Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч: Н.М, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн 1809052681291 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сум 4-р баг, Хэрх, холбоо толгой гудамж 07 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан-1 81 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 664 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 616 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эдэлж дууссан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.М нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Зоригтбаатарын халааснаас самсунг галакси эс-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, түүнд 730.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Мөн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Содон бөмбөгөр худалдааны төвийн үүдэнд хохирогч Ц.Оюунцэцэгийн халааснаас Самсунг галакси эс-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, түүнд 544.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809052681291 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны амралтын өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны “Бөмбөгөр” худалдааны төвийн үүдэнд эмэгтэй хүний халааснаас “Самсунг галакси эс-7 эдж” загварын гар утас хулгайлсан. Тэр гар утсыг би гэртээ харих замдаа Дарь эхэд нэг найзтайгаа тааралдаад өрөндөө өгчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70, 92-93, 113-114 дүгээр хуудас/,

 

Хохирогч Л.Зоригтбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн дээдийн урд талын автобусны буудлаас нүхэн гарцаар гарах гэж байхдаа халааснаасаа Самсунг галакси эс-8 маркийн гар утсаа хулгайд алдсан. Би алдсан гар утсаа олоод авсан болохоор гомдол санал байхгүй. Гэхдээ гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцож өгнө үү гэж хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Оюунцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ням гарагийн 18:00 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдааны төвийн зүүн талын хаалганы шатаар бууж байгаад халааснаасаа “Самсунг галакси эс-7 эдж” загварын гар утсаа хулгайд алдаж цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан утас газар унаад дэлгэц дээрээ ягаан өнгийн зураас гарсан байсан. Арын таг хэсэгтээ өнцөг булан хэсэгтээ жижиг цууралттай байсан. Хайрцаг сав, имей дугаар байхгүй. Би алдсан гар утсаа олж авсан боловч арын тагийг нь солиулж авмаар байна. Өмнө нь би арын тагийг нь солиулахад 70.000 төгрөгөөр солиулж байсан юм. Одоо би дахиад арын тагийг нь солиулахад 70.000 төгрөг болох учир 70.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-85 дугаар хуудас/,

 

Гэрч А.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж хяналтын камерийг шүүж үзэхэд хэрэг учрал болсон гэх газарт халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн судалгаанд байдаг Намчин овогт Мөнхбаяр нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг багшийн дээдийн урд талын нүхэн гарцны орчим хохирогч Зоригтбаатарын араас дагаад явж байгаа бичлэг байсан яг гар утас хулгайлан авч байгаа бичлэг байгаагүй. Тэгээд Мөнхбаярыг сэжиглэн шалгахаар Мөнхбаяртай утсаар холбогдон багшийн дээд дээр хүний гар утас авсан байна гэж хэлэхэд хэргээ хүлээж хулгайлан авсан гар утсаа авчир өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Эрдэнэсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Г.Оюунцэцэг нь “Содон бөмбөгөр” төвийн шатаар буугаад халааснаасаа “Самсунг галакси эс-7 эдж” маркийн гар утсаа хулгайд алдсан байсан. Тухайн орчны хяналтын камерыг шалгаж үзэхэд тухайн цаг минутын ойролцоо халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтнүүдийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. Намчин овогтой Мөнхбаяртай төстэй хүн тухайн орчмоор явж өнгөрсөн бичлэг байсан ба Н.Мыг дуудаж шалгахад тухайн Оюунцэцэг гэх эмэгтэйн гар утсыг хулгайлж авсан гэдгээ хүлээж байсан. Тэгээд үргэлжлүүлэн шалгуулахаар ахмад Н.Батцэнгэлд хүлээлгэн өгч хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Хишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...энэ гар утсыг нөхрийн найз нь гэх Батболд гэх хүн 11 цагийн үед манай гэрт авчирч өгсөн. Өчигдөр Мөнхбаяр мессеж бичиж үлдээсэн байсан мессеж уншаад аваад ирлээ. Ах нь “энэ гар утсыг өрөндөө авсан юм” гэж хэлээд “хэрэгтэй байгаа юм болов уу” гэж бодоод аваад ирлээ гээд надад авчирч өгсөн. Өчигдөр манай нөхөр Мөнхбаяр саатуулагдахаасаа өмнө цагдаа дээр байхдаа Батболд гэх хүн рүүгээ мессеж бичиж үлдээгээд намайг авчирхаар нь авчраад цагдаад өгөөрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл “...Н.Маас Самсунг галакси эс 8/ загварын мөнгөлөг өнгийн...хар өнгийн хавтсан гэртэй гар утас 1 ширхэгийг түр хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл “...Самсунг галакси эс 7 эдж маркын ар тал нь доод хэсэгтээ шил нь цуурсан цуурхайтай гар утас 1 ширхэгийг хураан авч тэмдэглэл үйлдэв. Эд зүйл хураалгасан Б.Хишиг...” гэжээ /хх-ийн 97 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21, 96 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь Samsung galaxy s8 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 730.000 /долоон зуун гучин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв. Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь Samsung Galaxy S7 edge gold маркийн гар утас болно. Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 544.000 /таван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 17-18, 101-102 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 31-32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх баримтууд /хх-ийн 34-54 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь:

 

- 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, МУБИС-ийн орчим хохирогч Л.Зоригтбаатарын халааснаас “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас 730.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Содон бөмбөгөр” худалдааны төвийн үүдэнд хохирогч Ц.Оюунцэцэгийн халааснаас “Самсунг галакси эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас 544.000 төгрөгийн буюу нийт 1.274.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Зоригбаатарын “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн дээдийн урд талын автобусны буудлаас нүхэн гарцаар гарах гэж байхдаа халааснаасаа Самсунг галакси эс-8 маркийн гар утсаа хулгайд алдсан....” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Оюунцэцэгийн “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ням гарагийн 18:00 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдааны төвийн зүүн талын хаалганы шатаар бууж байгаад халааснаасаа “Самсунг галакси эс-7 эдж” загварын гар утсаа хулгайд алдаж цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг гэрч А.Энх-Амгалан, гэрч Б.Эрдэнэсүрэн, гэрч Б.Хишиг нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч нарын эд зүйлсийг хулгайлж тэдгээрт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан талаарх үйл явдлын агуулгыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, уг үйлдлийн улмаас хохирогч нарт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг тогтоосон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Мын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 1.274.000  төгрөгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Н.Мыг шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт учирсан хохирол болох гар утсуудыг шүүгдэгч болон түүний хамаарал бүхий харилцаатай этгээдээс хураан авч хохирогч нарт буцаан өгсөн тул шүүгдэгч Н.Мыг учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлсөныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуульд заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /66*8=528/ 528 цагийг хасч /720-528=192/ 192 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг тогтоов. 

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа. 

 

           Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Мыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 66 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /66*8=528/ 528 цагийн ажлыг эдлэх ял хасч, /720-528=192/  192 /нэг зуун ерөн хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН