцаа хуулийн дагуу явагдаагүй байна. Нэгэнт тухайн харилцаа хуулийн дагуу явагдаагүй нөхцөлд бусдаас авсан мөнгө, эд хөрөнгө нь хууль бус, үндэслэлгүйгээр олсон хөрөнгө тул түүнийг буцаан шаардах эрх хэрэгжих, шүүхийн зүгээс ч буцаан гаргуулах хуулийн үндэслэлтэй юм. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын шүүхийн 2016.05.17-ны өдрийн №68 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ба цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ий Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нарыг хариуцагч гэж нэрлэн заасан  нэхэмжлэлийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 102/ШЗ2015/35221 дугаар захирамжаар  иргэний хэрэг үүсгэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нарыг хариуцагчаар оролцуулсан ба тэдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцагч болжээ.

Хэрэгт хариуцагчаар Д.Энхтуяаг оролцуулахаас татгалзсан тухай нэхэмжлэгчээс гарсан тайлбар, хүсэлт шинээр ирээгүй байна. Харин Э.Мөнх-Од нь өөрийгөө төлөөлөн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Д.Энхтуяад итгэмжлэлээр өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан хамтран хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзвэл хэн нэгнээ харилцан төлөөлж оролцуулж болно гэснийг зөрчөөгүй байна. /хэргийн 54 дүгээр тал/ Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Д.Энхтуяа ганцаар оролцох боловч Э.Мөнх-Од, Д.Энхтуяа нар нь хариуцагч хэвээр байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ тэдний хүлээх хариуцлагыг тус тусад шийдвэрлэх болно.

Гэтэл хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байдал тусгагдсан боловч шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт хамтран хариуцагч Д.Энхтуяагийн хариуцлага хүлээх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан хэргийг шийдвэрлэх журамтай нийцээгүй төдийгүй  нэхэмжлэгчийн хариуцагчаа сонгох эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн 47.000.000 төгрөг, хохирол 620000 төгрөг гаргуулах тухай хоёр төрлийн шаардлага гаргасан байхад шүүх шаардлага тус бүрийн талаар дүгнэлт өгөөгүй, маргаантай харилцааны эрх зүйн төрөл, маргааны зүйлийг тодорхойлоогүй байна.

 Иймээс шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заах, мөн зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан баримталсан хуулийн нэр, зүй, хэсэг заалтыг тодорхой заах, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгах шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүйгээс гадна хэргийг нэхэмжлэгчийн хариуцагчаа сонгох эрхийг зөрчсөн, маргааны зүйлийг бүрэн шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах үндэслэл болж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Монтрак групп” ХХК-ий давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                              Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                                    Н.НАСАНЖАРГАЛ