Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 261

 

Д.Э нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Д.Э-н өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Ц.Дагвадорж, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Л.Данзанноров, шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч О.Сайнгэрэл, шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Н.З-н өмгөөлөгч Т.Ганболд, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Ц.Амар, хохирогч Г.Э-н өмгөөлөгч Д.Амгалан, хохирогч Ж.Г-н өмгөөлөгч Б.Баяржаргал, хохирогч Б.Г-н өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаар магадлалтай, Д.Э нарын 7 хүнд холбогдох 1741 00036 0244 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Э-н өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Ариунболд, хохирогч Б.Г-н өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Г.Э-н өмгөөлөгч Д.Амгалан нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Д.Э

2. Монгол Улсын иргэн, Б.Б

3. Монгол Улсын иргэн, Н.З

4. Монгол Улсын иргэн, Д.Г

5. Монгол Улсын иргэн, Д.Д

6. Монгол Улсын иргэн, Б.М

7. Монгол Улсын иргэн, Л.С

Шүүгдэгч Д.Э , Б.Б , Н.З  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

шүүгдэгч Д.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг,

шүүгдэгч Д.Д , Б.М  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

шүүгдэгч Л.С  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Г-д холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б , Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э , “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир нартай санаатай нэгдэн албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Кью Эс Си” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.З ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6-дзааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-дзаасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-дзаасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М ,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.С  нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан шүүгдэгч Д.Э-г Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б-г Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгайангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Э-н нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, Б.Б-н нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тус тус торгох ял оногдуулсан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай” гэж,

тогтоох хэсгийн 10 дахь заалтад “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э , Б.Б  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай” гэж тус тус  өөрчилж,

тогтоох хэсэгт:

- “Шүүгдэгч Д.Э , Б.Б  нарт торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Э , Б.Б  нарт мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтыг,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-н цагдан хоригдсон 145 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хоёр мянга нэг зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.175.000 төгрөгийг Д.Э ад оногдуулсан хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгийн торгох ялаас хасаж Д.Э-н биелүүлэх торгох ялын хэмжээг 24.825 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 24.825.000 төгрөг /хорин дөрвөн сая найман зуун хорин таван мянган төгрөг/-өөр, мөн шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 145 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хоёр мянга нэг зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.175.000 төгрөгийг Б.Б т оногдуулсан 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж Б.Б-н биелүүлэх торгох ялын хэмжээг 10.825 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.825.000 төгрөг /арван сая найман зуун хорин таван мянган төгрөг/-өөр тогтоосугай” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Шарнууд овогт Дангаагийн Ганбатад холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б , Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э , Кью Эс Си ХХК-ны захирал Э.Шижир нартай санаатай нэгдэн албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Кью Эс Си” хязгаарлагдмал хариуцлагатай компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасугай” гэсэн заалтыг нэмж оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Ц.Дагвадорж, шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э , Б.Б  нарыг нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвагаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 1. ... Д.Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан. ... шүүхүүд Д.Э эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь огт нотлогдоогүй байхад түүнийг буруутган хуулийг зөрүүтэй хэрэглэлээ. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 123 дугаар талд “Д.Э ыг шүүгдэгч Б.Б той үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ” гэсэн атлаа уг зүйл заалтыг хэрэглээгүй байна. Хэдийгээр Д.Э-н үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж байхгүй ч анхан шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх зохих дүгнэлт хийсэнгүй.

2. Энэхүү хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан мөрдөн байцаах болон прокурор, шүүхийн байгууллагаас Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байснаас улбаалан Д.Э хилсээр шийтгэгдсэн. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Э-н Монгол Улсын Их хурлын гишүүний болон Монгол Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчийн эрх удаа дараа зөрчигдсөн. Тухайлбал, Д.Э Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдэн Сонгуулийн ерөнхий хорооноос 105 тоот үнэмлэх гардан авсан байв. Гэтэл анхан шатны шүүх Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д заасныг зөрчин Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

3. Шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэлээ. Шүүх “Д.Э-н гэмт хэрэг үйлдэж байсан цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байсан” гэж дүгнэсэн /магадлал 121 дүгээр тал/. Иймд Монгол Улсын Дээд шүүхийн 2009.06.24-ний өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 3 дахь хэсэгт албан тушаалын байдлаа “урвуулан ашиглах” гэдгийг Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ойлгож хэрэглэнэ” гэж тайлбарласныг мөрдөх ёстой байв. Гэтэл шүүх Д.Э Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь ганц ч баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн бусдад давуу байдал бий болгосон гэж үндэслэлгүй дүгнэн түүнийг буруутгаж хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн болно.

Иймд эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.19-ний өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон шүүгдэгч Д.Э ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Г ын өмгөөлөгч Ц.Амар гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Монголын төмөр зам” ТӨХК-д Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалтыг тооцож тодорхойлох чиг үүрэг хуулиар олгогдоогүйгээс гадна холбогдох яамдын сайд нарт явуулсан албан бичигт дурдсан /112.66 сая доллар/ үнийн дүнг үндэслэн Концесс эзэмшигчид олгох бодит хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэхээр буюу гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр хамтран оролцсон болох нь тогтоохдогүй байна ...” гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Энэхүү “Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Төмөртэйн ордоос Болд төмөр Ерөө гол ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, ачиж буулгах терминалтай холбоотой дараах шийдвэрүүд гарч, гэрээнүүд байгуулагдсан байдаг.

2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 153 дугаар тогтоол, 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 317 дугаар тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын 69 дүгээр тогтоолууд гарч, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэг талаас “Эдийн засгийн хөгжлийн яам” /эрх бүхий этгээд/ нөгөө талаас “Кью Эс Си” ХХК /концесс эзэмшигч/ нарын хооронд “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ” /шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх, барих-шилжүүлэх/-г байгуулсан. Улмаар Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж уг гэрээнд Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Хөрөнгө оруулалтын газар /хяналт тавих эрхийг Аж үйлдвэрийн яам/ нь эрх бүхий этгээдээр оролцох болсон. 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын 364 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Болд төмөр Ерөө гол ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалийг “шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрөлтэй байсныг “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

... Миний үйлчлүүлэгч Д.Г  нь Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлаар 2015.03.05-ны өдрөөс 2016.08.01-ний өдөр хүртэл ажиллаж байсан ба энэхүү төмөр замтай холбоотой Засгийн газрын шийдвэрүүд болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд ямар нэгэн байдлаар оролцож байгаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Төмөртэйн ордоос Болд төмөр Ерөө гол ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, ачиж буулгах терминалийн бодит хөрөнгө оруулалтыг тооцох, санхүүжүүлэх эрх мэдэл, албан тушаалын үүрэг нь дээр дурдсан Засгийн газрын 2015 оны 364, 2016 оын 77 дугаар тогтоолууд, Концессын гэрээ /2.19, 2.191/ зэргээр Сангийн сайд Б.Б , Аж үйлдвэрийн сайд Д.Э нарт олгогдсон байна. Түүнээс миний үйлчлүүлэгч Д.Г  нь тухайн концессын гэрээний эрх бүхий этгээд биш, төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий ажилтан биш, захиалагч биш тул захиалагчийн хяналт хэрэгжүүлэх боломжгүй, ямар нэгэн санхүүжүүлэлтийн эрх хуулиар, Засгийн газрын шийдвэрээр, концессын гэрээгээр олгогдоогүй болно.

Монголын төмөр замын ТӨХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/164, 1/165 дугаартай албан бичгүүдийн тухайд:

... Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьцааг 100% эзэмшиж байсан Төрийн өмчийн хороо татан буугдсанаар Монголын төмөр зам ТӨХК нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй болсон. Учир нь, “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгуулага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан. Иймд миний үйлчлүүлэгч Д.Г ыг алдаатай гарсан Засгийн газрын 77 дугаар тогтоолын заалтаар буруутгаж байгаа нь мөн үндэслэлгүй. Энэхүү 77 дугаар тогтоол дээр байгаа бас нэг алдаатай заалт нь Төрөийн өмчит Монголын төмөр зам ХХК гэж Монголын төмөр зам ТӨХК-ийн нэрийг хүртэл алдаатай бичсэн байгаа юм. Тухайн төмөр замыг өөрийн баланст хүлээн авч байгаа буюу тухайн ажиллагаа эхэлж байгаа талаар Засгийн газрын тогтоолд заасны дагуу Аж үйлдвэрийн сайд Д.Э , Сангийн сайд Б.Б  нарт мэдэгдсэн байдаг. Түүнээс дээрх албан бичгүүдэд нь ямар нэгэн байдлаар бодит хөрөнгө оруулалтыг тооцоогүй, төмөр замын ажлын төсөв, төмөр замын барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ зэрэг баримт бичгүүдэд үндэслэн 112.66 сая ам.доллар гэж тооцсон болохоос өөр баримт бичигт үндэслээгүй, өөрийн баланст хүлээн авч байгаа талаараа дурдаж мэдэгдсэн болохоос баланст хүлээн “авсан” гэж тэмдэглэгдээгүй, ямар нэгэн баримт бичиг, тооцоолол хавсаргаагүй байдаг.

Аж үйлдвэрийн сайд Д.Э ад хандсан албан бичгийн хуулбар 112хх-ийн 167 талд авагдсан ба тус хуулбарт “Жавхланбаярт СЯ-нд хүлээлгэн өгөх тоот илгээх”, 112хх-ийн 168 талд авагдсан хуулбарт “Судалж үзэх 2016.02.23” гэсэн удирдлагын заалттай байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Аж үйлдвэрийн сайд Д.Э аас 01/519 дугаартай Сангийн сайд Б.Б т хандсан “Концессын зүйлийг хүлээн авах тухай” тэргүү бүхий Концесс эзэмшигчийн бодит хөрөнгө оруулалтын тооцооллыг хавсаргасан албан тоотыг хүргүүлсэн байдаг. Уг албан тоот нь “Кью Эс Си” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/15 дугаартай Аж үйлдвэрийн сайд Д.Э ад хандсан “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай” тэргүү бүхий концессын төлбөрийг санхүүжүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн албан тоотыг үндэслэсэн байдаг. Түүнээс Монголын төмөр зам ТӨХК-ийн 1/165 дугаартай албан бичигт үндэслээгүй юм. ...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид холбогдох зарим хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Г ыг гэм буруутай мэтээр шууд дүгнэлт өгсөн нь дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг ноцтойгөөр зөрчсөн, өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлсэн илт хууль зүйн үндэслэлгүй /хууль ёсны бус/ шийдвэр болжээ. Түүнчлэн миний үйлчлүүлэгч Д.Г ыг 01/164, 01/165 дугаартай албан бичгүүдийг Сангийн сайд Б.Б , Аж үйлдвэрийн сайд Д.Э нарт хүргүүлснээр тэдгээртэй болон Кью Эс Си ХХК-ийн захирал Э.Шижир нартай санаатайгаар бүлэглэсэн гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, уг албан бичгүүд нь бодит хөрөнгө оруулалтыг тооцоогүй, өөрийн баланст хүлээн авч байгаа талаараа дурдсан болохоор өмчид хүлээн авч байгаа талаар дурдаагүй, өмчид шилжүүлэн авсан гэж тэмдэглэгдээгүй, ямар нэгэн баримт бичиг, тооцоолол, акт зэргийг хавсаргаагүй юм.

... Яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд заасан “Кью Эс Си” ХХК-д ... нийт 189.110.167.949 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгох албан үүрэг, бүрэн эрх нь Засгийн газрын 2015 оны 364, 2016 оны 77 дугаар тогтоолууд, Концессын гэрээ зэргээр Сангийн сайд Б.Б , Аж үйлдвэрийн сайд Д.Э нарт олгогдсон. Миний үйлчлүүлэгч Д.Г  нь Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/164, 01/165 дугаартай албан тоотуудыг Аж үйлдвэрийн сайд Д.Э , Сангийн сайд Б.Б  нарт хүргүүлсэн нь тэдгээртэй бүлэглэсэн гэж үзэх, уг албан бичгүүдээр “Кью Эс Си” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болох нь дээр дурдсан тайлбар, үндэслэл, нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Мөн миний үйлчлүүлэгч Д.Г  нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон ба түүний бүрэн эрхийн хугацаанд энэхүү төмөр замыг төрийн өмчид бүртгэн авахтай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас удаа дараа хандаж байсан боловч тухай бүр хуульд зааснаар зохих хариуг хүргүүлж байсан нь /123хх, 138хх-д ирсэн, явсан албан тоотууд авагдсан/ “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир, Сангийн сайд Б.Б , Аж үйлдвэрийн сайд Д.Э нартай ямар нэгэн нэгдсэн санаа зорилгогүй байсныг давхар нотолно. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж өгнө үү.

Анхан шатны шүүхийн 764 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтын тухайд:

Анхан шатны шүүхээс дээрх үйлдлүүдэд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба үндэслэлээ Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын төсвийг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох боломжгүй гэж, Д.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр телевизийн нэвтрүүлэгт оролцсон эсэхийг тогтоох талаар холбогдох ажиллагааг хийх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн туршилтад гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан үйл явдлыг сэргээн дүрслэх ажиллагаа хийгдээгүй, шаардлагатай гэрч нарыг оролцуулан хийх нь зүйтэй гэж тус тус заасан. Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, өмгөөлөгчийн зүгээс шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтууд зэргээр: Миний үйлчлүүлэгч Д.Г  нь яллагдагч Д.Д , Б.М  нартай бүлэглэсэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хийх ёсгүй үйлдэл хийсэн, гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгэсэн гэх үйл баримтууд шүүх хуралдаан нотлогдон тогтоогдоогүй. Тухайн маргаан бүхий 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй холбоотой асуудалд миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар огт оролцоогүй. Засгийн газрын тогтоолын төсөл нь яамдуудын ирсэн саналын дагуу ямар нэгэн өөрчлөлт ороогүй болох нь гэрч Ч.Сугармаагийн мэдүүлгээр тогтоогддог.

... 171хх-ийн 41 дүгээр талд авагдсан тус хурлын тэмдэглэлээс үзэхэд уг хуралд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Д.Д , Х.Оргил-Эрдэнэ, Б.М , Д.Энхтуяа нар оролцсон. Сайд асан Д.Г  уг хуралд оролцоогүй. Д.Г  нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “сайдын шуурхай” хурлыг 7 хоног тутам зохион байгуулж, хурлын үеэр яригдсан асуудлыг дууны бичлэг болгон хадгалдаг журам тогтоосон. Д.Г  нь Төв аймгийн замын төсөвт өртгийн талаар болон бусад асуудлын талаар мэдээгүй, энэхүү асуудал холбоогүй болох нь өмгөөлөгчийн зүгээс ЗТХЯ-аас гаргуулан авсан “Сайдын шуурхай” хурлын тэмдэглэл, дууны бичлэгээр хангалттай нотлогдоно.

... Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл миний үйлчлүүлэгчийг Нийслэлийн прокурорын газраас буруутгаж буй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогдоогүй, маргаан бүхий 4.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт миний үйлчлүүлэгч ямар ч оролцоогүй, энэхүү төсвийг ихэссэн, багассан эсэх талаар анхнаасаа мэдээгүй, харин ч төсөв нэмэгдсэн гэх шалтгааныг олж мэдсэн цагаасаа эхлэн сайдын шуурхай хуралдаанаар хэд хэдэн удаа асуудал болгож холбогдох хүмүүсээс тодруулж, шаардлага тавьж байсан. Нэгэнт тухайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй, гэмт хэргийг зохион байгуулаагүй, маргаан бүхий төсөвт оролцоогүй болох нь илэрхий байхад анхан шатны шүүхээс гэмт хэргийн хохирлыг эргэлзээтэй, нотлох баримтаар тогтоох боломжгүй гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь миний үйлчлүүлэгчид хамааралгүй болох нь тогтоогдож байна. Л.С оос 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэх үйлдэл нь мөн адил шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нэг ч нотлох баримтаар тогтоогдоогүй.

Авилгатай тэмцэх газрын мөрдөгч нар иргэн Х.Ганчимэг, Н.Ганчимэг нарыг нэг хүн гэж бодож мөрдөн шалгах ажиллагааг буруугаар хийж эхэлсэн боловч уг буруугаа ухамсарлан ойлголгүй туршилт гэх дүр үзүүлсэн ажиллагаа гэх мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өөрсдийн буруу таамаглалаа бодит болгох үүднээс хэт нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Миний үйлчлүүлэгч Д.Г  нь Л.С , түүний Ялгуусан ХХК-тай ямар ч харилцаа холбоогүй, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д.Г  нь сэтгүүлч А.Ундрахбаяртай эрхлэн гаргадаг “Завгүй өдөр” нэвтрүүлэгт оролцсон бөгөөд тухайн өдрийн өглөөний 08 цагаас эхлэн оройн 21 цаг 30 минут хүртэл сэтгүүлч, зураглаач нар бүтэн өдрийн турш хамт байж ажлын байранд ч, уулзалтанд ч, автомашинд ч бичлэг хийж ажлын нэг өдрийг бүтэн танилцуулсан нь өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн СиДи, гэрэл зургийн үзүүлэлт, “Зам тээврийн салбар-хөгжлийн хурд” сэтгүүл зэргээр хангалттай тогтоогдож байхад дээрх нөхцөл байдлыг дахин тодруулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалд нотлох баримтын эх сурвалжийг магадлах замаар шалган үзэхэд миний үйлчлүүлэгч Д.Г  нь “Ялгуусан” ХХК-ийн захирал Л.С оос 200.000.000 төгрөгийн хахуулийг аваагүй болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргийн шинжгүй болохыг нотолно. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Д.Г ыг Нийслэлийн прокурорын газраас ... зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Г ын өмгөөлөгч С.Одгариг гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... гэж заасан байна. Гэтэл шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байхад хорих ялыг торгох ялаар сольсон нь үндэслэлгүй байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.Э ы өмгөөлөгч Д.Амгалан гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 7 төрлийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан. Энэ 7 нөхцлийн аль нь ч шүүгдэгч Д.Э , Б.Б  нарын үйлдэлд хамаарахгүй байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд Д.Э , Б.Б , Н.З , Д.Г , Д.Д , Б.М , Л.С  нарт холбогдох эрүүгийн 1741000360244 дугаартай хэргийг хяналтын журмаар хэлэлцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний 96 тоот магадлалын тогтоох хэсгийн “1” дэх заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б ын өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Бидний үйлчлүүлэгч Б.Б  гэм буруугүй талаар, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй талаар дараах үндэслэлүүд байна.

1. Сангийн сайдын хувьд Б.Б  Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах үүргээ биелүүлсэн:

Бидний үйлчлүүлэгч Б.Б  нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3 дахь заалтаар ... гэснийг хуульд заасан үүргийнхээ дагуу хэрэгжүүлэн ажилласан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “... хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, ... үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “... Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Тухайн тогтоолд Монгол Улсын Ерөнхий сайд, асуудал оруулсан сайд, мөн хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 6-д зааснаар нотлох үүрэг хүлээсэн ЗГХЭГ-ын дарга гарын үсэг зурж баталгаажуулсан. Засгийн газрын тогтоолоор төлбөр гүйцэтгэх үүргийг Сангийн сайдын хувьд түүнд даалгасан, мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д зааснаар “... Засгийн газрын шийдвэрийг ... биелүүлэх үүрэгтэй” тул Сангийн сайд Б.Б  энэхүү үүргийнхээ дагуу төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан болно. Төлбөр гүйцэтгэх акт сайдаар баталгаажих хүртэл яамны бүхий л холбогдох хэлтэс газруудаас хянагдаж, удирдлагууд, түүнчлэн яамны төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулсан.

Засгийн газрын тогтоолууд батлагдах, концессын гэрээ байгуулагдах үед Б.Б  Сангийн сайдаар томилогдоогүй байсан:

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, ачиж, буулгах терминал концессын зүйлийн жагсаалтад ороход ч, концессын гэрээ байгуулагдахад ч, уг төсөл “шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй байснаа “барих-шилжүүлэх” нөхцөлтэй болох шийдвэрүүд гарахад ч Б.Б  Сангийн сайдаар томилогдоогүй ба тэрээр Улсын Их хурлын “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай” 2015.09.08-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор Сангийн сайдаар томилогдсон.

... 2. Б.Б  гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцоогүй:

Шүүхээс Б.Б ыг дээрх байдлаар гэмт хэрэг хамтран зохион байгуулсан мэтээр дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын 123 дахь талд “... Б.Б ын үйлдэл нь шүүгдэгч Д.Э тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ” гэсэн нь шийтгэх тогтоолын 103 дахь талд дүгнэсэнтэй утга агуулгын зөрчилтэй байна. Нэг талаар, Б.Б ыг шүүгдэгч Д.Э тай гэмт хэрэг хамтран зохион байгуулагч гэж дүгнэсэн атлаа тэднийг үгсэн тохиролцоогүйгээр нэгдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй. Мөн гэмт хэргийг зохион байгуулсан мэтээр шийтгэх тогтоолын 103 дахь талд дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дахь заалтыг журамлаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ... бичигдсэн байна” гэсэнтэй нийцэхгүй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх залруулаагүй.

Түүнчлэн шийтгэх тогтоолын 103 дахь талд “...Д.Э нь Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа, Б.Б  нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа: “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2015.07.28-ны өдөр гаргасан Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичгээр тогтоолын төсөл, танилцуулга бэлтгэн хүргүүлж, 2015.09.07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Кью Эс Си” ХХК-ийн тухай төмөр замын концессыг өөрчлүүлэх асуудлыг оруулан танилцуулж, улмаар уг танилцуулгын хүрээнд 2015.09.07-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Концессын зүйлийг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх” 364 дугаартай тогтоол гаргахад оролцож ...” гэж тусгасан нь илт буруу болжээ. Б.Б  дээрх үйл ажиллагаа явагдаж байх үед сайдаар томилогдоогүй байсан ба шүүхийн дээр дурдсан дүгнэлтээс үзэхэд бидний үйлчлүүлэгч Б.Б ыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э ын холбогдон шалгагдсан бүх үйлдлүүдэд хамтран оролцсон мэтээр ойлгогдохоор ташаарсныг мөн л давж заалдах шатны шүүх залруулаагүй. Гэтэл шийтгэх тогтоолын 121 дэх талд “... Шүүгдэгч Б.Б ыг Засгийн газрын 364 дүгээр тогтоол гаргахад хамтран оролцсон талаар буруутгаагүй ...” гэсэн байх ба тогтоолын тодорхойлох хэсгийн агуулга, шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрчилтэй байна. Б.Б  хэргийн хамтран оролцогчид гэх хүмүүстэй ямар ч яриа тохиролцоо хийгээгүй, хамтарсан бүлэглэсэн талаар огт баримтгүй, мөн давуу байдал олж авсан гэх “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Г  нарыг танихгүй, амьдралдаа уулзаж ч үзээгүй хүн.

3. Төсвийг хянах, тооцооллыг хийх үүрэг Сангийн яаманд байхгүй:

Төмөр зам болон терминалын төсвийг хянах, эдийн засгийн тооцооллыг хийх үүрэг нь концессын гэрээг байгуулсан С.Жавхланбаатар даргатай Хөрөнгө оруулалтын газарт байсан ба Сангийн яам ийм үүрэггүй. Аж үйлдвэрийн яам төсвийг хянаж, бодит өртгийг тооцсон гэх агуулгатай албан бичиг, “Монголын төмөр зам” ТӨХК баланстаа хүлээн авсан талаар албан бичгүүдийг ирүүлж байсан. Тухайн үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Тооцоог хянасан, төрд бүртгэсэн, магадлалын дүгнэлт гаргасан эсэхийг нягталж хянаагүй, Хөрөнгө оруулалтын газарт итгээд би хайнга хандсан” гэж мэдүүлсэн. Хөрөнгө оруулалтын газрын дарга, албан тушаалтнууд төсвийг хяналгүйгээр Аж үйлдвэрийн сайдад материал танилцуулж, албан тоот хийлгэсний төлөө Сангийн сайд хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй.

... Төсвийн эдийн засгийн тооцооллыг концесс хэрэгжүүлэгч, захиалагч тал болох бие даасан агентлаг Хөрөнгө оруулалтын газар хянадаг, энэ ч үүднээс Аж үйлдвэрийн яам болон “Монголын төмөр зам” ТӨХК нь төсвийг хянасан талаар дээр дурдсан албан бичгүүдийг ирүүлсэн. Үүнийг Б.Нямаа, А.Мөнхбаясгалан нар удаа дараа тодорхой мэдүүлсэн. Концессын гэрээгээр гүйцэтгэгдэх ажлын үнэ өртөг, үнэлгээ, түүний аргачлал, тоо хэмжээ, концессоор хийгдсэн ажлыг хүлээн авах зэрэг нь тус асуудлыг хариуцаж байсан Аж үйлдвэрийн яам, Хөрөнгө оруулалтын газарт хамааралтай ба Сангийн яаманд огт харьяалагддаггүй. Тэгээд ч жилд дунджаар улсын төсөв, векселиэр санхүүжүүлэгддэг тендер, концессын ажлууд 2000 орчим байдаг ба эдгээр ажлуудын нийт хэдэн их наядаар тоологдох санхүүжилтийн анхан шатны баримтуудыг хянаж, эдийн засгийн тооцооллыг хийнэ гэвэл Сангийн яам түмэн ажилтантай байгаад ч энэ ажлыг хүчрэхгүй нь хэнд ч илэрхий. Сангийн яамны түүхэнд холбогдох яамд, газруудаар хянагдсан векселийн үнийн дүнг Сангийн сайд шийдвэрээрээ өөрчилж байсан тохиолдол нэг ч байхгүй. Тодруулбал албан ёсны үнэлгээ тогтоогдсон эсэх, ажлын хэсгийн дүгнэлт гарсан эсэх, Техник эдийн засгийн үндэслэл байгаа эсэх, төрийн өмчид бүртгэгдсэн эсэхийг нягтлах үүрэг Сангийн яаманд, Сайдад байхгүй.

4. Байгууламжийг ашиглалтад хүлээн авч акт үйлдсэн, холбогдох яам, газруудаас ирүүлсэн албан бичгүүдийн агуулга тодорхой байсан: ...Концессын зүйлийн үнэлгээг тогтоолгох, ажлын хэсгийн дүгнэлт гаргуулах, техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулах зэрэг асуудал нь Сангийн яамны эрхлэх асуудал биш, эдгээр нь тооцоолол, хяналт хийгдсэн талаар Аж үйлдвэрийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн баримт материалуудад үндэслэн Сангийн сайд төлбөр баталгаажуулсан нь буруу биш.

... Иймд Засгийн газрын 2016 оны 77 тоот тогтоолын 3 дугаар заалт, Концессын гэрээний 1.1-ийн “Бодит хөрөнгө оруулалт” заалтыг тус тус үндэслэн ... концессын төлбөрийг уг тогтоолын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсье. Ажил гүйцэтгүүлсэн гэрээ болон санхүүжилтын зардлын тооцоо нийлсэн баримтыг хавсаргав. Хавсралт 5 хуудас ...” гэсэн. Засгийн газрын байгуулсан концессын гэрээн дээр уг төмөр замыг Улсын комисс хүлээж авснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэгэхээр уг гэрээнд 2016 онд 80 хувийг санхүүжүүлэхээр заасан байсан тул Б.Б  нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр, хуулийн дагуу санхүүжүүлсэн болно. ... Эдгээрийг үндэслэж Б.Б  төлбөр гүйцэтгэх акт баталгаажуулсан, энэ нь дараа оны төсвийн тухай хуульд нэр зүйлээрээ орж батлагдсан болно.

5. Сангийн сайдын 2012.12.27-ны өдрийн 290 дүгээр тушаалаар баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтын журам”-ын тухайд:

Дээрх журам нь сонгон шалгаруулалт, тендерээр хийгдэж, төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламж, тоног төхөөрөмж, их засварын ажлыг санхүүжүүлэхтэй холбоотой бөгөөд барих-шилжүүлэх нөхцлөөр хийгдсэн концессын төслийн эргэн төлөлттэй холбоотой харилцаанд хамааралгүй, баримтлах боломжгүй талаар бид тодорхой үндэслэл гарган мэтгэлцсэн ч шүүх үндэслэлтэйгээр няцаагаагүй. Сангийн сайдын 2012.12.27-ны өдрийн 290 дүгээр тушаалын хавсралтаар “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтын журам”-ыг баталсан бөгөөд энд барих шилжүүлэх концессын төслийн эргэн төлөлттэй холбоотой харилцаанд бүхэлд нь мөрдлөг болгох боломжгүй байсан. Гэхдээ уг журмыг Сангийн сайдын 2016.12.22-ны өдрийн 415 дугаар тушаалын хавсралтаар “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам” нэртэйгээр шинэчлэн баталж, өмнөх журмыг хүчингүй болгосон бөгөөд уг журмын 1.3-т “Энэхүү журмыг Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй бүх хөрөнгө оруулалт, “Барих-шилжүүлэх” концессын төслийн эргэн төлөлт”, улсын төсвийн бүрэлдэхүүнд ордог Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга байгууламж, тоног төхөөрөмж, их засвар, бараа, ажил, үйлчилгээ, ТЭЗҮ, зураг төсвийн ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнахад мөрдлөг болгоно” гэж зохицуулах харилцааг өргөтгөсөн. Бид Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан журмыг нотлох баримтаар гарган өгсөн ч энэ нотлох баримтын талаар шүүхээс дүгнэлт хийж, няцаагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т ..., 1.3-т ... шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болдог. Гэтэл шүүх 290 дүгээр тушаалаар батлагдсан хуучин журам нь барих-шилжүүлэх концессын төслийн эргэн төлөлтөд хамааралгүй байсан талаарх нотолгоог хэрхэн няцаан үгүйсгэснээ тогтоолдоо заагаагүй.

Шүүх хуралдаанд 2020.08.20-ны өдөр биечлэн оролцсон гэрчүүд болох Б.Нямаа, А.Мөнхбаясгалан нар “Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр журмыг “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын эргэн төлөлттэй холбоотой санхүүжилт хийхэд журмыг бүхэлд нь баримтлах боломжгүй, боломжтой заалтуудыг нь баримтлаад вексель бичсэн. Концесстой холбоотой асуудал зохицуулалтгүй байсан тул 2016 онд журмыг шинэчлэн баталж концесстой холбоотой зохицуулалт нэмсэн ... сангийн яам төсвийг хянах, мөн анхан шатны баримтуудыг шалгах үүрэггүй” гэж удаа дараа баталсан. Гэтэл шүүх мөн л эдгээр гэрчүүдийн удаа дараагийн мэдүүлгийг чухам юугаар няцаан үгүйсгэсэн, яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаарх үндэслэлээ тогтоолдоо заагаагүй нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлүүдийн зөвхөн нэг нь юм.

... Шүүх тогтоолдоо өмгөөлөгч бидний зүгээс цагаатгах баримт гэж үзэж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн олон тооны баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаар ямар ч дүгнэлтийг тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй байх ба тангараг өргөсөн Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдааны төгсгөлд хэлсэн “... Б.Б  нь бол бүр ямар ч буруугүй байна ...” гэсэн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Шүүхээс онцгой анхаарах зүйлийн нэг нь мөн журмын 4.4 дэх заалт болно. Уг заалтаар “Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг үнэн зөв гаргах, төсвийн зарцуулалт, барилгын чанарт тавих хяналтыг Төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн хариуцна” гэж заасан байдаг. Б.Б  нь энэхүү концессыг хариуцсан яамны төсвийн Ерөнхийлөн захирагч биш тул энэ журмын дагуу хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл гаргах, төсвийн зарцуулалт, барилгын чанарт тавих хяналтыг хэрэгжүүлэх үүрэггүй.

6. Б.Б т гэмт санаа сэдэл байгаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдээгүй:

Засгийн газрын тогтоолоор хүлээсэн үүргийн дагуу шийдвэр гаргасанд Сангийн сайд Б.Б ын зүгээс хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх ямар ч зорилго сэдэл байгаагүй. Түүнчлэн тэрээр ямар ч хууль, тэр тусмаа Эрүүгийн хууль зөрчөөгүй. Түүнийг буруутгаж буй гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Б.Б  тухайн үйлдлээ хууль бус гэж ойлгоогүй, одоо ч тэгж үзэхгүй байгаа. ... Б.Б ын тухайд хувийн эрх ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилго ч байгаагүй, бусдад давуу байдал бий болгох хүсэлт ч байгаагүй, энэ зорилгод хэнтэй ч нэгдээгүй. Хэдийгээр уг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй биш боловч авлигын гэмт хэрэг болохын тухайд хувийн ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох сэдэлт, зорилгыг тодорхой баримтаар нотолсон байх учиртай. Хэн нэгнийг гэмт хэрэгт буруутгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тухайн үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааж, гэмт хэрэг гэж тодорхойлсон байх явдал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан үйлдэл л гэмт хэрэг болохоос бус яамны сайдын баталсан журам зөрчсөн гэх үндэслэлээр Б.Б ыг яллах ёсгүй. Шийтгэх тогтоолд дурдагдсан Монгол Улын Сангийн сайдын 2012.12.27-ны өдөр баталсан 290 дугаартай журмыг зөрчсөн /энэ нь нотлогдоогүй/ гэх үндэслэл нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан заалтыг зөрчиж байгаа болно. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа, эрх ашиг нь журмаар хамгаалагдсан эрх ашгаас ялгаатай.

7. Вексельтэй холбоотой асуудлын талаар:

Засгийн газрын тогтоолд хөрөнгө оруулалтыг векселээр санхүүжүүлэх талаар тодорхой тусгасан, мөн векселийн хүүг тогтооход Сангийн сайд оролцдоггүй. Гэхдээ тогтсон журмын дагуу энэхүү хүүг Засгийн газрын дотоод бондын хүү болон Монгол банкны бодлогын хүүтэй уялдуулан Сангийн яамны холбогдох газар тогтоодог. Тухайн үед Монгол банкны бодлогын хүүтэй уялдуулан Сангийн яамны холбогдох газар тогтоодог. Тухайн үед Монгол банкны бодлогын хүү 12 хувьтай, Засгийн газрын дотоод бондын хүү 16-17 хувьтай байсан. Засгийн газрын валютын бонд 10.51 хувьтай байсан. Энэ бүгдийг харьцуулаад энэ векселийн хүү зах зээлийн дунджаас доогуур тохирсон гэж үзэхээр байна. Анхан болон давж заалдах шатны шүүхэд энэ талаар Б.Б  тодорхой тайлбарласан. Мөн УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 108 дугаар тогтоолын 2 дугаар заалтад “... 2015 онд “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр ажил нь бүрэн дууссан төслийн санхүүжилтийг тус тус 2016 онд векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, төлбөрийг Монгол Улсын 2017 ны төсвийн төсөлд тусгах” гэж маш тодорхой заасан байгаа тул Б.Б ын гаргасан шийдвэр гаргах үндэслэл Засгийн газрын тогтоол төдийгүй УИХ-ын дээр дурдсан тогтоол болсон юм. Харин шүүх энэхүү векселийн хүүг харилцан тохиролцоогүй талаарх ямар ч баримт байхгүй, үүнийг нотлоогүй байтал хэрэгт тохиролцсон талаар баримтгүй гэсэн үндэслэлээр түүнийг буруутгаж байгаа нь хууль бус юм.

... Хүүгийн талаар харилцан тохиролцоогүй гэж, энэ талаар баримт байхгүй талаар дүгнэж аливаа хүнийг буруутгах эрх шүүхэд олгогдоогүй. Мөн харилцан тохиролцоогүй болохыг нь эргэлзээгүй нотлох үүрэг хуулиар мөрдөгч прокурорт хамаарах бөгөөд энэ талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй, үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй, мөн энэ хүүг тохиролцох үүрэг нь Б.Б т хамааралгүй.

Бусад асуудлын талаар:

... 2016 онд Сангийн сайд Засгийн газрын тогтоолын дагуу Төрийн орон сууцны корпораци болон Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн албан бичгүүд, бусад баримтуудыг үндэслэн шилжиж векселийн төлбөрийн актыг баталгаажуулснаар “Бэрэн групп” ХХК-д санхүүжилт хийгдсэн. Шүүхээр Б.Б ыг буруутгаж ялласан асуудалтай агуулгаараа яг адил асуудлаар Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг 3 шатны шүүх хэлэлцсэн. Энэ хэрэгт тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б  гэрчээр оролцсоноос бус яллагдагчаар татагдаагүй, татагдах ч үндэслэлгүй байсан. З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг анхан, давж заалдах, бүр хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэх үед ч Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б ыг яллагдагчаар татах талаар хөндөгдөөгүй ба энэ ч зөв. Гэтэл яг ижил нөхцөл байдалд, нэг улсад хуулийн нэг мөр зохицуулалтад байгаа атал төмөр зам болон ачих-буулгах терминалын төлбөрийг векселиэр санхүүжүүлсэн үйлдэлд Б.Б ыг яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлж, улмаар хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх залруулан, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл хангалттай байсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгч Д.Э нарт холбогдох 1741000380244 дугаартай эрүүгийн хэргээс Б.Б т холбогдох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б ын өмгөөлөгч Н.Ариунболд гаргасан гомдолдоо “... 1. албан тушаалтан эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэж ойлгож байна. Төрийн захиргааны аливаа байгууллага, албан тушаалтан захиргааны хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Албаны эрх ашгийн эсрэг гэдэг нь: тогтоосон захиргааны хууль тогтоомжийг зориудаар зөрчих, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх захиргааны хууль тогтоомжид заасан, хийх ёсгүй үйлдлийг хийх, хийх ёсгүй үйлдлийг хийх гэдэг нь захиргааны хууль тогтоомжид заасан хийх ёсгүй үйлдлийг хийх юм.

2. Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б ыг гаргахдаа давж заалдах шатны шүүх “... төмөр зам, ачиж буулган терминалын албан ёсны үнэлгээг тогтоогдоогүй бодит хөрөнгө оруулалтын тооцоолол байхгүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан ТЭЗҮ-гүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй” байхад 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 72 дугаар тушаал гаргасан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай гэж үзсэн. ... Сангийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 72 дугаар тушаал нь уг журмын хүрээнд гарсан бөгөөд уг журмыг зөрчсөн, эсхүл уг журамд заасан хийх ёстой үйлдлийг хийхгүй байсан, уг журамд заасан хийх ёсгүй үйлдлийг хийсэн байдал тогтоогдоогүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь ямар нэг тогтоосон журамд үндэслэхгүйгээр хийсвэрээр “... төмөр зам, ачиж буулган терминалын албан ёсны үнэлгээг тогтоосны дараа бодит хөрөнгө оруулалтын тооцооллын дагуу томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа ТЭЗҮ батлагдсаны дараа төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа төрийн өмчид бүртгэсний дараа...” Сангийн сайд Б.Б  нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 72 дугаар тушаал гаргаж байжээ гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Б  нь Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журмын дагуу шийдвэр гаргасан байхад хийсвэр үндэслэл баримтлан гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

... 3. Магадлалын тогтоох хэсэгт “векселийн хүү тохиролцоогүй нь Б.Б ын гэм бурууг давхар нотолж байна” гэжээ. Гэсэн атлаа векселийн хүүгийн талаар тохиролцсон байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэсэн. Тухайн баримт хэрэгт авагдаагүй нь векселийн хүүгийн талаар огт тохиролцоогүй гэдгийг нотлохгүй ба эргэлзээтэй юм. Энэ асуудлаар ямар ч гэрчийн мэдүүлэг авагдаагүй болно. Мөрдөх, яллах байгууллага мөрдөх ажлаа дутуу хийсэн бол нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай юм. Тиймээс тухайн баримт байхгүй нь Сангийн яам векселийн хүүг огт тохиролцоогүй гэдгийг нотлохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2-т ... гэсэн байдаг. Түүнчлэн мөн хуулийн 16.15.2-т зааснаар шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Гэтэл хэрэгт огт байхгүй үйл баримтыг хийсвэрээр үнэлэн шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэн магадлал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2, 16.15.2 заалтыг ноцтой зөрчсөн, шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна.

4. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа өмгөөлөгчийн гаргасан гомдол, түүний үндэслэлийг авч үзсэнгүй буюу няцаасангүй, анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-1.1, 1.2, 1.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 шийтгэх тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Б ыг гэм буруугүйд тооцон цагаатгана уу” гэв.

Шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Ц.Дагвадорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдааӨмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Харин хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг, Д.Амгалан нарын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх сонгох санкцтай. Хөнгөн төрлийн буюу торгох ялыг сонгон өөрчлөхдөө хамгийн их буюу хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон учир Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан бөгөөд үйлдсэн хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдэх үеийн болон дараахь объектив болон субъекьтив нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан, нөлөөлсөн нөхцөл, удирдлага болгосон шийдвэрүүд зэрэг хамтран оролцсон байдлуудыг хамруулан ойлгож хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэсэн. Иймд хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүх Д.Э ыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын тогтоол гаргахад оролцсон мэтээр дүгнэсэн байна. Гэтэл Д.Э нь тус Засгийн газрын хуралдаанд оролцоогүй, өөрийн байр сууриа илэрхийлээгүй. Харин хариуцсан сайдын хувьд Үндсэн хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу тогтоолд гарын үсэг зурсан. Д.Э ыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Э , Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.С , Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, мөн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар, мөн компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нартай бүлэглэж, “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг хамтран зохион байгуулсан гэж буруутгасан. Эдгээр хүмүүстэй бүлэглэж, хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт 193 хавтас хэрэгт байхгүй. Гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг журамласан үйлдлийг зөв тодорхойлоогүй, хамтран зохион байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэмт хэрэгт бэлтгэх, завдах, хамтран оролцох зэргийг зөв хэрэглэх нь хэргийг зүйлчлэх, гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлох, эрүүгийн хариуцлага ба ялыг ялгамжтай хэрэглэхэд ач холбогдолтой байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж тус тус заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд миний үйлчлүүлэгч Д.Э ын дээрх үйлдлүүдэд 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэхдээ мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2002 оны Эрүүгийн хуульд бусдад давуу байдал олгосон гэх нөхцөл байдал байгаагүй. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл хэмжээг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасантай харьцуулж үзвэл ялын санкцын хувьд хүндэрч байна. Тэгэхээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн буюу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчлэх ёстой. Харин хохирол тогтоогдоогүй гэж үзвэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болно. Хоёр шатны шүүхээс хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана” гэж заасан нь миний үйлчлүүлэгч Д.Э ад хамаарч байгаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шийдвэрлэснийг шүүх анхаарч шийдвэрлэх байх. Иймд хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг, Д.Амгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгч Д.Э ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Д ын өмгөөлөгч О.Сайнгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа Анхан шатны шүүхийн шийдвэрийн миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.З ын өмгөөлөгч Т.Ганболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдааАнхан шатны шүүхээс Н.З д холбогдох хэргийг бусад хэрэгт холбогдуулж шалгахаар буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.М ын өмгөөлөгч П.Баасанжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэлэх саналгүй” гэв.

Хохирогч Б.Г ын өмгөөлөгч Б.Баяржаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа Хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг, Д.Амгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. “Эрдэнэ үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын 49 хувийг шилжүүлсэнтэй холбоотой гэмт хэргийг шүүн хэлэлцэж шийдвэрлэсэн. Зөвхөн . “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийн 49 хувиас гадна “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн асуудал яригдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Анх 1973 онд Эрдэнэт үйлдвэрийг хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрээр байгуулсан. Үүнээс хойш Эрдэнэ үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын хувь эзэмшилтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг 2003, 2004, 2007, 2009, 2014 онуудад оруулж явсан. Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиас татгалзаж байгаа тохиолдолд Улсын Их хурлаар хэлэлцэгдэх ёстой байтал хэлэлцүүлэлгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуулийн этгээдэд шилжүүлсэн асуудал нь хууль зөрчсөн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д байх хугацаанд 69 сая ам.долларын ноогдол ашгийг гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. “Монголросцветмет” ХХК-ны 49 хувь “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д байхад мөн л 6.1 сая ам.долларын ноогдол ашиг авсан. Үүнийг бидний зүгээс хохирол гэж үзэж байна. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яамнаас хохирлыг хэмжээг тодорхойлж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байгаа. Мөн Төрийн өмчийн хорооны Бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр хохирлыг тогтоосон. Иймд хохирогчийн зүгээс гаргасан гомдлыг дэмжиж шийдвэр гаргана гэдэгт найдаж байна” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.З , Д.Д , Б.М , Л.С  нарт холбогдох хэрэгт гэм буруугийн талаар эцсийн шийдвэр гаргаагүй буюу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тэдгээрийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Харин шүүгдэгч Д.Э , Б.Б  нарын хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Д.Г ын хувьд давж заалдах шатны шүүхээс тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримт, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ. Тодруулбал, шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хууль, тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулж, Оросын Холбооны Улсын талын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг татгалзуулахаар Засгийн газрын хуралдаанд тухайн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж, Монгол Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэлгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаагүйгээр Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлж, Монгол Улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргахад Засгийн газрын гишүүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Э , Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.С , Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, мөн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан Коппер Корпорейшн”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар, мөн компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нартай бүлэглэн үйлдэж, “Монголиан коппер корпорейшн”ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдэл тогтоогдсон. Мөн шүүгдэгч Д.Э нь “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Концессын зүйлийг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх” 364 дугаартай тогтоол гаргахад оролцож, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй байхад Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б , “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Г , “Кью Эс Си”ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,“Кью Эс Си” ХХК-д 183.608.605.210.6 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгох гэмт хэргийг хамтран зохион байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Шүүгдэгч нарын хувьд дээрх хууль бус үйлдлийн улмаас Монгол улсын үндсэн хууль, Улсын их хурлын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль зэрэг холбогдох дүрэм журмыг зөрчиж, өөр өөрсдийн түвшинд, эрхэлж буй албан тушаалаар олгогдсон эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх замаар энэ хэрэгт санаатай нэгдэж, хамтран оролцсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь албан тушаалтны хувьд хамтран оролцсон нэгдмэл үйлдлийн улмаас “Монголиан коппер корпорейшн” ХХК, “Кью Эс Си”ХХК эдийн засгийн давуу байдал бий болгосноороо гэмт хэрэг төгссөн байна.  Шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх гаргасан гомдолдоо “... Д.Э нь Ерөнхий сайд Ч.С ийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу урьдчилан бэлтгэсэн бичгийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан ба тухайн өдөр уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй. Засгийн газрын хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцэж 330 дугаар тогтоол гарах үед Д.Э Сэлэнгэ аймагт Улсын их хурлын сонгуулийн сурталчилгааны ажилтай явж байсан уг тогтоол хамааралгүй ...” гэжээ. Гэтэл Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн төслийг тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан Засгийн газрын гишүүн хянан үзэж ёсчлон гаргах зөвшөөрөл өгнө” гэж заасны дагуу Оросын Холбооны Улсын талын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг татгалзуулахаар 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/1854 дугаартай албан бичигт Д.Э гарын үсэг зурж, Монгол улсын Загсийн газарт хүргүүлсэн байна. Энэ албан бичгийн дагуу 330 дугаар тогтоол гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. Энэ нь Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн шүүгдэгч Б.Б ын өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүхэд “... Б.Б  нь Засгийн газрын 364 дүгээр тогтоол гарах үед Сангийн сайдаар томилогдоогүй байсан. Концессын гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах зэрэг үйл явцад оролцоогүй, Сангийн яам Загсгийн газрын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй энэ тогтоол дээр векселиэр санхүүжүүлэх тухай заасан. Гэмт хэрэг бүлэглэж үйлдээгүй” гэж гомдол гаргажээ. Шүүгдэгч Б.Б  нь Засгийн газрын тогтоол болон аж үйлдвэрийн сайдаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэж шийдвэр гаргахдаа “Кью Эс Си” ХХК-наас ирүүлсэн тооцоог үндэслэлтэй эсэх, бодит тооцоо нь холбогдох ямар санхүүгийн баримтаар тогтоогдож байгааг тодруулалгүйгээр тус компанид 183 тэрбум төгрөгийн векселийг бичиж өгсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зарчим”, Векселийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Харин шүүгдэгч Д.Г ын хувьд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, прокурорт буцаасан нь зүйтэй, үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Учир нь шүүгдэгч нар нь ард түмнээс сонгогдож Улсын Их Хурал болон Засгийн Газрын гишүүнээр ажиллаж байсан. Ийм хариуцлагатай ажил албан тушаалыг хашиж байхдаа “Кью Эс Си” ХХК-нд давуу байдал олгож, мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг хууль бусаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ард түмний өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл юм. Тийм учраас анхан шатны шүүх Б.Б , Д.Э нарт хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э нарын 7 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч Д.Г ын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.Б ын өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Ариунболд, хохирогч Б.Г ын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Г.Э ы өмгөөлөгч Д.Амгалан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Д.Э ыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Санхүүгийн, Хууль зүйн болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагуудаас санал авалгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгааг гаргалгүй “Монгол улсын Засгийн газар нь Оросын холбооны улсын талын эзэмшиж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй боловч төсөв, санхүүгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдал, дээрх компаниудын энгийн хувьцааны олонхи буюу 51 хувийг төр одоо нэгэнт эзэмшиж байгаа, хувьцааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, уг давуу эрхээсээ татгалзаж Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол улсын хуулийн этгээд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д худалдах тухай Оросын Холбооны улсын Ростех компанийн гүйцэтгэх захирал С.В.Чемезовын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн РТ7-5790 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй” гэсэн утга бүхий танилцуулга бэлтгэн, Засгийн газрын тогтоолын төслийн хамт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын нэр дээр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 01/1854 дугаартай албан бичгийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж, Оросын Холбооны Улсын талын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг татгалзуулахаар хууль, тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулж, дурдсан асуудлыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэлгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаагүйгээр Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргахад Засгийн газрын гишүүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Э , Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.С , Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, мөн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар, мөн компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нартай бүлэглэн үйлдэж, “Монголиан коппер корпорейшн” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг хамтран зохион байгуулсан,

мөн тэрээр Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/2526 дугаартай албан бичгээр тогтоолын төсөл, танилцуулга бэлтгэн хүргүүлж, 2015 оны 09 дүгээр сарын  07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Кью Эс Си” ХХК-ийн тухайн төмөр замын концессыг өөрчлүүлэх асуудлыг оруулан танилцуулж, улмаар уг танилцуулгын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Концессын зүйлийг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх” 364 дугаартай тогтоол гаргахад оролцож,

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй байхад “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г ын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/165 дугаартай “Концессын зүйлийг хүлээн авах  тухай” албан бичиг, мөн “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаартай “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай” албан бичгүүдэд дурдагдсан үнийн санал болох 112.663.222.22 ам.долларын үнийн дүнг хүлээн зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сангийн сайд Б.Б т 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах” тухай албан бичгийг хүргүүлэн, улмаар Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай тушаал, уг тушаалтай холбогдож гарсан төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гаргаж, Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б , “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Г , “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Кью Эс Си” ХХК-д 183.608.605.210.6 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан гэмт хэрэгт, 

Б.Б ыг Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, Төрийн өмчид бүртгэж аваагүй байхад “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г ын “Монголын Төмөр Зам” ТӨХК-аас Сангийн сайд Б.Б т хандсан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/164 дугаартай албан бичиг, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э ын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах тухай” албан бичиг, мөн “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаартай “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай” албан бичгүүдийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тушаал, төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гаргаж,Санхүүгийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 90.130,577.78 ам.доллартой тэнцэх 183.608.605.210.60 төгрөгийн 18 ширхэг шилжих вексел, уг векселүүдийг эзэмшсэн хугацааны хүүд 5.501.562.739.73 төгрөг, нийт 189.110.167.949 төгрөгийг орлого болгон авах боломж бүрдүүлэн, “Кью Эс Си” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгохыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э , “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г , “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай хамтран зохион байгуулсан гэмт хэрэгт,

Н.З ыг Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-160 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “...“Кью Эс Си” ХХК-ийн зээлийн эрсдэлийг өндөр гэж дүгнэв” гэсэн дүгнэлт гарсан байхад 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Н/21 дугаартай “Монгол банк болон Улаанбаатар хотын банкны хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 0316/44 дүгээр тушаал гарган, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол банкнаас Улаанбаатар хотын банканд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон жилийн 14 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 100.000.000.000 төгрөгийн санхүүжилтийн зээлийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Кью Эс Си” ХХК-с гаргасан 5 жилийн хугацаатай, жилийн хүү нь 21-7 хувь хүртэл буурах нөхцөлтэй “Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ”-г  2016 оны 04 сарын 06-ны өдрийн Монгол банк, Улаанбаатар хотын банк, “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан гурвалсан гэрээг батлан, нийт 18.073.902.762 /арван найман тэрбум далан гурван сая есөн зуун хоёр мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийн үнэ бүхий техник хэрэгслийг барьцаалан тус өрийн бичгийг шилжүүлэн авч, өөрийн танил, урьд нэг байгууллагад буюу Худалдаа хөгжлийн банканд хамт ажиллаж байсан, Улаанбаатар хотын банкны 99.9 хувийг эзэмшигч Должингийн Эрдэнэбилэгийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Кью Эс Си” ХХК-д 100.000.000.000 /нэг зуун тэрбум/ төгрөгийн орлого олох боломж олгож, эдийн засгийн давуу байдал бий болгохыг зохион байгуулсан гэмт хэрэгт,

Д.Г ыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 77 дугаартай ... тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг “Монголын төмөр зам” ХХК-ийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Артур)-т хадгалагдаж байхад, түүнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй, төлөөлөн удирдах зөвлөлд аливаа шийдвэр гаргуулахаар танилцуулалгүйгээр, “Кью Эс Си” ХХК нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэсэн заалтын хүрээнд төмөр замын барилгын ажил гүйцэтгэхэд гаргасан бодит зардлын тооцооллыг гаргаагүй, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл болон төсөвт магадлал хийлгээгүй байхад Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б , Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э , “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай санаатай нэгдэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 1/10 дугаартай албан бичгийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 01/165 дугаартай “Концессын зүйлийг хүлээн авах тухай” гэсэн тэргүү бүхий “Кью Эс Си” ХХК-ийн “барих-шилжүүлэх” төрлөөр барьж гүйцэтгэсэн 36.56 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт 112.66 сая ам доллароор тооцон “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн өмчид шилжүүлэн авч байгаа болно” гэсэн утга бүхий албан бичгийг үйлдэж, Аж үйлдвэрийн сайд Д.Э ад, мөн өдөр 01/164 дугаартай албан бичгийг Сангийн сайд Б.Б т тус тус хүргүүлэн, тухайн үеийн Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э нь өөрт ирсэн албан бичгийг үндэслэн, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж, Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б  нь дөрвөн өдрийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай тушаал, төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гаргаж, “Кью Эс Си” ХХК нь 90.130.577.78 ам.доллартой тэнцэх 183.608.605.210.60 төгрөгийн 18 ширхэг шилжих векселийг 364 хоногийн хугацаатай, жилийн 14.941 хувийн хүүтэйгээр олгосны улмаас “Кью Эс Си” ХХК нь Сангийн яамнаас гаргуулан авсан 18 ширхэг шилжих векселиэс нийт 189.110.167.949 төгрөгийн орлого олж, эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан гэмт хэрэгт,

мөн Д.Г ыг үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбоотой тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Д , тус Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.М  нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420.672.910 /дөрөв зуун хорин сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд байхдаа хамтран зохион байгуулсан гэмт хэрэгт,

мөн Д.Г ыг улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийлгэхийн тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Л.С оос 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

Д.Д ыг Зам, тээврийн хөгжлийн яаманд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбоотой тус яамны яамны сайдаар ажиллаж байсан Д.Г , тус Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.М  нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420.672.910 /дөрөв зуун хорин сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.М ыг Зам, тээврийн хөгжлийн яаманд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбоотой тус яамны яамны сайдаар ажиллаж байсан Д.Г , тус Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Д  нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420.672.910 /дөрөв зуун хорин сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Л.С ийг “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийлгэсний хариуд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Г ад 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлэн 200,000,000 төгрөгийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооход чиглэгдсэн байх учиртай билээ.

Тэгвэл шүүгдэгч нарын гэм буруу, хамтран оролцоог тогтоон тодорхойлоход ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах ажиллагааг зайлшгүй гүйцэтгүүлэх шаардлагатай болох нь хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх явцад тогтоогдлоо. Үүнд:

1. Хэргийн бодит байдал, түүнд хамтран оролцогч нарыг бүрэн тогтоохын тулд энэ хэргээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд үндэслэлгүй нэгтгэсэн ба тусгаарласан байна. Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, хүрээний дотор шийдвэрлэх.

Тухайлбал, Д.Э ыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Э , Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.С , Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар, мөн компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нартай бүлэглэж нэг гэмт хэргийг үйлдсэн талаар яллах дүгнэлтэд тусгагдсан атал зарим яллагдагч нарыг тусгаарлан шүүхэд шилжүүлээгүйгээс үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтийг хийх бололцоогүй нөхцөл байдал үүсчээ.

2. Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн хохирол, хор уршгийг эргэлзээгүйгээр бодитой тогтоох, хохирлыг хэнээс, ямар хөрөнгөөс гаргуулах, тус хэрэгт иргэний хариуцагч хуулийн этгээд хэн болох зэрэг асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай цуглараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байх учиртай бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, хэргийн зүйлчлэл болоод ялын бодлогод шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоохоос гадна уг учирсан хохирлыг хэн хариуцах талаар прокурор дүгнэлтээ хийвэл зохино.

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч нарын холбогдсон хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул хор хохирол учраагүй гэж дүгнэсэн ч хэргийн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлтүүд зэргээс үзэхэд бодит хохирол учирсан байж болох нөхцөл байдлыг илэрхийлсэн хоорондоо зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан байх тул үүнтэй холбоотой иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд байгаа эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү үүргээ мөрдөгч, прокурор бүрэн хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж буйтай холбогдуулан шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн “шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах”, хохирогч нарын өмгөөлөгчдийн зүгээс “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх” агуулга бүхий гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Прокуророос Д.Э нарын 8 хүнд холбогдох хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч “Прокурорын шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, яллагдагчдад холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор яллагдагч Д.Г , Н.Төмөрхүү нарын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй, хэрэв тийнхүү “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бол дахин яллах дүгнэлт үйлдэх учиртай байсныг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Э , Б.Б , Б.М , Л.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Г , Н.З  нарт авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Д ад авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Э-н өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Ариунболд, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Ц.Амар, хохирогч Б.Г-н өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Г.Э-н өмгөөлөгч Д.Амгалан нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                    Б.ЦОГТ