Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 732

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2016/00732

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Майхан паркийн хашаа, 4 гудамж, 103 тоотод оршин суух, 55 настай, эрэгтэй, Жалайр овогт Сэдэдийн Жанчивдорж /РД:НЩ61012778/-ийн

          Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өндөр насны тэтгэвэрт гаргах гэсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнээс болоод өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Би Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн Хадлан бригадад тракторчнаар 1978 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрүүдэд, 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Иймд холбогдох баримтыг үндэслэн намайг Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн Хадлан бригадад тракторчнаар 1978 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрүүдэд, 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

         Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

        Нэхэмжлэгч С.Жанчивдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

     С.Жанчивдорж нь Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн Хадлан бригадад тракторчнаар 1978 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, тус сумын Залуучууд ХК-д тракторчнаар 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ.

       Үүнд: 1. Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаартай, Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал /улсад анх ажилласныг 1978 оны 8 дугаар сарын 10-ны өдөр/. /хх-4/

     2. Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 511 дугаартай, Тракторч, комбайнчдад нэмэгдэл хөлс олгох тухай тушаал /хх 5-6/,

       3. Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 279 дугаартай, Тракторч, комбайнчдад нэмэгдэл хөлс олгох тухай тушаал /хх 7-8//,

      4. Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 283 дугаартай, Тракторч, комбайнчдад нэмэгдэл хөлс олгох тухай тушаал /хх 9-10/,

      5. Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 296 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх 11-12/,

      6. Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 299 дугаартай, Тракторч, комбайнчдад нэмэгдэл хөлс олгох тухай тушаал /хх 13-14/,

       7. Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 202 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх 15-16/,

      8. Төв аймаг, Цээл сумын Залуучууд ХК-ийн Ерөнхий захирлын 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаартай, Ажилд томилох тухай тушаал /хх 17-18/,

 

9. Төв аймаг, Цээл сумын Залуучууд ХК-ийн Ерөнхий захирлын 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 111 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх 19-20/,

     10. Төв аймаг, Цээл сумын Залуучууд ХК-ийн Ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх 21-22/,

      11. Гэрч: Д.Мөнхдоржийн Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн Хадлан бригадад 1980 оны 3 дугаар сард очиход С.Жанчивдорж нь тус Хадлан бригадын 1 дүгээр салонд 50 тракторын тракторчин байсан. Тэгээд намайг 1994 оны 12 дугаар сард ажлаасаа гарахад С.Жанчивдорж нь тус бригадад тракторчнаар ажиллаад үлдсэн. С.Жанчивдорж нь аймаг, сумын аврагаар шагнагдсаны дараагаар шинэ 82 трактор барьдаг болсон. Тэгээ би 1995 оны 12 дугаар сараас хот руу шилжиж амьдрах болсон. С.Жанчивдорж нь одоо ч бас Цээл суманд хувиараа хадлан хадаж байгаа талаар тус суманд амьдардаг хүүгээсээ сонсож ирсэн гэх мэдүүлэг /хх-38/,

       12. Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 546 тоот С.Жанчивдоржийн 1987-1994 он хүртлэх цалингийн түүвэр /хх-55/,

       13. Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1982 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн 292 дугаартай, Ээлжийн амралт эдлүүлэх тухай тушаал /хх 58-59/,

      14. Төв аймаг, Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 468 дугаартай, Ээлжийн амралт эдлүүлэх тухай тушаал /хх 60-61/

        Нэхэмжлэгч С.Жанчивдорж нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн Хадлан бригадад 1978 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, тракторчнаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу Залуучууд сангийн аж ахуйн нь татан буугдаж, Залуучаад хувьцаат компани болон зохион байгуулагдсанаас болж тус сумын Залуучууд ХК-д тракторчнаар 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг 1978 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 1992 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Жанчивдорж нь Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн Хадлан бригадад тракторчнаар 1978 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, тус сумын Залуучууд ХК-д тракторчнаар 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажилласныг тогтоож, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаарС.Жанчивдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.6-д заасныг баримтлан Жалайр овогт Сэдэдийн Жанчивдоржийн Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйн Хадлан бригадад тракторчнаар 1978 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, тус сумын Залуучууд ХК-д тракторчнаар 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тракторчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Жанчивдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.АЛТАНТУУЛ