Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/0024

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын

дарга Ч.Чүлтэмбат, нягтлан бодогч Х.Батбаатар

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагч Ч.Гантулга нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 539 дүгээр магадлалтай, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, нягтлан бодогч Х.Батбаатар нарын нэхэмжлэлтэй, тус аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Чинзориг, аудитор Ч.Гантулга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, нягтлан бодогч Х.Батбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Аймгийн Засаг даргын 2014 оны нөөц сангийн зарцуулалтын үр дүнг аймгийн Аудитын газраас 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний хооронд хийж 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 288 тоот албан бичгээр тайлангийн төслийг аймгийн Засаг дарга С.Насанбатад ирүүлсэн. Тайлангийн төсөлтэй танилцаад 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1-597 тоот албан бичгээр аймгийн Аудитын газрын дарга ерөнхий аудитор С.Чинзоригт төсөлд өгөх саналыг хүргүүлсэн билээ. Гэтэл аймгийн Аудитын газар 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05/97, 06/98, 07/99, 08/100, 09/101, 10/102 дугаар актыг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн албан тоотоор аймгийн Засаг дарга С.Насанбатад хүргүүлсэн.

Актуудын талаар дараах тайлбарыг гаргаж байна:

2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05/97, 06/98, 07/99, 08/100, 09/101, 10/102 дугаар актуудыг Засгийн газрын 2014 оны “төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолоор “...төсвийн хөрөнгөөр гадаад дотоодын тойрон аялал, ойн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байхыг бүх шатны төсөв захирагчдад үүрэг болгосон”-ыг зөрчсөн гэсэн үндэслэлээр үйлдэж 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн сан банкан дахь аймгийн Аудитын газрын 190051405 тоот дансанд оруулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, нягтлан бодогч Х.Батбаатар бид хоёрт хариуцуулсан.

  1. Аймгийн 53 жилийн ойн арга хэмжээнд 18058,0 төгрөгийг зарцуулсан тухай:

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “а”, 30 дугаар зүйлийн 30.1.16, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт аймгийн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана гэж заасан байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2/03 дугаар тогтоолоор “Аймгийн Засаг даргын 2013-2015 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэн аймгийн Засаг дарга Дархан хот байгуулагдсан өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аймгийнхаа иргэдэд тухайн онд хийсэн ажил, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээ танилцуулж, тэдний санаа бодлыг сонсон цаашид хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 427 дугаар захирамжаар 14,438.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун гучин найман мянган/ төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 445 дугаар захирамж гарган 3,620.000 /гурван сая зургаан зуун хорин мянган/ төгрөг, бүгд 18,058.000 /арван найман сая тавин найман мянган/ төгрөгийг тус тус аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргасан.

2. Мөнгөн сарнай арга хэмжээнд зарцуулсан 5 сая төгрөгийн тухай: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оныг “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн эдийн засаг, нийгэм, соёл, бүтээн байгуулалтын ажилд хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих жил” болгосонтой холбогдуулан нээлтийн ажлын хүрээнд оны шилдэг залуу шалгаруулах “Мөнгөн сарнай” ёслолын арга хэмжээг зохион байгуулахад дээрх зардлыг гаргасан. Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “а”, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.3, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.17, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “санхүүгийн дэмжлэг үзүүлж болно” гэж хуульчилсан тул аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 516 дугаар захирамжаар нийт 5,000.000 төгрөгийг зарцуулсан.

3. Худалдаа аж үйлдвэрийн танхимд 2,000.000 төгрөгийг зарцуулсан тухай: Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Ажилтай орлоготой, Монгол хүн хөтөлбөр”-ийн төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж ,бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилт, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний Зорилт-93 “Иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллаж, төрийн зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ”, 93.1-д” Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтран ажиллана”, 93.2-т “Иргэний нийгмийн байгууллагуудад боломжтой санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 2014 онд амжилт гаргасан байгууллагуудын олон нийтэд таниулах, бизнесийг нь дэмжих зорилгоор холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй хамтран шалгаруулж, урамшуулсан болно.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн эдийн засаг, нийгэм, соёл, бүтээн байгуулалтын ажилд хүүхэд залуучуудын оролцоог дэмжих жил” болгосонтой холбогдуулан оны шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулахад Худалдаа аж үйлдвэрийн Танхимд 2 сая төгрөгийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “а”, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.3, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.17, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “санхүүгийн дэмжлэг үзүүлж болно” гэсэн заалтыг баримтлан хуулийн дагуу зохион байгуулсан болно.

4. Шарын гол сумын Засаг даргын тамгын газрын 2 албан хаагчийг 891.900 төгрөгөөр шагнасан тухай: Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 06 дугаар хавсралтын 3 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 420 дугаар захирамжаар Шарын гол сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Г.Ундраа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Баттулга нарыг төрийн албанд үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж 891.900 төгрөгөөр шагнаж, урамшуулсан. Төсвийг хэмнэлттэй горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын дагуу 2014 онд батлагдсан төсвийг 71,800.000 /далан нэгэн сая найман зуун мянган/ төгрөгөөр хэмнэж зарцуулсан болно.

Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 239 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын нэг, нийтлэг үндэслэл хэсэгт “урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй, тухайн төсвийн жилийн дундуур зайлшгүй санхүүжилт гаргах шаардлагатай зарим зардлыг санхүүжүүлэх болон тухайн шатны Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх зориулалт бүхий Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахад энэ журмыг мөрдөнө” гэж заасны дагуу дээрх зардлуудыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зарцуулсан.

5. “Дархан Хайрхан” уулын тахилгад зарцуулсан 590.700 төгрөгийн тухай: 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 37 дугаар тогтоолоор аймгийн тахилгат “Дархан Хайрхан” уулыг тайх тухай тогтоолыг баталж, тогтоолын 2 дахь заалтаар тахилга үйлдэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган, ёслолыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан тул уг тогтоолыг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын 2014 оны 265 дугаар захирамж гарган 590.700 төгрөгийг зарцуулсан билээ.

6. Дархан сумын 25 дугаар хороололд 4,000.000 төгрөгийг зарцуулсан тухай:

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан мөрийн хөтөлбөрт аймаг бүрт 200 айлын амины орон сууц барих төсөл, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2/03 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан-Уул аймгийн 10, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 250 айлын амины орон сууцны 25 дугаар хорооллын төслийн хүрээнд, мөн аймгийн Засаг даргын иргэний нийгмийн, төрийн бус байгууллагуудтай байгуулсан гэрээний дүнд тус хорооллын сурталчилгааг “Шинэ амьдрал” ТББ-тай хамтран аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 428 дугаар захирамжаар сурталчилгаанд зориулан 4 сая төгрөг гарган гүйцэтгэсэн болно.

Дээрх актуудаар тавигдсан нийт 30,540.600 төгрөгийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулиудын холбогдох заалтын хүрээнд шийдвэр гарган зарцуулсан тул аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгийг хууль зөрчин, зориулалтын бусаар зарцуулаагүй нь тул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, нягтлан бодогч Х.Батбаатар бид хоёрт хариуцуулсан нийт 30,540.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05/97, 06/98, 07/99, 08/100, 09/101, 10/102 тоот актуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Чинзориг, аудитор Ч.Гантулга нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Үндэсний Аудитын газрын харьяа Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд “аймаг, сумын Засаг даргын нөөц сангийн 2014 оны зарцуулалт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудитыг хийсэн.

Аудитаар: 1. Дархан хот байгуулагдсаны 53 жилийн ойн баярын өдрийг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд шаардагдах зардалд 18,058.000 /арван найман сая тавин найман мянган/ төгрөг олгосон, 2. “Мөнгөн сарнай” шинэ жилийн арга хэмжээнд 5,000.000 /таван сая/ төгрөг, Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн шинэ жилийн арга хэмжээнд 2,000.000 /хоёр сая/ төгрөг, 3. Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Г.Ундраа, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Баттулга нарын шагнал, урамшуулалд 891.900 /найман зуун ерэн нэг мянга есөн зуун/ мянган төгрөг, 4. “Дархан Хайрхан” уулыг тайх төр, шашны ёслолын арга хэмжээнд 590.7000 /таван зуун ерэн мянга долоон зуун/ мянган төгрөг, 5. Дархан-Уул аймгийн 25 дугаар хорооллын хөрөнгө оруулалтын талаар олон нийтэд сурталчлах зардалд 4,000.000 /дөрвөн сая/ төгрөг, нийт 30,540.600 /гучин сая таван зуун дөчин мянга зургаан зуун/ төгрөг зарцуулсан байна.

Энэ нь Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоол, 2014 оны 147 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн Засаг даргын 307 дугаар захирамжийг тус тус зөрчсөн байна. Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолын 2-т “Орон нутгийн чанартай наадам, уул, овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай” гэж заасныг зөрчсөн.

2014 оны 147 дугаар тогтоол Зардлын үр ашгийг сайжруулах хүрээнд Засгийн газар тэвчиж болох зарим зардлаа он дуустал хугацаанд хэмнэхээр болж байгаа явдал юм. Үүнд: “Төсвийн хөрөнгөөр хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах тоо давтамжийг багасгах, төсвийн байгууллагын машин унааны түлш шатахуун, гадаад, дотоод албан томилолтын зардлыг бууруулах, төсвийн хөрөнгөөр гадаад, дотоодын тойрон аялал, ойн арга хэмжээ, уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байхыг бүх шатны төсөв захирагчдад үүрэг болгосон байна.

Үүний зэрэгцээ хууль, тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийг сурталчлан таниулахаас бусад хэлбэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага, хамт олныг сурталчлах, телевизийн шоу, уралдаан зохион байгуулах, төсвийн хөрөнгөөр телевизийн олон ангит кино хийх, мөн сургалт, семинар зохион байгуулах, байгууллага, салбарын ой, баяр ёслол тэмдэглэхтэй холбогдуулан цаасан мэндчилгээ илгээх, цүнх календарь бэлтгэх зэргийг хориглосон байна.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 307 дугаар “Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай” захирамжийн хавсралт 4.4-т “Төсвийн хөрөнгөөр тойрон аялал, ой тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулахгүй байх”, 1-ийн Г-д “Төсвийн хөрөнгө, нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор хамт олныг сурталчлах, баяр ёслол тэмдэглэлт өдрөөр цаасан мэндчилгээ, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, ивээн тэтгэх үйл ажиллагаа явуулахгүй байх, хэмнэгдсэн зардлаар бусад байгууллагын туршлага судлах нэрээр өөр аймагт явахгүй байх, элдэв үзвэр үйлчилгээний тасалбар авахыг хориглох” гэж заасныг тус тус биелүүлээгүй байгаа нь албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл юм.

Иймд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-т “Төрийн аудитын байгууллагаас төсвийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн ашиглалт, зарцуулалтад аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох баримт бичгийг шилжүүлэн шалгуулна” гэж заасны дагуу танайд шилжүүлж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, нягтлан бодогч Х.Батбаатар нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05/97, 06/98, 07/99, 08/100, 09/101, 10/102 дугаар актуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 539 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлд 12 төрлийн нотлох баримтуудыг өгсөн бөгөөд энэ нотлох баримтыг анхан шатны шүүх судлан Аудитын газар нь гүйцэтгэлийн аудит хийхдээ шалгагдагч аймгийн Засаг даргын нөөц сангийн зарцуулалтыг шалгахтай холбогдсон анхан шатны санхүүгийн баримтуудыг болон бусад нотлох баримтуудыг тулгаж шалгаагүй нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, “нотлох баримтуудыг шалгасан ба холбогдох байгууллагуудын баримттай тулгах шаардлагагүй, хуулийг зөрчсөн байна” гэсэн хариуцагчийн тайлбаруудаар нотлогдож байна.

Мөн Улсын ерөнхий аудиторын 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар тушаалаар баталсан “Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.8-д “тэмдэглэх хэсэгт дурдагдсан алдаа зөрчил нь нотлох зүйлээр бүрэн дэмжигдсэн байх ёстой бөгөөд үүнийг журмын хавсралтад тусгагдсан төлбөрийн актын нотлох зүйлийн хяналтын хуудсаар баталгаажуулна”, 2.2.11-д “...Хяналтын хуудас 1 маягтын дагуу төлбөрийн акт тогтоох хууль эрх зүйн үндэслэлийг хуулийн зөвлөхөөр, алдаа зөрчлийг нотлох зүйлийн хангалттай, найдвартай, хүчин төгөлдөр, үнэн зөв, байдлыг аудитын менежерээр хянуулж, аудитын газрын захирлаар баталгаажуулсан байна” гэсэнтэй нийцэхгүй байна.

Аудитын газар нь аймгийн Засаг даргын 2014 оны нөөц сангийн зарцуулалт, үр дүнгийн гүйцэтгэлийн аудитын тайланг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төслөө аймгийн Засаг даргад ирүүлсэн бөгөөд аймгийн Засаг дарга 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1-897 дугаарын “Тайлангийн төслийн тухай” албан тоотоор Аудитын газрын даргад саналаа хүргүүлсэн байхад 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий 05/97, 06/98, 07/99, 08/100, 09/101, 10/102 дугаар актуудыг үйлджээ.

Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн аудитын шалгалт хийж дууссанаас хойш 1 сар 8 хоногийн дараа үйлдэгдсэн бөгөөд актуудыг аймгийн Аудитын газар аймгийн Засаг даргад танилцуулж, гарын үсэг зуруулж гардуулж өгөөгүй нь нотлогдож байна. Энэ нь Монгол Улсын ерөнхий аудиторын 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар тушаалаар баталсан “Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3.1-д заасныг зөрчсөн байна гэдгийг шүүгч бүрэн нотолсон байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 539 дүгээр магадлалыг хүчингүй болгож Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Чүлтэмбат, нягтлан бодогч Х.Батбаатар нараас мөн аймгийн Аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор С.Чинзориг, аудитор Ч.Гантулга нарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05/97, 06/98, 07/99, 08/100, 09/101, 10/102 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг “актаар тавигдсан 31590600 төгрөгийг холбогдох хуулиудын хүрээнд гаргасан аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу Засаг даргын нөөц сангаас гаргаж, зориулалтын дагуу зарцуулсан учир хууль зөрчөөгүй” гэх үндэслэлээр, хариуцагч нь “Засгийн газрын 2002 оны 200, 2014 оны 147 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 307 дугаар захирамжийг зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлсэн” гэж маргажээ.

Үндэсний аудитын газрын харьяа Дархан-Уул аймаг дахь салбарын аудитор Ч.Гантулга нь тус салбарын 2015 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын нөөц сангийн зарцуулалт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих” гэж заасныг үндэслэн дээр дурдсан “төлбөр хариуцуулах тухай” 6 актыг тогтоожээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар тушаалаар баталсан “төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ыг хэрэглэж, уг журмын зарим заалтуудыг буюу “төлбөрийн актын нотлох зүйлийг хяналтын хуудсаар баталгаажуулах, акт тогтоох үндэслэлийг хуулийн зөвлөхөөр, алдаа зөрчлийн нотлох зүйлийг аудитын менежерээр хянуулах, аудитын газрын захирлаар баталгаажуулах, актыг төлбөр хариуцагчид гардуулах, зөвшөөрснийг албажуулах, хэрвээ зөвшөөрөөгүй бол шалтгаан, үндэслэлийн талаар бичгээр тайлбар гаргуулах, зөвшөөрөөгүй тайлбар ирүүлсэн, эсхүл тайлбар ирүүлэхээс татгалзсан тохиолдолд Ерөнхий аудиторт танилцуулах, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах” гэснийг “акт тогтоосон аудитор” зөрчсөн гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх 6 актыг хүчингүй болгосон байна.

Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө” гэж хууль үйлчлэх хүрээг тодорхойлж, 5 дугаар зүйлийн 5.3-т “гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргах” гэж гүйцэтгэлийн аудитын зорилго, үр дүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгайлан заажээ.

Харин хариуцагчийн “акт” бичих үндэслэл болгосон Төрийн аудитын тухай хуулийн 15.1.12-т заасан “бүрэн эрх нь” Үндэсний аудитын газарт олгогдсон бөгөөд энэ эрхийг төрийн аудитын орон нутгийн салбарт хамааруулсан заалт хуульд тусгагдаагүй, хуулийн 5.3 дахь хэсгийн агуулгаас үзэхэд, гүйцэтгэлийн аудитын зорилго нь “акт” тогтооход чиглэгдэхгүй гэж үзэхээр байна.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан зохицуулалтаас үзэхэд “гүйцэтгэлийн аудит хийх, үүний үр дүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг” журмаар зохицуулсныг үгүйсгэхгүй боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээр эх сурвалж болгосон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан “төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ыг хэрэгт хавсаргаагүй, хэм хэмжээ тогтоосон уг акт нь Төрийн аудитын тухай хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт өгөөгүй, зайлшгүй дагаж мөрдөх шинжтэй эсэхийг нягтлалгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Дээрх байдалд дүгнэлт өгөлгүй “журам”-ын зохицуулалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул зөрчил тус бүрээр, захиргааны актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын гомдолд тавигдах хуулийн шаардлага хангаагүй  гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 539 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.  

     

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ