| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2015/0434/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2017-03-07 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 091.2.11, 091.2.15, 254.2., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 144
Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор А.Баясгалан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүй, түүний өмгөөлөгч С.Одгариг,
Ялтан Д.Ганбат, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,
Ялтан Д.Дэмбэрэлдодовын өмгөөлөгч Ш.Бадмаараг,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт холбогдох эрүүгийн 201626021916 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Халх овогт Доржхүүгийн Дэмбэрэлдодов, 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, эгч, дүүгийн хамт Архангай аймгийн Хайрхан сум, Жаргалант багт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 17-484 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: АК94093018/,
Халх овогт Доржхүүгийн Ганбат, 1997 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эгч, ах нарын хамт Архангай аймгийн Хайрхан сум, Жаргалант багт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 17-484 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: АК97702414/,
Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нар нь 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 17-484 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, “бурхан тахил руу шүлсээ хаялаа” гэж ялимгүй зүйлийг шалтаг болгож, танхайн сэдэлтээр иргэн Ж.Сэргэлэнг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож, хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарыг хүнийг танхайн сэдэлтээр, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Д.Дэмбэрэлдодовыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Ганбатыг 19 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Дэмбэрэлдодовт оногдуулсан 20 жил хорих ял, Д.Ганбатад оногдуулсан 19 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Дэмбэрэлдодовын цагдан хоригдсон 181 хоног, Д.Ганбатын цагдан хоригдсон 101 хоногийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар панерин хавтангаар хийсэн эвдэрхий сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.1.3 дахь хэсэгт зааснаар Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нараас тус тус 2.263.053,5 төгрөг, нийт 4.526.107 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунд олгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.
Ялтан Д.Дэмбэрэлдодов шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Хэрэг болох өдөр дэлгүүр орох замдаа талийгаач Сэргэлэн ахтай танилцсан. Намайг дуудаад “тамхилаач” гэсэн, би тамхилаад явах гэж байтал, “аль нутгийн хүүхэд вэ” гэж яриа өдсөн. Би “Архангай нутгийнх” гэж хэлээд ойр зуурын юм яриад танилцсан. …Талийгаачтай архи цуг ууж байтал талийгаач Сэргэлэн ах согтуурхаж эхэлсэн. Намайг болон миний гэр бүлийн гал голомтыг доромжилж, миний өөд болоод удаагүй ээжийн маань зургийг аваад газар луу шидсэн. Би “болиоч, одоо гар, яв” гээд гэрээс гаргах санаатай татахад намайг цохисон. Миний тэвчээр алдраад сэтгэл давчдаад талийгаач Сэргэлэн ахтай шууд зодолдсон. Би газар унагаад хэд хэдэн удаа цохиод холдсон, тэр үед дүү Ганбат гаднаас орж ирсэн. Талийгаач Сэргэлэн ах босоод дахин элдэв хараал урсгаад “ална, бүгдийг чинь ална” гээд гэрээс гарахад нь би араас нь гараад дахин гадаа зодолдсон. Дүү Ганбат тэр үед “боль” гэж хэлж байсан. Намайг гарнаас бариад татаад байхаар нь би дүү Ганбатыг хоёр цохиод, “чамд хамаагүй” гээд цааш түлхээд, талийгаач Сэргэлэн ахыг сандлаар цохисон гэдгээ санаж байна. Харин хэд цохисноо мөн хаана цохисноо тодорхой санахгүй байна. Үүнээс хойш талийгаач идэвхитэй хөдөлгөөн хийгээгүй, огт хөдөлгөөнгүй хэвтэж байсан хэрнээ амьсгаатай байсан. …Би маш их сандарч бас цочирдсон. Нэг цагдаа намайг өмдөндөө баагаад, шээсэн байна гээд цахилгаан бороохойгоор цохиод байсан. …Тэгтэл цагдаа нар янз бүрээр авирлаж, зодож цохиж эхэлсэн. Би өмнө нь хэрэг төвөгт огт холбогдож байгаагүй ямар нэгэн хууль зүйн мэдлэг надад огт байгаагүйгээс болж би анхны мэдүүлэг өгөхдөө айсандаа дутуу мэдүүлэг өгсөн. …Энэ хугацаанд би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, их зүйлийг ойлгож, ухаарч харуусаж суусан. Мөн энэ хэрэгт миний төрсөн дүү болох Ганбатыг огт оролцоогүй байхад оролцоотой болгож байгаад маш их харамсаж байна. …би болиулах гэж хичээсэн боловч талийгаач түрүүлж намайг цохиход миний сэтгэл санаа давчдаад, хэвийн бус болж, талийгаачийн амь биед нь халдсан. Ийм байхад “ялихгүй шалтгаанаар” амь биед нь халдсан гэж үзэх нь зөв үү. Үүнийг тогтоож өгөөч. Мөн талийгаач надтай хоёр ч удаа зодолдсон. Намайг хэд хэдэн удаа хүнд цохилтонд оруулж улмаар би гарт сандал баригдахаар нь сандлаар цохиж унагаасан байтал “биеэ хамгаалж чадахгүй” гэсэн дүгнэлт нь үнэн бодит байх уу. Үүнийг хуулийн дагуу үнэн зөвөөр нь тогтоож өгөөч. Миний хувьд талийгаачийн амь биед нь хүрсэн гэдгээ хүлээсэн. Тэгтэл дүү Ганбатыг холбож ямар ч ор үндэсгүй гүтгэж, энэ хэргийг үнэн зөвөөр нь тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгалгүйгээр яллаж байгаад би маш их харамсаж, сэтгэл эмзэглэж байна. …Энэ хэргийг үнэн зөвийг тогтоож, дахин мөрдөн байцаалтад оруулж өгөхийг хүсэж байна. Дахин хэлэхэд дүү Ганбат энэ хэрэгт оролцоогүй, зөвхөн салгах гэж байсан…” гэжээ.
Ялтан Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би найз охиноо гаргаж өгчихөөд орж ирэхэд ах нөгөө дагуулж орж ирсэн ахтай зодолдож, тэр ахыг цустай нь хольчихсон, тэр талийгаач ах дээшээ хараад хэвтэж байсан. Би ахыгаа “юу болоод байгаа юм бэ” гэхэд “чамд хамаагүй” гээд намайг цохиж авсан. Би зөрүүлээд ахыгаа хоёр өшиглөхөд газар хэвтэж байсан ах босоод гараад явсан. Ах тэр ахын араас нь гараад явсан ба би араас нь гарахад ах тэр ахтай амбаарын тэнд дахин зодолдоод байсан. Би очоод салгах гээд чадахгүй байсан тэр үед урд айлын хашаанаас нэг ах харж байсан. Тэр үед аав ажлаасаа орж ирээд ах бид хоёрыг алгадсан. Би ааваасаа айгаад гудамжинд гараад сууж байтал манайд цагдаа ирсэн. …Миний бие ах, талийгаач хоёрын зодооныг зөвхөн салгасан. Энэ хэрэгт гэмт хэргийн ямар нэг оролцоо байхгүй гэдгээ үнэн зөвөөр мэдүүлж байтал намайг энэ хэрэгт оролцоотой болгон ял тулган өгсөнд миний бие гомдолтой байна. …Энэ хэргийг үнэн зөвөөр нь бүрэн дүүрэн шалгаагүй. Миний бие талийгаач Сэргэлэн гэдэг ахыг танихгүй, ямар нэгэн өс хонзонгийн сэдэлт байхгүй болно. …Иймээс миний хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.
Ялтан Д.Ганбатын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Ганбат нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугүй талаараа удаа дараа мэдүүлсэн байдаг. Д.Дэмбэрэлдодов нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Д.Ганбатыг гэм буруугүй талаар тодорхой хэмжээнд ярьсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Баттөмөр “намхан залуу нь тэр залууг түлхүү зодож байсан” гэж хэлдэг. Харин Д.Ганбат хохирогчийг зодсон уу, зодолдож буй хоёр хүнийг салгасан уу гэх талаар тодорхой мэдүүлсэн зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Ганбатын гэм буруутай эсэх нь эргэлзээтэй учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.
Ялтан Д.Дэмбэрэлдодовын өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа маш сайн хийгдсэн. Д.Дэмбэрэлдодов энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Д.Дэмбэрэлдодовоос яллагдагчаар 3 дахь удаагаа мэдүүлэг авахад “Би үйлдээгүй.Миний дүү Д.Ганбат үйлдсэн” гэж хэлсэн. Ингээд эсрэг сонирхолтой болсон тул өмгөөлөгч авах шаардлага гарч би өмгөөлөгчөөр нь оролцсон. Би эсрэг сонирхолтой хоёр хүнийг өмгөөлөөгүй. Д.Ганбат энэ хэрэгт оролцсон эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг хэрэглэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. Хохирогч талаас уучлалт гуйж байна. Бидэнд үнэхээр хохирол төлөх боломж байхгүй. Мөн Д.Дэмбэрэлдодовт оногдуулсан ял шийтгэлийг тодорхой хэмжээгээр хасч өгнө үү. Хэрэв Д.Дэмбэрэлдодов ял шийтгэлээ эдэлж дуусаад гарч ирэх юм бол хохирогч талын хүсч буй материаллаг хохирлыг төлөх хугацаа тодорхой хугацаагаар наашилна. Архинаас л болж нэг нь нас барж, хоёр нь шоронд орсон байна. Талийгаач эхэлж архи уухыг хүссэн байдаг. Хэрэв архи уугаагүй бол ийм зүйл болохгүй байсан гэдгийг хохирогч нар ойлгоно уу” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүйн өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар сэжигтний өөрийнх нь тухайн байдлыг тодорхойлсон байдлыг үндэслэн түүнийг тухайн хэрэгт холбогдолгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ялтан нарын өмгөөлөгч нар гэрч Баттөмөрийн сүүлд мэдүүлэг өгөхдөө хэлсэн ганц үгийг нь өлгөж авч байна. Гэрч Баттөмөр анх мэдүүлэхдээ “хоёр залуу цээж нүцгэн залууг хоёр талаас нь сугадаад гэр лүүгээ оруулах гээд, нөгөө залуу нь орох дургүй, эсэргүүцсэн байдалтай байсан. Гэртээ оруулаад цохиж зодон, “ална” гээд хашгирч байсан” гэдэг. Иймд Д.Ганбатын зодооныг салгах гэсэн, хамгаалах гэж байсан зүйл харагдахгүй байна. Хохирогчид маш олон тооны шарх, гэмтэл учирсан. Хэрэв Д.Ганбат зодооныг салгах гэж байсан бол хохирогч ийм олон тооны гэмтэл автал нь зодуулаад байж байна гэсэн логик байхгүй. Хэрэв салгах байсан бол хамаг байдаг хүч чадлаа гаргаж ахыгаа салгаж авах байсан. Иймд Д.Ганбат ахтайгаа хамтарч хохирогчийг зодчихоод өнөөдөр өөрийн үйлдлийг аргацаах гэсэн байдлаар хандаж байна. Гэрч Баттөмөр дахин 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг өгөхдөө “Хоёр залуу нэг залууг зодоод байсан” гэж мэдүүлсэн. Иймд Д.Ганбатын өмгөөлөгчийн хэлж буй үндэслэл тогтоогдохгүй байна. Хуульч хүн нотлох баримтыг нотолгоотой байдлаар үгүйсгэх ёстой. Гэтэл “би тэгж бодож байна” гэж байгаа нь хуульч хүний байр суурь биш юм. Хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон.
Камерын бичлэгийг шалгах нь бодит байдалд боломжгүй зүйл юм. Учир нь хэрэг гарснаас хойш жилийн хугацаа өнгөрч байна. Тухайн үед өмгөөлөгч нар энэ ажиллагааг өөрсдөө хийх ёстой байсан. Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн. Д.Ганбатыг хэргээс мултлахын тулд ийм арга ядсан байдлаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд бие биенийхээ төлөө эсрэг мэдүүлэг өгсөн. Мөн мөрдөн байцаалтаас оргож зайлсан үйлдэл гаргаж байсан. Иймд Д.Ганбатыг гэмт хэрэгт холбогдолгүй гэдгийг батлах үндэслэлтэй нотлох баримт байхгүй. Ш.Бадмаараг өмгөөлөгч “эргэлзээтэй байна” гэж байна. “Эргэлзээтэй байна” гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт эргэлзээтэй байхыг хэлдэг. Гэтэл юу нь эргэлзээтэй байгаа нь тодорхойгүй ярьж байна.
Хохирол өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй. Өмгөөлөгч нь л хохирогчоос уучлалт гуйдаг болохоос шүүгдэгч нар огт уучлалт гуйдаггүй. Хохирогч тал бүхэл бүтэн хүнээ маш харгис хэрцгийгээр алуулсан. Талийгаачийн үр хүүхэд ард нь үлдсэн. Гэтэл одоо би энэ хэрэгт хамаагүй гэж байгаа нь учир дутагдалтай байна. Шүүгдэгч нарын үйлдэл хангалттай нотлогдсон. Харин ч анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний зүгээс улсын яллагчийн шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл багадсан байж болохоор байна гэж үзэж байсан. Гэхдээ өнөөдрийн хувьд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би талийгаачийн төрсөн эгч. Миний дүү цайлган, сайн хүн байсан. “Үхсэн хүн үг хэлдэггүй” гэж бүх хэргийг манай дүү рүү чихэж байна. Миний дүү хичнээн архи уусан ч хүнд түрүүлж гар хүрэх хүн биш. Үүнийг дүүгийн минь найз нөхөд, ар гэрийнхэн, таньдаг бүх хүн мэднэ. Архи уусан нь буруу гэдгийг ойлгож байна. Гэхдээ эхийнх нь зургийг унагаж, нулимсан гэж хүнийг ийм харгис хэрцгийгээр ална гэж байж болохгүй. Би энэ хоёрыг хоёулаа нийлж миний дүүг алсан гэж бодож байна. Би Д.Ганбат илүү оролцоотой гэж сонссон. Гэтэл хүний амь хөнөөчихөөд өөрийгөө аврахын тулд “би ямар ч хамаагүй” гэж байна. Д.Дэмбэрэлдодов нэгэнт хоёулаа шоронд орсноос нэгийгээ гаргая гэсэн төлөвлөгөөтэй хандаж байна. Өмгөөлөгч нар шүүгдэгч нарыг тус тусад нь өмгөөлж байснаа одоо хоёулаа Д.Ганбатыг өмгөөлж байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгч нар өөрсдөө ч гэсэн үр хүүхэд, амьдралтай л хүмүүс байх. Ажлаа хийж байгаа ч бүхэл бүтэн хүний амь нас хохирсон байхад ийм зүйл ярьж болохгүй гэж бодож байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийтгэл тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарын талаас бидэнтэй огт харилцаагүй, уучлалт гуйгаагүй” гэв.
Прокурор М.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь гэрч Баттөмөрийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1360 дугаартай талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний “талийгаачийн биед учирсан гэмтэл нь цээжний зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганууд, баруун талын 4, 5 дугаар хавирга хугарсан” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Учир нь гэмтлийг харахад нэг хүн араас нь хүн болиулах гээд тэмцэж байхад хохирогчид учруулах боломжгүй гэмтэл гэж үзэж байна. Хэргийн газар дээр анх очсон цагдаагийн ажилтан гэрч Бат-Эрдэнэ “Д.Ганбатын хувцас, гутал нь цус болсон байсан. Энэ талаар нь тодруулж асуухад манай ах энэ хүнтэй зодолдсон юм. Үүнээс болоод би хохирогчийг хоёр удаа өшиглөсөн гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нар нь гэр бүлийн хүмүүс, мөн энэ хэрэгт холбогдсон учир өөрийн болон гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхтэй. Иймд тэдний мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд тэдгээрийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд шүүгдэгч нар уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж байна.
Гэрч Баттөмөр “Манай арын хашааны хоёр намхан нуруутай залуу, нэг нь улаан футболктой, нөгөөх нь цайвар цамцтай байх шиг байсан. Тэр хоёр цээж нүцгэн танихгүй залууг чирээд энэ муу одоо юу гээд байгаа юм бэ гээд гэр рүүгээ оруулж байсан. Тухайн үед нөгөө хоёр залуу цээж нүцгэн залууг хоёр талаас нь сугадсан байдалтай нөгөө залуу нь гэр рүү орох дургүй эсэргүүцсэн байдалтай байсан ба гэр рүүгээ хүчээр оруулсан. Тэгээд хэсэг байж байгаад зодолдоод байгаа чимээ гараад байхаар нь би хашаа руугаа ороод эргээд гарч ирэхэд гэрээс чимээ гараад байхаар нь хэсэг чимээ чагнахад “ална аа” гээд орилоод байсан ба нэгнийгээ ямар нэг зүйлээр цохиод байгаа чимээ гарч байсан. Тэгээд би хашаанд ороогүй байсан ба хэсэг чимээгүй байж байгаад дахин 1 цаг орчим зодолдох чимээ гараад байсан. Түүнээс хойш нам гүм, чимээгүй болсон. Тэгээд би хашааных нь завсраар харахад нөгөө хоёр залуу гэрийнхээ хойно хоорондоо юм яриад зогсож байх шиг байдалтай юм чирээд гэрээсээ гаргаж байх шиг байсан” гэж мэдүүлдэг. Энэ Д.Ганбат, Д.Дэмбэрэлдодов нар нь үйлдлээрээ нэгдсэн гэдгийг хангалттай нотолсон нотлох баримт гэж үзэж байна. Д.Дэмбэрэлдодов “бурхан тахил руу шүлсээ хаялаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар талийгаачийг зодож алсан” гэдгээ мэдүүлдэг. Энэ нь үл ялих зүйлээр шалтаглаж талийгаачийг зодож алсан гэдгийг нотолж байна. Иймд танхайн сэдэлттэй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтэд талийгаачийн цуснаас 4 промилл спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаардаг тул хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэж байна. Иймд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож алсан гэдэг нь нотлогдсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид олон тооны гэмтэл, шарх үүссэн гэдгээр онц харгис хэрцгий аргаар алсан нь тодорхой харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй, гэмт этгээдүүдэд оногдуулсан ял тэдний гэм бурууд тохирсон гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагад нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.
Иймд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах зүйлүүдийг шалгаж тогтоох шаардлагатай. Үүнд:
1. Амь хохирогч Ж.Сэргэлэнгийн биед учирсан тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 4-11 дүгээр хавирга, баруун талын 4, 5 дугаар хавирганы далд хугарлыг хэн нь хэрхэн яаж учруулсан болохыг нарийвчлан тогтоох ажиллагаа хийх.
2. Прокурорын яллах дүгнэлтэд амь хохирогчийн үхлийн шалтгааныг дурдаагүй ба мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон үхлийн шалтгааныг гэмт этгээдийн үйлдэлтэй холбон дүгнэлтэд тодорхой зааж, яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэх.
3. Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай ба улмаар амь хохирогч Ж.Сэргэлэн нь биеэ хамгаалах чадвартай байсан эсэх, шүүгдэгч нар үүнийг лавтай сайн мэдэж энэхүү байдлыг далимдуулан гэмт хэрэг үйлдсэн эсэх болон танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхэд онцгой анхаарч, амь хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хооронд хувийн таарамжгүй харилцаа хэрхэн үүссэн, хувийн сэдэлтээр гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх зэргийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай байна.
Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний эцэст Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очих хүртэл Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.МЯГМАРЖАВ