Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Г-н Г-т холбогдох эрүүгийн 1810010370359 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, багш дасгалжуулагч мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Г-н Г

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Г.Г нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын хашааны гадна талбайд ТОП бүлэг харуул хамгаалалтын албаны ажилтан О.Х-г “барилгын ажилд саад боллоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би тухайн өдөр ахынхаа барилгын газар дээр очсон. Хамгаалалтын албаныхан тэр барилгыг бариулахгүй гээд хууль бус шаардлага тавьсан. Би тэр хамгаалагчийн цээж рүү нь түлхэж холдуулсан. Гэтэл тэр компанийнхан намайг нүүрэн тус газар нь цохьсон гэж гүтгэсэн. Нүүрэн тус газар нь би ерөөсөө гар хүрээгүй... гэв.

Хохирогч О.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Морин тойруулга дээр дуудлага ирлээ, хүмүүс хундаам цутгах гээд байна гэхээр нь би тасгийн дарга Н-н хамт тухайн дуудлага өгсөн газарт очих үед 5-6 ажилчид гээд хүмүүс ирчихсэн хундаам цутгана гээд хашлага байрлуулж эхэлсэн байсан. Харин манай талаас морин тойруулга дээр байрладаг Б гээд нэг харуул л байсан. Тэгээд манай тасгийн дарга Н манайхтай гэрээтэй байгууллагын газар гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт бичгийг тэдгээр ажилчдын ахлагч нь танилцуулаад тэдний үйл ажиллагааг нь зогсоочихоод манай алба шуурхай зарлаад алба хаагчдаа цуглуулсан юм. Үүнээс хойш 2 цаг орчим болсоны дараа манай ажлын 10 гаран хамгаалагч цугларсан байсан. Тэгтэл 09 цаг өнгөрөөд 10 цагийн үед цагаан өнгийн ланд крузер маркийн автомашинтай 2 хүн хүрч ирсэн ба тэдний нэг нь Монгол улсын харцага Г гээд бөх байсан бөгөөд эхэндээ тэр хоёр бидэнтэй харьцалгүй холоос ажиглаад л зогсож байсан юм. Тэгээд эхэндээ хэл амаараа тохиролцож ойлголцоод бие биенийгээ ажиглаад ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй байж байтал тэд нар гэнэт ажилдаа орчихоор нь бид нар хэлээд нэг удаа болиулчихаад манай дарга газрын маргаан болж магадгүй юм шиг байна гээд цагдаад дуудлага өгтөл удалгүй 2 цагдаа ирээд манай байгууллагын бичиг болон тэр байгууллагын баримт бичгийг үзчихээд аль аль нь шийд гартал байцгааж бай гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгтэл удалгүй 8 дугаар хорооны хэсгийн байцаагч залуу ирээд мөн л манай болон тэр байгууллагын баримт бичгийг нь үзчихээд бидэнд “энэ байгууллага зөвшөөрөлтэй юм байна, та нар хүний ажил хийлгэхгүй саад болж болохгүй шүү дээ” гэж хэлтэл харцага Г ажилчиддаа “ажлаа хийцгээ” гэж хэлтэл манай дарга нараас бидэнд “наад ажлыг нь зогсоо” гэсэн үүрэг өгсөн болохоор нь бид нар тэр ажилчид дээр очсон ба би харцага Гтай өөд өөдөөсөө яг таарсан юм. Тэгээд харцага Г газраас хундаамын хаалтаа авахаар нь би тэр төмрөөс нь бариад “Г ахаа та больчих л доо” гэж хэлтэл надад “та нар зүгээр байцгаа” гээд барьж байсан төмрөө татахаар нь би тонгойгоод төмрийнх нь нөгөө үзүүрээс нь барьж аваад дээшээ бостол шууд миний уруул ам хэсэгт баруун билүү зүүн гараараа нэг удаа цохиод намайг газарт унагаачихсан. Тухайн үед миний толгой эргээд нүд харанхуйлаад байхаар нь нүүрээ дарж 3-4 минут хэвтэж байгаад бостол миний дээд уруулын зүүн хэсэг язарч цус гарсан байсан. Намайг болон Гийг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн ба цагдаа дээр ирчихээд “чи энийг зодуур гэж бодож байна уу, би чамд зодуур гэж юу байдгийг үзүүлнээ, чи надаас мөнгө авмаар байна уу ”гэх мэтчилэн доромжлоод даапаалаад байсан...” гэжээ. /хх-18-21-р тал/

Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өглөө намайг амарч байхад манай шуурхай бүрэлдэхүүн түргэн аваад Морин тойруулга дээр цугларцгаасан ба намайг очих үед ажил гүйцэтгэж байгаа хүмүүс нь ирчихсэн хундаам цутгадаг хаалт төмөрнүүд угсраад байж байсан. Тэгээд бид нар тэр хүмүүстэй уулзаад баримт бичиг байгаа эсэхийг нь тодруулаад 102-т дуудлага өгчихөөд байж байтал цагаан өнгийн Ланд 200 маркийн автомшашинтай хэдэн хүн ирсэн ба дунд нь бөх барилддаг Г гээд залуу байсан ба бууж ирээд ажилчдаа загнаад ажлаа хий гээд байсан. Тэгэхээр нь би хууль ёсны дагуу ажлаа хийцгээе гээд байж байтал дуудлагаар хэсгийн байцаагч Ж ирээд  биднийг “та нар хүний ажилд саад болж болохгүй шүү дээ” гээд нөгөө талын хүмүүсийн хажууд хэлчихсэн юм. Тэгтэл тэр харцага Г нь орилоод ажлаа хий гэтэл ажилчид нь ажилдаа орцгоосон. Тэгээд манай ажилчид өмнө нь тэднийг ажил хийлгэхгүй гээд ажлын хэрэгслүүдийнх нь хажууд зогсож байсан болохоор тэд нар ажлаа хийх гээд бидэн дээр ирсэн. Тэр үед миний хажууд хундаам цутгахаар ухсан шуудуун дотор Х орчихсон зогсож байхад харцага Г машинаасаа буугаад Х дээр очтол Х “та больчих л доо ахаа” гэж хэлтэл “чи муу бацаан ажил зогсоодог” хэн бэ гэж хэлээд зүүн гараа атгаж байгаад Х-н эрүү, ам хэсэгт нь нэг удаа цохьтол Х хойшоогоо савж унаад хэсэг хэвтээд босч иртэл амнаас нь цус гарсан байсан. Тэгээд бид нар цагдаа дуудтал Г машиндаа суугаад яваад өгчихсөн юм. Г яг намайг харж байхад Х-н эрүү, аманд нь зүүн гараараа нэг удаа цохиод газарт унагаачихсан...” гэжээ. /хх-24-25-р тал/

Гэрч Н.Н-О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Улсын харцага Г цагаан өнгийн машинтай ирээд ажилчиддаа ажлаа үргэлжлүүлэхийг шаардаад байсан ба бид нар тэднийг ажил хийх гэхэд нь “яах гэсэн юм бэ шийдвэр гартал нь байцгааж байя” гэж хэлээд л байж байсан. Энэ үед тэр Г машинаасаа хэд хэдэн удаа бууж ирээд “хий гээд байхад яах гээд байгаа юм бэ” гээд байсан. Тэгж байтал Ж ирээд нэг бичиг барьчихсан “та нар зөвшөөрөлтэй хүмүүсийг ажлыг нь хийлгэ” гэж хэлтэл Г машинаасаа бууж ирээд шууд “ажлаа хийцгээ” гээд хундаам цутгадаг хавтанг Х барьчихсан байхад нь Г тэр хавтанг булааж татаж аваад нэг гараараа Хын нүүрэнд нь цохьтол Х газарт уначихсан. Би энэ үед яг Х-н ардаас буюу Гийн өөдөөс харсан байсан болохоор яг нүүрнийх нь хаана нь цохьсон болохыг мэдэхгүй байна...” гэжээ./ хх- 26-27-р тал/

Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Нэг цагдаа хүрч ирээд “та нар яагаад хүний хийж байгаа ажил зогсоогоод байгаа юм” гэж хэлтэл Г харцага нөгөө хүмүүсээ ажлаа үргэлжлүүл гээд өөрөө нэг төмөр хавтан аваад угсрах гэхэд нь манай ажлын Х гээд хамгаалагч “болиоч та” гээд барьсан төмрөөс нь таттал Г харцага түүний нүүрэнд гараараа нэг удаа цохьтол Х хойшоо саваад газарт унасан. Г харцага Хын эрүүнд гараараа нэг удаа цохиж унагаасан...” гэжээ. /хх-28-29-р тал/

Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Морин тойруулгын хашааны гадна газрын маргаан болоод хүмүүс танхайраад байна гэх дуудлагын дагуу очих үед Макс ХХК-ны хамгаалалтын албаны 7-8 хамгаалагч, хамгаалалтын албаны дарга гэх хүн байсан, харин нөгөө талаас нь барилгын хөлсний ажилчид гэх 2-3 хүн байсан ба хамгаалалтын албаны дарга нь надад “улсын харцага Г гэх хүн манай хамгаалалтын албаны ажилтаныг цохиж танхайраад өөрөө яваад өгсөн” гээд байж байсан. Тэгэхээр нь би тэр цохиулсан гэх хамгаалагчийг харахад уруулнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Тухайн үед хэлтэс дээр ирсэний дараа харцага Гт цохиулсан гэх залууд “чамайг би цохиогүй шүү дээ,  түлхэхийг л чи цохьсон гээд байна, чамайг цохивол яах чинь хэцүү шүү дээ” гэх мэт зүйл ярьж байсан...” гэжээ. /хх-30-31-р тал/

Гэрч З.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Би ТОП бүлэг ХХК-д шуурхай бүлгийн хамгаалагч хийдэг. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Макс молл худалдааны төвд гараатай байсан. Яармагт газрын маргааны дуудлага гарлаа гээд би Яармагийн Морин тойруулгын урд очтол манай албаны 7-8 хамгаалагчид болон нөгөө талаас барилгын ажилчид болон улсын харцага Г зогсож байсан. Нөгөө талаас хундаамны төмөр хашлага барих гээд харин манай албаныхан түүнийг нь бариулахгүй гээд зогсоцгоож байтал дуудлагаар цагдаа ирээд манай дарга нар уулзаад тэр цагдаа явсан. Тэгээд би машинд сууж байтал хүмүүс нэг газарт овооролдоод эхлэхээр нь машинаас буугаад яваад очтол манай ажлын Х нүүрээ гараараа дарсан байдалтай харцага Г түүнийг цохьсон гээд байж байсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Хыг цохиж байхыг нь хараагүй. Намайг очиход Х нүүрээ дараад намайг цохьчихлоо гээд зогсож байсан...” гэжээ. / хх-147-р тал/

Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Би тухайн үед гар утсаараа бичлэг хийгээд явж  байтал хойно бужигнаад явчихаар нь бичлэгээ зогсоогоод тухайн газарт очиход манай ажлын Х гээд залуу газарт уначихсан, гараараа амаа дараад хэвтэж байхаар нь юу болсон талаар тодруулахад “харцага Г цохьчихлоо” гэж хэлж байсан. Тэгтэл Хыг боссоны дараа Г “чамайг цохьсон юм хаана байна” завьж, хацар хэсгээс нь хоёр хуруугаараа татаад байсан. Тэгээд цагдаа ирсэн. Би бичлэг хийсэн боловч устгачихсан байна лээ...” гэжээ. /хх-150-р тал/

Гэрч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Морин тойруулгын зогсоол дээрээс буцаж эргээд төв зам руу орохоор явж байтал замд Макс ХХК-ний ажилтан гар өргөөд намайг зогсоож хашаа барих гэж байгаа хүмүүсийн нэг нь манай хүнийг цохьсон гэж хэлэхээр нь би тухайн хүмүүс дээр очиж болсон асуудлын талаар асуухад Т гэх хүн нь Г гэдэг хүн манай хамгаалагч Хыг пун булаацалдаж байгаад цохьсон гэж байсан. Би Гаас юу болсон талаар асуухад Х гэх хүн манай хашаа барихаар ашиглаж байсан пунг байсан газраас нь  аваад өөр тийш нь авч явах гээд байхаар нь би аваад ир гэж хэлээд авах гэтэл өгөхгүй нөгөө талаас нь татаад байхаар нь би татаж байгаад тавьсан чинь хойшоо унасан, тэрнээс өөр зүйл болоогүй. Тэгтэл Макс ХХК-ний ажилчид манай ажлын хүнийг зодсон учир гомдолтой гээд байхаар нь тухайн хоёр хүнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Намайг очиход Х баруун гараа аман дээрээ дарсан байдалтай зогсож байсан...” гэжээ./хх-152-p тал/

Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би ТОП ХХК-нд хяналт шалгалтын ажилтан хийдэг.... өөрийнхө машинд суугаад холоос харж байтал хүмүүс бужигнаад явчихаар нь машинаасаа буугаад очтол Хын уруулнаас цус гарсан байдалтай амаа дараад зогсож байсан ба харцага Г “чамайг би цохьсон юмуу, энийг цохино гэдэг юм уу” гээд мангасдаж /нүүрэнд нь гараараа түлхэх/ түлхсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэжээ. /хх-151-р тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-155-р тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... Морин тойруулгын хашааны хойд хэсгийн цементэн талбай байх бөгөөд талбайн зүүн хэсгийн шороотой хэсэгт хойноос урд зүгт шуудуу ухсан, шуудууны зүүн хэсэг болон шуудуунд дотор харуул хамгаалалтын ажилчид, шуудууны баруун хэсэгт энгийн хувцастай хэсэг хүмүүс болон улсын харцага Г, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ж нар зогсох ба улсын харцага Г хүрэмний халаасандаа гараа хийсэн, Д.Ж түүний баруун гараас зөөлөн татаж хориглох үйлдэл хийж байх ба шуудууны эсрэг талд хохирогч О.Х газарт нуруу хэсгээрээ хэвтсэн, түүний дараа босч зүүн гараараа амаа арчих үйлдэл хийж байв...” гэжээ. /xx-156-р тал/,

Шинжээч эмч Ц.О-Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Уруулын хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтлийг хүн өөрөө хазаж үүсгэх боломжгүй, гадны нөлөөллөөр үүснэ. Харин уруулын дотор салстын язарсан шарх гэмтлийг өөрөө хазаж үүсгэх боломжтой. Дээрх гэмтлүүд бүгд тус тусдаа хөнгөн гэмтэл, мөн бүгд нийлээд хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна...” гэжээ. /xx-45-р тал

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 4342 тоот дүгнэлтэнд: “...Хын биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-40-р тал/

Шүүгдэгч Г.Гийн хувийн байдалтай  холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/,  ял шалгах хуудас / хх-61/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын хашааны гадна талбайд ТОП бүлэг харуул хамгаалалтын албаны ажилтан О.Хыг “барилгын ажилд саад боллоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹4342 тоот дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна

Г.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна.

Иймд шүүгдэгч Г.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Г.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн 1810010370359  дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч О.Х нь гомдол саналгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Г-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г-н Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5 Шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ