Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2024/00004

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2024/00004

 

 

Л.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/001187 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Л.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам, Б.Биндэръяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Содномхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Л.******* нь өөрийн талийгаач нөхөр Д.Жаргалсайханы хамтаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: ...8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Жаргалсайхан, Л.******* нараас 25.200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарт ...олгосугай. гэсэн байдаг, ...уг хохирлоос би өөрт ногдох хувь болох 12,600,000 төгрөгийг төлсөн. Мөн би нөхөр Д.Жаргалсайханаас ямар нэгэн эд хөрөнгө өвлөж аваагүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг. Иймд Л.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар нэхэмжлэл гаргасан... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам, Б.Биндэръяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Д.Жаргалсайхан, Л.******* нараас 25,200,000 төгрөг гаргуулж Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарт ...олгохоор шийдвэрлэсэн. ...төлбөр авагч Л.Содномхишиг, Ц.Эрдэнэ нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт хэсэгчилсэн байдлаар 12,245,000 төгрөг төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэл 12,955,500 төгрөг байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгох боломжгүй. ******* нь шийтгэх тогтоолд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч, нэхэмжлэлд дурдсанаар төлбөр төлөгчийн гэр бүлийн гишүүн, төрөл садны хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй. Шийтгэх тогтоолд Д.Жаргалсайхан, Л.******* нараас хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэхээр тусгаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.9 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгох үндэслэлгүй юм.

... Үл хөдлөх хөрөнгөтэй тохиолдолд өвийн асуудал яригдана. Хөдлөх хөрөнгө дээр өвийн асуудал яригдахгүй. Мөн хууль ёсны гэр бүлийн гишүүд байх тохиолдолд шууд өвлөгч болно. Төлбөр төлөгч нь байгаа буюу гэр бүлийн гишүүн төлбөр төлөгч юм. ...Иймд тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Содномхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шийтгэх тогтоолд бидэнд учруулсан хохирлыг Л.*******, Д.Жаргалсайхан нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар заагаагүй байна. Шүүхийн шийдвэр гараад 17 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад Д.Жаргалсайхан, Л.******* нар бидэнд 12,144,500 /арван хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа нь 1 жилд ойролцоогоор 714,000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Нэхэмжлэгч Л.*******тай холбоотой гарсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол нь эрүүгийн хүнд гэмт хэргийн хохирогч бидний зөрчигдсөн эрхийг бодитоор сэргээх баталгаа юм. Харин учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нь бидний үндсэн эрх болж, нэхэмжлэгч Л.******* шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх нь түүний үүрэг болж Үндсэн хуулиар баталгаажсан байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Боржгон овогт Лхасүрэнгийн *******гийн шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах харилцааг зохицуулж, мөн зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж зааснаас үзэхэд Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна.

...Нэхэмжлэгч Л.******* нь нөхөртэйгөө хамтран эрүүгийн онц хүнд гэмт хэргийг санаатайгаар үйлдсэний улмаас хуулийн дагуу төрийн цээрлэл хүлээсэн болохоос биш бид болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэн нэгний үйлдсэн гэм буруу, ял зэмийг түүнд нялзаан халдааж хууль зөрчсөн зүйл байхгүй учраас шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэйгээр хандан, хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлэн бидэнд учруулсан хохирлоо барагдуулах нь зүйд нийцнэ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолд заасан хохирол бүрэн барагдаагүй тул нэхэмжлэгч Л.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/001187 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Л.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...төлбөр төлөгч нар нь 25.200.000 төгрөгийг хохирогч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарт төлөх үүргийн мөн чанар нь үл хуваагдах шинжийг агуулжээ. Тодруулбал, шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжийг агуулсан байдаг бөгөөд эрүүгийн хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх үүрэг нь хуваагдах шинжгүй байна... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хэдий шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжийг агуулсан байдаг нь үнэн боловч хуульд заасан дээрх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байгааг шүүх анхаарч харалгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Учир нь: эрүүгийн хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх үүрэг нь хуваагдах шинжгүй байдаг гэдэг нь худал бөгөөд дээрх ойлголтыг хууль тогтоомж болоод Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой тайлбарлаж ойлгуулсан байна.

...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцна... гэж зааж өгсөн.

Мөн УДШ-ийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №15 дугаартай Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын 6.1.1 дэх заалтаар Эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2.-т зааснаар хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэх зохицуулалтыг тайлбарлажээ.

...дурдагдаж буй 25,200,000 төгрөгийг хохирогч нарт олгохдоо Д.Жаргалсайхан, Л.******* нараас тус бүр хэдэн төгрөг гаргуулахыг зааж, зааглан тодорхойлоогүйгээс өнөөдрийн маргаан бүхий нөхцөл байдлыг үүсгэжээ.

Гэвч, өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тайлбарлаж байсан Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. гэх зохицуулалтаар иргэн миний эрх ашиг хамгаалагдах ёстой.

Миний хувьд өөрийн гүйцэтгэвэл зохих үүрэг буюу Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарт өгвөл зохих нийт 25,000,000 төгрөгийн 50 хувийг бүрэн төлж барагдуулсан тул үүргээс чөлөөлөгдөх юм.

Иймд анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, иргэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Л.******* нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Д.Жаргалсайхан, Л.******* нараас 25,200,000 төгрөг гаргуулж Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарт олгохоор шийдвэрлэснээс өөрт ногдох хэсэг болох 12,600,000 төгрөгийг төлсөн, төлбөр төлөгч Д.Жаргалсайхан нас барсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам, Б.Биндэръяа нар ...Шийтгэх тогтоолд Д.Жаргалсайхан, Л.******* нараас хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэхээр тусгаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.9 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгох үндэслэлгүй. гэсэн тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар ...шийтгэх тогтоолд заасан хохирол бүрэн барагдаагүй тул нэхэмжлэгч Л.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн тайлбар тус тус гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Д.Жаргалсайхан, Л.******* нараас 25,200,000 төгрөг гаргуулж Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарт олгохоор шийдвэрлэсэн байх ба төлбөр төлөгч нар төлбөл зохих төлбөрөөс 12,600,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Дээрх шийдвэрээр хохирлыг төлбөр төлөгч нарт тодорхой хувь хэмжээгээр хариуцуулаагүйн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Давж заалдах гомдолд дурдсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, УДШ-ийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №15 дугаар тогтоол нь хэргийг шийдвэрлэх үед баримтлах зохицуулалт бөгөөд дээрх зохицуулалтыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлахгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч уг шийдвэрийг гүйцэтгэж, шийдвэрт тусгасан  хохирол, төлбөрийг төлүүлэх үүрэг хүлээдэг.

2.Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. гэсэн зохицуулалтыг эрүүгийн хэргийн улмаас бусдад хохирол учруулсан шүүгдэгч нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэхгүй. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг иргэний эрх зүйн гэрээний улмаас үүссэн маргаанд хэрэглэх бөгөөд уг зохицуулалтыг зөрчлийн улмаас буюу гэм хор учруулснаас үүссэн үүрэгтэй холбоотой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудалд хэрэглэх боломжгүй.

3.Нэхэмжлэгч Л.******* нь эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Д.Жаргалсайханы өв залгамжлагч, эрх залгамжлагчийн хувьд оролцоогүй учир түүний Д.Жаргалсайханаас хөрөнгө өвлөж аваагүй гэх байдал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцох үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/001187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ