Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 34-8 тоотод оршин суух, Боржигон овогт Дамирангийн Алтанцэцэг /РД:ХБ61060409/-ийн хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

 Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамиран овогтой Алтанцэцэг миний бие 1961 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөхөд Ш.Дамирангийн ууган охин болж төрсөн. Улмаар 1979 онд Улаанбаатар төмөр замын 20 дугаар  сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд, хавар нь их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд орж оноо дутсан тул тэр жилдээ дээд сургуульд орж чадаагүй. Улмаар 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр илгээлт авч “Монгол Энерго Строй” трестэд будагчинаар ажилд орсон. Энд нэг жил ажиллаж байгаад 1980 оны 8 дугаар сарын 20-нд дээд сургуулийн уралдаант шалгалтанд ороод тэнцсэн тул Монгол улсын их сургуулийн философийн ангид оюутан болж суралцсан. Улмаар 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын Их сургуулийн философийн ангийг төгсөж, Ардын боловсролын яамны томилолтоор Архангай аймгийн Ардын боловсролын хэлтэст томилогдсон боловч бага насны 2 хүүхэдтэй тул явж чадаагүй. Нэг хэсэг ажилгүй байж байгаад, 1987 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр ХААХҮЯамны харъяа авто тээврийн баазад ашиглалтын тоо бүртгэгчээр, 1988-1990 оны хооронд 20 дугаар сургуульд багш, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 дугаар сургуульд багш, 1991 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 42 дугаар сургуульд багш, 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 83 дугаар сургуульд багш, 1993 оны 8 сарын 25-ны өдрөөс 73 дугаар сургуульд тус тус багшилж байсан. Энэ хооронд ажилласан жилийг тодорхойлох гол баримт болох хөдөлмөрийн дэвтэрт миний аав Дамиран гэдэг нэрийг Дамрин гэж үг үсгийн алдаатай бичигдсэн байна. Иймд Д.Алтанцэцэг намайг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр  тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Дамиран овогтой Алтанцэцэг нь “Дамрин овогтой Алтанцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба уг хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.

Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг нь “1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр надад олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний эцэг Дамирангийн нэр Дамрин гэж буруу бичигдсэнээс болж тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг нь 1961 оны 06 дугаар сарын 04-ны өдөр төрсөн болох нь түүний иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдож байх ба Дамрин овогт Алтанцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтэрт “төрсөн он сар өдрийг 1961 оны 06 дугаар сарын 04”-ний өдөр гэж бичигдсэн байна.

Мөн хэрэг авагдсан Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг нь 1995-1999 оны хооронд 73 дугаар сургуульд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь тогтоогдож байх ба энэхүү байдал  нь Дамрин овогт Алтанцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн “1993 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 10 жилийн 73 дугаар дунд сургуульд түүхийн багшаар авч ажиллуулж байгаад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн дэвтрийн дуусгавар болгож Нийгмийн даатгалын хэлтсийн 416657 тоот нийгмийн даатгалын дэвтрийг олгов” гэсэн бичилттэй тохирч байгаа байдал болон түүний  416657 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргээр хүсэлт гаргагч нь “Дамрин овогтой Алтанцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн” болох нь тогтоогдож байна.

Иймд Хүсэлт гаргагч Дамирангийн Алтанцэцэгийг “1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон Дамрин овогтой Алтанцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                    ТОГТООХ нь:                                                                                                               

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч Боржигон овогт Дамирангийн Алтанцэцэгийг 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон Дамрин овогтой Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

                                   ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА