Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 225/МА2024/00002

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 225/МА2024/00002

 

 

 

Р.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2023/00972 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Р.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл-Эрчим хүч ХХК-нд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,639,160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Р.******* нь******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус компанийн харуулын үүрэгт ажилд томилогдон, улмаар 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс үндсэн мэргэжлийнхээ дагуу диспетчерийн ажилд шилжин ажиллах болсон. Дээрх ажлыг хийж байх хугацаандаа өөрийн мэргэжлийн ур чадварыг зохих түвшинд үнэлүүлэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ахлах диспетчерийн ажилд дэвшин томилогдсон. Уг ажлыг миний бие 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл буюу эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр 1 жилийн хугацаагаар чөлөө авах хүртлээ тасралтгүй хийсэн.

Дээр дурдсанчлан 1 жилийн хугацаа дуусаж, миний бие бүрэн эмчлэгдсэн учир 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ Хөвсгөл Эрчим Хүч ХХК-ийн захиргаанд гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж, иргэн миний ажил хөдөлмөр эрхлэх эрх ноцтой зөрчигдсөн. Байгууллагын удирдлагын ажилд буцаан томилохгүй байгаа татгалзал бүхий шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00648 дугаартай шийдвэрээр Р.******* намайг******* хязгаарлагдмал хариуцлагатай компаний ахлах диспетчерийн ажилд ажилд эгүүлэн томилсон.

Уг шийдвэрийн биелэлтийг хангаж, Хөвсгөл-Эрчим хүч ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/66 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн томилсон.

Иймд миний хувьд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны буюу ажлын 15 сар 18 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх болон ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгэх шаардлага үүссэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...олгоно гэж заасан бөгөөд Р.******* миний хувьд 2021 оны 01 дүгээр сард 1.188.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 1.183.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сард 1.213.455 төгрөгийн цалинг тус, тус авч байсан. Дээрх 3 сарын дундаж цалин хөлс нь 1 сарын 1.194.818 төгрөг болж байгаа бөгөөд нийт ажлын 15 сар 18 хоногт тооцож бодоход 18.639.160 төгрөг болж байгаа юм.

Иймд Р.******* надад ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох нийт 18.639.160 төгрөгийг Хөвсгөл аймгийн******* ХХК-аас гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажил олгогч Хөвсгөл аймгийн******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ахлах диспетчер ажилтай гэх Р.*******ид тэр үед ажиллаж байсан байгууллагын захирлын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 4 сарын 6-ны өдрөөс эхлэн түүний эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлтийнх нь дагуу нэг жилийн чөлөө олгожээ.

Тухайн үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд болон байгууллагын дотоод хэм хэмжээнд эрүүл мэндийн шалтгаанаар ямар хугацаанд, юуг үндэслэж олгох талаар тусгагдаагүй иржээ. Энэ байдлыг тэрээр овжин ашигласан байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сард ажилд орох өргөдлөө өгсөн боловч ажилдаа ирээгүй, энэ байдлын улмаас өргөдлийг шийдвэрлэж чадахгүйд хүрчээ.

******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах зэрэг хууль тогтоомж, байгууллагын дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагыг хуурч мэхлэх замаар байгууллагын нэр хүндэд халдаж ажил олгогчийг худал мэдээллээр хангаж чөлөө авсан бөгөөд авсан хугацаандаа ирсэн нэр зүүж алга болсон, хөдөлмөрлөх үүргээсээ ноцтойгоор зайлсхийсэн үйлдэлд нь ажлаас халах шийтгэл хүлээлгэх нь зүй ёсны шаардлага байсан юм. Энэ талаар байгууллагын зохих алба хэлэлцэж ******* гэгчийн худал баримт гаргаж эмнэлгийн чөлөө авсныг тогтоосон бөгөөд харин ажил олгогч түүнийг ажлаас халаагүй юм. Энэ байдлыг далимдуулан хөдөлмөрлөөгүй байж цалин хөлс нэхэмжилж байгаа нь туйлын ойлгомжгүй байна.

Тэрээр 2023 оны 1 сарын 30-ны өдөр ажилд орох хүсэлтээ дахин ирүүлсэн бөгөөд энэ удаан хугацаанд хэвтэж эмчлүүлэх болсон талаарх баримтыг болон хүнд өвчнөөс эдгэрсэн талаарх баримтыг, эдгэрэлтийн байдлаас шалтгаалж өөр ажил албан тушаалд шилжиж ажиллуулж болох талаарх ажил олгогчид байх ёстой мэдээллийг ирүүлээгүй бөгөөд уг байгууллага нь Улсын онцгой объект болохын хувьд уг байгууллагын реле тохируулгын ахлах диспетчер нь цахилгаан эрчим хүчтэй шууд харьцаж ажилладаг ажилтны хувьд хөдөлмөрийн чадвартай, эрүүл болохыг гэрчилсэн эмнэлгийн магадлагаатай хүнийг авч ажиллуулах ёстой тул энэ талаарх баримтыг байгууллага шаардаж иржээ. Энэ талаар байгууллагын дотоод журам, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд хуульчлан тусгажээ.

Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2023/00972 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 7 дугаар 24-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,639,160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******ид олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Р.*******ийн ажилгүй байсан 2022 оны 4  дүгээр сарын 06-ны  өдрөөс 2023 оны 7 дугаар  сарын 24-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,146 (хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компаниас тэмдэгтийн хураамж 251,146 (хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******ид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: ...Хэргийн бодит байдал нь ******* 2021 онд өвчний учир ингэхдээ элэгний хүнд өвчнөөр удаан хугацааны турш эмчлүүлэх нэрийдлээр чөлөө авсан байх ба 2022 онд ажилдаа орох хүсэлт ирүүлсний дагуу түүний орон тоонд ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөх, ажил хүлээлцэх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах шатанд ажилдаа ирээгүй юм. Энэ талаар *******ийн намайг хүлээлгэсэн гэдэг мэдээлэл нь худал бөгөөд байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах шийдвэр гарч байсан гэдэгч баримт гарч ирээгүй байна. Хэрэв 2022 онд ажилд ороход нь аваагүй хүлээлгэсэн бол тэр үедээ шийдэгдэх асуудал бөгөөд ингээгүй нь ******* өөрөө ирээгүйтэй холбоотой юм. Түүний 2023 онд 2 сард ажилд орохыг хүссэн хүсэлт ирүүлснийг байгууллага хүлээн авч 2 жилийн хугацаанд ажилд орохыг хүсээгүй байдал нь нөгөө талаар түүний эрүүл мэндийн талаар Эрчим хүчний байгууллага Улсын онцгой объект болохын хувьд түүний ажил эрчим хүчийг салгаж нийлүүлэх шууд гардан гүйцэтгэдэг ажилтны хувьд эрүүл мэндийн талаар уг ажилд тэнцэх тухай баримтыг ирүүлэхийг хүссэн, энэ нь эрчим хүчний аюулгүй ажиллагааны дүрэм журамтай холбоотой үүссэн зүй ёсны шаардлага байсан бөгөөд үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд байгууллагын зүгээс нэгэнт ажлаас чөлөөлөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дэх хэсэгт зааснаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг түдгэлзүүлсэн юм. Энэ үед ******* нь шүүхэд хандсан бөгөөд байгууллагын зүгээс түүний хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэж шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлж ажилд нь тушаал гарган дахин авсан. Шүүхээр шийдвэрлэсэн энэ хэрэг бол ажилтан ажил олгогч нарын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцаа, ёс журмаараа өөрсдөө шийдвэрлэх, нөгөө талаар захирах захирагдах зарчим, хөдөлмөрийн гэрээ, хамтын болон дотоод журмаар шийдвэрлэгдэх харилцаа бөгөөд шүүхийн оролцоо байхгүй байсан асуудал юм.

*******ийг үүрэгт ажилд нь ажиллуулах тухай шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн хүссэн өөрөөр хэлбэл шүүхэд хандаж шүүхийн журмаар ажилдаа томилуулахыг хүссэн үеийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн хэрэг бөгөөд үүнийг 2022 оноос нэхэмжлэгчийн хүсээгүй үеэс ажил үүрэгт нь тавьсан байна мэтээр сэтгэж шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүйг харуулж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан ажил үүргээ биечлэн, үнэнч шударгаар, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээр, дотоод хэм хэмжээ, дүрэм, журам, аюулгүй ажиллагааны хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй ч ингэж хөдөлмөрлөөгүй байхад энэ нь байгууллагын зүгээс шалтгаалаагүй байхад шүүх шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг нэг талд орж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй байна.

Нөгөө талаар шүүх хуралдаан талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн хэрэгжинэ, шүүхийн, шүүх хуралдааны бүх үе шатанд хэрэгжих ёстой энэ зарчмыг алдагдуулж шүүх хуралдаанд мэтгэлцэгч талаас гаргасан *******ийн хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй талаар гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг үгүйсгэж шүүх хурал эхлэхээс өмнө гаргах ёстой байсан гэж зүтгэснээрээ шүүгч Даваахүү нь мэтгэлцэх зарчмыг үгүйсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг гаргасан.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 155/ШШ2023/00972 тоот шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн үйл ажиллагааны амин сүнс болсон мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлдэг шүүх, шүүгчээр шийдвэрлүүлж өгнө үү. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн *******ийн хуурамч баримт бүрдүүлж чөлөө авсан, энэ талаар байгууллагын зохих алба хэлэлцэж эмнэлэгт хэвтсэн гэх баримтыг засварлаж өгсөн талаар холбогдох байгууллагаас гаргаж хүргүүлсэн баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байхад хэлэлцээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй зэрэг зөрчлийг бас дурдах нь зүйтэй байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

1. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч******* ХХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,639,160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны буюу ажлын 15 сар 18 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх болон ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгэх шаардлага үүссэн ...миний хувьд 2021 оны 01 дүгээр сард 1,188,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 1,183,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сард 1,213, 455 төгрөгийн цалинг тус тус авч байсан. Дээрх 3 сарын дундаж цалин хөлс нь 1 сарын 1,194, 818 төгрөг, нийт ажлын 15 сар 18 хоногт тооцож бодоход 18,639,160 төгрөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл би чөлөөний хугацаа дуусаж ажилд орох байсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,639,160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгуулах... гэжээ.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэргийн 10 дугаар талд авагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар Р.******* нь 2021 оны 2 дугаар сард 1,183,000 төгрөг, 3 дугаар сард 1,213, 455 төгрөгийн цалин хөлс авч байсан байх ба Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хуваана гэж зааснаар нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцвол 58,450 төгрөг болсныг шүүх үндэслэлтэй, зөв тооцоолсон байна.

4. Шүүх харин Р.*******ийн ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдийг 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл ажлын 319 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00648 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Р.*******ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба ажил олгогч уг шүүхийн шийдвэр, өөрийн хүсэлтийг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажилд эгүүлэн томилсноос үзэхэд нэхэмжлэгч Р.******* нь шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу ажилд эгүүлэн томилогдох өдөр хүртэл ажлын нийт 26 хоног ажилгүй байсан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан ба Р.*******ийн тухайд Хөвсгөл аймгийн******* ХХКомпанийн ахлах диспетчерийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...*******ийн намайг хүлээлгэсэн гэдэг мэдээлэл нь худал бөгөөд байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах шийдвэр гарч байсан гэдэг ч баримт гарч ирээгүй байна. Хэрэв 2022 онд ажилд ороход нь аваагүй хүлээлгэсэн бол тэр үедээ шийдэгдэх асуудал бөгөөд ингээгүй нь ******* өөрөө ирээгүйтэй холбоотой юм... гэж ажилгүй байсан үеийн хугацааны хувьд маргаантай байхад шүүх ажилгүй байсан үеийг тогтоолгүй Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Р.*******ийг******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах диспетчерийн ажилд эгүүлэн тогтоосугай гэх шийдвэрийг үндэслэж ажилгүй байсан үеийн цалин олговор гаргасан нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд ажилгүй байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 648 дугаартай шийдвэр нь Р.*******ийг ажилд томилсон буюу өөр эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн шийдвэр ба нэхэмжлэгч нь 2022 оны 4 сараас ажилгүй байсан гэдгээ нотолж чадаагүй, шүүх шалгаж тогтоогоогүй байна.

5. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажил олгогч ажилд томилох шийдвэр гаргах өдрийг хүртэлх хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулж шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн 26 хоног ажилгүй байсан хугацааны цалинг дээрх Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцоход 1,519,700 /нэг сая таван зуун арван есөн мянга долоон зуу/ төгрөг болж байх тул үүнийг хариуцагч Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалттай нийцнэ.

6.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...*******ийг үүрэгт ажилд нь ажиллуулах тухай шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн хүссэн өөрөөр хэлбэл шүүхэд хандаж шүүхийн журмаар ажилдаа томилуулахыг хүссэн үеийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн хэрэг бөгөөд үүнийг 2022 оноос нэхэмжлэгчийн хүсээгүй үеэс ажил үүрэгт нь тавьсан байна мэтээр сэтгэж шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүйг харуулж байна... гэх агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2023/00972 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын ...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс гэснийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс гэж,

б/ ...18,639,160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар) төгрөг гэснийг 1,519,700 /нэг сая таван зуун арван есөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулж, 17,119,460 /арван долоон сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун жар/ хэрэгсэхгүй болгосугай гэж,

в/ тогтоох нь хэсгийн 2 дахь заалтын ...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс гэснийг ...2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс гэж,

г/ тогтоох нь хэсгийн 3 дахь заалтын ...251,146 (хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин зургаа)... гэснийг ...39,265/ гучин есөн мянга хоёр зуун жаран тав/ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,146 /хоёр зуун тавин нэгэн мянга, нэг зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                             Д.АЗЖАРГАЛ    

Л.ЭРДЭНЭБАТ