Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2024/00005

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2024/00005

 

 

 

Төрийн банк /ХК/-ийн

Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2023/01157 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төрийн банк /ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.*******, Б.Наранчимэг нарт холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 3,436,835.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,087.67 төгрөг, нийт 23,612,923.62 (хорин гурван сая зургаан зуун арван хоёр мянга есөн зуун хорин гурван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан, хариуцагч Н.*******, Б.Наранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк /ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* болон хамтран зээлдэгч Б.******* нар нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дугаар №MN870034200301852347 тоот Зээлийн гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 25,000,000.00 /Хорин таван сая төгрөг/-ийг жилийн 15.6 хувийн хүүтэй, сарын 1.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Зээлдэгч нь 2022 оны 01 сарын 27-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,912,602.74 төгрөг нийт 6,912,602.74 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000.00 төгрөг үлдсэн. Зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 344 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2022 онд нийт зээлийн хүүгээс 1,054,773.74 төгрөг төлөгдсөн. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,436,835.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,087.67 төгрөг, нийт 23,612,923.62 төгрөгийг зээлдэгч Н.******* болон хамтран зээлдэгч Б.Наранчимэг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,912,602.74 төгрөг, нийт 6,912,602.74 төгрөг төлсөн. Эхний төлөлтөөс хойш бага, багаар нийт зээлийн хүүд 1,054,773.74 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,436,835.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,087.67 төгрөг, нийт 23,612,923.62 төгрөгийг Н.*******, Б.Наранчимэг нараас гаргуулж Төрийн банкинд олгож өгнө үү...гэв.

Хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би бол банктай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй учраас төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй. харин тус банкны захирал байсан******* нь уг зээлийг өөртөө авсан гэсэн. Уг зээлнээс******* 6,912,602,.74 төгрөгийг төлсөн гэж байсан.*******ыг цагдаагийн байгууллагад өгсөн, түүнийг шалгаж байгаа гэсэн ба холбогдох баримтыг шүүхийн шатанд гаргаж өгөх болно.

...Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банктай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн малчны зээл аваагүй. 2022 оны 1 дүгээр сарын сүүлчээр Н.*******гийн ээлжийн амралтын мөнгө зээлд татагдсан. Тэгээд тухайн үеийн Төрийн банкны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвийн захирал Б.Хишигжаргалтай уулзахад Б.Хишигжаргал тухайн зээлийг авсан байсан. Ингээд Б.Хишигжаргал эхний төлөлтийг бүрэн хийж өгсөн. Бид Авлигатай тэмцэх газарт Б.Хишигжаргалд гомдол гаргасан байгаа.

Манай хүүхдүүдийн мөнгө, ноосны мөнгө гээд бага, багаар бидний данс руу орсон мөнгийг Төрийн банк татаад байсан. Үүнийг өмгөөлөгч Б.Батдоржид хэлж болиулсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг бидний гарын үсэг биш гэж гарсан. Бид тухайн зээлийг огт аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.... гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2023/01157 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нараас зээл 17,032,623.52 (арван долоон сая гучин хоёр мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулан Төрийн банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,580,300.10 (зургаан сая таван зуун наян мянга гурван зуун төгрөг арван мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,500 (хоёр зуун далан зургаан мянга таван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нараас улсын тэмдэгтийн хураамж 243,113 (хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун арван гурав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нар давж заалдах гомдолдоо: ...Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар дүгнэлтээр 3...2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэх МN870034200301852347 тоот Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны зүйлийн жагсаалт, Зээлдэгчийн анкет гэх баримтуудад зээлдэгчийг төлөөлж, хамтран зээлдэгч гэсэн дээр зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсгүүдтэй болон Н.******* болон Б.Наранчимэгийн гарын үсгийн туршилтын загвартай тохирохгүй гэж гарсан. Бид нарын гарын үсэг зурж уг зээлийг аваагүй болох нь үүгээр нотлогддог.

Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Зохигчийн хооронд байгуулагдсан 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн МN870034200301852347 тоот Барьцаат зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч гэсэн дээр зурагдсан гарын үсгүүд нь хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нарын гарын үсгийн туршилтын загвартай тохирохгүй болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдов. (хх-ийн 53-74 дүгээр тал) гэж анхан шатны шүүх өөрөө дүгнэсэн.

Иймээс зохигчийн хооронд 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан МN870034200301852347 тоот Барьцаат зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан буюу бичгээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй...гэснээс үзвэл Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн атлаа зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1- д зааснаар хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нараас зээл 17,032,623.52 (арван долоон сая гучин хоёр мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулан Төрийн банк ХК-д олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

... Анхан шатны шүүх хариуцагч нар нь Төрийн банкны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хариуцагч Н.*******гийн эзэмшлийн Төрийн банкны 200000236840 дугаартай дансны гүйлгээний утга хэсэгт МАЛЧИН ЗЭЭЛ ОЛГОВ НЭРГҮЙ НЯМСҮРЭН гэх бичвэртэй харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагатай нийцсэнгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,612,923.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн МN870034200301852347 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нарыг 25,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай Төрийн банкны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвөөс зээлж авсан ба хариуцагч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор уг зээлийн гэрээг бусад нотлох баримтын хамтаар шүүхэд ирүүлжээ.

Дээрх барьцаат зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нарын гарын үсгийн туршилтын загвартай тохирохгүй талаар Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ.

  Учир нь хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаагүй, тухайн үед Баянзүрх тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Хишигжаргал тэдний нэр дээр малчны зээл авсан гэх үйл баримтыг тайлбарласан ба үүнийг анхан шатны шүүх огт шалгаагүй байна.

Мөн хариуцагч нарын тайлбарласнаар Н.*******, Б.Наранчимэг нарын гомдлоор Б.Хишигжаргалыг тэдний нэр дээр зээл авсан асуудлыг Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа гэсэн ба энэхүү асуудал нь эрүүгийн хэргийн журмаар эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь энэхүү иргэний хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Нөгөөтэйгүүр Төрийн банкны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Хишигжаргалыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй тохиолдолд уг хэрэгт нэхэмжлэгч буюу Төрийн банк ХКомпаний Хөвсгөл салбар нь иргэний нэхэмжлэгч эсхүл хохирогчоор тогтоогдсон эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан харилцах дансны хуулга /хх-ийн 14-р тал/-аас үзэхэд зээл олгосон өдөр хариуцагч Н.Нямсүрэнгийн 200000236840 дугаартай данснаас ******* Нямсүрэнгээс гэсэн гүйлгээний утга бүхий 23,000,000 төгрөгийн зарлага гарсан байх ба энэхүү мөнгөн гүйлгээ нь хэнд шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болох юм.

Дээрх гүйлгээг Чулуудайн Ганболдын данс руу орсон талаар хариуцагч нар шүүх хуралдаанд тайлбарлаж хариуцагч нар үгүйсгэсэн байх тул үүнийг нотлох шаардлагатай гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл дээрх гүйлгээг хариуцагч Н.******* эсхүл банкны ажилтны аль нь хийсэн болох нь тодорхойгүй нөхцөл байдал үүсжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний маргааныг нэг мөр шийдвэрлэхийн тулд дээр дурдсан үйл үйл баримтыг нотлох баримтаар тогтоож, мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

Гэтэл шүүх барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулагдаагүй гэж дүгнэсэн атлаа 17,032,623.52 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн Барьцаат зээлийн гэрээ нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Аливаа гэрээг гэрээний талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд хариуцагч нар гэрээ байгуулах хүсэл хүсэл зоригоо илэрхийлж, зохигч зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, талуудыг мэтгэлцүүлэн хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцэх юм.

Энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Н.*******, Б.Наранчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2023/01157 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,113 /хоёр зуун дөчин нэг зуун арван гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Н.БАЯРХҮҮ