Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 201/МА2024/00013

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 138/ШШ2024/00228 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт  холбогдох

Цалингийн зөрүү 3 709 052 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан цалингийн зөрүү 3 709 052 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Миний бие Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар албан тушаал буурч, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаар тогтоолоор уг тушаалыг хүчингүй болгосон. Ингээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар тус газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эргэн томилогдсон. Ийнхүү хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж албан тушаал буурч ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3 709 052 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

Үүнд: Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчаас тус байгууллагад хяналт шалгалтыг явуулж, алдаа зөрчил илэрсэн бөгөөд уг зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага, зөвлөмж өгч, акт тогтоосон. Уг акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн тул эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 248 тоот албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаал гаргаж Газрын удирдлагын хэлтсийн дарга *******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. ... ******* нь албан тушаал бууруулсан тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг тус Зөвлөл хангаж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Үүний дагуу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар *******г Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. ... *******г албан тушаал бууруулсан хугацаанд төрийн үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй явуулах зарчмыг ханган уг сул албан тушаалыг *******оор түр орлон гүйцэтгүүлж, 2023 онд хуваарилагдсан төсвийн дагуу зарцуулсан болно. Манай байгууллагын 2023 оны төсөвт илүү хуваарилалт олгогдоогүй бөгөөд 2024 оны Төсвийн тухай хуульд мөн зардал тусгагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 3 709 052 /гурван сая долоон зуун есөн мянга тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******д олгох 3 709 052 /гурван сая долоон зуун есөн мянга тавин хоёр/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган, тайланг холбогдох байгууллагад илгээхийг хариуцагчид үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 495 төгрөгөөс 89 925 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89 925 төгрөг, төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг тус тус гаргуулан төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас давж заалдах журмаар гаргасан гомдол болон хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Газрын удирдлагын хэлтсийн дарга *******г албан тушаал бууруулснаас хойших хугацаанд төрийн үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй явуулах зарчмыг ханган уг албан тушаалыг *******оор түр орлон гүйцэтгүүлж 2023 онд хуваарилагдсан төсвийн дагуу зарцуулсан бөгөөд 2023, 2024 онуудад илүү хуваарилалт олгогдоогүй болно.

******* нь урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа томилогдсоноос хойш хугацаанд үүрэгт ажилд нь ахиц дэвшил гараагүй ба ажлын цаг ашиглалт хангалтгүй, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага маш муу байгаа нь байгууллагын ажил үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсөвт тусгагдаагүй гэдгийг зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагын сумдуудад ажиллах ёстой газрын даамал дутуу ажилладаг бөгөөд тэдний цалингийн төсөв батлагдсан байх ёстой. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох цалингийн зөрүү 3 709 052 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан тус газрын даргын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас албан тушаал буурч ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3 709 052 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч, ... *******г албан тушаал бууруулсан хугацаанд уг сул албан тушаалд *******ийг томилон түр орлон ажиллуулж цалинг олгосон. 2023, 2024 оны төсөвт илүү хуваарилалт олгогдоогүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй... гэх үндэслэлээр татгалздаг.

 4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

5. Хэргийн материалаас үзэхэд, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2023 оны 02 сарын 28-ны өдрийн *******г албан тушаал бууруулах тухай, Б/10 дугаар тушаалаар тус газрын Газрын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан *******г ... хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр 2023 оны 2 сарын 28-ны өдрөөс эхлэн албан тушаал бууруулж Газрын удирдлагын хэлтсийн Газар зохион байгуулалт төлөвлөлт газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон,

******* нь уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албан зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2023 оны 6 сарын 07-ны өдрийн 210 дугаар тогтоолоор ... Б/10 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. ... гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоолын дагуу тус газрын даргын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар *******г мөн өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон үйл баримтууд тус тус тогтоогджээ. /хх 4-7/

6. Нэхэмжлэгч ******* нь урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллаж байхдаа төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-6 зэрэглэлээр цалинждаг байсан байх ба албан тушаал буурснаар уг сүлжээний ТЗ-8 зэрэглэл болж түүний цалин буурсан, тэрээр 2023 ны 02 сарын 28-ны өдрөөс урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдох хүртэл буюу 2023 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл буурсан цалингийн зөрүү нь 3 709 052 төгрөг болох нь хэрэгт авагдсан Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий нягтлан бодогчийн гаргасан цалингийн тооцоогоор /хх 8/ батлагдаж байна.

7. Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар ... *******д олгох цалингийн зөрүүг төлөх илүү төсөв тусгагдаагүй, түүний оронд түр орлон гүйцэтгэгчийг томилж, цалинг олгосон. ... гэх агуулга бүхий гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

8. Хариуцагч нь хуулиар олгогдсон захиргааны байгууллагын удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэн аливаа шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ... хууль дээдлэх ... тухай төрийн албаны нийтлэг зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх тусгай зарчмыг тус тус хэрэгжүүлэх ёстой ба хуульд нийцээгүй шийдвэр гаргахгүй байх үүрэгтэй.

Хариуцагч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлэлгүй хууль бус шийдвэр гаргаж *******г үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор тогтоогдсон, өөр ажилд шилжүүлсний улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмнө авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

9. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7, 42.1.8-д Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, эсхүл албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болохоор тус тус заасан.

Хариуцагч байгууллагын *******гийн оронд *******ийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, түүний ажил үүргийг гүйцэтгүүлэн цалин хөлсийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлин 127.2-т зааснаар ажил олгогчоос ажилтныг өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсний улмаас түүний авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг *******д олгохгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 138/ШШ2024/00228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзсугай.

2. Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Г.УРТНАСАН