Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 4356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоот, “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ын хүсэлттэй,

Д.Бүдсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Бүдсүрэн нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201121365 дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3,45 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй одоог хүртэл утсаа авдаггүй, зээл авах үеийн гэрийн хаягаар нь очиж үзэхэд тийм хүн танихгүй, мэдэхгүй, байхгүй гэдэг бөгөөд хороонд нь очиж лавлахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бүдсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь “Д.Бүдсүрэн нь тус компаниас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ1201121365 тоот цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан ба уг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Д.Бүдсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК болон Д.Бүдсүрэн нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Цалин барьцаалсан зээлийн гэрээ” болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь Д.Бүдсүрэнгийн  “Сонгинохайрхан дүүрэг, толгойт 10 дугаар хороо, Зүүн баян уул 16 гудамж, 20 тоот” хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягтаа оршин суудагггүй болох нь тогтоогдсон тул  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2015/22603 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бүдсүрэнгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ын “Доржготовын Д.Бүдсүрэн /РД:ЧА82032398/-г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч нь эрэн сурвалжлагдах этгээдийг олж тогтоож болох эх суравлжийг дурдахдаа: Доржготовын Д.Бүдсүрэн /РД:ЧА82032398/-ийн утасны дугаар 89234159, 89254169, 96751016, 96147674, 99246774 гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Доржготовын Д.Бүдсүрэн /РД:ЧА82032398/-г эрэн сурвалжилсугай.

             2. Доржготовын Д.Бүдсүрэн /РД:ЧА82032398/-г эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

                                          ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА