Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 622

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                            

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Ү /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ү-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 0155 50744 дугаартай хэргийг 2019 оны 04 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Ү, 1982 оны 12 дугаар сарын 26-ны Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилгүй, “Мон-Салат” хүнсний үйлдвэрт техникч ажилтай, ам бүл 3,эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 33 дугаар байр Г-7 тоотод оршин суух, урьд нэг удаа ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аман хуур” хотхоны 33-07 тоотод хамтран амьдрагч Х.Нандинцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Ү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Х.Нандинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2 эмэгтэй найзтайгаа уулзчихаад гэрийнхээ ойр байх пабад сууж байхдаа нөхөр болох Үүрийнцолмонг дуудаад хүрээд ир, хамт гараад харъя гэж хэлээд дуудсан. Тэгээд 22 цагийн орчим нөхөр маань орж ирээд яриа өрнүүлээд сууж байгаад би угаалгын өрөө явчихаад гараад иртэл 100 грамм архи захиалж уугаад сууж байсан. Тэгэхээр нь би юм хэлэлгүй тэрийг нь уулгачихаад хэрүүл маргаан бололгүй гарсан. Гэтэл замдаа дэлгүүрээс архи авна гэхээр нь “ хэрэггүй ээ гэрт байгаа цагаан сараар хэрэглэсэн архиа уучих гэж хэлээд шууд гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод архийг нь гаргаж өгчихөөд хүүхдүүдээ сэрээхгүйн тулд бид хоёр угаалгын өрөөнд ороод 2 аяганд архинаасаа хийгээд уусан. Би архинаас 2-3 уучихаад түрүүлээд унтлаа гээд хүүхдийнхээ хажуугаар ороод унтсан. Гэтэл миний хөл өвдөөд байхаар нь би зүүдлээд байна уу? гэж бодоод сэртэл манай нөхөр миний хоёр шилбэ рүү гараараа ээлжлээд цохиод байсан. Тэгээд би сэрчихээд юу болоод байгаа юм бэ? гэж хэлээд уурлатал “чи намайг хүнтэй андуураад байна, хэнтэй андуураад байгаа юм, урьд нь ямар байдал болсон болоод тэрэнтэйгээ андуураад байгаа юм бэ? гэж уурлахаар нь би юу болоод байгаа юм бэ? гээд аргадаад угаалгын өрөөнд ороод 1 цаг орчим ярилцсан...Хоёр хөл хөхөрсөн байсан, баруун талын шилбэ хэсэг маш их хөхрөлттэй байсан, зүүн тал нь бага зэрэг хөхөрсөн байсан...дандаа гараараа шилбэ рүү л цохьсон байх...Урьд өмнө нь архи дарс уухаараа орилж хашгирч агсам тавьж байсан. Гэмтэл учиртал зодож цохиж байгаагүй...Хүүхэддээ гар хүрсэн зүйл байхгүй...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна. Одоо гомдол санал гэх зүйл байхгүй”...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч Ч.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ах Ү-ийн гэрт хамт амьдраад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Тэр өдөр би хүүхдийнх нь хамт жижиг өрөөнд унтаж байсан. Ах эгч шөнө ирэх шиг болсон. Тэгээд 02 цагийн орчим би сэрээд гал тогоо ору ус уух гэтэл эгч Нандинцэцэг уйлчихсан юм шиг доошоо харчихсан сууж байсан. Тэгээд би “та яасан бэ?” гэж асуутал зүгээр зүгээр унт эгчийн дүү гэхээр нь унтаад өгсөн. Тэгээд өглөө сэртэл эгч Нандинцэцэг хүүхдээ аваад явлаа гээд яваад өгсөн...Ү Нандинцэцэгтэй гэртээ маргалдсан зүйл байдаггүй. Ер нь их эвтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2737 дугаартай дүгнэлт:

  1. Х.Нандинцэцэгийн биед зүүн бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 26/, иргэн Х.Нандинцэцэгээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн “хамтран амьдрагч Б.Үүрийнцолмонд зодуулсан” тухай бичгээр гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-4/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аман хуур” хотхоны 33-07 тоотод хамтран амьдрагч Х.Нандинцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Х.Нандинцэцэгийн“...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...манай нөхөр миний хоёр шилбэ рүү гараараа ээлжлээд цохиод байсан. Тэгээд би сэрчихээд юу болоод байгаа юм бэ? гэж хэлээд уурлатал “чи намайг хүнтэй андуураад байна, хэнтэй андуураад байгаа юм, урьд нь ямар байдал болсон болоод тэрэнтэйгээ андуураад байгаа юм бэ? гэж уурлахаар нь би юу болоод байгаа юм бэ? гээд аргадаад угаалгын өрөөнд ороод 1 цаг орчим ярилцсан... Хоёр хөл хөхөрсөн байсан, баруун талын шилбэ хэсэг маш их хөхрөлттэй байсан, зүүн тал нь бага зэрэг хөхөрсөн байсан...дандаа гараараа шилбэ рүү л цохьсон байх...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ү-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ү-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Ү-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Ү-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ү нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР