Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 225/МА2024/00003

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 225/МА2024/00003

 

 

 

М.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 155/ШШ2023/01165 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Алтанхуягт холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг 18,037,500 (арван найман сая гучин долоон мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ж.Алтанхуягийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие*******гийн ******* нь нөхөр болох*******ын*******тай танилцаж, үерхэж байгаад 2012 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин А.Эрдэнэжаргал, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү А.Мягмаржаргал нарыг төрүүлсэн. Биднийг хамтран амьдарч эхэлснээс хойш нөхөр маань байнга л хэрэг төвөгт холбогдож, хууль цагдаагийн байгууллагаар шалгагддаг байсан. Энэ бүхэнд миний хувьд айлын эхнэр хүний хувиар хүлээцтэй хандаж бүхий л үед хамт байж ирсэн. Үүнээс гадна манай гэр бүлд гэр бүлийн маргаан үүсэх үед нөхөр маань надад удаа дараа гарч хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ирсэн.

Энэ мэтчилэн маш олон удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан боловч би нөхрөө засрах байх гэж итгэж энэ асуудлаар хууль шүүхийн байгууллагад хандаж байгаагүй.

...Иймд 2012 оны гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А.Эрдэнэжаргал, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү А.Мягмаржаргал нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Миний бие М.******* нь анх шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Бид дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох боломжтой гэж үзэж тухай үед нэхэмжлэлдээ тусгаагүй.

Гэвч миний бие авто машины осолд орсны улмаас нуруундаа хадаастай, цаашид ч эмчилгээ шаардлагатай байсан учир малаа хүргэний малтай нийлүүлж үлдээсэн байх үед Ж.Алтанхуяг нь надтай ярилцалгүй, миний зөвшөөрөлгүй туугаад явсан байна. Энэхүү малаа зарж борлуулсан байж болзошгүй тул эд хөрөнгөө үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Иймээс бидний дунд эд хөрөнгө болох ...нийт 24,050,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох 18,037,500 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...том гэр 6 ханатай дан бүрээстэй 3,500,000 төгрөг, жижиг гэр дан зуны бүрээстэй 5 ханатай 2,000,000 төгрөг, морь 1 толгой 1,200,000 төгрөг, бяруу 3 толгой нэг бүрийн үнэ 150,000 төгрөг нийт 450,000 төгрөг, соёолон үхэр 1 толгой 1,400,000, хязаалан үхэр 1 толгой 1,200,000 төгрөг, сувиа үнээ 1 толгой 1,200,000 төгрөг, шүдлэн үхэр 3 толгой нэг бүрийн үнэ 800,000 төгрөг нийт 2,400,000 төгрөг, тугалтай үнээ 4 толгой нэг толгой нь 1,200,000 төгрөг нийт 4,800,000 төгрөг, нийт 24,050,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ноогдох 18,037,500 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Ж.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч би 24,050,000 төгрөгийн эд хөрөнгө байгаа талаарх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр бичсэн байна.

Одоо манай эд хөрөнгө гээд байгаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан зүйлсээс тугалтай үнээ 2 ш байгаа, М.******* 4 гэж худал бичсэн , шүдлэн үхэр 3 байгаа, сувай үхэр байхгүй, бусад дурдагдсан эд зүйлс бүгд байхгүй. Жижиг гэр гээд байгаа зүйлсийг өөрөө зарсан гэсэн, гэр бас байхгүй, орох орон байхгүй одоо гадуур ажил хийж амьдралаа залгуулж явна. Тэрээр намайг фейсбүүк орчинд олон удаа доромжилж бичсэн, энэ талаар нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандах болно.

Удаа дараалан намайг шүүхэд дуудуулж байхгүй байгаа зүйлсээ байгаа мэтээр нэхэмжлэлдээ бичиж намайг чирэгдүүлж байгаад нэхэмжлэгч М.*******д ихээхэн гомдолтой байгаа ба би 2 хүүхдээ түүнд өгөхгүй... гэжээ.

Хариуцагч Ж.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Одоогийн байдлаар надад гэрлэлт цуцлуулахад маргах зүйл байхгүй. Бид хоёр 2020 он хүртэл нэг гэрт хамт амьдарсан. Намайг хүн шиг авч явсан. Надад ч буруу зүйл зөндөө байгаа учраас өөрийгөө зөвтгөхгүй. Гэхдээ би зодож нүдээд янз бүр болоод байдаггүй. Намайг 2020 онд шоронд явчхаад гараад ирэхэд л баахан салах баримт бүрдүүлчихсэн ингэж яриад байгаа болохоос биш бодит амьдрал дээр би зодоод байсан зүйл байхгүй. Тэрийг Жаргалант сумын цагдаа нар ч мэдэж байгаа. ...Цаашдаа хоёр хүүхэдтэйгээ эвтэй байгаад хоёуланг нь аваад явбал хамаа алга. Тэгэхгүй хоёр хүүхдээ хаяад ийш тийшээ ийм юм хийж байна, тийм юм хийж байна гээд яваад байвал хэцүү. Би хүүхдийнхээ хажууд хүн шиг байж чадна. Хүүхдүүд байхгүй болохоор жаахан сэтгэл санаагаар унаад архи уучхаад байх юм. Хамгийн гол нь өөрийн гэсэн гэр оронгоо авчихмаар байна. Мал дээр маргах зүйл алга. Хүн зангаргатай байх ёстой. Ханилсан ханийгаа муу хэлээд, худлаа яриад яах вэ. М.******* өөрөө өөрийнхөө нэр хүндийг унагаад ингэж яваа. 3 жилийн дотор 2, 3 гэр бүл үймүүлээд ийм болсон. Намайг ална гэсэн байдалтай байдаг гэж байна. Би энэ хүнийг ална гэдэггүй. ...Хоёр хүүхдээ хоёуланг нь хамт байлгамаар байна. Хүү маань ааваасаа салахгүй гэсэн. Тугалтай үнээ 4 толгой гэж байгаа боловч би 2 толгой тугалтай үнээ 3 толгой бяруу байсныг би зарсан. Мөн хязаалан үхэр 1 толгой, морь 1 толгой, байшинг тус тус би зарсан. 2 толгой тугалтай үнээ, 1 толгой бяруу, 1 толгой бух М.*******гийн хүргэнийд үлдээсэн. Тэндээ байгаа байх. Шүдлэн үхэр 3 толгой надад ирээгүй... гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 155/ШШ2023/01165 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Аадай*******ын*******, Орос овогт*******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А.Эрдэнэжаргалыг эх М.*******гийн асрамжид, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү А.Мягмаржаргалыг эцэг Ж.Алтанхуягийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А.Эрдэнэжаргалыг 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ж.Алтанхуягаас, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү А.Мягмаржаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эх М.*******гээс тус тус гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн сувиа үнээг Ж.Алтанхуяг, А.Мягмаржаргал нарт үлдээж, 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн том гэр, 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн жижиг гэрийг нэхэмжлэгч М.*******, А.Эрдэнэжаргал нарт үлдээж, хариуцагч Ж.Алтанхуягаас 2,775,000 (хоёр сая долоон зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Алтанхуягаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч М.*******, хариуцагч Ж.Алтанхуяг нарт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.*******, хариуцагч Ж.Алтанхуяг нарт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг нэхэмжлэгч М.*******, хариуцагч Ж.Алтанхуяг нарт тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Алтанхуяг давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс М.******* бидний гэрлэлтийг цуцалж охин А.Эрдэнэжаргалыг эх М.*******гийн асрамжид, хүү А.Мягмаржаргалыг миний асрамжид үлдээж холбогдох хүүхдийн тэтгэлгийг харилцан бие биедээ төлөх шийдвэр гаргасан. Түүнчлэн манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 1 ш байшин, 2 ш гэр, 10 толгой мал буюу 13,950,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөөр тогтоож гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлсон.

Шүүхийн энэхүү шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч М.******* нь одоогоор тогтсон оршин суух хаяг байхгүй бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтаар группт байдаг талаараа шүүх хурал дээр өөрөө ч хүлээн зөвшөөрч тайлбар өгч байсан. Өөрөөр хэлбэл хүүхдээ асран халамжилж чадах нь эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдалд байгаа болох нь тодорхой байна. Гэтэл шүүх уг байдлыг үнэлэлгүйгээр зөвхөн охин А.Эрдэнэжаргалын өөрийнх нь саналыг харгалзан М.*******гийн асрамжид өгсөн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Түүнчлэн манай гэр бүл 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор Адуу 12, үхэр 50 толгой бүгд 62 толгой мал тоологдсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч М.******* нь эдгээр малыг өөрөө дур мэдэн зарж борлуулсан төдийгүй шүүхэд уг малын тоог нэмэгдүүлж тоолуулсан худлаа тоо гэсэн тайлбар өгдөг. Мөн намайг өөрийнхөө 18 толгой малыг авч явж борлуулсан гэж үндэслэлгүйгээр гүтгэдэг. Эдгээр нөхцөл байдлын хүрээнд шүүх миний өөрийн авч явснаа хүлээн зөвшөөрсөн 10 толгой малын тоогоор манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн малыг тодорхойлсон.

Харин албан ёсны статистик баримтаар нотлогдсон 62 толгой мал болон уг малаас М.*******гийн дур мэдэн зарцуулсан хэсгийг яагаад хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцолгүй орхисон нь ойлгомжгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Шүүхээс бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг буруу тодорхойлсны улмаас би өөрийн гэсэн орон гэргүй /хоёр гэрийг М.*******д олгохоор шийдвэрлэсэн/ болсон төдийгүй нэмж М.*******д 2,775,000 төгрөгийг төлөхөөр болоод байна.

Дээрхээс дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж хуульчилсантай нийцээгүй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээн авч хэргийг бүхэлд нь хянан үзэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч Ж.Алтанхуягийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ж.Алтанхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох 18,037,500 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Ж.Алтанхуяг нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

1.Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин А.Эрдэнэжаргалыг эх М.*******гийн асрамжид, хүү А.Мягмаржаргалыг эцэг Ж.Алтанхуягийн асрамжид тус тус үлдээж, охин А.Эрдэнэжаргалыг 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ж.Алтанхуягаас, хүү А.Мягмаржаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эх М.*******гээс тус тус гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн сувиа үнээг Ж.Алтанхуяг, А.Мягмаржаргал нарт үлдээж, 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн том гэр, 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн жижиг гэрийг нэхэмжлэгч М.*******, А.Эрдэнэжаргал нарт үлдээж, хариуцагч Ж.Алтанхуягаас 2,775,000 (хоёр сая долоон зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Шүүх зохигчийн хооронд үүссэн гэр бүлийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлжээ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.Хариуцагч Ж.Алтанхуягийн гаргасан ...нэхэмжлэгч хүүхдээ асран халамжилж чадах нь эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдалд байгаа болох нь тодорхой байна. Гэтэл шүүх уг байдлыг үнэлэлгүйгээр зөвхөн охин А.Эрдэнэжаргалын өөрийнх нь саналыг харгалзан М.*******гийн асрамжид өгсөн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. ...Түүнчлэн манай гэр бүл 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор Адуу 12, үхэр 50 толгой бүгд 62 толгой мал тоологдсон байдаг, албан ёсны статистик баримтаар нотлогдсон 62 толгой мал болон уг малаас М.*******гийн дур мэдэн зарцуулсан хэсгийг яагаад хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцолгүй орхисон нь ойлгомжгүй, шүүхээс бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг буруу тодорхойлсны улмаас би өөрийн гэсэн орон гэргүй /хоёр гэрийг М.*******д олгохоор шийдвэрлэсэн/ болсон төдийгүй нэмж М.*******д 2,775,000 төгрөгийг төлөхөөр болоод байна... гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэгчдийн дундаас 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр охин А.Эрдэнэжаргал, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү А.Мягмаржаргал нар төрсөн болох нь хэргийн 10, 11 дүгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар гэрлэгчдийн хэн аль нь маргаагүй байна.

Зохигч гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгыг гаргаагүй байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцалсан нь үндэслэлтэй байна.

Мөн охин А.Эрдэнэжаргал, хүү А.Мягмаржаргал нарын насны байдал, хариуцагчийн хүүхдүүдээ өөрөө асран хамгаалах хүсэл, эхийн хайр халамж, ээнэгшин дассан байдал, цаашид өөрийн биеэр асран хамгаалах бололцоотой байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан охин А.Эрдэнэжаргалыг эх М.*******гийн асрамжид, хүү А.Мягмаржаргалыг эцэг Ж.Алтанхуягийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч М.*******, хариуцагч Ж.Алтанхуяг нараас тус тус хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан зохицуулалттай нийцсэн байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, мөн хуулийн 126.2.4-т Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар хувааж болно гэж заасан.

Хариуцагч шүүх хуралдаанд жижиг гэрийг 700,000 төгрөгөөр үнэлж байна, нэхэмжлэгчийн том гэр, мал зэргийг үнэлсэн үнэлгээнүүдийг зөвшөөрч байна гэж тайлбарласан байх ба зохигч 3,500,000 төгрөгийн үнэ бүхий дан бүрээстэй 6 ханатай гэр, 700,000 төгрөгийн үнэ бүхий дан бүрээстэй 5 ханатай жижиг гэр зэргийг нэхэмжлэгчийн эзэмшилд, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой сувиа үнээ хариуцагчийн эзэмшилд тус тус байгаа талаар маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасан үндэслэлээр 3,500,000 төгрөгийн үнэ бүхий дан бүрээстэй 6 ханатай гэр, 700,000 төгрөгийн үнэ бүхий дан бүрээстэй 5 ханатай жижиг гэр зэрэг нь хариуцагч Ж.Алтанхуягийн хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд дээрх эд хөрөнгийг оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн зохигч нарын маргаж байгаа Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Өвөр нарийн гэх газарт байрлах 7x7 харьцаатай, таамбар нь 5x5 харьцаатай дүнзэн байшин, 18 толгой мал зэргээс зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Өвөр нарийн гэх газарт байрлах 7x7 харьцаатай, таамбар нь 5x5 харьцаатай дүнзэн байшин, дан бүрээстэй 6 ханатай гэр, дан бүрээстэй 5 ханатай жижиг гэр, 1 толгой морь, 3 толгой бяруу, 1 толгой хязаалан үхэр, 1 толгой сувиа үнээ, 2 тугалтай үнээ, нийт 10 толгой мал зэрэг бүгд 13,950,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд тооцсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн адил үндэслэл бүхий байна.

Учир нь нэхэмжлэгч дээр дурдсан эд хөрөнгүүдээс бусад эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотлоогүй тул дундын эд хөрөнгөд тооцсон 13,950,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдэд хувааж, нэг хүнд 3,487,500 төгрөгийн эд хөрөнгө ногдуулж тооцсон нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасан зохицуулалттай нийцсэн байна.

Хэрэв хүүхдийн эрх, ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсвэл хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчдийн хэн аль нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Ж.Алтанхуягийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2023/01165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч Ж.Алтанхуягийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                             Б.СОСОРБАРАМ    

Л.ЭРДЭНЭБАТ