| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0535/Э |
| Дугаар | 555 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Баярням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 1906 0125 40479 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Т, 2000 оны 04 дүгээр сарын 02-ны Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Скай Кинг” харуул хамгаалалтын албанд ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 4 дүгээр гудамж, 56 тоотод оршин суух, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” бааранд иргэн О.Наранбаатарыг цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч О.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би “Та нар боль” гэж хэлтэл нэг нүцгэн залуу над руу муудалцаад би урагшаа алхтал хажуунаас нэг эрээн хамгаалагч хувцастай эрэгтэй миний нүүрэн тус газар нэг удаа өшиглөөд хүзүүдэж тэврээд үүдэнд очоод ноцолдсон...миний биед учруулсан гэмтлийг хамгаалалтын эрээн хувцастай залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 49-50/,
Гэрч Ө.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”Хамгаалалтын эрээн хувцастай залуу Наранбаатар ахын нүүрэн тус газарт 2-3 удаа тохойлдчихсон. Тэгээд Наранбаатар ах доошоо тонгойсон хойгуур нь эрээн хамгаалалтын хувцастай залуу нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд доошоо тонгойгоод Наранбаатар ах шүлсээ хаятал цустай шүлс гарч байсан. Хэсэг хугацааны дараа би “яаж байна” гэж асуутал надад шүлсээ харуулсан. Тэр үед үүдэн хоёр шүд уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Б.Анхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад алба хаагч нар бүгд тараад явсан. Би тухайн өдрийн ээлжийн ахлах Тайванхүүд үүрэг даалгавар өгчихөөд байж байтал хамгаалагч Т, Очирбат нар залгаад “Даргаа та хүрээд ирээч бид хоёр танд нэг юм зориулаад авчихсан байна. Юм яриад сууцгаая гээд “Скай” бааранд дуудсан. Тэгээд би Тайванхүүгийн хамт явж очоод Т, Очирбат хоёрын авсан архийг баарны зохион байгуулагчаас нь зөвшөөрөл аваад вип өрөөнд нь орж уухаар болсон. Гэтэл Түвшинжаргал, Очирбат хоёр тамхи татна гээд тамхины өрөө рүү гарахад нь Тайванхүү бид хоёр өрөөнд суугаад үлдсэн тэгээд удаад ирэхгүй болохоор нь гараад очтол тухайн баарны тамхины өрөөнд зөөгчтэй муудалцаад байж байсан. Тэгэхээр нь ороод би бүгдийг нь загнаад салгаад байж байтал Шөмбөө хочтой Наранбаатар гэх залуу орж ирээд зөөгчөө өмөөрөөд манай хамгаалагч нар руу дайраад байсан. Тэгэхэд нь би салгаж байх хооронд хоёр талд зодолдоод байсан. Тэгээд нэг хартал Шөмбөө буюу Наранбаатарын амнаас нь цус гарчихсан байдалтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч Б.Тайванхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид вип өрөөнд сууж байтал Шинэбаяр манай өрөөнд орж ирээд “Төрсөн өдрөө тэмдэглэж явна” гээд нэлээн халамцуу орж ирээд бид нартай сууж байгаад орж гараад байсан... Тамхины өрөөнд ортол Очирбат, Т, Шинэбаяр нар зогсож байсаан. Гэтэл Шинэбаяр Очирбатаас тамхи тамхи нэхэхээр нь би тамхи татдаггүй ш дээ чи одоо яагаад байгаа юм бэ гээд тэлээгээ тэлээлж байтал Шинэбаяр “Чи яасан маньтайгаа тэлээгээ тэлээлж байгаад үзэх гээд байгаа юм уу? гээд Шинэбаяр заамдаад авсан. Тэр үед ямар нэгэн зодоон бологүй маргалдаад салсан. Тэгээд би тамхины өрөөнөөс гараад текин дээр очтол Наранбаатар урдаас алхаад ирж байсан. Тэгээд бид мэнд усаа мэдэлцээд байж байтал манай ширээн дээр хүрээд ир гэхээр нь би очтол надад 100 грамм хийж өгөхөөр нь уучихаад 5-10 минут орчим сууж байгаад явсан. Гэтэл Наранбаатар надаас түрүүлээд текний орчим түлхэлцээд байсан. Би яг хэнтэй зууралдаад байсныг хараагүй. Тухайн үед Наранбаатар дээгүүрх хувцсаа тайлчихсан нүцгэн байсан. Тэгээд би очоод бүгдийг нь салгахад тал талаасаа цохилцоод байсан. Би Шинэбаяр руу уурлаад “Чамаас болоод энэ зодоон үүслээ. Чи залуу хүн байж яасан овилгогүй юм бэ? гэхэд юм хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд үүдний хэсэгт маргаан болоод дуусахад Наранбаатар агсаж орж ирээд шүдгүй болчихоод хүрээд ирсэн. Би шүдгүй болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд бид салаад вип өрөөнд ороод сууж байтал Наранбаатарын эхнэр ирээд цагдаа дуудчихсан байж байгаарай гэж хэлсэн” ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2056 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” бааранд иргэн О.Наранбаатарыг цохиж, улмаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч О.Наранбаатарын: “...би “Та нар боль” гэж хэлтэл нэг нүцгэн залуу над руу муудалцаад би урагшаа алхтал хажуунаас нэг эрээн хамгаалагч хувцастай эрэгтэй миний нүүрэн тус газар нэг удаа өшиглөөд хүзүүдэж тэврээд үүдэнд очоод ноцолдсон...миний биед учруулсан гэмтлийг хамгаалалтын эрээн хувцастай залуу учруулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ө.Эрдэнэбатын: ”...хамгаалалтын эрээн хувцастай залуу Наранбаатар ахын нүүрэн тус газарт 2-3 удаа тохойлдчихсон. Тэгээд Наранбаатар ах доошоо тонгойсон хойгуур нь эрээн хамгаалалтын хувцастай залуу нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд доошоо тонгойгоод Наранбаатар ах шүлсээ хаятал цустай шүлс гарч байсан. Хэсэг хугацааны дараа би “яаж байна” гэж асуутал надад шүлсээ харуулсан. Тэр үед үүдэн хоёр шүд уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т нь хохирогч О.Наранбаатарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 182.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.
Хохирогч О.Наранбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан зардлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Т-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т-ыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлбөрт 182.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч О.Наранбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР