Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 19

 

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 151/ШЗ2016/01972

Төв айма

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Н.П /РД:НУ76042215/-гийн,

        Хариуцагч: Х.О /РД:НТ76161607/-т холбогдох

       Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., хариуцагч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Н.П шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1994 онд Х.О танилцаж улмаар 2000 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 1996 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү П.Т, 1998 оны 5 дугаар сарын 2-ны өдөр охин П.У нар төрсөн. Бидний хооронд зан харьцааны улмаас таарамжгүй байдал үүссэн бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Х.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтдаа амьдарсан эхний жилүүд бусдын адил сайхан амьдарч байсан. 2004 онд 1-р багийн Засаг даргаар ажилд орсон хугацаанаас эхлэн гэр бүлийн тогтворгүй байдал эхэлсэн. Янз бүрийн хүүхнүүдтэй явж, архи дарс уудаг болж, бид 2 хэрэлдэж эхэлсэн. Агсам согтуу тавьж намайг зоддог байсан. Одоо Н.П өөр хүнтэй болсон. Тэр нь одоо жирэмсэн юм байна лээ. Би гэрээсээ яваад 2 жил болох гэж байна. Эд хөрөнгөө хүүхдийн нэр дээр шилжүүлвэл надад гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Н.П аав, ээжээс минь үлдсэн эмээл, мөн 3 үхэр байгаа тэрийгээ авмаар байна. Өөр эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

        Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэгч Н.П, Х.О-с гэрлэлтээ цуцлуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

       Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд Н.П, Х.О нар 1995 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гэр бүл болж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 1996 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү П.Т, 1998 оны 5 дугаар сарын 2-ны өдөр охин П.У нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсөний гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх-2, 7/

        Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртлэх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй ... тохиолдолд гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах-аар заажээ.

        Нэхэмжлэгч Н.П, Х.О нар нь хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байх бөгөөд, тэдний дундаас төрсөн хүү П.Т нь 20 настай, охин П.У нь 18 настай, одоогоор хүүхдүүд нь насанд хүрсэн 18 хүртлэх насны хүүхэдгүй, мөн гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Н.П нь хариуцагч Х.О нэхэмжилсэн эмээл, 3 үхэр зэргийг өгөхөөр хүлээн зөвшөөрч байх бөгөөд өөр эд хөрөнгийн маргаангүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдож байна.

         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байхад нэхэмжлэгч хэрэглээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Н.П, Х.О холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

      1.Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.П-н Х.О холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Н.П /РД:НУ76042215/-д буцаан олгосугай.

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Төв аймаг дахь сум дундын давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                Д.АЛТАНТУУЛ