Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 594

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  С.Нямсүрэн,                            

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Ц.Б /өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1906 0049 00692 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ц.Б, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны Дархан-Уул аймгийн Дархан суманд өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 3-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Офицер таун-2 хотхоны барилга угсралтын ажилд шаварчнаар ажиллаж байх хугацаандаа тус барилгын 14 давхрын хувцас солих өрөөнөөс Б.Шавлогийн өмдний халаасанд байсан Төрийн банкны виза карт, бэлэн 95.000 төгрөгтэй түрийвч, З.Болдбаатарын хүрэмний халааснаас “Самсунг Дойс”, “Самсунг галакси S-6 эджи” загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Б.Шавлод 115.000 төгрөгийн, З.Болдбаатарт 281.000 төгрөгийн хохирол учруулан нийт 396.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарт учирсан хохирлыг 1 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.

Хохирогч Б.Шавло мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Туслах ажилчин шаварчин ажилд авч өдрөөр цалин тооцож өгнө гэсэн зарын дагуу Б уулзаад 2019 оны 01 дүгээр сарын 06-наас овоо гайгүй ажиллаж байснаа 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед бие засчихаад ирье гэж яваад 17 цаг болтол ирэхгүй болохоор нь би араас нь шалгаад хувцасны өрөө рүү ороод үзсэн чинь өрөөний хамаг юмыг бусниулаад хаячихсан байсан. Би өөрийнхөө түрүүвчийг байгаа эсэхийг үзтэл миний түрүүвч алга болсон байсан ба манай ажилтан Болдбаатарын Самсунг галакси эс 6 эджи маркийн гар утас, Самсунг марзийн гар утас зэргийг тус тус хулгайлаад явсан байсан. Миний алдсан түрийвч дотор иргэний үнэмлэх, Төрийн банкны виза карт, бэлнээр 95.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14/,

Хохирогч З.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б гэх залуу ирээд манай Мон Карго ХХК-ны орон сууцан дээр шаварчны ажил хийсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Б нь ажлаа хийж байгаад 00 орчихоод ирье гээд тэр чигээрээ алга болчихсон. Тэгээд 17 цагийн үед Б-ийг ирэхгүй болохоор нь Офицер тауны баригдаж буй барилгын 14 давхрын хувцас солих өрөөндөө орж үзтэл миний куртканы халааанд байсан Самсунг Dois, Самсунг галакси 6 эджи маркийн гар утас алга болсон байсан. Үнэлгээгээр тогтоогдсон мөнгөө авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12, 52/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24/, яллагдагч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 21/ шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Офицер таун-2 хотхоны барилга угсралтын ажилд шаварчнаар ажиллаж байх хугацаандаа тус барилгын 14 давхрын хувцас солих өрөөнөөс Б.Шавлогийн өмдний халаасанд байсан Төрийн банкны виза карт, бэлэн 95.000 төгрөгтэй түрийвч, З.Болдбаатарын хүрэмний халааснаас “Самсунг Дойс”, “Самсунг галакси S-6 эджи” загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Б.Шавлод 115.000 төгрөгийн, З.Болдбаатарт 281.000 төгрөгийн хохирол учруулан нийт 396.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч нарт учирсан хохирол төлбөр болох нийт 396.000 төгрөгийг нөхөн төлөхөө хуульд заасны дагуу илэрхийлж байх тул түүнээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ц.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, Ц.Б урьд 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-өөс нийт 396.000 /гурван зуун ерөн зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Шавлод 115.000 /нэг зуун арван таван мянга/ төгрөгийг, хохирогч З.Болдбаатарт 281.000 /хоёр зуун наян нэгэн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Б-д хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээ авсугай

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР