| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 185/2020/0606/э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 232
Б.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1038 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 198 дугаар магадлалтай, Б.Т-д холбогдох 2009003370609 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Т
Б.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 19 дүгээр байрны өргөтгөлд гэрэл зургийн хэрэгслийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг газраас “Гэрэл зургийн хэрэгслийг түрээслэн ашиглая” хэмээн бодит байдлыг нуух замаар хохирогч Ү.Одбаярыг төөрөгдөлд оруулан “түрээсийн төлбөрт байгууллагын сурталчилгааг хийж өгье” хэмээн хуурах аргаар “Канон-7д” загварын камер авсан,
мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хийж байсан бичлэгээ дуусгах шаардлагатай байна” хэмээн хуурах аргаар Ү.Одбаяраас камер түрээслэн авч байсан гэх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглан дахин “Канон-7Ди” загварын камерыг авч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барьцаалан зээлдүүлэх газарт 300.000 төгрөгийг барьцаанд тавин ашиглаж, бусдын 2 ширхэг камерыг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч, бусдад 2.255.946 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний өмнөх хэрэгтээ цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ас 300.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Алтан гахай” барьцаалан зээлдүүлэх газарт олгосугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, мөн хуулийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан. Миний үйлчлүүлэгч Б.Т- нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 336 дугаартай шийтгэх тогтоол гарсан буюу хүчин төгөлдөр болсон цаг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдээгүй буюу дахин гэмт хэрэгт холбогдоогүй байхад шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Миний үйлчлүүлэгч Б.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байтал хорих ял оногдуулсантай адилтгаж 1 жил хорих ял оногдуулсан нь учир дутагдалтай буюу эдлээгүй үлдсэн ялыг 1 жил гэж үзсэн нь буруу юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Б.Т-д хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 19 дүгээр байрны өргөтгөлд гэрэл зургийн хэрэгслийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг газраас “Гэрэл зургийн хэрэгслийг түрээсээр ашиглана” хэмээн хохирогч Ү.Одбаярыг хуурч төөрөгдөлд оруулан “түрээсийн төлбөрт байгууллагын сурталчилгааг хийж өгье” хэмээн “Канон-7 Д” загварын камер,
мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хийж байсан бичлэгээ дуусгах шаардлагатай байна” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Ү.Одбаяраас дахин камер түрээслэн авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барьцаалан зээлдүүлэх газарт 300.000 төгрөгийг барьцаанд тавин ашиглаж, бусдын 2 ширхэг камерыг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан мэхэлж, 2.255.946 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдсон талаарх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т-н хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүйн дээр мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээ, хязгаарын дотор хянан хэлэлцэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Т- нь бусадтай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Э.Амараа, М.Цэрэндорж нарын гар утсыг дээрэмдэж авсан гэмт үйлдэлдээ шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэм буруутайд тооцож ял шийтгүүлэхийн өмнө 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болон 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр залилах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон мөн хуулийн 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд хууль сахиулагч, прокурорын хувьд хязгаарлагдмал юм.
Хэдийгээр шүүгдэгч нь хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлснээр нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх эсэх нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай болно.
Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн урьд шинээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял нэгтгэн оногдуулах ердийн журмыг хэрэглэх ёстой билээ.
Энэ нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод бүрэн нийцэхээс гадна гэм буруутай нь тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял завшуулахгүй байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан хэд, хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь уг журмын үндсэн зарчим бөгөөд шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялын хэмжээг ийнхүү тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймээс шүүгдэгч Б.Т-н үйлдсэн гэмт хэрэг тус бүрд өөр өөр тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь хуулийн зөв хэрэглээ тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1038 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 198 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ