Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2024/00001

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2024/00001

 

 

 

 

 

 

2024 01 10 225/МА2024/00001

 

 

Ж.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ШШ2023/01028 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Батсайхан, Б.Ганхөлөг нарт холбогдох

KN3HDP3351K801658 арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг Ц.Батсайханд буцаан өгч, Ц.Батсайханаас автомашины үнэд төлсөн 17,800,000 (арван долоон сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч Ц.Батсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Ц.Батсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ...Батсайхан гэх хүний зарж байсан КИА Пронтер маркийн цагаан өнгийн механик, дизель хөдөлгүүртэй улсын дугааргүй, арлын KN3HDP3351K801658 дугаартай машиныг нийт 17,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 16,900,000 төгрөгийг шилжүүлж, 900,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...би итгээд машины бичиг баримтыг шилжүүлж авахаасаа өмнө мөнгөө өгсөн. ...уг машин асалт нь удаан, хүчгүй, явдал даахгүй, гэр бүлийнхээ хэрэгцээнд ашиглах ямар ч боломжгүй, юу нь мэдэгдэхгүй асахгүй, рам нь гажигтай, энд тэндээ маш их зэвэнд идэгдсэн, моторондоо сэвтэй дуугараад байна, шинээр мотор солихгүй бол болохгүй, сэлбэгээр босгож янзалсан машин байна гэж машин оношилдог хүмүүс хэлж би уг машиныг зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй болохыг мэдсэн. ...Ц.Батсайхан нь эрхийн зөрчилтэй, доголдолтой машин надад худалдаж намайг хохироосон тул би худалдах, худалдан авах тухай гэрээгээ цуцалж авсан өгснөө буцаахыг хүсч байна. Иймд Ц.Батсайханаас нийт 17,800,000 /арван долоон сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:... 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Чинбатаар дамжуулан Ж.*******т*******............. арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг 17,800,000 төгрөгөөр худалдсан. Ж.******* нь тухайн өдөр автомашиныг унаж үзээд худалдан авсан. Автомашины эзэмших эрхийг шилжүүлэх гэтэл улсын дугаар аваагүй автомашин учир оношилгоонд оруулах шаардлагатай болсон хэдий ч оношилгооны хүн нь сумдаар явсан байсан. Иймээс Ж.*******т Түнэл суманд очихоор нь оношилгоонд оруулах талаар хэлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 20 орчим хоногийн дараа нэхэмжпэгч надтай утсаар яриад машин чинь болохгүй байгаа учраас буцааж өгье гэхээр нь рулийн ард сууж яваа хүний чадвараас хамаардаг талаар хэлсэн. ...Тухайн автомашин Солонгос улсаас ирэхэд Б.Ганхөлөг гэдэг хүн, бид 2-ын гаалийн мэдүүлэг зөрж хөтлөгдөөд ирсэн. Бодит байдал дээр нэхэмжлэгчид худалдсан автомашин нь миний эзэмшлийн автомашин бөгөөд үүнд Б.Ганхөлөг ямар ч хамаагүй юм. Иймд нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Ганхөлөг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ганхөлөг нь 2021 оны 11 дүгээр сард Солонгос улсаас портер маркийн машин захиалж авсан. ...Иргэн Ц.Батсайханы 2 ширхэг Honda porter маркийн машин байсан бөгөөд тус чингэлэг нь миний нэр дээр ирсэн. Иргэн Ц.Батсайхантай танил биш, ямар нэгэн байдлаар бизнесийн түнш биш. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ШШ2023/01028 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар KN3HDP3351K801658 арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг хариуцагч Ц.Батсайханд буцаан олгож, хариуцагч Ц.Батсайханаас автомашины үнэнд төлсөн 17,800,000 (арван долоон сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Ж.*******т олгож, хариуцагч Б.Ганхөлөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,950 (хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамж 246,950 (хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар хариуцагч Ц.Батсайханы өмгөөлөгчийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан CD 1 ширхэгийг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Батсайхан давж заалдах гомдолдоо: ...Анх нэхэмжлэгч Ж.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн*******тай ярилцаж тохиролцсоны дагуу Киа Пронтер маркийн авто машиныг худалдан авсан байдаг. Худалдагч******* нь худалдаж байгаа машины талаарх мэдээллийг худалдан авагч Ж.*******т болон түүнтэй хамт явсан хүмүүст үнэн зөвөөр нь танилцуулж мэдээлсэн ба мэдээллийг нь худалдан авагч нар нь шалгаж үзэн машиныг унаж тодорхой зай, хугацаанд явж үзсэн ба улмаар худалдан авъя гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. ... машиныг 3 сар орчим хугацаагаар өөрийнхөө амины ажил үйлчилгээнд хэрэглэсэн байдаг юм. Үүний дараа худал, үнэн нь мэдэгдэхгүй ачаа даахгүй, урагшаа явахгүй болсон гэдэг шалтгаанаар худалдагч******* руу ярьсан гэдэг бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг үндэслэлээр намайг шүүхэд өгсөн байсан.

Хариуцагч би машиныг эвдрэлтэй гэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг ойлгоогүй ээ. Тэгээд ч уг дүгнэлтээр машин худалдан авахаас өмнө гарсан гэмтэл юм уу? худалдан авагчид очоод гарсан гэмтэл юм уу? гэдгийг нь нарийн тогтоогоогүй байсан. Тэгэхээр уг дүгнэлтийг үндэслэн эрхийн доголдолтой гэж үзэж болохгүй юм. Зөвхөн нэг талыг баримталж шүүхийн шийдвэр гарсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ж.******* ...эрхийн зөрчилтэй, доголдолтой машиныг буцаан өгч, машины үнэд төлсөн 17,800,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.Батсайхан ...машиныг унаж үзээд худалдаж авсан байсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар, хамтран хариуцагч Б.Ганхөлөг ...контейнер хүлээж авахад иргэн Ц.Батсайханы 2 машин ачигдсан байсан, ...Ц.Батсайхантай бизнесийн түнш биш гэсэн тайлбар тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Батсайханд холбогдох хэсгийг бүрэн хангаж, хариуцагч Б.Ганхөлөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх-ээр заасан.

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ц.Батсайханы иргэн Г.Чинбатаар дамжуулан худалдсан Киа пронтер маркийн автомашиныг 17,800,000 төгрөгөөр худалдан авч хэлэлцэн тохирсон үнийг төлсөн, хариуцагч төлбөрийг хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Зохигч гэрээний зүйл, үнийн талаар маргаангүй байх ба харин гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар маргасан байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ., 251.2.Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэж тус тус зохицуулсан.

Зохигч гэрээний зүйлийн чанарын талаар гэрээнд заасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учир тэднийг энэ талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй тул худалдагч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заасан ...зориулалтаар нь ашиглах боломжтой буюу биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч автомашин хүлээн авснаас хойш сарын дотор автомашины доголдлын талаар хариуцагч Ц.Батсайхан, гэрч Г.Чинбат нарт мэдэгдэж, автомашиныг буцааж өгөх хүсэлтээ илэрхийлсэн, уг автомашин биет байдлын доголдолтой болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хариуцагчийн давж заалдах гомдлын талаар:

1.Хариуцагч Ц.Батсайхан нь иргэн Г.Чинбатаар дамжуулан Киа Пронтер маркийн автомашиныг нэхэмжлэгч Ж.*******т худалдсан, уг автомашины өмчлөгч болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогджээ. Иймд хариуцагч Ц.Батсайхан гэрээний зүйлийн баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна.

2.Гэрээний зүйлийг хүлээн авах үед илрээгүй доголдол автомашиныг орон нутгийн замд жолоодох үед илэрсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар, автомашин биет байдлын доголдолтой болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1956 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж, 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагчид мэдэгдсэн нь зохигчийн тайлбараар нотлогдсон.

Гэрээний зүйлд биет байдлын доголдол илэрсэн тохиолдолд доголдлыг арилгах үүргийг худалдагч тал хүлээх бөгөөд хариуцагч доголдлыг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх тул худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн хэргийн оролцогчийн хүсэлтээр явагдах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх ба түүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Ц.Батсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ШШ2023/01028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,950 /хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ