Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энх тайваны өргөн чөлөө гудамж 4/А-44 тоотод оршин суух Мазаалай овогт Жигмэдийн Наранцэцэг /РД:ХН56121105/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энх тайваны өргөн чөлөө гудамж 4/А-44 тоотод оршин суух Мэргэд овогт Оюунболдын Жаргалцэнгэл /РД:ХН81092511/-д холбогдох,

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Наранцэцэг, хариуцагч О.Жаргалцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Жигмид овогтой Наранцэцэг миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 44 тоотод оршин суух харъяалалтай, 60 настай эмэгтэй, Би шүүхэд ач хүү Н.Оргилын үрчлэлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байна. Миний хүү О.Жаргалцэнгэл нь оюутан байхад оч хүү Оргил маань төрсөн бөгөөд бэр маань ач хүүг маань манайд авч ирж орхиод явсан юм. Ингээд миний бие 1999 оны 12 дугаар сарын 29-ны өдөр төрсөн ач хүү Оргилыг өөрийн нэр дээрээ үрчлэн авсан юм. Миний бие өвдөж, хүний асаргаанд орж, нас өндөр болсон тул ач хүү Оргилыг буцааж, эцэг О.Жаргалцэнгэлээр овоглуулах хүсэлтэй байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч О.Жаргалцэнгэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн хүү Н.Оргилыг ээж Ж.Наранцэцэгт үрчлүүлсэн билээ. Амьдралын шаардлагаар үрчлүүлсэн хүүгээ одоо би ээж Ж.Наранцэцэгээс буцаан авах хүсэлтэй байгааг минь миний ээж Ж.Наранцэцэг зөвшөөрсөн юм. Иймд миний төрсөн хүү Н.Оргилыг эцэг О.Жаргалцэнгэл миний нэр дээр буцаан овоглуулах хүсэлтэй байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцохыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Наранцэцэг нь хариуцагч О.Жаргалцэнгэлд холбогдуулан ач хүү Оргилыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

О.Жаргалцэнгэл, А.Уянга нар нь 1999 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хүү Ж.Оргилыг төрүүлж, эцэг О.Жаргалцэнгэлийн нэрээр овоглон, 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрөлтийн 1433 дугаарт бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын хэлтсийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45/013250 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна / хх-ийн 3 дахь тал/.

Хариуцагч О.Жаргалцэнгэл нь 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүү Ж.Оргилыг өөрийн төрсөн эх болох Мазаалай овогт Жигмэдийн Наранцэцэгт үрчлүүлэн, мөн өдөр нь Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэл мэдээллийн байгууллагаас үрчлэлтийн 87 дугаарт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгон, Наранцэцэгийн Оргил болгон бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын хэлтсийн 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45/013250 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна /хх-ийн 2 дахь тал/.

Талууд хүү Оргилыг үрчлүүлсэн үрлэлтийн бүртгэлийн талаар маргаагүй болно.

Хүү Оргил нь одоо 16 настай бөгөөд түүнийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцохыг хүү Оргил болон хариуцагч О.Жаргалцэнгэл нар хүлээн зөвшөөрч байх тул дээрх байдлыг харгалзан үзэж  шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд 1999 оны 12 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү Оргилыг 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Жигмэдийн Наранцэцэгт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, хүү Оргилыг асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эцэг Оюунболдын Жаргалцэнгэлд шилжүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 1999 оны 12 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү Оргилыг 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Мазаалай овогт Жигмэдийн Наранцэцэгт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 1999 оны 12 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү Оргилыг асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эцэг Оюунболдын Жаргалцэнгэлд шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Жаргалцэнгэлээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Наранцэцэгт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА