Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 225/МА2024/00007

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 225/МА2024/00007

 

 

 

П.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2024/00007 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******ад холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 5,000,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 6,350,000 (зургаан сая гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******ын Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч Б.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Пүрэв-Ойдовын ******* би 2023 оны 04 сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 01-57 ХӨҮ улсын дугаартай КИА Воngо 3 маркийн автомашиныг Бадарчийн *******ад худалдахаар тохирч 2023 оны 04-р сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан тээврийн хэрэгслийн нийт үнэ 11,000,000 сая төгрөгөөр худалдахаар тохирч төлбөр төлөх хугацааны хувьд 6,000,000 төгрөгийг 2023 оны 04-р сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2023 оны 07-р сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Тухайн өдөр буюу 2023 оны 04-р сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл төлбөрийг 2023 оны 07-р сарын 01-ний өдөр өгнө гэсэн боловч түүнээс хойш огт холбоо барихгүй мөнгийг маань өгөхгүй удаж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Нийт үлдэгдэл төлбөр 5,000,000 сая төгрөг дээр нь гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 0,3 хувийн алданги тооцоод 1,350,000 төгрөгийг нэмж нийт 6,350,000 (зургаан сая гурван зуун тавин мянгантөгрөг болж байна.

Иймд Пүрэв-Ойдовын ******* би Бадарчийн *******аас машины үлдэгдэл төлбөр, алданги нийт 6,350,000 (зургаан сая гурван зуун тавин мянгантөгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...6,000,000 төгрөгийг Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсний дараа автомашины гэрээ гэрчилгээ буюу машины өмчлөлийг Бадарчийн *******ад шилжүүлэхээр тус тус гэрээгээр тохирсон.

Автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгөө авахаар 2023 оны 06 сарын 30-ны өдөр утсаар ярихад урдаас машин доголдолтой талаар ярьж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.

Иймд тээврийн хэрэгсэл Худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг, гэрээ биелэгдээгүйгээс төлөгдөх алдангид 1,350,000 төгрөг, нийт 6,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.******* шүүх гаргасан хариу тайлбартаа: Бадарчийн ******* миний бие Пүрэв Ойдовын *******аас КИА БОНГО 3 маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцож 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан тээврийн хэрэгслийн нийт үнэ болох 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийн 6,000,000 төгрөгийг нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгч, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Худалдан авсан өдрөөс хойш 10 хоногийн дараа уг машинаар ачаа ачихад тухайн тээврийн хэрэгсэл нь доголдолтой болох нь мэдэгдэж энэ талаар нэхэмжлэгч П.*******ад хэлэхэд CRD мотортой байсныг нь аппартур, просункыг нь сольж энгийн болгосон юм засуулж өгнө гээд засварын газар очиход моторын доод эд ангийг нь солих хэрэгтэй сэлбэг болон засварын зардал нь 2,500,000 төгрөг болно гэхэд өөр газар засуулна гээд нэхэмжлэгч нь өөрөө засуулахаас татгалзсан.

Тэгээд уг машиныг буцаагаад манай хашаанд тавьсан. Тэгээд нэхэмжлэгч нь засуулж өгөхгүй алга болсон ба 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр намайг мөнгөө өгөхийг шаардсан. Тэгэхээр нь би чи засуулж өгнө гэчхээд юу яриад байгаа юм бэ гэхэд тэгэхээр болж 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч П.******* нь ирж, уг машинаа авч яваад өнөөдрийг хүртэл авч ирж өгөөгүй байгаа юм.

Уг тээврийн хэрэгслийг засуулаад ирэхээр нь үлдэгдэл мөнгөө өгөх, эсхүл сэлбэг засварын зардлаа хасаад үлдэгдэл 2,500,000 төгрөг өгөх талаар бид хоёр ярилцсан байдаг. Одоо уг автомашин миний эзэмшил өмчлөлд байхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь машиныг засуулахаар засварын газарт аваачсан хэвээрээ байгаа юм.

Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй юм. гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Уг тээврийн хэрэгслийг засуулаад ирэхээр нь үлдэгдэл мөнгөө өгөх, эсхүл сэлбэг засварын зардлаа хасаад үлдэгдэл 2,500,000 төгрөг өгөх талаар бид хоёр ярилцсан байдаг. Одоо уг автомашин миний эзэмшил өмчлөлд байхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь машиныг засуулахаар засварын газарт аваачсан хэвээрээ байгаа юм.

Хэдийгээр би тухайн үедээ авто машиныг өөрийн эзэмшилд авсан боловч доголдолтой талаар түүнд мэдэгдэж засварлаж өгөхийг хэлэхэд өөрөө зөвшөөрч авто машиныг авч яваад засварчинд аваачиж өгөөд засварлаж өгөхгүй байснаа гэнэт шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу Худалдах-худалдан авах гэрээ байгуулж анх авто машин миний эзэмшилд шилжсэн гэснээс хойш 6 сарын дараа гаргасан нь миний эрхийг хязгаарлах гэсэн арга, заль байсан байна гэж бодогдож байна.

Хуульд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлын улмаас Худалдах-худалдан авах гэрээг цуцлах эрхтэй гэсэн байгаа ба хариуцагч би тухайн авто машиныг өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй бөгөөд үүгээр миний өмчлөлд бүрэн шилжсэн гэж бодохгүй байгаа. Шилжүүлэг хийгдээгүй байсан.

Нэхэмжлэгч нь авто машины доголдлыг бүрэн хүлээн зөвшөөрч авто машин засварын газар очиж засварын үнийг мэдсэн. Уг автомашины моторын доод ангийг солихгүй бол цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй юм.

Иймд авто машин Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, П.*******аас 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч П.******* сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Манай машин CRD мотортой байсан ба энгийн болгосныг өөрсдөд нь хэлсэн, аппаратур порсунк 2-г нь сольсон 3 жил унахад ямар ч доголдол байхгүй, машины моторыг ч огт солиогүй. Засуулах талаар ч огт яригдаж байгаагүй би мөнгөө авъя гэж гэрээний хугацаа дуусаад 2023 оны 06-р сарын 30-ны өдөр би өөрөө залгасан. Тэгэхэд л ийм юм яриад мөнгө өгөхөөс зугтааж эхэлсэн. Одоо бүр би машин ч үгүй мөнгө ч үгүй байхад 2023 оны 07-р сарын 25-ны өдөр намайг машинаа аваад явсан гэж сөрөг нэхэмжлэлдээ шал худал бичсэн байна. Бид 2 машин задалсны дараа үлдэгдэл төлбөр өгөх, сэлбэг засвараа засаад үлдэгдэл мөнгө өгөх талаар ярилцаагүй харин ч мөнгөө нэхэж л хэд хэдэн удаа очсон байна. Хэдийгээр би тухайн үедээ авто машиныг өөрийн эзэмшилд аваагүй худалдаж авснаасаа хойш машиныхаа барааг огт хараагүй байгаа болно. 13,000,000 сая төгрөгөөр зарах гэж байсан машинаа 11,000,000 сая төгрөгөөр гуйгаад байхад нь зарчхаад мөнгөө өгөх болохоор ингэж удааж байгаад харин ч гомдолтой байна.

Сөрөг нэхэмжлэл ор үндэсгүй худал бичигдсэн тул автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөрт тооцож түүнээс үлдэгдэл 6 сая төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2024/00007 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.*******аас 6,350,000 (зургаан сая гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******ад олгож, хариуцагч Б.*******ын худалдах худалдан авах гэрээг цуцалж, 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,550 (нэг зуун арван зургаан мянга таван зуун тавьтөгрөг, хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110,950 (нэг зуун арван мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 116,550 (нэг зуун арван зургаан мянга таван зуун тавьтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******ад олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.******* давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүх нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрт тусгагдсан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан эд хөрөнгө доголдолтой бол худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу тухайн төрлийн доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Хариуцагч Б.*******ад гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжээгүй харин эзэмшил шилжсэн байх хэдий ч хуульд зааснаар доголдлыг хариуцах асуудлын хувьд өмчлөх эрхтэй холбоотой эрх зүйн харилцаа ач холбогдолгүй бөгөөд харин хэн тухайн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж ашиглаж байгаа нь ач холбогдолтой... гэж дүгнэсэн нь огт ойлгомжгүй байна.

Тухайн маргааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь миний эзэмшил, өмчлөл ашиглалтад огт байхгүй бөгөөд би сөрөг нэхэмжлэлдээ бичиж, шүүх хурал дээр энэ талаар ярьсаар байхад миний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

... Иймд миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа ба хэргийг бүрэн шалгалгүй уг автомашин хаана, хэнд байгааг ч тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр ярьсан асуудлын хүрээнд шийдэж сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч намайг хохироож байгаа тул хэргийг тал бүрээс дахин хянаж үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 5,000,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 6,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл, хариуцагч Б.******* нь П.*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б.******* нар нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь KIA Bongo3 маркийн 0157 ХӨҮ улсын дугаартай автомашиныг 11,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь гэрээний 3.2-т заасны дагуу төлбөрийн урьдчилгаа 6,000,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 01ий дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Дээрх гэрээний 3.2-т заасны дагуу төлбөрийн урьдчилгаа 6,000,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул гэрээний төлбөрийн үлдэгдэлд 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч П.******* нь шаардах шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэд 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг авснаа зөвшөөрч, гэрээний төлбөрийн үлдэгдэлд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Мөн хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй талаарх үндэслэлийг автомашины доголдлыг засуулах, түүнээс гарах зардал тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон, уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолт, 232.3 дахь хэсэгт заасан энэ хэлцлийг бичгээр байгуулах шаардлагад тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгөөс алданги шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн адил хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаа буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 110 хоногийн хугацааг хариуцагч тал хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх хугацааны алданги нь 1,650,000 төгрөг болж байх ба нэхэмжлэгч энэхүү дүнгээс хэтрүүлэхгүйгээр буюу 1,350,000 алданги нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн хариуцагч Б.*******ыг тээврийн хэрэгслийг худалдаж авах үедээ доголдлын талаар мэдэж байсан, хуульд заасан хугацааны дотор доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан хэдий ч энэ хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд хариуцагч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2024/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                             Л.ЭРДЭНЭБАТ  

Н.БАЯРХҮҮ