Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2024/00008

 

 

 

 

 

 

 

     2024          4              11                                                   223/МА2024/00008

 

 

 

Д.Б, Д.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2024/00032 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ................................................................ гэх газарт оршин суух, Манчир овогт Д.Б, 

Нэхэмжлэгч: ......... аймаг, ................. сум ................... баг .................. гэх газарт оршин суух, А................. овогт Д.Д нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ..........аймаг, .......... сум ............ баг, ............. хотхон, ...........-р байр, ............... тоотод оршин суух, Б......................овогт Ч.Н,

Хариуцагч: ................... аймаг, .................. сум, .................. баг ...................., ...... дүгээр байр ............ тоотод оршин суух, Ч............ овогт Д.Н нарт холбогдох

Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0172, 0173, 0174, 0175 дугаарт бүртгэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл болон өвлөх эрхийн  гэрчилгээ,

Төв аймгийн тойргийн нотариатч Ч.Нийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0292 дугаарт бүртгэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, гуравдагч этгээд Д.Тгийн өмгөөлөгч Б.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

Гуравдагч этгээд Д.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нотариатын үйлдлийг болон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр дэмжсэн. Үүнд:

 Манчир овогт Д.Б /НЗ61071097/, Адууч овогт Д.Д /НЗ62111066/ бид гэр бүл зохиож эцэг эхээс өвлөж авсан мал аж ахуйгаа эрхлэн ажиллаж амьдардаг. Бид 4 хүүхэдтэй болсон бөгөөд хүүхдүүд маань бидэнтэй өсөж гэр бүл зохиоцгоосон. Харин дунд хүү Баттулга овогтой Цэрэндүгээ маань малчин болж гэр бүл зохиож бидэнтэй хамт амьдарч мал аж ахуй эрхэлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан юм. Манай хүүхдүүд болон дүү нарын мал хамтдаа талийгаач хүүгийн нэр дээр тоологдон бидэнтэй хамт малладаг байсан юм. Бидний аж байдлыг нутгийн иргэд болон баг, сумын удирдлагууд бүгд мэдэж гэрчилнэ. Мөн хүүдээ бид байр, машин, хашаа байшин, үнэт эдлэлүүд авч өгч байсан. Бидэнтэй хамт амьдарч байсан тул бид өв нээгдэхэд өвлөх эрх маань нээгдэж бэр болон ач нартайгаа ярилцаад шийднэ гэж байтал гэнэт биднийг шүүхэд дуудсан бөгөөд бэр маань хөрөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан байсан. Үүнийг мэдээд бид ч бас өвлөх эрхтэй өв нээлгэмээр байна гэтэл Д.Т дээр өв нээгдсэн тул дахин бидний нэр дээр өв нээх боломжгүй гэж нотариатчид тайлбар өгсөн.

Уг нь Д.Тг нотариатчид анх очиход эрх, үүргийг нь тайлбарлан, эрх зүйн үр дагаврыг нь хангалттай тайлбарлан өгсөн байдаг. Гэвч өөр өвлөгч байгаа эсэхийг хэлээгүй, мөн хангалттай шалгаж тогтоогоогүй. Нотариатчид өв нээхдээ өв хүлээн авах бүх хүмүүсээс асууж лавлах ёстой байтал бидэнд ч огт мэдэгдээгүй. Багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслээд өгсөн байдаг. Багийн засаг даргаас асуухад өрхийн мэдээллийн сангийн программ дахь өрхийн мэдээллийг л гаргаж өгсөн түүнээс хэнтэйгээ амьдарч байсан тухай мэдээлэл гаргаж өгөөгүй гэсэн тайлбарыг мөн Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Д.Тгийн нэхэмжлэлтэй бидэнд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож энэ тухайгаа хэлсэн байдаг. Д.Т ч үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэтэл төрсөн эцэг эх нь байсаар байтал бидэнд мэдэгдээгүй 2 өөр нотариатад очиж хөрөнгүүдийг хуваан өв нээлгэсэн байдаг. Бид хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд хүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөөс өвлөх тухай хүсэлтээ Монголын нотариатчидын танхимд гаргасан боловч түүний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг Д.Тд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон талаарх лавлагааг ирүүлж шүүхэд маргаан үүссэн тул бидэнд өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй тухай тайлбар өгсөн тул бид 4 дүгээр сарын 27-ны өдөр нотариатчидын үйлдлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ч нотариатын танхимаас нотариатчидын үйлдлийг хүчингүй болгох боломжгүй шүүхэд хандана уу гэсэн албан бичиг өгсөн юм.

Иймээс өв залгамжлалын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийг гаргаж байна. Малаа одоог хүртэл бид 2 маллаж байгаа, харин бэр Д.Т нь данс дахь мөнгийг нь авсан, авто машиныг нь өв нээлгэсэн өдрөө өөр рүүгээ шилжүүлэн авсан, орон сууц түүний нэр дээр, хашаа байшинг авсан цагаас нь хойш бидний охин Баттулгын Мөнгөнчимэг харж хандаж байгаад 2022 оны 10 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар нүүсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж хуульчилсан. Бид ойлголцоод шийдэх гэж нэлээдгүй хугацаа зарцуулсан боловч асуудал шийдвэрлэгдээгүй, мөн тус өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг бидэнд мэдэгдэлгүй Д.Тд олгосноор бидний өвлөх эрхийг хязгаарлаж байгаа тул Төв аймгийн тойргийн нотариатч асан Д.Нын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэлийн 172-175 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, мөн тойргийн нотариатч Ч.Нийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн 292 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ ойлгосон бүртгэл шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү.

Ингэснээр өв хүлээн авах ёстой өвлөгчид шударгаар өвлөх эрхийн гэрчилгээг авч түүнийг үндэслэн өв хүлээн авах эрх үүсэх юм. Өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгосноор хууль ёсны өвлөгчдийн зөрчигдсөн эрх сэргэж нийт өвлөгчид дахин нотариатаар гэрчлүүлж шударгаар өвөө хувааж өвлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажуулах боломж бүрдэх юм. Иймд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан хүү Баттулгын Цэрэндүгээгийн өвлөгдөх эд хөрөнгийг Д.Т, Ц.Амгаланбаатар, Ц.Гэрэлмаа, Ц.Ариунбаатар нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Ч.Н, нотариатч асан Д.Н нарын үйлдлийг хүчингүй болгуулах, уг үйлдлүүдийн үр дүнд бий болсон 0292, 0172, 0173, 0174, 0175 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

2.Хариуцагч Д.Нын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Үүнд:

Монгол улсын Иргэний хууль, Нотариатын тухай хууль, холбогдох журмуудыг баримтлан хууль ёсны эхнэр болох Д.Тд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн үед нэхэмжлэл гаргасан 2 хүний аль нь ч хүсэлтээ гаргаагүй байсан учраас би өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон. Иймд энэ хэргийн хариуцагч би биш" гэжээ.  

3.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: "...Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Үүнд:

2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан иргэн Б.Цгийн мал хөрөнгө болох 4 төрлийн 1547 толгой мал, нийт үнэ 186,650,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр /Өв залгамжлал №292 тоот/ өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны эхнэр Д.Т /НЭ88112864/ болон түүний охин Ц.Гэрэлмаа/Н314322004/, хүү Ц.Амгаланбаатар /H308321613/, хүү Ц.Ариунбаатар /Н320212131/ нарын нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Тухайн үед өвийн программаас 3 янзаар шүүх үзэхэд, хүсэлт гаргасан өвлөгч гарч ирээгүй болохоор татгалзах үндэслэл байхгүй байсан тул өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Иргэний хуулийн 528.1, 528.2, 528.3, 528.4, 528.5 дугаар зүйлүүдэд тодорхой заасан. Нотариатч миний бие эдгээр хүмүүстэй ямар нэг харилцаа холбоо байхгүй, хуульд заасны дагуу ажлаа хийсэн. Иймд би энэ хэргийн хариуцагч биш учраас хариуцагчийг сольж өгнө үү” гэжээ.

4.Гуравдагч этгээд Д.Тгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Өвлүүлэгч Б.Цг нас барах үедээ гэр бүлийн гишүүд болох Д.Т, Ц.Амгаланбаатар, Ц.Гэрэлмаа, Ц.Ариунбаатар нарын хамт амьдарч байсан. Бид өвлүүлэгчийг нас барснаас хойш өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн. Нэхэмжлэгч Д.Б, Д.Дарьсүрэн нар нь өв нээлгэх хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй. Нотариатч Ч.Н, Д.Н нар Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иймд нэхэмжлэгч Д.Б, Д.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

5.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хууль зүйн дүгнэлтээ тодорхой хэлмээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бэ? нотариатч нар хууль зөрчсөн зүйл байхгүй. Нотариатч нь өв нээх гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хуулийн шаардлага хангасан байна уу гэдгийг нь бид ярилцах ёстой. Тэгэхэд нэхэмжлэгч тал тийм хуулийн үндэслэл хэлэхгүй байна. Нотариатын тухай хуульд өв нээхэд тусгай зохицуулалттай. Энэ дээр юу юу байгаа вэ гэдгийг нотариатч харсан л байх. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслээд Иргэний хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Үүн дээр ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Үйлдэл хийх заавар зөрчсөн зүйлгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т "...Өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу, эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг сумын Засаг даргад өв хүлээн авах хүсэлт гаргасан.." гэх 2 ойлголт байна. Иймд нэхэмжлэгч тал эхний ойлголтоор буюу өвийг хүлээн авсан. Харин гуравдагч этгээд өвлөх эрхийн гэрчилгээ авчихсан. Хуулийн 2 ойлголт аль аль талд нь байна. Тэгэхээр манайд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээ өв хүлээн авсан талын ямар эрх ашгийг зөрчөөд байгаа юм бэ?

Эд хөрөнгийн тухай ярихад нэхэмжлэгч тал өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нэг жилийн дотор гаргах ёстой. Дээрээс нь эд хөрөнгийг эрхлэн удирдсан байх ёстой. Дээрх 2 шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэгч тал эд хөрөнгө буюу хашаа байшин, машин, хадгаламжаас өөрт ногдох хувийг өвлөх эрхээсээ татгалзсанд тооцогдоно. Тэгэхээр энэ дээр малын өвийн асуудал л яригдана. Нэгэнт нэхэмжлэгч тал өв хүлээн авахаас татгалзсан тул өв нээх гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл зөв. Харин нэхэмжлэгч тал хуульд зааснаар малыг хүлээн авчихсан байж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хэргийг сунжруулах байр суурьтай байна. Бид нар нэхэмжлэгч талыг өөрт ногдох хэсгийг ав л гэж байгаа шүү дээ. Өөрт ногдох хэсэг гэдэгт тайлбар хэлэхэд талийгаач Б.Ц, эхнэр Д.Т, мөн түүний 3 хүүхэд байна. Үүн дээр Д.Б, Д.Д нарыг нэмээд шууд долоод хуваана гэж яриад байдаг юм. Шууд долоод хуваагдахгүй шүү дээ. Яаж хуваах вэ гэхээр энэ хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн буюу 5 хүний хөрөнгө, энэ 2 хүнд хэний өв очих вэ гэхээр зөвхөн өрхийн тэргүүний ногдох хэсэг буюу 5/1-ээс ногдох хувь нь л очно. 5/1 хувь нь дахин зургаад хуваагдаж байж Д.Б нарт ногдох хэсэг гарна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

6.Анхан шатны шүүх: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нын 0172, 0173, 0174, 0175 дугаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Ч.Нийн 0292 дугаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н, Ч.Н нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

7.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нийн давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.  Үүнд:

1.Хууль зөрчиж бус хуульд нийцүүлж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Хууль ёсны эхнэр, хүүхдүүдэд нь /насанд хүрээгүй/ өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. Нотариатын тухай хуулийн 43-р зүйлийн 43.3-т "Өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно" гэж заасан хуулийн шаардлагыг нотариатч Д.Н, Ч.Н нар зөрчсөн гэж үзлээ гэжээ. Хуулийн энэхүү заалт нь өвлөхөөс татгалзсан тохиолдолд хэрэглэх ёстой байдаг.

2.Нотариатч Ч.Н миний хувьд цахим өвийн лавлагаа авсан. /хх-ийн 36 дугаар хуудас/ Хуульд ч хувь хүний нууцтай холбоотой гэж үзээд татгалзсан тохиолдолд бидний хийх ёстой ажиллагааг зохицуулж өгсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талийгаач Б.Цгийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан байхад 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өвлөх эрхийн гэрчилгээг олгоно гэсэн үг. Энэхүү хугацаанаас өмнө гэрчилгээ олгогдсон бол хүчингүй болгох үндэслэлтэй юм. Бидний хувьд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өв эрхийн гэрчилгээнүүд нь хуулиар бол 1 жил өнгөрсний дараа олгогдсон юм.

Иймд хуулийн буруу заалт буюу Нотариатын тухай хуулийн 43-р дугаар зүйлийн 43.3-т, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар шийдвэрлэсэн хэргийг хянан үзэж, зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

8.Гуравдагч этгээд Д.Тгийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн давж заалдах гомдолд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Б.С нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т "Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нын 0172, 0173, 0174, 0175 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Ч.Нийн 0292 дугаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Боржигон овогт Баттулгын Цэрэндүгээ нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан. Гуравдагч этгээд Д.Т, талийгаач Б.Ц нар 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Ц.Амгаланбаатар, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Ц.Гэрэлмаа, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ц.Ариунбаатар нарыг төрүүлж, Төв аймгийн Баянцагаан сум, 1 дүгээр баг, Өлзийт гэх газар хамт амьдарч байсан. Харин нэхэмжлэгч буюу Б.Цгийн аав Д.Б, Д.Д нар тусдаа буюу айл саахалт мал маллаж амьдарч байсан. Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд 1547 тооны мал, бусад эд хөрөнгүүд үүссэн. Талийгаач Б.Цг нас барсан буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1 /нэг/ жилийн дараа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн тойргийн нотариатч Д.Н 0172, 0173, 0174, 0175 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн тойргийн нотариатч Ч.Н 0292 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг тус тус бичиж өгсөн.

Нотариатч нар өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг баримтлан олгох ёстой. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар "Дор дурдсан этгээд хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, 520.1.1-д "нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх" гэж зааснаар өвлөх эрхтэй боловч тус хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар "Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ" гэж тус тус заасан. Талийгаач Б.Ц нь ам бүл 5-уулаа, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Айл саахалт буюу нэхэмжлэгч нартай ойролцоо амьдардаг гэдэг нь тэднийг хамт амьдардаг гэж үзэх боломжгүй юм. Иймд өв хүлээн авагч Д.Б, Д.Д нар нь өв хүлээн авах хүсэлтээ Иргэний хуульд зааснаар нэг жилийн дотор гаргах байсан боловч гаргаагүй.

Харин өвлөгдөх эд хөрөнгө болох 1547 тооны малыг Д.Б, Д.Д нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан...учир нь дээрх хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг хүлээн авах эрхтэй. Тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Д.Тгийн нэхэмжлэлтэй Д.Б, Д.Д нарт холбогдох өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ гаргуулах өөр иргэний хэрэгт тэдний өвлөгдөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Б, Д.Д нар нь Төв аймгийн Баянцагаан сум, 1 дүгээр баг, Өлзийт тоот хаягт оршин суудаг болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхээр тогтоогдож байхад талийгаачийн эхнэр, хүүхдээс өөр өвлөгч байгаа эсэхийг нотариат тодруулаагүй, мөн шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Д.Б, Д.Д нарыг талийгаач Б.Цг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй. Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-т “Гэрчилгээ олгох хүсэлт гаргасан бөгөөд өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно" гэж заасан.

Шүүх хуралдаанд талуудаас гаргасан мэдүүлгээр "өөр өвлөгч байгаа эсэх"-ийг нотариатч Ч.Н, Д.Н нар тодруулаагүй нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-т нийцэхгүй гэж...мөн Нотариатч Ч.Нээс талийгаач Б.Цг Төв аймаг, Баянцагаан сум, 1 дүгээр багт оршин сууж байсан болохыг нотолж ирүүлсэн албан бичиг юу гэж бичигдсэн болох нь уншигдахгүй... тухайн баримтыг үнэлэх боломжгүй гэж тус тус дүгнэсэн байна.

Шүүх Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-т заасан “...өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол..." гэдэг нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан буюу нэг жилийн хугацаанаас өмнө өв нээх, өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар зохицуулалтыг шүүх тухайн тохиолдолд хэрэглэх мэтээр буруу дүгнэсэн. Мөн хэрэгт чухал ач холбогдол бүхий багийн засаг даргын тодорхойлолт нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байхад тус тодорхойлолтыг үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Талийгаач Б.Ц нь эхнэр, хүүхдүүдийн хамт тусдаа амьдардаг болох нь тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байхад тэднийг хамт амьдардаг гэж дүгнэсэн нь буруу юм. Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2024/00032 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

9.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Т нь нотариатч Д.Нт хандан өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргахад мал гарч ирсэн. Малыг хэн маллаж байгаа талаарх яриа өрнөсөн. Өөрт нь мал байхгүй учир энэ хэсгийг орхиод бусад өвийн гэрчилгээг гаргуулсан. Дараа нь нотариатч Ч.Нт хандаж малыг өвлөх хүсэлт гаргасан байна. Нотариатч Ч.Н нь Д.Нын адил шаардлагыг тавих ёстой байсан. Нотариатч бүхий л үйл ажиллагаандаа хуульд заасан зарчмыг баримтлах ёстой. Өрхийн бүртгэлийн тухай ярьж байна. Нэхэмжлэгч нар хүүхдүүд болон эхнэрт нь өв нээсэн талаар маргаагүй. Харин бид бас өвлөх эрхтэй хүмүүс юм. Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо бидний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр маргаж байгаа. Талийгаач Б.Ц нь мал ахуйгаа маллаж хөдөө амьдардаг, харин эхнэр нь хүүхдүүдтэйгээ суманд эсвэл аймгийн төвд амьдардаг байсан. Энэ хугацаанд нөхөр нь ганцаараа аав ээжийнхээ хамт малаа маллаж байсан. Гуравдагч этгээд нь айл саахалт байсан гэж яриад байна. Айл саахалт гэж мал ахуйгаа хүртэл тусдаа маллаж амьдрахыг хэлнэ. Гэтэл эдгээр хүмүүсийн мал ахуй нь тусдаа биш байсан. Багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслээд өөр өвлөх хүн байхгүй гэж нотариатч нар үзэж байгаа нь өрөөсгөл ойлголт тул шалгах ёстой үйлдлээ хийлгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, гуравдагч этгээд Д.Тгийн өмгөөлөгч Б.С нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалт ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар нэхэмжлэлийн шаардлагаа “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан хүү Б.Цгийн нэр дээр бүртгэлтэй байсан “хүний, өөрийн нийлсэн” нийт 1547 толгой малыг эхнэр Д.Т, ач хүү Ц.Амгаланбаатар, охин Ц.Гэрэлмаа, хүү Ц.Ариунбаатар нарын нэгэн адил өвлөх эрхтэй. Учир нь Д.Т хүүхдүүдийн хамт суман дээр байдаг, Б.Ц малаа бидний хамт маллан хамт амьдардаг байсан. Бид өнөөдрийг хүртэл хугацаанд малыг маллаж байхад Төв аймгийн тойргийн нотариат Д.Н, Ч.Н нар өөр хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг лавтай сайн шалгаж үзэлгүй 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0172, 0173, 0174, 0175 дугаарт, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0292 дугаарт бүртгэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосоныг хууль бус гэж үзэж байгаа тул нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлээр дэмжсэн.

Хариуцагч Ч.Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзахдаа “...Тухайн үед өвийн программаас 3 янзаар шүүж үзэхэд өв хүлээн авах хүсэлт гаргасан болон гэрээслэлээр өвлөгч этгээд гарч ирээгүй. Засаг даргын тодорхойлолтод нэхэмжлэгч нарыг хамт амьдарч байсан гэж бичээгүй байсан. Иймд нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүй тул Б.Ц, Д.Т нарын гэрлэлтийн баталгаа, хүү Ц.Амгаланбаатар, охин Ц.Гэрэлмаа, хүү Ц.Ариунбаатар нарын төрсний гэрчилгээ, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул хууль зөрчөөгүй...” гэж маргасан.

Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзахдаа “...хууль ёсны эхнэр болох Д.Тд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Нэхэмжлэл гаргасан хоёр хүний аль нь ч өвлөх хүсэлт гаргаагүй байсан. Иймд энэ хэргийн хариуцагч биш..." гэж маргасан.

Гуравдагч этгээд Д.Т хариуцагч талыг дэмжсэн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “...өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь хуульд нийцсэн. Бид өвлүүлэгчийг нас барснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хуулийн хугацаанд гаргаагүй байсан тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэж байна...” гэж тайлбарласан.

Харин зохигчид талийгаачийн эцэг Д.Б, эх Д.Д, эхнэр Д.Т, хүү Ц.Амгаланбаатар, охин Ц.Гэрэлмаа, хүү, Ц.Ариунбаатар нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д заасан хууль ёсны өвлөгч мөн эсэх талаар болон өвлөх эрхийн гэрчилгээнд заасан хөрөнгүүд талийгаач Б.Цгийн нэр дээр бүртгэлтэй байсан эсэх талаар маргаагүй байна.

  1. Нотариатч Д.Н, Ч.Н нар гуравдагч этгээд Д.Тд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хуульд нийцсэн эсэх үйл баримтын талаар:

Хариуцагч Д.Н, Ч.Н нар нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүй, хууль болон нотариатын үйлдэл хийх зааврын дагуу холбогдох баримт бичгийн үнэн, зөвийг нягталж шалгасан гэж маргаж байгаа тул нотолгооны үүргийн хуваарьлалтын дагуу татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар няцааж мэтгэлцэх үүрэг хүлээж байна.

Нэхэмжлэгч Д.Б, Д.Д нарын дундаас төрсөн хүү Б.Ц нь Д.Ттэй гэр бүл болж, 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Ц.Амгаланбаатар, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Ц.Гэрэлмаа, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ц.Ариунбаатар нар төрсөн, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Ц нас барсан, талийгаач Б.Цгийн өмчлөлд “Төрийн банк” ХК-ийн 310600015013 тоот дансан дахь 2,374,058,82 төгрөг, Тоёота Приус маркийн 69-06 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг Ланс Хийд 7 гудамж 01 тоот, 40 м.кв хувийн сууц, 573 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэлтэй байсан нь Төрийн банкны малчны харилцах 310600015013 тоот дансны харилцагчийн хуулга, 02437486 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 000240547 дугаар гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 000283416 дугаар гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, төрсний болон нас барсаны гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. 

4.Төв аймгийн тойргийн нотариатч Д.Н, Ч.Н нар Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1.-д “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4, 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна” гэж заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг гуравдагч этгээд Д.Т хангасан, нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөвийг нягталж шалгасны үндсэн дээр нотариатын үйлдэл хийхийг үүрэг болгож хууль, журамд заажээ.

Өөрөөр хэлбэл, нотариатч нь өв нээгдсэн газрыг зөв тогтоосноор нотариатын үйлдэл хийх тойрог болон Б.Цг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүд зөв тодорхойлогдох болно.

Мөн гэрээслэлээр болон хууль ёсны өвлөгч өв хүлээн авсан, өвлөхөөс татгалзсан, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, өвлөгдөх хөрөнгийн талаар маргаан байгаа эсэх үйл баримтыг шалгасан, хүсэлт гаргасан өвлөгчөөс өгсөн бичиг баримтын үнэн, зөвийг нягталсан тохиолдолд нотариатын үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болох юм.

5.Хэргийн үйл баримтаас үзвэл, хариуцагч Ч.Н нь талийгаач Б.Цгийн өмчлөлд буюу мал тооллогын А дансанд бүртгэгдсэн 4 төрлийн нийт 1547 толгой малыг гуравдагч этгээд Д.Т өвлөх хүсэлт гаргасныг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0292 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Төв аймаг Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Б.Ц нь Баянцагаан сум Өлзийт 1 дүгээр багт бүртгэлтэй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д "өвлүүлэгчийн нас барах хүртэл хамт амьдарч байсан өвлөгч" эхнэр Их шавийн Дархан овогт Дулмаагийн Тогтохсүрэн, хүү Боржигон овогт Цэрэндүгээгийн Амгаланбаатар, охин Ц.Гэрэлмаа, хүү Ц.Ариунбаатар нар байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т "өвлүүлэгчийн нас барахаас өмнө 1-ээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн Ц.Амгаланбаатар, Ц.Гэрэлмаа, Ц.Ариунбаатар” гэсэн тодорхойлолтыг үндэслэл болгосон, нотариатын нэгдсэн программаас 3 янзаар хайлт хийж үзэхэд, гэрээслэл болон бусад өвлөгчөөс ямар нэг хүсэлт ирүүлсэн, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон зүйл байгаагүй гэж тайлбарлажээ.

Нотариатын үйлдэл хийх зааврын найм дахь заалтад өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо үндэслэл болгох баримт бичгийг дурьдсан. Үүнд:

Энэ зааврын 8.2.11 дэх хэсэгт өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтод /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/ тусгасан байхыг заасан.

Харин Төв аймаг Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолтод талийгаач Б.Ц, гуравдагч этгээд Д.Т, хүү Ц.Амгаланбаатар, охин Ц.Гэрэлмаа, хүү Ц.Ариунбаатар нарын амьдарч байсан хугацааг тодорхойлоогүй, гуравдагч этгээд Д.Тгийн бүрдүүлж өгсөн уг баримтын үнэн, зөвийг нягталж шалгасан /асууж тодрууласан гэх мэт үйлдэл хийсэн/ эсэхээ баримтаар нотлоогүй байгаа тул нотариатчийг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д "Нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах” гэж заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

6.Мөн хариуцагч Д.Н талийгаач Б.Цгийн өмчлөлд бүртгэлтэй байсан “Төрийн банк” ХК-ийн 310600015013 тоот дансанд 2,374,058,82 төгрөг, Тоёота Приус маркийн 69-06 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг Ланс Хийд 7 гудамж 01 тоот 40 м.кв талбайтай, хувийн орон сууц, Төв аймаг, Зуунмод сумын 2 дугаар баг Хийд 7 гудамж 1 тоот, 573 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0172, 0173, 0174, 0175 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо нотариатын нэгдсэн программаас шүүлт хийж шалгасан гэж тайлбарласан байх ч энэ талаарх баримт хэрэгт огт авагдаагүй, ямар баримт бичгийг үндэслэн бүрдүүлбэр хангасан гэж үзэж нотариатын үйлдэл хийсэн нь тодорхойгүй байгаа тул Нотариатын үйлдэл хийх зааврын хоёр дахь заалтын 2.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

7.Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т зааснаар нотариатч Ч.Н гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0292 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, нотариатч Д.Н гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0172, 0173, 0174, 0175 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, хавтаст хэргийн 32, 151 дугаар хуудсанд авагдсан Төв аймаг Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1., 44.2-т заасан шаардлагыг хангасан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан уг баримтын талаар "...Нотариатч Ч.Нээс талийгаач Б.Цг Төв аймгийн Баянцагаан сум, 1 дүгээр багт оршин сууж байсан болохыг нотолж ирүүлсэн албан бичиг нь юу гэж бичигдсэн болох нь уншигдахгүй, мөн түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Төв аймаг Баянцагаан сум Өлзийт 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн нь өмнөх тодорхойлолтын бичгийн хэвтэй таарахгүй зэрэг нөхцөл байдлаас тухайн баримтыг үнэлэх боломжгүй..." гэх ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1., 40.2. дахь заалтад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын үйл баримтууд нь харилцан хамаарал бүхий боловч нэхэмжлэлийн шаардлагууд хууль зүйн хувьд тусдаа ойлголт байхад анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "...нэгэнт өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн тул үйлдлийг давхардуулан хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн тул өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас "нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах" гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно..." гэсэн дүгнэлт хийсэн. Мөн үүсэх үр дагаварын логик дараалал алдагдсан дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болсон тул давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

8.Нотариатч Ч.Н гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0292 дугаарт бүртгэн олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатч Д.Н гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0172, 0173, 0174, 0175 дугаарт бүртгэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ нь бусад хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн эсэх үйл баримтын талаар:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б, Д.Д, гуравдагч этгээд Д.Т, хүү Ц.Амгаланбаатар, охин Ц.Гэрэлмаа, хүү, Ц.Ариунбаатар нар талийгаач Б.Цгийн хуваарьт болон гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс ногдох хэсгийг адил хэмжээгээр өвлөн авах тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгчид болох нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтуудаар тогтоогдсон ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

9.Нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар талийгаач хүү Б.Цгийн нэр дээр бүртгэлтэй байсан 1547 толгой малыг өнөөдрийг хүртэл хугацаанд маллаж Баянцагаан сум Өлзийт 1 дүгээр багт нутаглан амьдарч байгаагаа иргэний үнэмлэхний лавлагаа, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болохоо талийгаач хүү Б.Цгийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Хүрэлбаатарын мэдүүлгээр тогтоогдсон боловч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж заасан гэр бүлийн гишүүд болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар талийгаач хүү Б.Цгийн нэр дээр бүртгэлтэй байсан 1547 толгой малыг өнөөдрийг хүртэл маллаж байгаа талаар гуравдагч этгээд Д.Т маргаагүй ба гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс талийгаач Б.Цд ногдох хэсгээс оногдвол зохих хэсгийг нэхэмжлэгч Д.Б, Д.Д нарт олгоход татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар өвийг эзэмдэн авсан байх тул өвлөхөөс татгалзсан гэж үзэхгүй.

Иймд нотариатч Ч.Н гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0292 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч Д.Б, Д.Д нарын өвлөх эрхийг хязгаарласан тул сэргээх нь зүйтэй байна.

10.Мөн Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2.-т заасны дагуу хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоход Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., Нотариатын үйлдэл хийх зааврын наймд заасан баримтыг үндэслэл болгохоор заасан.

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч нарын үйлдэл хуульд нийцээгүй  болох нь дээрх үйл баримтаар тогтоогдсон гэж үзсэн тул нотариатч Ч.Н гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0292 дугаарт бүртгэн 1547 толгой малыг өвлөх, нотариатч Д.Н гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0172 дугаарт бүртгэн “Төрийн банк” ХК-ийн 310600015013 тоот дансанд 2,374,058,82 төгрөг өвлөх, 0173 дугаарт бүртгэн Тоёота Приус маркийн 69-06 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл өвлөх, 0174 дугаарт бүртгэн Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг Ланс Хийд 7 гудамж 01 тоот 40 м.кв талбайтай, хувийн орон сууц өвлөх, 0175 дугаарт бүртгэн Төв аймаг, Зуунмод сумын 2 дугаар баг Хийд 7 гудамж 1 тоот, 573 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар өвлөх эрх олгосон гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. 

11.Харин зохигчид өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан хугацаанаас өмнө олгосон эсэх, өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан эсэх талаар маргаагүй байхад анхан шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...20.Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-т “гэрчилгээ олгох эсэх хүсэлт гаргасан бөгөөд өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно” гэж заасан. 21.Шүүх хуралдаанд талуудаас гаргасан мэдүүлгээр “өөр өвлөгч байгаа эсэх”-ийг нотариатч Ч.Н, Д.Н нар тодруулаагүй нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-т нийцэхгүй гэж үзлээ... 23. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-т зааснаар өөр өвлөгч байхгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар нь өвийг хуульд зааснаар хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт нь хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болсон.

Мөн шүүхийн шийдвэрийн 1 дэх заалт нь утга найруулгын хувьд ойлгомжгүй, ямар өвийн өвлөх эрхийг олгосон гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байгаа тул шийдвэрийг биелэгдэх боломжтой болгох үүднээс өөрчлөн найруулсан болно.

12.Хариуцагч Д.Н, Ч.Н нар хамтран хариуцагчид биш байхад анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан гаргахдаа “...хариуцагч Д.Н, Ч.Н нараас 70,200 төгрөг гаргуулж...” гэж шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул хариуцагч Д.Наас 70,200 төгрөг, хариуцагч Ч.Нээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг өөрчлөв.

13.Иймээс давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Н, Ч.Н, гуравдагч этгээд Д.Тгийн өмгөөлөгч Б.С нарын гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай...” агуулга бүхий давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

14.Хариуцагч Д.Н, Ч.Н нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн тул 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар гаргуулж улсын орлогод оруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Н, Ч.Н нарын төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд Д.Тгийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2024/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нын 0172, 0173, 0174, 0175 дугаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Ч.Нийн 0292 дугаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 520 дугаар зүйлийн 520.1.1., Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг баримтлан нотариатч Ч.Нийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0292 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, нотариатч  Д.Нын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0172, 0173, 0174, 0175 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцож,

Нотариатч Ч.Н гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0292 дугаарт бүртгэн 1547 толгой малыг өвлөх, нотариатч Д.Н гуравдагч этгээд Д.Тгийн хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0172 дугаарт бүртгэн “Төрийн банк” ХК-ийн 310600015013 тоот дансанд 2,374,058,82 төгрөг өвлөх, 0173 дугаарт бүртгэн Тоёота Приус маркийн 69-06 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл өвлөх, 0174 дугаарт бүртгэн Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг Ланс Хийд 7 гудамж 01 тоот 40 м.кв талбайтай, хувийн орон сууц өвлөх, 0175 дугаарт бүртгэн Төв аймаг, Зуунмод сумын 2 дугаар баг Хийд 7 гудамж 1 тоот, 573 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай” гэж,

2 дахь заалтад “...хариуцагч Д.Н, Ч.Н нараас 70,200 төгрөг гаргуулж...” гэснийг “...хариуцагч Д.Наас 70,200 /далан маянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч Ч.Нээс 70,200 /далан маянга хоёр зуу/ төгрөг гаргуулж...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Н, Ч.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Н, Ч.Н нарын төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, гуравдагч этгээд Д.Тгийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн төлсөн 70,200 /далан маянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.ЦЭРЭНХАНД

 ШҮҮГЧИД                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                      З.ТҮВШИНТӨГС