Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 214/МА2024/00007

 

 

Л.Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.Нямжавт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 132/ШШ2024/00061 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Нямжавд холбогдох

Нэр төр сэргээлгэж, 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Л.Ганчимэгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ганчимэг /цахимаар/, хариуцагч Э.Нямжав, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Ганчимэгийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: “...2022-2023 оны хичээлийн жилд Англи-Орос хэлний багшаар ажиллаж байсан ахмад багш Володьяа овогтой Наранчимэг нь дутагдалтай багшийн сонгон шалгаруулалтын зар тавьж сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах гэсэн үйлдэлд дургүйцэн хорсож, цахим орчинд өөрийн Naranchimeg Volodya гэсэн фэйсбүүк хаягт миний хувийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, унагаах, олны хэл амны зугаа болгох зорилгоор гүтгэн үгийн муугаар гутаан доромжилсон мэдээлэл тавин худал мэдээллийг цахим орчинд олон нийтэд тараасан үйлдэлд тус сургуульд Англи хэлний багшаар ажилладаг Э.Нямжав нь В.Наранчимэг багштай үгсэн хуйвалдаж, бүлэглэж намайг гүтгэсэн, доромжилсон, гутаасан сэтгэгдэл бичиж олон нийтийн сүлжээнд хувийн болон ажлын нэр төрийг гутаасан доромжилсон худал мэдээлэл нийтэд тараасан. Худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараан гүтгэж, доромжилсны улмаас хувийн болон ажил албаны нэр хүнд унасан тул түүнээс үүссэн нэр төрийг гутаасан хохирол болон сэтгэл зүйн дарамт сэтгэл зүйн гэмтэлд орсон гэм хорын хохирол 5,000,000 төгрөг гаргуулна” гэжээ.

 

2. Хариуцагч Э.Нямжавын тайлбар, татгалзлын үндэслэл: “В.Наранчимэг багштай үгсэн хуйвалдсан зүйл огт байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар батлахын зэрэгцээ энэ бол харин намайг гүтгэж шүүх цагдаагаар явуулж чирэгдэл учруулж байгаад би гомдолтой байна. Тухайн үед фэйсбүүкт В.Наранчимэгийн бичсэн мэдээллийн доор олон хүн түүний тухай комментууд бичсэн байсан. Тэр олон хүний мэдээлэл Л.Ганчимэгийн шинэ болон хуучин ажлын тухай бичсэн байсан. Тэр болгоныг над дээр төвлөрүүлж байгаа нь зүйд тэнцэхгүй гэж бодож байна. Мөн өөрийн фэйсбүүк хаягтаа дамжуулсан, бичсэн мэдээлэл бүрийг минь өөртөө зориулсан мэтээр өөртэйгөө холбож байгаа явдал нь миний хувийн орон зайд хэтэрхий орж, нийтэд түгээсэн мэдээллийг зөвхөн өөрт нь зориулж  буй мэтээр харж, дүгнэж, намайг буруутгаж байгаа нь нотолгоо үндэслэл байхгүйгээр миний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдаж байна. Мөн надаас нэр төр гутаасны нэхэмжлэл гэж 5.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнд ямар нэгэн байдлаар өргүй, төлбөргүй, нэр төрийг нь гутаагаагүй, халдаагүй, эрх ашиг сонирхлыг нь зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Нямжавт холбогдох нэр төр сэргээлгэж, 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Л.Ганчимэг давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Л.Ганчимэг нь Булган аймгийн, Булган сумын ерөнхий боловсролын 3-р сургуульд 2023 оны 04 сарын 17-ны өдрөөс 2023 оны 09 сарын 04-ний өдөр хүртэл тус сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа 2023 оны 08 сарын 24-ний өдөр сургалтын менежер Б.Мөнхжаргалтай ярилцан дутагдалтай багшийн судалгааг авч сургуулийн нийгмийн ажилтан Б.Хишигдүүрэнгээр 9 багшийн сонгон шалгаруулалтын зарыг сургуулийн фэйс хуудсанд байршуулсан билээ.

Гэтэл тус сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд Англи-Орос хэлний багшаар ажиллаж байсан ахмад багш Володьяа овогтой Наранчимэг нь өөрийг нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй нь гэж бодон /В.Наранчимэг багш нь 8 жилийн өмнө тэтгэвэрт гарсан/ дутагдалтай багшийн сонгон шалгаруулалтын зар тавьж сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах гэсэн үйлдэлд дургүйцэн хорсож, цахим орчинд өөрийн Naranchimeg Volodya гэсэн фэйс хаягт миний хувийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, унагаах, олны хэл амны зугаа болгох зорилгоор гутаан доромжилсон пост тавин цахим орчинд олон нийтэд тараасан үйлдэлд тус сургуульд Англи хэлний багшаар ажилладаг Э.Нямжав нь В.Наранчимэг багштай үгсэн хуйвалдаж, бүлэглэж намайг гүтгэсэн, доромжилсон, гутаасан утгатай коммент бичиж олон нийтийн сүлжээнд хувийн болон ажлын нэр төрийг гутаасан доромжилсон худал мэдээлэл нийтэд тараасанд миний бие маш их гомдож Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд 2 зүйлээр буюу 1.нэр төр сэргээлгэх, 2.Сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг төлүүлэх гэж нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс үндэслэлгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Э.Нямжав нь ахмад багш В.Наранчимэгийн олон нийтийн сүлжээнд тавьсан постонд харилцан хариулт 3-4 удаа бичсэн миний хувийн болон албаны нэр хүндийг гутаасан сэтгэгдэл бичсэн байтал нэр бичээгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй нэр төрд гэм хор учраагүй гэсэн утгаар шийдвэр гарч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Нямжав сэтгэгдэлдээ миний нэрийг бичээгүй дээ биш В.Наранчимэг багшийн миний нэрийг цохон дурдаж, гүтгэн доромжилсон мэдэгдлийн доор бичиг үсэг тайлагдсан хүн бүр уншихад ойлгогдохоор илтэд надад зориулаад, хандаад сэтгэгдэл бичсэн байгааг цахим орчинд бичсэнг хэвлээд өгөөд байхад яагаад нотлогдохгүй гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад сэтгэл санааны хохирол 5 саяыг нь байг гэхэд ядаж миний хувийн болон албаны нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийг хангуулж өгөхгүй байгаа юм бэ?. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үүгэв.

5. Хариуцагч Э.Нямжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Наранчимэгийн постон дор гутаан доромжилсон зүйл бичсэн гэж 5,000,000 төгрөг нэхэмжилсэн. Л.Ганчимэгийн талаар нэг ч дурдаагүй, ерөнхийдөө удирдлага ийм байж болохгүй гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн зүйл шэйр хийсэн, тэр болгоныг намайг доромжилж байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргаж байгаа нь миний хувийн орон зайд халдаж байна. Энэ хүн надад гомдож болно, гэтэл удирдлагадаа, боловсролын газарт, өмгөөлөгчид гээд ажлаа хийж байгаа хүмүүст гомдож... хүнийг гүтгэсэн гэж хэлдэг. Ямар баримтаар гүтгээд байгааг мэдэхгүй байна... цагдаад өргөдөл өгөхөд цагдаа хэрэгсэхгүй болгосон, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэлт гаргасан, анхан шатны шүүх хэрэгсэхгүй гэж үзэж байхад давж заалдаж байна. Энэ хүний өөрийн үзэл бодлоор бусдад буруу санаж, намайг гомдоож, гүтгэлээ гэх агуулга бүхий зүйл ярьж байдаг” гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал тайлбартаа: “Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өнгө үү. Нэр төр гутааж байгаа асуудлыг цахим сүлжээнд намайг буруутгасан тул албаны болон амины нэр төр гутсан гэдэг. Үүнээс болоод сэтгэл санааны эмчилгээ хийлгэж байгаа гэж 5,000,000 төгрөг нэхсэн. Иргэний хуульд нэр төр сэргээхтэй холбоотойгоор Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заасныг, яг ямар нэр хүндийг ямар үг өгүүлбэрээр гутаасан, доромжилсон гэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба анхан шатны шүүх үндэслэлтэй тайлбарласан. Бусдын бичиж байгаа коммент болон шэйрийг намайг хэлж байна гэж тайлбарладаг. Нэр гэж тухайн хүний нэрийг хэлдэг. Нэр төр гэж тухайн хүний алдар хүнийг хэлдэг. Гэтэл Ганчимэг гэж бичээгүй. Мөн ажлын ямар нэр хүндийг гутааж байгаа талаар хангалттай нотолж чадаагүй. Гэм хорын хохирол болох асуудлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйл, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар тайлбарласан нь үндэслэлтэй. Нэр төр сэвтээсний улмаас сэтгэл санаа хэцүү байна гэж байгаа ч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иргэний хэргийн маргаан дээр талууд нотлох үүргээ өөрсдөө хүлээдэг. Анхан шатны шүүхийн маргаан хангалттай хугацаанд явагдсан ба олон асуудлыг шалгуулсан. Төдий хугацаанд холбогдох баримтыг авч хэргийг тэгш эрхийн зарчим дээр мэтгэлцэх эрх өөрт нь байсан. Хэдийгээр хэрэгтэй хамаатай биш боловч өмгөөлөгчийн хувьд эсрэг талын өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүй гэж маргадаг ба өмгөөлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна. Тухайн этгээд холбогдох байгууллагад гомдол гаргаж гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь Нямжавын өмгөөлөгчөөр орж хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ганчимэгийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

3.Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь хариуцагч Э.Нямжавд холбогдуулан нэр төр сэргээлгэж, нэр төрийг гутаасан хохирол болон сэтгэл зүйн дарамт сэтгэл зүйн гэмтэлд орсон гэм хорын хохирол 5,000,000 төгрөг гаргуулна гэж,  хариуцагч Э.Нямжав нь би Л.Ганчимэгт ямар нэгэн байдлаар өргүй, төлбөргүй, нэр төрийг нь гутаагаагүй, халдаагүй, эрх ашиг сонирхлыг нь зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Нямжавт холбогдох нэр төр сэргээлгэж, 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч Л.Ганчимэг “…цахим орчинд бичсэн зүйлийг хэвлээд өгөөд байхад яагаад нотлогдохгүй гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийг байг гэхэд ядаж миний хувийн болон албаны нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийг хангуулж өгөхгүй байна гэх агуулгаар шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргажээ.

 

6.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ.

 

7.Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр бусдад мэдээлсэн, өөр хэн нэгэн этгээдэд тарааснаар /түгээснээр/ тухайн иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж үнэлэмжийг доройтуулсан байхыг иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байхыг ойлгоно.

 

Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Э.Нямжав нь нэхэмжлэгч Л.Ганчимэгийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/, тухайн мэдээг тарааснаар /түгээснээр/ нэхэмжлэгч Л.Ганчимэгийн нэр төрд гэм хор учирсан, үнэлэмжийг доройтуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу нэхэмжлэгч хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд түүнийг энэ үүргээ хангалттай биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.   

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 511 дүгээр зүйлийн 511.1.-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ..., 511.2.-д Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус хуульчилсан.

 

9.Гэм хор учруулснаас үүсэх үүргийг тодорхойлохдоо хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байгаа эсэхийг шүүх шалгах учиртай. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Л.Ганчимэгийн “нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдсан гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхих нь зүйтэй байна.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 132/ШШ2024/00061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Ганчимэгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ганчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5. дахь хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2. дахь хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7. дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ

 

                             ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТТӨР