Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 223/МА2024/00010

 

 

 

 

 

 

    2024          4              18                                                     223/МА2024/00010

 

 

 

 

“Б.ФХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2023/01027 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................ дүүрэг, ........... хороо, .................гудамж, ....................тоотод байрлах “Б.ФХХК,

Хариуцагч: ................. аймаг, .................сум, .............. дүгээр баг, ................. дүгээр гудамж, .................. тоотод оршин суух, М........... овогт С.Мад холбогдох,

63,278,166 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г /цахим/  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б.ФХХК-ийн нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, өмгөөлөгч Б.Г нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч 63,278,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай компани 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр фермийн аж ахуй эрхлэх зорилгоор нэг гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд газар тариалан эрхлэх, туслах үйл ажиллагааг давхар эрхэлдэг бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагаа тасралтгүй эрхэлсээр байна. Манай компани нь 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр М.И” ХХК-тай 04 тоот Хөдөө аж ахуйн зориулалттай трактор худалдах худалдан авах гэрээг” байгуулан “Беларусь-82.1” маркийн дугуйт тракторыг 44,153,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тракторын төлбөрийг “Б.ФХХК-ийн захирал Н.Ганбаатар 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Голомт банкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих төслийн зориулалттай, 7 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй авсан 2,427,885,000 төгрөгөөс төлсөн.

Тухайн үед Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, Өгөөмөр, фермийн 1 дүгээр гудамжны 49 тоот хаягт оршин суух иргэн С.М нь хамтран ажиллах санал тавьж, трактороо түр хугацаагаар ашиглуулаач гэж хүссэн. Мөн 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр М.И ХХК-аас авч яваад өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Иймд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй, мөн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сум дундын 23 дугаар шүүхэд хандсан боловч шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж аваагүй болно.

Мөн хариуцагч С.М манай компанид 2 жил ажилласан, ажлын хөлсөнд “Беларусь-82.1” маркийн 1 дугуйт тракторыг авсан гэж байгаа нь худлаа.  Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл хариуцагч С.М нь 44 сая төгрөгийг төлөлгүйгээр өөрийн өмчдөө шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд гэвэл, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацаа хэрхэн тоолох талаар зохицуулсан. Хэрэв 2012 онд гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан гэж үзвэл хэзээ ч өмчлөх эрхээ баталгаатай болгох үүднээс Авто тээврийн үндэсний төвд хандах бүрэн боломжтой. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр С.Мын өмчлөлд бүрэн шилжсэнээрээ өмчлөх эрх зөрчигдөж байгаа юм. Тухайн тракторыг бодитойгоор өмчлөлдөө авъя гэхээр одоо трактор байхгүй. Тракторыг 25,000,000 төгрөгөөр худалдсан гэрээ хэрэгт авагдсан.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар буруутай этгээдээр өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хохирлоо гаргуулах хүсэлттэй байна. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй. Хариуцагч С.М нь “Беларусь-82.1" тракторыг буцаан авах гэхээр өгөхгүй, улмаар уг тракторыг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Трактор худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдад худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар 44,153,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 19,125,166 төгрөг, нийт 63,278,166 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

3.Хариуцагч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Үүнд:

2010 онд “Б.ФХХК-д ажилд орж мал аж ахуй фермийн аж ахуй газар тариалангийн ажлыг хариуцан ажиллахаар болж гэр бүлээрээ сүүний үйлдвэрийн хашаанд бууж, тус үйлдвэрийн харуул хамгаалалт аюулгүй байдал үхрийн фермийн үйл ажиллагаа хариуцан гэр бүлийн хүн Г.Туулын хамт ажилласан. Үүний хажуугаар өөрийн 20 үхрийн сүүг энэ сүүний үйлдвэрт 2 жил тушаасан. 2011 оны хаврын тариалангаас намрын ургац хураалт дуустал Борнуур сумын Агьт гэдэг газар 380 га талбайд Цагаан арвай, Улаан буудайг тарьж га газраас өндөр центр ургацыг хураан авч ажилласан. Ажиллаж байх хугацаанд хаврын тариалалтыг тракторын жолооч хүнийг өдөр шөнөөр ээлжлүүлэн өөрийн хамаатны маань Борнуур сумаас Загдсүрэн, тээврийн жолоочоор өөрийн эзэмшлийн 8080 ТӨА дугаартай ачааны автомашиныг өөрийн хамаатны С.Даваадоржоор бариулж ургацыг зөөлгөж ажилласан. Хаврын 5 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл өөрийн төрсөн ах С.Баянжаргалыг талбайн харуулаар авч ажиллуулсан. Энэ бүгдийн хоол хүнс сарын цалинг би хувиасаа гаргаж байсан. Үүнийг энэ хүмүүс бүгд гэрчилнэ. Ганбаатарт би энэ бүгдийн зардлыг гаргаж өгөөрэй гэж хэлсэн боловч одоог болтол өгөөгүй явж байна” гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх эрх “Б.ФХХК-д үүсэхгүй. “Б.ФХХК өмчлөгч биш өмчлөгчөөр тогтоогдохгүй байна. С.Мын хувьд “Б.ФХХК-ийн захирал Н.Ганбаатартай харилцан тохиролцсон асуудал байдаг. Хариуцагч нь “Б.ФХХК-д 2 жил орчим ажилласан болохоо өөрөө мэдүүлж мөн 2 гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Тэгэхээр дээрх 2 хүний хооронд ямар харилцаа байсан талаар нэхэмжлэгч тал хариулт өгөхгүй байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэж байна. С.М, Н.Ганбаатар нарын хооронд ямар харилцаа байсан юм бэ? яагаад трактороо өгөөд явуулсан юм бэ? эсхүл худалдан авсан трактороо яагаад өөрсдийн өмчлөлд шилжүүлээгүй юм бэ? өмчлөлдөө шилжүүлчхээд, шилжүүлсэн өмчлөлөө хэрэглүүлсэн бол энэ өөр асуудал.

Миний үйлчлүүлэгчийн хувьд “Б.ФХХК-д ажилласан хугацааныхаа хөлсөнд авсан. С.Мын хувьд Н.Ганбаатартай харилцан тохиролцсон гэдгээ М.И” ХХК-тай трактор худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан байдлаар нотлогдож байна. Энэ нь ч нотлох баримтаар тогтоогддог ба гэрээнд “Б.ФХХК-д ажилтан С.М гэж гарын үсэг зурсан. Бодит нөхцөл байдлыг харахаар Н.Ганбаатар, С.М нарын хооронд ямар харилцаа байсан бэ гэдэг асуудал үүсдэг. Тракторыг нэхэмжлэх эрх “Б.ФХХК-д байхгүй. Мөнгийг төлсөн агуулгаа өөрсдөө тодорхойлж чадахгүй байна. “Борнуур фүүдс “ХХК нь С.Мад нэг ч төгрөгийн цалин өгч байгаагүй, сүүгээ тушаадаг байсан, нэг ч удаа сүүний мөнгө өгч байгаагүй” гэжээ.

 

5.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан хариуцагч С.Маас 43,252,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б.ФХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 20,025,866 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Б.ФХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч С.Маас 374,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б.ФХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах гомдолд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Үүнд:  

1."Беларусь-82.1" маркийн трактор нь хариуцагчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эзэмшигч, өмчлөгч нь С.М байсан. Гэтэл шүүх шийдвэрийн 11 дүгээр талд "...С.М тракторын гэрээн дээр гарын үсэг зурсан үндэслэлээр худалдагч талаас гаалийн болон техникийн бичиг баримтыг авч ашиглан өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна" гэсэн дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Учир нь энэ талаар хавтаст хэрэгт авагдсан М.И" ХХК-ийн /хх-ийн 75 тал/ Авто тээврийн үндэсний төвд түүний нэр дээр шилжүүлэх тухай албан бичиг, мөн компанийн захирал Н.Тэмүүжиний /хх-ийн 152 тал/ гэрчээр өгсөн ...”Б.ФХХК хүсэлт гаргахаар албан бичиг хүргүүлсэн байх... гэсэн утгатай мэдүүлэг өгсөн. Гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн гэсэн нотлох баримтуудаар шилжүүлсэн асуудал нь тодорхой ойлгомжтой баримттай байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.

2.Шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо тракторыг шилжүүлсэн цаг үеэс тооцно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь трактор худалдан авах гэрээг 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан, тракторын мөнгийг тухайн үед нь төлсөн. Нэхэмжлэлд “С.М нь 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн эзэмшлийн тракторыг түр хугацаагаар ашиглахаар М.И" ХХК-аас гарын үсэг зурж хүлээн аваад өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байна" гэдэг. 2012 онд болсон үйл баримтыг 2020 он руу шилжүүлж энэ цаг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "...өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна" гэж зааснаар 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр трактор өгснөөр хөөн хэлэлцэх хугацаа эхэлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэснээр 2015 оны 5 дугаар сарын 12-нд дууссан байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 76.4-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар буюу "Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй" гэснээр татгалзаж байгаа тайлбар өгсөн. Мөн шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэх 3 нөхцөлийг шийдвэртээ тусган Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.  

3.Шүүх хариуцагч С.Мыг трактор авч 10 жил ашиглачхаад, бусдад зарж 25,000,000 төгрөгийн орлого олсон гэсэн дүгнэлт хийж тракторын үнэ болох 43,252,300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь “Б.ФХХК-ийн захирал Н.Ганбаатар анхнаасаа С.Мтай харилцан тохиролцсоны дагуу түүнд хүлээлгэн өгч, гэрээний нэг тал болгон гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогдоно. Үүнийг нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд харилцан тохиролцсон хэлцэл байсан гэж үзэхээр байна. Хариуцагчаас “Б.ФХХК-ийн захирал Н.Ганбаатар бид хоёр харилцан тохиролцон, үржлийн үхэр импортоор оруулж ирнэ, өндөр үнийн дүнтэй зээл авна, хамтарч ажиллана гээд үйлдвэрийн байрандаа байрлуулж үйлдвэрийн болон газар тариалангийн ажлыг эрхлүүлж байсан. Нэхэмжлэгч тал үнэн зөв тайлбар гаргах хуульд заасан үүрэгтэй боловч харилцан тохиролцсон асуудал байхгүй, манай үйлдвэрийн хашаанд хэдэн жил амьдарсныг мэдэхгүй, манай ажилтан биш гэх үндэслэлгүй тайлбарыг өгдөг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр гэр бүлээрээ үйлдвэрийн хашаанд амьдарч байсан нь нотлогддог. Тэгэхээр нэхэмжлэгч “Б.ФХХК-ийн захирал Н.Ганбаатар нь ажил хэргийн ямар ч хамааралгүй хүнийг гэр бүлээр нь хашаандаа байлгаад, өөрийн худалдан авсан тракторын гэрээнд гарын үсэг зуруулаад түүнд хариуцуулаад өгсөн үйл баримтыг хэрхэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй байна. Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргасан.  

Харин давж заалдах шатны шүүхийн шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөг болгон багасгасан. Хариуцагч С.М уг мөнгийг бөөнд нь өгөх боломжгүй болсон тул зохигчид эвлэрээгүй. Хариуцагч С.М нэхэмжлэлээс 25,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэснийг уламжилж байгааг хүлээн авна уу.” гэв.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Зохигчдын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй. Нэхэмжлэгч С.Мад тракторыг өмчлөлд нь шилжүүлж өгөх, С.Маас тракторын үнийг төлөхгүй байх ямар нэгэн гэрээ хэлцэл огт байхгүй. Тракторыг худалдагч талаас очиж авхуулсан байдлаа өөрт ашигтай байдлаар ашиглаж өмчлөх эрхийг 2020 онд шилжүүлж аваад бусдад цааш дамнаж зарсан нь үйл баримтаар нотлогдоно. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гаргасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчсөн зүйлгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ч хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх хариуцагч С.Мын зөвшөөрсөн хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч “Б.ФХХК нь 63,278,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “... М.И” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 04 дугаартай “Хөдөө аж ахуйн зориулалттай” трактор худалдах худалдан авах гэрээ байгуулан, Беларусь-82.1 маркийн дугуйт тракторыг 44,153,000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрөө 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Голомт банкнаас 7 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй зээлж авсан 2,427,885,000 төгрөгөөс төлсөн. Тухайн үед хариуцагч С.Мтай хамтран ажиллахаар болсон ч тракторыг хөлсөнд өгнө гэж тохироогүй. Харин тэрээр түр ашиглаж байгаад өгнө гээд М.И” ХХК-аас тракторыг аваад буцааж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ талаар 2014 онд цагдаад гомдол, 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хүлээн авахаас татгалзсан. Гэтэл хариуцагч 2020 онд тракторыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөгөөр Д.Баасанжаргал гэх хүнд худалдсан байсан. Иймд тракторын үнэ 44,153,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 19,125,166 төгрөг, нийт 63,278,166 төгрөг болж байна...” гэж тайлбарласан.

Хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзахдаа “... “Б.ФХХК-ийн захирал С.Ганбаатартай хамтран ажиллахаар тохирч тэдний мал аж ахуйн фермерт ажиллах болсон. Мөн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Борнуур сумын Агьт гэдэг газар 380 га газарт Цагаан арвай, Улаан буудай тарьж өндөр центр ургацыг хураан авч өгсөн.  Ажлын хөлсөнд Беларусь-82.1 маркийн дугуйт тракторыг авахаар тохирсон тул би хүн хүч, хоол унааны зардлыг хариуцаж байсан. Иймд М.И” ХХК-аас тракторыг хүлээн авч, 2020 онд өөрийн нэр дээр шилжүүлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Д.Баасанжаргалд 25,000,000 төгрөгөөр худалдсан. Энэ олон жилийн хугацаанд Беларусь-82.1 маркийн дугуйт тракторыг нэхэмжилж байгаагүй. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 63,278,166 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр маргасан.

Харин нэхэмжлэгч  “Б.ФХХК нь М.И” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 04 дугаартай “Хөдөө аж ахуйн зориулалттай” Беларусь-82.1 маркийн дугуйт трактор худалдах худалдан авах гэрээ байгуулсан талаар маргаагүй байна.

3.Хэрэгт авагдсан үйл баримтын талаар дүгнэвэл:

Хавтаст хэргийн 15, 16, 94-96 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч  “Б.ФХХК нь М.И” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 04 дугаартай “Хөдөө аж ахуйн зориулалттай” Беларусь-82.1 маркийн дугуйт тракторыг 44,153,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 43,252,300 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар өмчлөгч гэж үзнэ.

4.Хариуцагч С.М нь хамтран ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд Беларусь-82.1 маркийн дугуйт тракторыг нэхэмжлэгч “Б.ФХХК-аас авсан гэж тайлбарлаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар няцаагаагүй байна.

Харин нэхэмжлэгч “Б.ФХХК нь хариуцагч С.Мтай хамтран ажиллах болон хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсгэн ажиллаж байгаагүй болохоо Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 159 тоот “С.М нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэлгүй байгаа болно” гэх албан бичгээр нотолсон.

Иймд зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний болон Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан эрх зүйн харилцаатай холбоотой эрх, үүрэг үүсээгүй байгаа тул анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзлээ.

5.Хариуцагч С.М өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр М.И” ХХК-аас 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Беларусь-82.1 маркийн дугуйт тракторыг эзэмшил, ашиглалтад авч, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн өмчлөгчөөр бүртгүүлсэн, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Д.Баасанжаргалд 25,000,000 төгрөгөөр худалдсан, одоо Х.Батсүрэн гэх хүний өмчлөлд байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч “Б.ФХХК-ийн өмчлөх эрх хөндөгдсөн гэж үзлээ.  

Иймд нэхэмжлэгч “Б.ФХХК нь Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасны дагуу биетээр буцаан авах боломжгүй болсон Беларусь-82.1 маркийн дугуйт тракторын үнийг төлүүлэхээр шаардах эрхтэй ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан хугацааны дотор хэрэгжүүлээгүй бол хариуцагч С.Маас буцаан шаардах боломжгүй болно.  

6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б.ФХХК-ийг хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлсон боловч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зарим үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “Б.ФХХК нь 2014 онд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтын талаар 2014 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх нэхэмжлэлийн хувь хэрэгт байгаа боловч шүүх хүлээн авахаас татгалзсан гэх үйл баримтгүй, мөн Төв аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “ ...2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Борнуур фүүдс /5306124/, 374,220 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №178 албан бичиг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №24, Борнуур фүүдс” ХХК-ийн захирал О.Мягмарсүрэн холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул Хас банкны 5001196835 тоот данснаас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 140000941 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төвлөрсөн 374,220 төгрөг буцаасан” гэх баримт нь нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн агуулгатай байгаа тул анхан шатны шүүх “...дээрх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь цаашид хэрхэн үргэлжилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй” гэсэн дүгнэлт өгснийг буруутгах боломжгүй.

7.Харин Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар нэхэмжлэгч “Б.ФХХК өөрийн өмчлөлийн Беларусь-82.1 маркийн дугуйт тракторыг буцаан шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн үүсэх тул хөөн хэлэлцэх хугацааг мөн үеэс эхлэн тоолно.

Нэхэмжлэгч “Б.ФХХК нь худалдан авсан Беларусь-82.1 маркийн дугуйт тракторыг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө буюу хариуцагч С.М М.И” ХХК-аас 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр эзэмшил, ашиглалтад авсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн анхан шатны шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дуусгавар болсон гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2, 492.2.2-т зааснаар нэхэмжлэгч “Б.ФХХК нь үндэслэлгүйгээр бусдын хөрөнгийг олж авсан этгээд болох С.Маас Беларусь-82.1 маркийн дугуйт тракторын үнийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Гэтэл анхан шатны шүүх “...хариуцагч С.М нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр М.И” ХХК буюу худалдагч талаас 2012 оны гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 82.1 маркийн тракторын гаалийн болон бусад дагалдах бичиг баримтыг гаргуулан, улсын бүртгэлд тус тракторын өмчлөлөөр бүртгүүлснээс “Б.ФХХК-ийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлтэй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцсэн гэж үзэхгүй.

8.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэлээр олгосон “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх...” гэх эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж зааснаар хариуцагч С.Маас 25,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б.ФХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,278,166 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Мөн хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б.ФХХК-нд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

10.Хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,411 төгрөгийг хариуцагч С.Мад шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан хариуцагч С.Маас 43,252,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б.ФХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх 20,025,866 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан хариуцагч С.Маас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б.ФХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,278,166 /гучин найман сая хоёр зуун далан найман мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтад “...хариуцагч С.Маас 374,211 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч С.Маас 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар А.М давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 375.411 /гурван зуун далан таван мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг хариуцагч С.Мад шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.МӨНХДАВАА

 

                        ШҮҮГЧИД                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                    З.ТҮВШИНТӨГС