Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч Д.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Э,Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б овогт Э-н Ч-т холбогдох эрүүгийн 1910006270198 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, дизайнер  ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Э-н Ч

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э,Ч нь 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 36 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Б-тэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э,Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай төрсөн дүү нөхөртөө зодуулсан гээд бага хүүхдээ дагуулаад ирсэн. Тэгэхээр нь би дүүгээ өрөвдөөд уурандаа дүү охиныхоо гэрт очиж нөхөрт нь гар хүрсэн, гар хүрсэндээ маш их харамсаж байна...” гэв.

Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:   “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг 30 минутын үед ажлаа тараад гэртээ очсон. Манай эхнэр миний гар утсыг үзэж байгаад эмэгтэй найзтайгаа харьцсан мессэж чатыг үзчихсэн юм. Тэгээд уурлаад орон дээр гараад хэвтсэн, намайг нөгөө өрөөнд ор гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө өрөөндөө орж унтахгүй гээд эхнэрийнхээ орны хөл хэсэгт хэвтэж байтал манай эхнэр намайг яв гээд байхаар нь би яваагүй. Тэгтэл манай эхнэр уурандаа чи явахгүй бол би явлаа гээд хүүгээ дагуулаад ах Ч-нхоо гэр рүү яваад өгсөн. Манай төрсөн ах Х хөдөөнөөс ирсэн, манай гэрт байсан. Тэгээд том охин бид гурвыг унтаж байхад 04 цаг 15 минутын үед гэрийн хаалгыг хүн нүдээд байсан, хаалга онгойлготол хадам ах Ч, чи яахаараа миний дүүг харанхуй шөнө хөөж явуулдаг юм, яахаараа араар нь тавьдаг юм бэ” гэж хэлээд намайг 2 удаа гараараа цохьсон. Би гараараа хаасан. Тэгтэл дахин нэг удаа цохиж, миний зүүн талын нүдийг оносон. Манай хадам ах намайг эхнэрээ харанхуй шөнө явууллаа гэх шалтгаанаар зодсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /xx-7-10-р тал/,

Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ байж байгаад өөрийн нөхөр Б-н утсыг аваад үзсэн чинь нэг танихгүй эмэгтэй хүнтэй уулзъя гээд мессэж бичсэн байхаар нь энэ ямар учиртай юм бэ гээд асуусан чинь би мэдэхгүй, чи битгий худлаа яриад бай гээд байхаар нь энэ утсан дээр чинь байгаа гээд утсыг нь авах гэсэн чинь утсаа өгөхгүй нуугаад байсан. Тэгээд ярилцах гэсэн чинь надтай юм ярихгүй байснаа намайг 2 хүүхдээ аваад зайл гэж хэлсэн. Тэгээд би том охин унтаж байхаар нь хүүгээ аваад төрсөн ах Ч-н гэрт очоод ахдаа үнэн учраа хэлсэн. Тэгсэн чинь манай ах, би танай гэрт очно гээд байсан, нэг мэдсэн гараад явсан байсан. Тэгээд нилээн байсны дараа над руу залгаад, чи нөхөртэйгээ ярь даа гээд байсан. Нөхөр рүүгээ ярьсан чинь, танай ах чинь намайг цохичихсон гээд дарамтлаад байсан...” гэжээ  /xx-17-19-р тал /

Гэрч М.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...дүү Б-н гэрт байж байсан чинь шөнө 02-03 цагийн орчим Б-н хадам ах ирсэн, тэр хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байсан. Би босож очоод харсан чинь Б-н нүд нь хавдсан байсан...” гэжээ. / хх-20-21-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 3108 тоот дүгнэлтэнд: М.Б-ын биед тархи доргилт, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /xx-23-р тал /

 Шүүгдэгч Э,Ч-н хувийн байдалтай  холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/,  ял шалгах хуудас / хх-39/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э,Ч нь 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 36 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Б-тэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹3108 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэx үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Э,Ч нь зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ноогдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал зааx шаардлагагүй бөгөөд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э,Чт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Э-н Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-н Ч-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э,Ч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.

4. Шүүгдэгч Э,Чт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

6. Шүүгдэгч Э,Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э,Чт урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ