Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2024/00008

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2024/00008

 

О.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2024/00174 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Хэрлэнбаярт холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Хэрлэнбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.Хэрлэнбаяр /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие О.******* нь Д.Хэрлэнбаяртай 2009 онд танилцаж, үерхэж байгаа 2011 оноос хамтдаа амьдардаг болсон. Бидний дундаас 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Амин-Эрдэнэ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү А.Анар, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Х.Энхжин, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү Х.Ананд нар тус тус төрсөн. Бидний хамт амьдрах хугацааны эхний хэдэн жил боломжийн сайхан амьдарч байтал 3-4 жилийн дараагаас Д.Хэрлэнбаяр нь архи уух нь ихсэж, ааш зан нь хувирч эхэлсэн. Мөн гэртээ хонох нь багасаж, уур уцаартай болж, сүүлдээ гар хүрдэг болж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөг нөлөөлж, 2023 оны 5 дугаар сараас бид тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй боллоо.

Иймд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Амин-Эрдэнэ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.Анарын төрсөн эцэг нь Д.Хэрлэнбаяр мөн болохыг тогтоож, А.Амин-Эрдэнэ, А.Анар, Х.Энхжин, Х.Ананд нарыг эх миний асрамжид үлдээж, эцэг Д.Хэрлэнбаяраас хуульд заасан хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Д.Хэрлэнбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Бидний хамт амьдрах эхний хэдэн жил сайхан байсан. Гэвч сүүлийн жилүүдэд хоорондоо байнгын хэрэлдэж, нэг нэгэндээ таарахгүй гэдгээ ойлгосны дараа 2023 оны 5 дугаар сараас эхэлж тусдаа амьдарч байгаа. Сүүлийн үед ажлын ачаалал ихсэж гэртээ хонох маань багасаж, уур уцаартай болсон нь үнэн боловч нэхэмжлэл дээр дурдсанчлан гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх нь худлаа ба нэхэмжлэгч *******гийн биед гар хүрээгүй болно. Миний бие эцэг хүний хувьд 4 хүүхдээ асран тэтгэх үүргээсээ зугтаад, мартаад байсан зүйл байхгүй. Үүргээ ойлгож, мэдэж байгаа. Гэхдээ хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхгүй. Учир нь хүүхдүүдийн ирээдүйг бодсон ч тэр ******* их хурц ширүүн ааштай.

Иймд шинжээч томилуулж хүүхдүүдээс хэнтэй ойрхон, хэнтэй амьдрахыг хүсэж байгаа талаар асууж дүгнэлт хийлгэж хүүхдүүдийг өөрийн асрамжид авмаар байна. Мөн энэ маргааныг заавал шүүхээр шийдэхгүй нэхэмжлэгч *******тай эвлэрэн тохиролцож хүүхдүүд хэний асрамжид байх талаар ярилцаж асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Д.Хэрлэнбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүүхдүүдийн эцэг мөн болохыг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүддээ тэтгэлэг төлж, ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна... гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2024/00174 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Хөхөлдэй *******гийн*******, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Хөхөлдэй *******гийн******* нарын төрсөн эцэг Ач хариад Дагважавын******* мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Амин-Эрдэнэ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.Анар, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Х.Энхжин, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Ананд нарыг эх Х.*******гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Х.Энхжин, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Ананд нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Амин-Эрдэнэ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.Анар нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Хэрлэнбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Хэрлэнбаяр давж заалдах гомдолдоо: ...Д.Хэрлэнбаяр миний бие шүүхийн шийдвэрийг 2024 оны 02 сарын 29-ний өдөр хүлээн авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд;

1.Анхан шатны шүүх 2010 оны 05 сарын 13-ны өдөр хүү А.Амин-Эрдэнэ, 2011 оны 12 сарын 02-ны өдөр хүү А.Анар, 2015 оны 03 сарын 16-ны өдөр охин Х.Энхжин, 2018 оны 10 сарын 28-ны өдөр үү Х.Ананд нарыг эх Х.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч X.******* их хурц ширүүн ааштай тул хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож айж байна. Шүүхийн шийдвэр хүчинтэй болсноос хойш хүүхдүүдээ надтай уулзуулахгүй, харилцаагаа таслахыг бас сайн мэдэж байна. Миний бие шүүхэд гаргасан хариу тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.3.2-д заасны дагуу шинжээч томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч анхан шатны шүүхийн шүүгч уг ажиллагааг явуулаагүй. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгтээ үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар тусгаагүй байсан.

2.Энэ нь хариу тайлбарыг шүүх үндэслэл болголгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь дээрх байдлаас харагдаж байгаа бөгөөд шинжээч томилуулж, хүүхдүүдээс хэнтэй ойрхон, хэнтэй амьдрахыг хүсэж байгаа талаар асууж дүгнэлт хийлгэх тухай хариу тайлбарт тусгасан хүсэлтийг минь шийдвэрлээгүй үлдээсэн нь үндэслэлгүй байна.

3.Миний бие эцэг хүний хувьд 4 хүүхдээ асран тэтгэх үүргээсээ зугтаад, мартаад байсан зүйл байхгүй, үүргээ ойлгож, мэдэж байгаа болон үүнийг зөвшөөрч байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 174 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг өөрчилж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.Хэрлэнбаярт холбогдуулан 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Амин-Эрдэнэ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.Анарын төрсөн эцэг нь Д.Хэрлэнбаяр мөн болохыг тогтоож, А.Амин-Эрдэнэ, А.Анар, Х.Энхжин, Х.Ананд нарыг эх миний асрамжид үлдээж, эцэг Д.Хэрлэнбаяраас хуульд заасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхгүй гэж гомдол гаргажээ.

3. Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.Хэрлэнбаяр нарын дундаас 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Амин-Эрдэнэ, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү А.Анар, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин Х.Энхжин, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү Х.Ананд нар тус тус төрсөн болох нь №0367936-295, №870, №6701000235, №6701000873 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба энэхүү үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй.

Түүнчлэн О.*******, Д.Хэрлэнбаяр нар албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй болох нь гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар, хүү А.Амин-Эрдэнэ, А.Анар нар нь эх О.*******гаар, охин Х.Энхжин, хүү Х.Ананд нар нь эцэг Д.Хэрлэнбаяраар овоглодог болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж заасан бөгөөд шүүх хүүхдийн амьдрах, сурах, өсч торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл зэргийг харгалзан хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

5. Хариуцагчийн гаргасан ...Миний бие шүүхэд гаргасан хариу тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.3.2-д заасны дагуу шинжээч томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч анхан шатны шүүхийн шүүгч уг ажиллагааг явуулаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. гэж заасан ба хариуцагч Д.Хэрлэнбаяр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд ...хүүхдүүдийн эцэг мөн болохыг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүддээ тэтгэлэг төлж, ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна... гэх тайлбар өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй тохиолдолд татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв тухайн баримтыг өөрөө олж авах боломжгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах замаар шийдвэрлүүлэх боломжтой.

Түүнчлэн хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлээгүй, шинжээч томилуулах хүсэлтээ шүүх хуралдаанд дэмжиж оролцоогүй байх ба гомдолд дурдсан 34-р зүйлийн 34.3.2-д... гэх заалт нь хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхтэй хамааралгүй байх тул хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж хуульд заасан хэдий ч энэ нь албан ёсны гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах тохиолдолд хэрэглэх зохицуулалт болно.

Анхан шатны шүүх хуралдаанд ...бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа хүүхдүүд хэний асрамжид байх нь илүү зохистой эсэхийг тодруулах үүднээс шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тайлбар гаргасан байна. Энэ тайлбартай холбоотой гаргах санал хүсэлт байхгүй байна гэж ойлголоо. Зөв үү?... гэх шүүгчийн асуултад хариуцагч нь Зөв гэж хариулсан нь хуралдааны тэмдэглэл, бичлэгт тусгагдсан байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2024/00174 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                             Б.СОСОРБАРАМ

Л.ЭРДЭНЭБАТ