| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0073/э |
| Дугаар | 2019/ШЦТ/73 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох 1921000090055 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дүгээр сарын .....-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ..... дугаар баг, ....... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Э. /РД: .........../
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байх Бүсийн оношилгоо, эмчилгээ төвийн харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн 2 давхарт байх эмчийн өрөөнөөс түрийвчтэй 400000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Б.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цагаас 24 цагийн диспансерийн жижүүрт гарч байгаад шөнийн 02 цагийн орчимд БОЭТөвийн сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн 2 давхарт байх өөрийнхөө ажлын өрөөнд орж унтсан. Намайг унтаж байхад хүн хаалга тогшихоор нь сувилагч нар байна гэж бодоод хаалгаа тавиад өрөөндөө ороод буцаад унтсан. Би хаалга тавьж өгөхдөө ямар хүн орж ирснийг мэдээгүй. Өглөө босоод 09 цагийн үед банкаар мөнгө шилжүүлэх гээд шургуулганд байгаа түрийвчээ үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь 1 давхарт байдаг камерыг шүүлгэж үзэхэд гаднаас 2 хүн орж ирээд нэг нь үүдэнд суугаад нэг нь өрөөн дотор явж байгаад миний өрөө рүү орсон бичлэг байсан. Урьд өдөр нь эмчилгээний мөнгө болох 400000 төгрөгийг түрийвчиндээ хийсэн байсан. ...Д.Э нь миний хохирлыг барагдуулж надад 420000 төгрөгийг төлж барагдуулсан тул гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 15-17 тал/
Гэрч Л.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэл мэдрэлийн тасагт Сайнбилэгтэй хамт нэг өрөөнд хэвтэж эмчлүүлж байгаа юм. Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 02 цаг 40 минутын үед манай палатны хаалга дуугарахаар нь сэрэхэд саравчтай малгайтай, хар хувцастай хүн орж ирэхээр нь би “хэн бэ чи, гараач” гэж хэлэхэд удаан гараад коридор руу явсан. Тухайн үед хоёулаа хэвтэж байсан болохоор айгаад сайн харж чадаагүй...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/
Гэрч М.Сайнбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 02 цаг 40 минутын орчимд манай өрөөнд хамт эмчлүүлж байгаа Одончимэг нь “гараачээ, яваач” гэж хэлэхээр нь сэрэхэд манай өрөөнд саравчтай малгайтай жинсэн өмдтэй, малгайгаа дарж өмссөн, жижигхэн биетэй эрэгтэй хүн орж ирээд гарсан. Тэрнээс хойш 20-иод минутын дараа Одноо эгчтэй 00 ороход Батболд эмчийн эмчилгээний өрөөний хаалга онгорхой, гэрэл нь асаалттай байсан...” гэжээ. /хх-ийн 22-3 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 тал/
- Эд зүйлийн үнэлгэээ /хх-ийн 39 тал/
- Д.Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: СД 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байх Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн 2 давхарын эмчийн өрөөнөөс хохирогч Б.Батболдын түрийвчтэй 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Б.Батболд, гэрч Л.Одончимэг, М.Сайнбилэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгэт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Д.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хохирогч Б.Батболд нь шүүгдэгч Д.Э-тай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Э-н............тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Э-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Э-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Э-н ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ