| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2022/01269/И |
| Дугаар | 201/МА2024/00014 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 201/МА2024/00014
*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШШ2024/00103 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймаг дахь Дорнод ******* ******* /******* ******* / холбогдох
Нөхөн олговор 45,380,133 төгрөг 14 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр ******* ******* ******* д ажилладаг байсан. 2022 оны 7 сарын 06-ны өдөр тухайн байгууллагын удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу тус байгууллагаас наадамд зориулан ажилчиддаа хонь олгохоор малчныхаасаа хонь авахаар өглөө эрт явсан. Гэтэл машин дээр хонь хөлдөж ачиж байгаад гэнэт бие нь эвгүй боллоо гээд машины сүүдэрт суугаад огиж бөөлжсөн байдалтай байгаад хэвтээд өгсөн гэдэг. Ингээд эмнэлэгт хүргэгдээд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч сэхэхгүй байсаар 7 сарын 09-ний өдөр нас барсан. Даралт ихсэх өвчин нь Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 09-ний өдөр батлагдсан тушаалаар мэдрэлийн өвчин бөгөөд ангиллаар 4.1 буюу группэд оруулах заалттай байдаг юм байна. Группэд оруулахын тулд 3-6 сарын хугацаанд тасралтгүй эмчийн хяналтад ордог юм билээ. Гэвч миний нөхрийн хувьд эмчийн хяналтад огт орж байгаагүй. 2021 онд Коронавирус өвчний үеэр вакцин хийлгүүлэх үед анх удаа даралт ихэссэн гэж сонсоод тухайн үедээ нэг удаа эм бичүүлэн авч байсан юм билээ. Ер нь бол албан байгууллагын зүгээс ажилчдаа жилд 1-2 удаа оношилгоо, эмчийн үзлэгт хамруулдаг гэсэн. 2022 оны 07 сарын 06-ны өдөр ажилчдад өгөх наадмын хонь авчрах гэсэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өглөө эрт хөдөө гараад замдаа машин нь эвдэрч, бэлчээрт явсан хонийг тууж ирээд, 15 цагийн үед хонио барьж эхэлсэн гэдэг. ... Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******ын хэлж байгаагаар гэмт хэргийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохын тулд осол хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистик үзүүлэлтийг тооцох аргачлалын дагуу судалдаг гэсэн. Энэ үзүүлэлтийн дагуу тус хавсралтын 51, 52, 53, 54 дүгээр нөхцөлүүд нь ослын нэг шалтгаан болдог гэж үздэг юм байна. Тийм учраас байгууллагаас өгсөн албан даалгаврын дагуу үүргээ гүйцэтгэж байгаад хонь хөлдөх, өргөх, татах, ачих зэрэг хүчлэх хөдөлгөөн хийсэн учраас тархинд цус харваж гэмтэл учирсан гэж үзэж байна. Үүний улмаас харвалт үүсэж нас барсан гэж дүгнэж байна. Тийм учраас осол гэж үзэн нөхөн төлбөрийг шаардаж байгаа. Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны А185 дугаар тушаалын хавсралтын осол хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын 2.1-д осол гэдэг нь иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явц гэдгийг ажил олгогч болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу томилолтоор буюу дайчилгаагаар ажил үүргээ гүйцэтгэх үед, ажлын байр, нэгж, салбар хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэх, ажиллагч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл ердийн хөсгөөр явган явж байх үед, мөн 2.2-т орчин гэдгийг тодорхойлсон байх бөгөөд үүнд хувь хүн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны талбай гэхээр удирдлагаас өгсөн ажил үүргийг гүйцэтгэхээр очсон газар нь ажлын нэгж талбай гэж үзэж байгаа учраас гаднах орчинд хамаарч байна. Бидний зүгээс цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, харин нөхөн олговор олгох асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Миний хувьд энэ асуудлаар бусад хэн нэгнийг буруутгахыг хүсээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Үлдэж байгаа өсвөр насны ганц хүүхэд нь эрхэлсэн ажилгүй ээжийн хамт амьдралын баталгаагүй хоцорч байгаа учир Хөдөлмөрийн хуулийн дагуу 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор 45 380 133 төгрөг 14 мөнгө гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль дүрмийн хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Энэ харамсалтай үйл явдалд бид үнэхээр харамсаж байгаа. ...Гэхдээ миний хувьд төсвийн байгууллагыг удирддаг бөгөөд төсвийн мөнгийг хуулийн хүрээнд захиран зарцуулах үүрэгтэй хүн юм. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нөхөн олговрыг шаардсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1-д заасан осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн эсвэл нас барсан тохиолдолд байгууллагын зүгээс нөхөн олговор олгох талаар зохицуулалтыг үндэслэнэ гэж би ойлгоод тайлбарыг гаргасан байгаа. Гэхдээ энэ заалтад ажилтан осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр нас барсан байхыг ойлгоно. Энэ бол ажлаа хийж байгаад нас барсан бол олгоно гэсэн заалт биш юм. Тэгэхээр ажилтан ажлаа хийж яваад нас барсан бол олгоно гэсэн заалт байсан бол шууд олгоход бэлэн байна гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, нас барсан гэж байгаа учир энэ нөхцөл хангагдсан байх ёстой юм. Талийгаач *******ын нас барсан шалтгааныг осол гэж үзэх эрх зүйн акт байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд нэмэлтээр гаргаж өгсөн Засгийн газрын тогтоол, дүрэм дээр осол, хурц хордлогыг яаж судлан бүртгэх, хэрхэн осол гэж дүгнэх талаар заасан байдаг. Энэ дүгнэлтийн дагуу Дорнод аймгийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч осол гэж дүгнэлт гаргасан байдаг. Гэвч энэ дүгнэлтийг Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхээс талийгаач ******* нь тархины цус харвалтын улмаас ийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан нь тогтоогдсон байхад осол гэж үзсэн нь буруу гэж дүгнээд улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон. Тэгэхээр осол гэж үзсэн хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон ба осол гэж дүгнэсэн дүгнэлт байхгүй байхад би нөхөн олговор олгох боломжгүй болж байгаа юм. Хоёрт, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай нөхөр даралт ихсэх, зүрх өвдлөө гэх ямар ч өвчин зовуурь хэлж байгаагүй гэж дурдсан байсан. Энэ талаар бид Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний болон Мянган жаргалан өрхийн эмнэлгүүдээс шүүхээр дамжуулан хүсэлт гаргаж лавлагаа гаргуулсан байгаа. Тус лавлагаануудаас харахад Бүсийн оношилгоо эмчилгээний д 2021 оны 07 сарын 20, 11 сарын 20, 12 сарын 02, 12 сарын 09-ний өдрүүдэд үзүүлж, дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэж байсан тухай гарсан байсан. Тэгэхээр огт эмнэлэгт үзүүлж байгаагүй, ганцхан удаа үзүүлж байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа юм. Ялангуяа нас барахынхаа өмнө 2021 оны сүүлийн хагас жилд эмнэлгээр их явж байсан юм билээ. Мөн Мянган жаргалан өрхийн эмнэлгээс Лориста 100 гэх даралтын эм бичүүлж авч байсан талаар лавлагаа ирсэн байгаа. Энэ талаар талийгаач маань бидэнд мэдэгдэж байгаагүй, гэр бүлийн хүн нь эм ууж байсан талаар мэдээгүй гэж байх шиг байна. Үйлдвэрлэлийн осол гэж үзсэн эрх бүхий байгууллагын акт байхгүй учраас осол биш гэж үзэж байна. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасны дагуу нөхөн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн, хариуцагч Дорнод аймаг дахь Дорнод политехник ******* холбогдох нөхөн олговор 45 380 133 төгрөг 14 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 389 547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
...******* ******* үйлвэрлэлийн ийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэх акт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг 2022 оны 9 сарын 08-ны өдрийн А/60 тоот тушаалаар байгуулсан. Уг актдаа талийгаач ******* нь 2022 оны 7 сарын 06-ны өдөр хонь барих ажлыг хийж гүйцэтгэхдээ гэнэтийн огцом хүчлэх хөдөлгөөн хийсний улмаас харвалт өгсөн байх ба энэхүү ажилтан нь ажлаа хийж яваад хүндээр өвдсөн нь үнэн гэж дүгнэн 2022 оны 9 сарын 14-ний өдөр ослын актыг судлан бүртгэж тогтоосон байдаг.
... ******* хяналтын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч ******* ...*******ын ослын тохиолдол нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.3 дахь заалт /ажлын байр, нэгж, хэсэг, салбар хороонд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед/-д хамаарч байгаа тул хянан баталгаажуулав гэж дүгнэсэн. ******* ******* үйлвэрлэлийн ийн осол, хурц хорлогыг судлан бүртгэх байнгын комиссын 2022 оны 9 сарын 04-ний өдөр үйлдсэн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт-ын салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.
******* нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа ... Үйлдвэрлэлийн осол гэж үзэх хамгийн эхний шалгуур нь хүчин зүйлтэй холбоотой байх явдал юм. гэсэн байсан. ... Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын 2.1-д Үйлдвэрлэлийн осол гэдэг нь иргэн, ажиллагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ. Үүнд:
1. Ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил үүргээ гүйцэтгэж байх үед
2. Ажлын байр, нэгж, салбар, хороонд байнга явж ажил үүргээ гүйцэтгэдэг ажиллагч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр явган явж байх үед гэх энэ хуулийн заалтад 2 утгыг тодорхой заасан байхад хариуцагч тал заавал хүчин зүйл болон техникийн талаас нь ойлгож үгүйсгэж байгаад гомдолтой байна.
Тухайн байгууллага нь талийгч *******ын тухайд ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бие нь муудсан болохыг хүлээн зөвшөөрч байна гэсэн акт үйлдсэн. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу тогтоосон байршилд хонь хөлдөж барих, машины тэвшинд барьсан хонио өргөж тавих зэрэг ажил гүйцэтгэх үедээ хүчилсэн болон огцом хүчтэй хөдөлгөөн хийсэн нь цус харвахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл тодорхой байгаа нь осолд өртсөн болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 гэсэн заалтын осолд хамаарч байна гэж үзэж байна.
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хувьд гол үндэслэсэн бичиг баримт нь ганцхан задлан шинжилгээний эмнэлзүйн протокол байсан. Зөвхөн эмнэлзүйн протоколыг үндэслэж хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь бүрэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй. Хэт нэг талыг баримталсан шийдвэр гарсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч намайг гуравдагч этгээдээр дуудаж оролцуулаагүй. Улсын байцаагчийн дүгнэлт нь он, сар, өдөргүй албажуулаагүй болохоос биш хууль бус дүгнэлт биш байсан бөгөөд хариуцагч тал гарын үсгээ зурж баталгаажуулж авсан байхад дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох нь өрөөсгөл юм. Үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
Шүүх осол гэж дүгнэсэн дүгнэлт байхгүй байхад нөхөн олговор олгохгүй гэсэн хариуцагчийн тайлбарт явцуурч, нөхөн төлбөр шаардаж байгаа боловч дээрх нөхцөл байдлаа баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Мөн ... ердийн өвчний оношинд хамаарч байна... гэсэн тайлбарыг няцааж чадаагүй гэсэн. Харин ч хавтаст хэрэгт ослын акт гэх баримтыг хавсаргасан. Уг актыг нэхэмжлэгч би гаргадаг бус байгууллага нь өөрөө гаргадаг. Уг актыг байгууллага өөрийн эрх ашгийн төлөө өөрт ашигтайгаар гаргах боломжтой. Гэвч хүчдэх хөдөлгөөн хийснийг актдаа тусгасан. Тиймээс ч мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг Захиргааны хэргийн шүүх үндэслэлгүй гэж үгүйсгэсэн ч Иргэний шүүхэд хүсэлт гаргаж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд Харвалт гэдэг онош зөв. Гэвч түүнд нөлөөлсөн, харвалт болоход хүргэсэн хүчин зүйлийг бататган дүгнэж өгсөн. Ийм дүгнэлт гаргуулсан байхад шүүх нотлоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
... Өдөр тутмын ажлаа хийгээд ширээний ард сууж байгаад цус харвах, зуны халуун өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хонь барьж ирэх ажилд явж, хонь хөөж, хөлдөж, тонгойж, шүүрч барих, барьсан хонио машинд ачих, өргөхөд маш их хүч шаардаж огцом хүчтэй, хүчдэх хөдөлгөөн хийсний улмаас зүрх судасны ачаалал гэнэт өсөж, түүний хэмжээгээр тархины судас хагарч том хэмжээний цус харвалт болсон. Энэ хоёр харвалт хоорондоо маш том ялгаатай байна.
... Талийгаач маань 2022 оны 7 сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан байсан. Гэтэл амарч байсан хүнийг гэрээс нь дуудаж огцом хүнд хүчлэх хөдөлгөөнтэй ажил хийлгэсний улмаас тархинд цус харвасан. Хэрвээ амраад гэртээ хэвтэж байсан бол харвахгүй байсан. Хэрвээ энэ гэрийн нөхцөлд харвасан бол би юу гэж гомдолтой байхав.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газар нь 2023 оны 9 сарын 26-ны өдөр *******ын нас барсан шалтгаан хүчлэх хөдөлгөөн хийх хүнд зүйл өргөх нь цус харвалтын эрсдэлт хүчин зүйлд хамаарах буюу нас барсан шалтгаанд нөлөөлнө гэж мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсан.
...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдвэрлэлийн осол заавал үйлдвэр дээр болдоггүй. Миний нөхөр албан даалгавар аваад ажлаа хийж яваад нас барсан. Энэ талаар хуулийн заалт нь ч байгаа. ... Үүрэг даалгавар аваад явчихаад байхад хүлээн зөвшөөрхгүй гэж хэлээд байж болохгүй. ******* хяналтын улсын байцаагч нь мөн ажлын цагаар явсан, ажлын байр мөн гэж үзсэн. Энэ талаар дүгнэлтээ албан тоотоор хүргүүлсэн байдаг. Үүнийг нь өв нь овжин ашиглаж захиргааны хэргийн шүүхээр хэлэлцүүлсэн. Намайг энэ хэрэгт оролцогч биш учраас гомдол гаргах эрхгүй гэж үзсэн. Гэтэл энэ шийдвэрээс болж би хохирч үлдсэн. Намайг илтэд хохироож байна. Би их гомдолтой байна. ... 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш уг нь ээлжийн амралтаа авсан байсан. Тушаал нь хүртэл гарчихсан байсан. Гэтэл захиргаа удирдлагын хэлтсийн даргаас ажилд томилж үүрэг даалгавар өгснөөс болж энэ асуудал үүссэн. Нэхэмжлэлийн шаардлага, шүүхэд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үндэслэл муутай шийдвэрийг үндэслэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгосон. Нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд гарцаагүй ослоор нас барсан болохыг тогтоосон дүгнэлт хэрэгтэй, байхгүй тохиолдолд мөнгөний асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймаг дахь Дорнод ******* ******* /******* ******* / холбогдуулан Нөхөн олговор 45,380,133 төгрөг 14 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: ...Миний нөхөр ******* нь Дорнод аймаг дахь ******* ******* д ажилладаг байсан. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тухайн байгууллагын удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу тус байгууллагаас наадамд зориулан ажилчиддаа хонь олгохоор малчныхаасаа хонь авахаар явсан. Машин дээр хонь ачиж байгаад гэнэт бие эвгүй боллоо гээд машины сүүдэрт суугаад бөөлжиж байгаад хэвтээд өгсөн гэдэг. Ингээд эмнэлэгт хүргэгдээд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч сэхэхгүй байсаар 7 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. ...Байгууллагаас өгсөн албан даалгаврын дагуу үүргээ гүйцэтгэж байгаад хонь хөлдөх, өргөх, татах, ачих зэрэг хүчлэх хөдөлгөөн хийсэн учраас тархинд цус харваж нас барсан тул осол гэж үзэн нөхөн төлбөрийг шаардаж байгаа. ...Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны А185 тоот тушаалын хавсралтын осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистик үзүүлэлтийг тооцох аргачлалын 2.1-д осол гэдэг нь иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ. гэж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явц гэдгийг ажил олгогч болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу томилолтоор буюу дайчилгаагаар ажил үүргээ гүйцэтгэх үед ажлын байр, нэгж, салбар хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэх, ажиллагч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр, явган явж байх үед, мөн 2.2-т орчин гэдгийг тодорхойлсон байх бөгөөд үүнд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны талбай дээр удирдлагаас өгсөн ажил үүргийг гүйцэтгэхээр очсон газар нь ажлын нэг талбай гэж үзэж байгаа учраас гаднах орчинд хамаарч байна. Миний хувьд энэ асуудлаар бусад хэн нэгнийг буруутгахыг хүсээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Үлдэж байгаа өсвөр насны ганц хүүхэд нь эрхэлсэн ажилгүй ээжийн хамт амьдралын баталгаагүй хоцорч байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор 45,380,133 төгрөг 14 мөнгө гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ******* татгалзлын үндэслэлээ: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн эсвэл нас барсан тохиолдолд байгууллагын зүгээс нөхөн олговор олгох талаар зохицуулалтыг үндэслэн нөхөн олговор шаардаж байна. Гэтэл осол гэдгийг тогтоосон акт байхгүй, шүүхийн шинжилгээний дүгнэлтээр ердийн өвчний оношид хамаарч байгаа. ******* хяналтын байцаагчийн актыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон шийдвэр хүчинтэй байна. Манай байгууллагын хувьд төсвийн байгууллага, төсвийг хамаагүй зарцуулж болохгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан байна.
6. Талийгаач ******* нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилчдад өгөх хонийг малчныхаасаа авчирахаар явж, улмаар машинд хонь хөлдөж ачих хүчдэх хөдөлгөөн хийх явцад тархинд нь цус харвасны улмаас 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд нас баралтын шалтгааныг Эмгэг судлалын шинжилгээний протокол №С-27 Эмгэг судлалын оношоор тархины цус харвалтын улмаас ийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан. гэж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 894 дугаартай шинжээчийн дүгнэлтээр эмгэг судлаач эмч С.Дашдоржийн гаргасан эмгэг судлалын шинжилгээний С-27 тоот протоколд дурдсан өвчний онош үндэслэлтэй байна, энэ нь ердийн өвчний оношинд хамаарна, хүчдэх хөдөлгөөн хийх, хүнд зүйл өргөх нь цус харвалтын эрсдэлт хүчин зүйлд хамаарах буюу нас барсан шалтгаанд нөлөөлнө. гэж дүгнэжээ.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно. 125.1.2-т осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин нэмэгдүүлж олгохоор зохицуулсан байна.
8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу байгуулагдсан хариуцагч ******* ******* ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт үйлдэж, актыг ******* хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулахаар хүргүүлснийг улсын байцаагчийн дүгнэлтээр ...ослын тохиолдол нь осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.3 дахь заалтад хамаарч байна. ... гэж дүгнэн баталгаажуулжээ.
9. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 116/ШШ2022/0029 дугаартай шийдвэрээр ... Талийгаач ******* нь ...тархины цус харвалтын улмаас ийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан нь тогтоогдсон байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5 ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3.11 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана. гэх заалтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн. гэх үндэслэлээр Дорнод аймгийн ******* хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******ын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоын талаар гаргасан дүгнэлтийг хүчингүй болгосон байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******* нь байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилчдад өгөх хонийг малчныхаасаа авчирахаар явж, улмаар машинд хонь хөлдөж ачих хүчдэх хөдөлгөөн хийх явцдаа тархинд цус харвасны улмаас нас барсан үйл баримт тогтоогдож байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр түүний нас барсан шалтгаан нь ердийн өвчний оношинд хамаарах, мөн хүчдэх хөдөлгөөн хийх, хүнд зүйл өргөх нь цус харвалтын эрсдэлт хүчин зүйлд хамаарах буюу нас барсан шалтгаанд нөлөөлнө гэж дүгнэсэн, ослын улмаас нас барсан гэдгийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй зэргээс нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасан нөхөн төлбөрийг олгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 138/ШШ2024/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,547 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Ц.ЭРДЭНЭЗУУ