Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

Улсын яллагч: Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Д.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 201725020534 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 34 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Туруун 12 дугаар гудамжны 03 тоотод оршин суудаг,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүй 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан хянан харгалзсан,

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 545 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар яллагдагчаар татагдсан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган Тус өргөө” ХХК-ний байрнаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ТО 50-40/02 загварын халаалтын насосыг автомашин ашиглан хулгайлан авч бусдад 2.570.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 2 сарын 3-4нд шилжих шөнө уг хэрэг болсон. Би согтуу байсан. Сайн санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн 201725020534 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...би Тавьтийн машинд ачаад явсан, харин очиход уг насосыг үзэх хүн нь байхгүй байсан ба маргааш нь дахиад “Гантус Өргөө” ХХК дээр согтуу ирээд насосыг оффисоос гаргаж таксинд авч яваад замдаа уусан архиндаа согтоод тасарсан байсан. Сэрсэн чинь насос байхгүй байсан. 2017 оны 2 сарын эхээр үнэгүй.мн сайт дээр сангийн ажил дуудлагаар хийнэ гэсэн зар байршуулсны дагуу 96-тай дугаараас хүн яриад “насос янзлуулмаар байна” гэхээр нь би байгууллагын насосыг аваад Цэргийн хотхоны урд талын махны үйлдвэрийн гадна талд очиход зарын дагуу ярьсан хүн байгаагүй. Усны насосыг цэргийн хотхон руу Тавьт ахтай хамт авч явах үед оффисийн өрөө онгорхой байсан болохоор би өөрөө орж насосыг авсан. Би насосыг оффисоос гаргаж тавих үед Тавьт гадаа хүлээгээд зогсож байсан. Маргааш нь Тавьт ахын жижүүрийн ээлжин дээр би согтуу ажил дээр ирээд Тавьт ахад хэлээд оффисийн өрөө рүү ороод насосыг аваад таксигаар Цэргийн хотхон руу явж байтал замдаа хоёр шил 0.5 граммын пиво болон 100 граммын “Ерөөл” архи ууж явж байгаад нэг сэрсэн чинь Хархорин захын хойд талын хашлаганы дэргэд хэвтэж байсан. Сэрэхэд насос байгаа, тэгээд 5 шар руу гэртээ харьсан. Тавьт надаас “чи буцааж насосыг авчрах юм уу” гэж асуухаар нь авчирна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69, 185-186 дугаар  хуудас/,

 

Хохирогч Б.Ундрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай байгууллагын халаалтын өрөөнд байдаг халаалтын насос инженер Ариунжаргалын өрөөнд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байсан, тэрнээс хойш 2017 оны 02 дугаар арын 06-07-ны өдөр насос Ариунжаргалын өрөөнд байхгүй байсан бөгөөд тухайн үедээ юм бодолгүй өөр газар тавьсан байх гэж бодож байсан юм. Халаалтын насос бол хар өнгийн төмөр 70-80 см халаалтын насос байсан, уг насос нь хүнд учир бяр чадалтай том хүн л ганцаараа өргөх байх. Манай байгууллага 2.570.000 төгрөгөөр хохироод байна. 2017.02.14 ны өдөр уг насос байхгүй байсан тэгэхээр нь ажилчдаас сураглаж асуухад мэдэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллага 09-18 цагийн хооронд ажилладаг, ээлжийн слесарь үлддэг, хяналтын камер байхгүй. Слесарь Батсүхийг сэжиглэж байгаа. Учир нь Батсүх 02 дугаар сарын 03-ны өдөр ээлжинд гараад тэр өдрөөс хойш юу ч хэлэлгүй дахиж ажилдаа ирээгүй, бид насос алга болсоныг мэдчихээд жижүүрийн дэвтрийг үзсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 59, 179 дүгээр хуудас/,

 

Гэрч У.Тавьт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн үед “Ган тус өргөө” ХХК-нд сантехникчээр ажилладаг байсан. 2017 оны 02 дугаар сард байхаа сайн санахгүй байна. Намайг гэртээ амарч байхад Батсүх дуудаад ажилд яваад очиход нэг таньдаг хүний гэрт юм хийх гэж байгаа юм, тэгээд энэ насосыг болох уу үзүүлчихээд буцаагаад ажил дээр авчраад тэгээд өөрөө насосыг ажил дээр аваад үлдсэн. Тэгээд би маргааш нь ажилтай байхад Батсүх ирээд “энэ насосыг дахиад айлд үзүүлчихээд ирье” гээд нэг машинтай тэр насосыг аваад явсан. Тэгэхээр нь би “чи эргүүлж авчирна биз дээ” гэхэд “авчирна, өчигдөр шиг үзүүлчихээд аваад ирнэ” гэж хэлээд авч явсан. Тэгээд тэр шөнөдөө ирээгүй, би түүнийг авчирчих байлгүй дээ гэж бодоод ажлаасаа буусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31, 191 дүгээр хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

 

Хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 177-178 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, “ГАНТУС ӨРГӨӨ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Б.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 98-99, 189-190 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Прокуророос шүүгдэгч Б.Бийг 2017 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган Тус өргөө” ХХК-ний байрнаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ТО 50-40/02 загварын халаалтын насосыг автомашин ашиглан хулгайлан авч бусдад 2.570.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд яллажээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашин ашиглаж үйлдсэн гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр ялласан боловч тэрээр хэний эзэмшлийн, ямар марк, дугаартай автомашиныг хэрхэн яаж ашигласан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, энэ байдалд прокуророос хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгээр гэм буруутайг шүүхийн өмнө бүрэн нотлоогүйгээр  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн зүйлчилжээ.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг тогтоосноор нэг талаас Эрүүгийн хуульд заасан зохих гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нөгөө талаас тухайн хөрөнгө, орлогыг зайлшгүй албадан гаргуулах талаарх хуулийн зохицуулалтыг хангаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ. 

Хэрэгт авагдсан шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ автомашин ашигласан нөхцөл байдал байсныг үгүйсгэхгүй боловч тэрхүү гэмт хэргийн шинжийг бүрэн нотлоогүй тул шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний хүрээнд хэргийг хянан хэлэлцэхэд ямар автомашиныг хэрхэн ашиглаж хэрэглэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд   шүүгдэгчид эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 03-наас 2017 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган Тус өргөө” ХХК-ийн байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн ТО 50-40/02 загварын халаалтын насосыг хулгайлсны улмаас бусдад 2.570.000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ундахын “...Манай байгууллага 2.570.000 төгрөгөөр хохироод байна. 2017.02.14 ны өдөр уг насос байхгүй байсан тэгэхээр нь ажилчдаас сураглаж асуухад мэдэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллага 09-18 цагийн хооронд ажилладаг, ээлжийн слесарь үлддэг. Слесарь Батсүхийг сэжиглэж байгаа. Учир нь Батсүх 02 дугаар сарын 03-ны өдөр ээлжинд гараад тэр өдрөөс хойш юу ч хэлэлгүй дахиж ажилдаа ирээгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч У.Тавьтийн “...Батсүх ирээд “энэ насосыг дахиад айлд үзүүлчихээд ирье” гээд нэг машинтай тэр насосыг аваад явсан. Тэгэхээр нь би “чи эргүүлж авчирна биз дээ” гэхэд “авчирна, өчигдөр шиг үзүүлчихээд аваад ирнэ” гэж хэлээд авч явсан. Тэгээд тэр шөнөдөө ирээгүй...” гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчээс хохирогч компаний эд зүйлсийг хулгайлж хохирол учруулсан талаарх үйл явдлын агуулгыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, уг үйлдлийн улмаас бага бус хэмжээний хохирол учирсан болохыг тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 03-наас 2017 оны 02 дугаар сарын 04-нд шилжих өдөр гэмт хэрэг үйлдсэн байдал нь 2002 оны Эрүүгийн хуулиар зохицуулагдах бөгөөд шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлсэн, түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулиар түүнийг гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Ундрахаас “...хохирлоо барагдуулж авсан, ямар нэг гомдол, саналгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 195/ илэрхийлсэн, хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 177-178/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх нийт 80 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон болохыг дурьдлаа. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв ажиллаж, амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Б.Бд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

            2. Бг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Шүүгдэгч Б.Бг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Б.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь 80 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН