| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0181/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зд холбогдох эрүүгийн 1909000000034 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум Цагаан хадны боомтод ачааны машин жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 30-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.З нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 53 дугаар байрны 38 тоотод хохирогч Г.Баясгалангийн Самсунг маркийн гар утас, жи-3 маркийн гар утсыг хулгайлан авч 663.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909000000034 дугаартай хэргээс:
Б.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тэр орой таксинд явж байгаад Хангай хотхоны тэнд байрны гаднаас такси барьсан хоёр эмэгтэйг гэрт хүргэж өгсөн. Тэр 2 пиво уумаар байна гэхээр нь 2 том пиво аваад гэрт нь орцгоосон. Тэгээд гэрт нь байж байгаад гарч явахдаа үүдэнд нь цагаан кардоонон хайрцаган дээр байсан самсунг А-7, Жи-3 маркийн 2 гар утасыг аваад гарсан. Орон зай гэдэг гар утасны лангуун дээр очоод 200.000 төгрөгөөр зарсан. Намайг гар утас авахыг Гантогтох мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-5 дугаар хуудас/,
Хохирогч Т.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 сарын 26-27 нд шилжих шөнө өөрийн найз Баяртуяагийн хамтаар бааранд орж бүжиглэж пиво уусан юм. Уг баанаас 04 цагийн үед гараад таки бариад суусан юм таксинд суугаад гэрийнхээ гадна иртэл түлхүүрээ бааранд үлдээсэн байсан тул дахиж очоод түлхүүрээ авсан юм уг машинд 2 залуу байсан ба манай найз бид хоёр тэр хоёр залуутай юм яриад пиво хувааж уусан тэр 2 залуутай 2 цаг гаран суугаад үл таних залуу шээмээр байна гэхээр нь гэртээ оруулж шээлгэсэн. Тэгтэл Баяртуяа араас нөгөө залуутай нь хамт гэрт орж ирсэн. Тэгээд нилээд юм ярьж сууж байгаад манай найз бид хоёрын нойр хүрээд унтсан нэг сэрсэн чинь хаалга онгойлгоод хүн гарах чимээ гараад тэр хоёр залуу гараад явж байсан. Манай гэрт байсан миний самсунг ж-3, самсунг-А7 маркийн гар утаснууд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-20 дугаар хуудас/,
Гэрч Г.Гантогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 26-ны орой би өөрийн хуурай ах Зоригтой уулзаж түүний машинаар хамт халтууранд явсан. Тэгээд Хангай хотхоны тэнд 2 эмэгтэй гар өргөж байхаар нь авсан. Тэр 2 эмэгтэй “хамт пиво ууя” гээд бид хоёр 2 ширхэг 2.5 литрийн багтаамжтай пиво авч дөрвүүлээ хувааж уусан. “Хангай” хотхоны 53 дугаар байрны гадна машинд байж байхад миний гэдэс өвдөөд тэр хоёр эмэгтэй гэртээ орж нойл орж болно гэсэн тул бид хоёр тэднийд орсон. Зориг ахыг утас хулгайлсан талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Самсунг А7, Самсунг Жи3 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 663.200 /зургаан зуун жаран гурван мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Зийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Зийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57-61 дүгээр хуудас/ хохирогчийн гомдол саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч 2018 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 53 дугаар байрны 38 тоотод хохирогч Г.Баясгалангийн “Самсунг” маркийн гар утас, “жи-3” маркийн гар утсуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 663.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Баясгалангийн “...манай найз бид хоёрын нойр хүрээд унтсан нэг сэрсэн чинь хаалга онгойлгоод хүн гарах чимээ гараад тэр хоёр залуу гараад явж байсан. Манай гэрт байсан миний самсунг ж-3, самсунг-А7 маркийн гар утаснууд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гантогтохын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тусгагдан хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Зийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Зийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчоос “...Хохирлын мөнгө хүлээн авсан, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 62 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.З нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Зт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН