Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

улсын яллагч: Г.Цогтгэрэл,

шүүгдэгч: Б.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сд холбогдох эрүүгийн 1809000001292 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны одөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Эй Си Си Эл Монголиа” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эцэг, эх, нөхөр, 2 хүүхдийн амьдардаг, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, АОС, 1 дүгээр байр, 12 тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Жардин ресидэнс” хотхоны 101-502 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” худалдааны төвийн 407 тоотод үеэл эгч З.Золжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “...Би З.Золжаргалтай багаасаа хамт өссөн. Нэг хэсэг хоорондоо холбоогүй байж байгаад 2017 оны 12 сараас манай компанид ажиллаж эхэлсэн. Би тухайн үед төрөх гэж байсан болохоор өөрийн хөдөө байдаг кэмп рүү явуулж ажиллуулсан. Манай үеэл эгч тэнд ажиллаж байхдаа архидан согтуураад асуудал гаргаад байсан. Ажиллаж байсан кэмпийн кассанд байнга бэлэн мөнгө байдаг. З.Золжаргал бэлэн мөнгө шамшигдуулаад байхаар нь 2018 оны 9 сард ажлаас халсан. Ажиллаж байх хугацаандаа байгууллагын утсыг ашигладаг байсан. Тухайн утасны эрхийг нь хаагдсан байсныг нь нээгээд үзтэл байгууллагын нэр бариад компаниудаас болон ажилчдаас залилан хийж мөнгө авсан байсан. Энэ асуудлыг мэдээд нагац эгч Энхтуяад хэлсэн. З.Золжаргалын ээж аав нь хөгшин настай хүмүүс байдаг учраас тэдэнд энэ тухай огт хэлээгүй. Гэтэл З.Золжаргал манай ээж рүү шөнө 23.00 цагт залгаж “...танай охин дампуурсан, нийгмийн даатгалаа төлж чадахгүй, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалтай байна...” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Гурван гал” худалдааны төвийн 407 тоотод байрлах манай ажил дээр ирж уулзахаар нь “...манай ээжээс уучлалт гуйчих...” гэхэд үгүй гэсэн. Миний уур хүрээд би “тэгвэл танай ээж рүү ярьж бодит байдлыг хэлнэ” гээд ажлын утаснаас залгах гэхэд манай ажлын утсыг булааж аваад шидчихсэн. Тэгэхээр нь би уурлаад үсдэж дарж байгаад алгадсан. Золжаргал ч мөн миний биед гар хүрсэн...” гэв.

 

Эрүүгийн 1809000001292 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би Золжаргалтай ажил дээр уулзаад би “чиний цалингийн зээлийн асуудлыг шийдэж өгье чи миний ээжээс уучлалт гуй” гэж хэлтэл “үгүй” гээд байсан юм. Тэгэхээр нь би “ээж рүү чинь залгаж юу болж байгааг бүгдийг нь хэлнэ” гэдгээ хэлээд маргаан болсон юм. Тэгээд би ээжийнх нь утас руу залгах гээд оффисын утас руу алхаж байтал Золжаргал оффиссын утсыг салгачихсан юм. Тэгэхээр нь би уурандаа үснээс нь зулгаагаад гар хурууг нь маажаад гарыг нь барьж байгаад доош нь дарчихсан. Тэгээд би доош нь дарчихсан байж байхдаа гар хурууг нь маажаад бие хэсэг руү гараараа цохисон. Бас нүүр рүү нь нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Хохирогч З.Золжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...надад сүүлийн 1 сарын ажилчдын цалинг өгөөгүй байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сарантай оффис дээр нь очсон. Тэгээд Сарантай оффист муудалцаж эхэлсэн. Саран намайг үсдээд нүүр болон гар хуруу маажсан. Намайг мөн өшиглөөд байсан. Би яагаад гар хүрээгүй вэ гэхээр Саран нь бие давхар байсан учир би гар хүрч чадаагүй юм. Баруун нүд рүү шанаадсан. Зүүн гарын алганы гадна хэсэгт маажсан сорив үүсэх магадлалтай, уруулны баруун талд маажиж улайлгасан, хүзүү бас улайсан байдалтай байсан. Би гомдолтой байна. Одоо миний толгой өвдөөд байгаа. Би эмчилгээ хийлгээгүй ба надад нэхэмжлэх зүйл байхгүй...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Батчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...би “Эй си си эл монголиа” ХХК-ий менежерээр ажилладаг юм. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагын оффис дээр талбайн эрхлэгч Золжаргал захирал Сарантай маргалдаад байсан ба би гадагшаа гарчихаад эргээд ажил руугаа ортол Золжаргал эгчийг Саран захирал алгадаад зууралдаад эхэлсэн. Би салгах гэсэн боловч салгаж дийлээгүй. Тэгээд Саран захирал Золжаргал эгчийн гар, бие рүү гараараа цохиод байсан ба би яг хаашаа нь яаж цохиж зодсоныг анзаарч харж чадаагүй. Би салгах гээд дундуур нь орчихсон байсан юм. Тэгээд Золжаргал эгч Саран захирал 2 салцгаасны дараа Золжаргал эгчийн цээж хэсэг нь улайчихсан байсан ба өөр ил харагдах гэмтэл байсан эсэхийг би мэдэхгүй байна. Саран захирал Золжаргал эгч хоёрын маргаан нь Золжаргал эгч байгууллагын нэрийг барьж хүнээс мөнгө зээлсэнээс болсон, бас нийгмийн даатгал төлөгдөөгүй асуудлаас болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14393 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. З.Золжаргалын биед баруун гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул, хүзүү, баруун, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-Т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмглийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” худалдааны төвийн 407 тоотод үеэл эгч З.Золжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож улмаар эрүүл мэндэд нь баруун гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул, хүзүү, баруун, зүүн сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Золжаргалын мэдүүлэг, гэрч С.Батчимэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14393 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч З.Золжаргалын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрчээс хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Сгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч З.Золжаргалаас “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Сг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН