| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 151/2023/00015/И |
| Дугаар | 223/МА2024/00009 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 223/МА2024/00009
2024 4 11 223/МА2024/00009
Д.Д, Д.Б нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2024/00072 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ............... аймаг, ............... сум, ................. баг, ................... ................... гудамж, 01 тоотод оршин суух С............... овогт Д.Д,
Нэхэмжлэгч: .................. хот, .........................., .......... дугаар хороо ........... гудамж ............. тоот хаягт бүртгэлтэй, .............аймаг Б............... сум, . дугаар баг, ..............., .................... хороолол, 1б-90 тоотод оршин суух С........... овогт Д.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. аймаг Б................... сумын Н............. ...........дүгээр баг............. айл, ..............дүгээр байр, ........... тоотод оршин суух Э...................овогт Ц.Бт холбогдох,
Гэм хорын хохиролд 22,401,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Д, Д.Б нарын нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Днь Төв аймгийн Баянхангай сумын нутаг Эрүү гэх газар 112 дугаар полинд 36 га газарт хүү Д.Бийн гэр бүлийн хөрөнгө оруулалтаар хамтран тосны ургамал тариалсан.
Тухайн тариалсан 36 га газар нь мал болон бусад амьтнаас хамгаалахаар 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд торон хашаа хатгаж дууссан. Учир нь 7 дугаар сарын сүүлээр тариалалт хөрснөөс дээш соёолоод ирсэн үед тариалангийн үр дүнгээ боломжийн хэмжээнд гэж үзсэн тохиолдолд хашаалдаг. Энэ нь
Тариалангийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Харин хариуцагч Ц.Б өөрийн малыг хариулгагүй үлдээсний улмаас бог мал нь торон хашааг эвдэн тариалангийн талбайн зүүн талаар 2022 оны 8 дугаар сарын 05, 22, 24, 26, 31-ний өдрүүдэд орж, дөнгөж ургаж байсан тосны ургамлыг 2,5 га газрыг идэж, 20 га газрыг талхалсан нь гэрч болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Үүнд:
Нэхэмжлэгч нар энэ талаар Баянхангай сумын Засаг даргын тамгын газарт хандаж гомдол гаргасны дагуу сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/147 дугаар захирамжаар хохирол тогтоох сумын ажлын хэсэг томилогдон ажилласан. Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас 22,401,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон. Уг баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, хохирол тооцох ажиллагаанд нэхэмжлэгчийн талаас Д.Б байлцсан ба хариуцагчийн талаас ээж нь гэх Н.Шинэчимэг оролцсон. Хохирол тооцох аргачлалаар хэрэв актыг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Хариуцагч талаас ямар нэгэн гомдол гаргаагүй тул нэхэмжлэгч нар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тариалангийн талбайн зүүн талд 840 орчим метр зайнд малчин Ц.Б гэх айл зусаж байсан. Эднийхээс өөр айл тухайн газарт зусаагүй гэдгийг гэрч буюу тус сумын нэгдүгээр багийн Засаг дарга Н.Мягмардорж мэдүүлсэн.
Тухайн үед хэсгийн төлөөлөгч ээлжийн амралттай байсан тул Төв аймгийн Лүн сумын хэсгийн төлөөлөгчийг энэ ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Н.Хишигбаатар, нэгдүгээр багийн Засаг дарга Н.Мягмардорж, газар тариалангийн мэргэжилтэн Н.Бямбадулам, газрын даамал Н.Гэрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Газар тариалангийн мэргэжилтэн энэ газар төдий хэмжээний тариалалт хийсэн, явц ийм байсан, ийм газарт мал орсон, талхалсан, идсэн гэдэг байдлаар дүгнэлт гаргасан.
Лүн сумын хэсгийн төлөөлөгч энэ ажиллагаанд оролцоогүй гэж мэдүүлдэг ч төрийн албаны зайлшгүй шаардлага, ажлын уялдаа, зав чөлөөний асуудал зэргээс шалтгаалан биечлэн оролцож чадаагүй байх. Гэхдээ дүгнэлттэй танилцаад гарын үсэг зурсан.
Энэ нь тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас учирсан хохирлыг тооцох аргачлал болоод түүнийхээ дагуу хийж байгаа ажлын хэсгийн дүгнэлт нь дээрх журамдаа нийцсэн бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж ойлгож байна.
Гэтэл хариуцагч тал манай мал биш, өөр айлын мал гэдэг. Хохирлын акт болон гэрчүүдийн мэдүүлгээр тариалангийн талбайн зүүн талаар мал орсон гэдэг нь тогтоогддог. Ц.Бийнх тариалангийн талбайн зүүн талд байсан ба мал нь талбайн 60 гаруй хувийг талхалчихсан. Ийм нөхцөл байдал илрээд байхад хариуцагч малаа хариулгатай байлгасан, өөр хүний мал орсон, манай мал биш гэдгээ баталж, нотолж чадаагүй тул 22,401,000 төгрөгийг хариуцах ёстой.
Нэхэмжлэгч нар хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөг болгон багасгасан боловч зөвшөөрөхгүй гэж маргасан. Иймд Ц.Баас хохирол 22,401,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилж байна... ” гэжээ.
2.Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Д, Д.Б нарын шаардсан гэм хорын хохиролд 22,401,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Бийн мал 2022 оны 8 дугаар сарын 05, 22, 24, 26, 31-ний өдөр орсон гэх өргөдлийн дагуу ажлын хэсэг 9 дүгээр сарын 9, 12-ны өдрүүдэд хэмжилт хийсэн. Ц.Бийн гэр тариалангийн талбайгаас 840 метр зайтай ба Тариалангийн тухай хуулийг зөрчөөгүй. Мөн 7 дугаар сард өвс ногоо муу ургасан тул Ц.Бийнх үхэр, адуугаа салгаж оторт гаргасан. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчин авч хонь, ямаагаа хариулгатай бэлчээж байсан. Харин хохирол тогтоосон үнэлгээнд үхэр, адуу орсон гэх ул мөртэй байна гэсэн ба талхлагдсан талбайн тоо хэмжээг тусгасан болохоос хонь, ямаа орсон байна гэж тогтоогоогүй. Үүнээс гадна хашаажуулаагүй үед хэний мал орсныг тогтоогоогүй. Хэрэгт энэ талаарх нотлох баримт байхгүй. Зөвхөн талбайгаас гэр нь 840 метр зайд байдаг учир орсон байж болох юм гэсэн таамгаар 22,401,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Мөн хохирлын үнэлгээ гаргасан Н.Бямбадулам нь хохирлын үнэлгээг 22,401,000 төгрөг гэж гаргасан мөртлөө яаж гаргасан болохоо мэддэггүй, гэрчүүд талбайд үхэр, адууны мөр байсан талаар мэдүүлдэг, Н.Тэмүжин нь ажлын хэсэгт байгаагүй атлаа гарын үсэг зурсан, Н.Мягмардорж газар дээр очсон боловч машинаасаа бууж үзээгүй байдаг. Ер нь тэр жил их хожуу зун болсон тул ургац ургаагүй байх магадлал өндөр...Харин 2,000,000 төгрөгөөр эвлэрэх боломжтой.” гэжээ.
3.Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Гэрчийн мэдүүлгээр хариуцагчийн мал буюу бод мал 12 км зайд байдаг, тухайн бүс нутагт зөвхөн хонь, ямаа усалгаатай талбайгаар өнгөрч явдаг гэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд талбайн талхлагдсан хэсэгт адуу, үхрийн мөр байна гэдэг. Харин хонь, ямааны мөр байна гэсэн үг огт байхгүй. Нэхэмжлэгч тал тариалангийн талбайгаа хашаажуулаагүй байсан. Хэрэв ургамал ургах юм бол хашаажуулах байсан гэх тайлбар гаргаж байна. Тэгэхээр нэхэмжлэгч тал 8 дугаар сар гарч байж хашаажуулсан байна. Тариалангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө эхлээд хашаажуулах үүргээ биелүүлсэн байх ёстой. Энэ үүргээ биелүүлсэн нь тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Мал орсон даруйд малыг хариуцагч нарт хүлээлгэж өгч болох байсан. Ц.Бийнх 830 метрийн зайд зусаж байсан гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон. Сум орон нутгаас ямар нэгэн байдлаар тариан талбайг чөлөөлөх эрхийн акт ирүүлээгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд Ц.Бийн мал орж талхалсан гэдгийг тогтоосон зүйл байхгүй...” гэжээ.
4.Иргэдийн төлөөлөгч Г.Мөнхсүрэн нь “нэхэмжлэгч тал тухайн хашаагаа бариагүй байсан бол нэхэмжлэгч талын буруутай. Эсвэл хашаа барьсан байхад хариуцагчийн мал орсон бол малын эзэн буруутай, нэхэмжлэгч тал илүү буруутай юм шиг санагдаж байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
5.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ц.Баас гэм хорын хохирол 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д, Д.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,401,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д, Д.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Д.Б нарт олгож шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: "...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шийдвэрийн 7 дугаар тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно" гэжээ. Гэвч шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дээрх хуульд зааснаар үнэлж дүгнэсэнгүй гэж үзэж байна. Учир нь Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын А/147 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалан эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох журмын дагуу ажиллаж, тус тариалангийн талбайд хохирол учруулсан, тус тариалангийн талбайн хажууд малчин Ц.Бийнх малтай, тэднийх хонь, ямаатай зэргээр дүгнэлтдээ тодорхой тусгасан, газар дээр нь очиж үзлэг хийж тогтоосон байтал журмын шаардлагыг хангаагүй дүгнэлт гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад шүүх бодитойгоор үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна.
Шийдвэрийн 8 дугаар талд "дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үзвэл Баянхангай сумын нарын Засаг даргын А/197 тоот захирамжаар дараах ажлын хэсэг байгуулагдан бүрэлдэхүүнтэйгээр тухайн дүгнэлтийг гаргахаар ажилласан байна. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтад Баянхангай сумын Засаг даргын А/197 дугаар захирамж байхгүй тул ажлын хэсгийг албан ёсоор байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарсан тодорхой огноо байхгүй тул түүнийг баримтаар үнэлэх боломжгүй юм" гэжээ.
Нэхэмжлэгч нарын гомдлоор Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/147 дугаар захирамжаар ажлын хэсгийг шийдвэрт дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тэрхүү ажлын хэсэг дүгнэлтдээ захирамжийн дугаарыг А/197 гэж бичсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш, харин дүгнэлтэд "Төв аймгийн Баянхангай сумын иргэн Д.Б нь 2022 онд Найрамдал багийн нутаг дэвсгэр 112 дугаар польд 36 га талбайд тосны ургамал тариалсан. Гэвч иргэн Ц.Бийн мал нь 2022 оны 8 дугаар сарын 5, 22, 24, 26, 31-ний өдөр орж хохирол учруулсан гэсэн өргөдөл ирүүлсний дагуу сумын Засаг даргын А/197 дугаар (захирамжийн дугаарыг бичихдээ техникийн алдаа гаргасан захирамжаар дараах ажлын хэсэг байгуулагдан ... хэмжилт хийсэн... байх ба) үүнээс үзэхэд талхалсан нь 20 га, идсэн нь 2.5 га нийт 22.5 га гэж үзэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын 2.6-д заасны дагуу тооцоход 22,401,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна" гэснээр дээрх дүгнэлт нь хэдийгээр огноо дугаар байхгүй ч гэлээ нэхэмжлэгч анх Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын тамгын газарт хандаж хохирол тогтоож өгөхийг хүссэн өргөдөл гаргаж, үүний дагуу сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, энэхүү ажлын хэсэг нь дүгнэлтээ гаргасан бөгөөд дүгнэлт үндэслэл бүхий, шүүх үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь буруу болсон.
Түүнчлэн "... Ц.Бийн гэр тариалангийн талбайгаас 840 метрийн зайтай байсан гэж дүгнэсэн бөгөөд энэ нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т "Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх,... байхыг хориглоно" гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ" гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийсэн, хэдийгээр малчин Тариалангийн тухай хуульд заасныг баримталсан, зөрчөөгүй, малаа байнгын хариулгатай байлгаж байсан гэж тайлбарлах боловч хэрэгт үүнийг нотлох баримт байхгүй, нотлох баримтаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичлэгийг шинжлэн судалсан, энэ бичлэгт малчин Ц.Бийн мал хашаалсан тариалангийн талбайд ороод бэлчиж байгаа үйл баримт тодорхой харагдаж байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн мөнгө байхгүй, энэ их мөнгийг төлж чадахгүй, малчид бидний гар дээр мөнгө байхгүй гэдэг тайлбараар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", 116.3-т "Шийдвэрийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана", мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
7.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгалийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлага 22,000,000 төгрөг гаргасны зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцдог. Тариалангийн талбайд мал орсон бөгөөд хохирлыг хэмжээг хуулийн дагуу бүрдүүлсэн комисс тооцож гаргасан. Шүүг уг дүгнэлтийг сумын Засаг даргын захирамжийн огноо байхгүй гэдэг үндэслэлээр хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Гэхдээ ийм техникийн алдаанаас болж нэхэмжлэгчийн эрх ашиг хохирох ёсгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт гэрэл зураг, бичлэгтэй флаш зэргийг гаргаж өгсөн. Бичлэгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үзлэг хийж шинжлэн судлуулсан. Нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
8.Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Энэ хэрэг маш удаа хугацаанд үргэлжилж сунжирч байна. Шүүх хурлаас залхсан учир нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохоос биш манай мал талбайд ороод хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ талаар баримт хэрэгт байхгүй” гэв.
9.Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолж шүүх хуралдаанд оролцох ёстой. Гэтэл анхан шатны шүүх өөрийн санаачилгаар дүгнэлт гаргасан комиссын гишүүдийг гэрчээр асуух шаардлагатай гэж үзэж асуусан. Гэрч нар мэдүүлэг өгөхдөө Ц.Бийн мал орсон талаар огт мэдүүлэг өгөөгүй. Комиссын дүгнэлтэд адуу, үхрийн мөр байна гэдэг болохоос биш Ц.Бийн хонь, ямаа орсон байна гэсэн дүгнэлт гараагүй. Нэхэмжлэгч талд Ц.Бийн мал тариалангийн талбайд орсон болохыг нотлох боломж байсан. Ц.Бийн мал орсон бол хашиж зогсоогоод бичлэг хийж эзэнд нь хүлээлгэн өгөх байсан. Мөн малын эм тамгыг нь дүрсжүүлж зургийг нь аваад нотлох баримтыг бүрдүүлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. н.Шинэчимэг гэх хүнийг оролцуулан комиссын акт гаргасан гэж байна. А.Эийн ээж болох н.Шинэчимэг нь адуу, үхрээ өглөө 05, 06 цагт 10 км зайд бэлчээгээд хонь, ямаа руугаа явж байх замдаа комиссын хүмүүстэй таарсан. Гэтэл А.Эийн ээж н.Шинэчимэгийг комиссын дүгнэлт гэхэд оролцсон мэтээр ярьж болохгүй. Комиссын дүгнэлт гарсныг хариуцагчид мэдэгдээгүй бөгөөд хариуцагч шүүхийн шатанд дүгнэлттэй танилцсан. Дүгнэлт гаргасан хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ц.Бийн мал орсон талаар мэдүүлэг өгөөгүй гэдгийг дахин хэлмээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Д, Д.Б нар хохирол 22,401,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ “...2022 оны 6 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын нутаг “Эрүү” гэх газарт 36 га талбайд тосны ургамал тарьсан. 2022 оны 8 дугаар сард Ц.Бийн олон тооны мал орж идэж, талхалсны улмаас 22,401,000 төгрөгийн хохирол учруулсан нь засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гаргасан хөрөнгийн үнэлгээгээр болон бусад баримтаар тогтоогдсон. Хариуцагчтай эвлэрэх үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөг болгон багасгаж байсан. Одоо Ц.Баас 22,401,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэсэн үндэслэлээр дэмжсэн.
Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзахдаа “...хохирлын үнэлгээ тогтоосон баримт нь хуулийн шаардлага хангаагүй, тариалангийн талбайд орсон малыг манайх гэж нотолсон баримт хэрэгт байхгүй. 2,000,000 төгрөгөөр эвлэрч болно...” гэж тайлбарласан.
3.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэхээр хуульчилсан тул мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих ёстой.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ТМ2024/00088 дугаар тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд шинээр 8 ширхэг гэрэл зураг, дүрс бичлэгтэй флашийг нотлох баримтаар гарган өгсөн байх ба шүүх хуралдаан даргалагчаас тавьсан “...нэхэмжлэгч талаас өгсөн нотлох баримттай холбогдуулан хэлэх тайлбар байна уу?” гэх асуултад хариуцагчийн өмгөөлөгч тайлбар хэлсэн эсэх нь мэдэгдэхгүй /бичилгүй орхигдуулсан/, уг нотлох баримтыг шүүх ямар үндэслэлээр хүлээн авсан эсэх талаар тэмдэглэлд тусгагдаагүй байх тул зохигчдыг мэтгэлцэх эрхээр хангасан гэж үзэх боломжгүй байна.
4.Мөн хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл болох нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мийн хэргийн үйл баримтаа нотлох зорилгоор өгсөн 8 ширхэг гэрэл зураг, флашинд хадгалсан дүрс бичлэгийг нотлох баримт шинжлэн судлах шатанд үзэж, нэхэмжлэгчээр тайлбар хийлгэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ТМ2024/00088 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байх ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. Харин хэргийн оролцогч ирээгүй нь уг ажиллагаа явуулахад саад болохгүй”, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “Үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан журмын дагуу нотлох баримтыг бүрдүүлээгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж бүрдүүлсэн баримт болох флашинд хадгалсан дүрс бичлэгийг “...флаш доторх 5 удаагийн бичлэг “...бичлэг 1: /1 мин 35 сек/, бичлэг 2: /2 минут 14 секунд/, бичлэг 3: /27 секунд/, бичлэг 4: /18 секунд/, бичлэг 5: /57 секунд/ зэрэг баримтаар ...үндэслэл тогтоогдож байна...” гэж үнэлэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 20,401,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгч тал талбай руу бог мал орж байгааг гар утсаараа бичлэг хийж гэрэл зураг болгон хэрэгт өгсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмын дагуу бүрдүүлэхийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 223/МА2023/00029 дугаар магадлалд заасан байхад анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ уг зөрчлийг арилгаагүй байх ба “...Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн гэрэл зургууд болон шүүх хуралдаанд гаргасан /флаш/-нд 5 төрлийн бичлэг зэрэг нотлох баримтууд нь хариуцагч Д.Батхуягийг шууд буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гэрэл зургийг хэн, хэрхэн хэзээ авсан эсэх нь тодорхойгүй, түүнд үзлэг хийлгэх замаар нотлох баримтын шаардлага хангуулах бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасны дагуу нотлох баримт бүрдүүлээгүй байна...” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2 дахь хэсэгт заасан заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэл болов.
Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2024/00072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
6. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг харьяаллын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан шийдвэрлэсэн мөртлөө шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх бүрэлдэхүүнд адил шатны шүүхээс томилогдон оролцсон шүүгчдийг Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Нарангэрэл, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа гэж бичсэн нь аль шүүх хэргийг харьяалан шийдвэрлэснийг ойлгомжгүй болгож байгааг анхаарах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2024/00072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,955 /хоёр зуун тавин есөн мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
З.ТҮВШИНТӨГС