Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

          Нэхэмжлэгч: Тус аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн иргэн *******гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн Авто тээврийн дарга *******д холбогдох ******* миний Nortbenz ******* улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт бүртгэсэн бүртгэл нь хууль бус учир уг бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын  13-ны   өдөр хүлээн авч  захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов. 

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 оны 6 сард талийгаач Мөнхбаттай Цэрэнпил, М.Гантөмөр нарын оруулж ирсэн ******* авто машиныг хөрөнгө хоршиж авсан. 3 сард орж ирсэн машиныг 6 сард 98.000.000 төгрөгөөс яриад 93.000.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр хөрөнгө хоршиж авсан.  Дэлгэр хүртэлх зам анх баригдсан, энэ зам дээр ажиллах гэж энэ машиныг худалдаж авсан. Тухайн үед хоёулаа машин барьж чаддаггүй байсан. Тэгээд жолооч хөлслөөд сэлбэгээ авч тавиад, гарсан зарлагаа хамгийн сүүлд ашгаа хувааж авч байсан. 2012-2015 он хүртэл ганцхан Чинжан компани дээр ажилласан. 2014, 2015 онд Увс аймгаас Улаанбаатар хот явж байгаа, Завхан аймгийн Сонгино сумын цаад талын зам дээр ажиллаж байсан. 2015 онд зам бууж ирээд хойд зам дээр ороод ажиллаж байсан. Тухайн үед хуулийн мэдлэггүйгээс ч юм уу, бие биедээ дэндүү итгэснээс болоод мөнгөө өгөөд Цэрэнпилээс авсан.

          2016 оны 9 дүгээр сард талийгаач Мөнхбат нас барахад эхнэр нь шууд бид хоёрын дундын өмчийг дур мэдээд хэргийн газраас авчираад хашаандаа тавьсан байгаа. Чиргүүл нь байнга манай хашаанд байдаг байсан. Энэ машиныг талийгаач Мөнхбат жолооч хөлслөөд хажууд нь суугаад техникийн бүрэн бүтэн байдал хангадаг байсан. Бүх зам олох ажил, бинзен шатахууныг би хийдэг. 100.000.000 гаран төгрөгөөр бинзен шатахуун хийж, сэлбэг авч тавьсан бүх баримт дансны хуулга нь иргэний хэргийн материалд байгаа. 2014 оны 4 дүгээр сарын бүртгэл хууль бус үнэхээр хуулийн дагуу М.Гантөмөр очоод шилжүүлээд гэрээгээ зөрчсөн бол би энийг М.Гантөмөртэй ярих ёстой. Намайг байхгүй байхад шилжүүлсэн байгаа учраас энэ төвтэй маргахаас өөр аргагүй болсон. Тэр хүн үнэхээр 2014 онд худалдаад авсан бол чиргүүл манай хашаанд байж байхгүй. 2015 оны 10 дугаар сараас Увсын замаас бууж ирээд 2016 оны 7 сард хүртэл манай хашаанд байж байхад банкны хүмүүс ирж үзээгүй надаас шалтгаалаагүй асуудал их байдаг. Тэр машиныг би барьж байгаа биш, жолооч хөлсөлдөг, талийгаач барьдаг байсан учир мэдээгүй. Нас бараад хэрэг үүссэн. Би ажил явдалд нь оролцоод явж байхад дүү нь ирээд энэ асуудлыг зохицуулъя гэсэн чинь банкны хэрэг мундаад банкны барьцаанд авна гээд талийгаачийн эхнэрийг дуудахаар ирдэггүй. Ах дүү нар нь ирж уулздаг. Тэгээд энэ нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн. Тэрнээс өмнө зуны 3 сард ажилладаг 7 ,8 сар манай хашаанд байж байхад банкныхан манай барьцаанд байгаа машин яагаад танай хашаанд байна гээд ирж шалгаад хэлсэн бол мэдэх боломж байсан. Тийм зүйл байгаагүй. Жилийн эцэст тооцоогоо бодоод нийлүүлээд ашгаа хуваадаг байсан. Би машин барьдаг байсан бол мэдэлгүй яахав дээ. Би тэгж хүний хөрөнгөнд хөрөнгө оруулаад, машиныг нь хашаандаа тавиад байна гэсэн ойлголт байхгүй, харахад ойлгомжгүй ч гэсэн нотлох баримт нь бүгд байгаа. Энэ захиргааны хэргийн шүүхээр бүртгэлийг л хүчингүй болгуулах гэсэн болохоор тэр баримтнуудаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй байгаа гэв.  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ машин 2012 онд хойд хилээр орж ирсэн. Хилээр орж ирэхэд нь Цэрэнпил худалдаж авсан байгаа. Тэр үед М.Гантөмөр бас нэг машин аваад Цэрэнпил нь бичиг баримтгүй байсан тул хоёр машинаа хоёуланг нь М.Гантөмөрийн нэр дээр бүртгүүлсэн байгаа. Тэгээд Цэрэнпилээс Х.Мөнхбат, ******* хоёр хөрөнгөө нийлүүлээд худалдаж авсан байгаа. Цэрэнпилийн мэдүүлэг дээр тодорхой байгаа. 43.500.000, 43.500.000 төгрөг хоёулаа тоолж ирж аваад М.Гантөмөр дээр очоод чиний нэр дээр гэрчилгээ нь байж байг бид хоёр нэгнийхээ нэр дээр авчихвал нөгөөх нь давуу эрх эдлэнэ. Тооцоогоо нийлж бүх зүйл дууссаны дараа тээврийн гэрчилгээг сольж авъя. Бид хоёрыг хоёулаа ирсэн тохиодолд тээврийн гэрчилгээг сольж өгөөрэй гээд явсан байгаа. 2014 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр тээврийн гэрчилгээг шилжүүлсэн байгаа. Тээврийн гэрчилгээг шилжүүлэхдээ журам зөрчсөн байна. 59 дүгээр тушаал дээр заасан байгаа. М.Гантөмөр ирээд би энэ хүнд энэ машиныг шилжүүлсэн. Энэ хүний нэр дээр тээврийн гэрчилгээг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад тэрний дагуу бүртгэгч хийх ёстой. Тэгж хийгээгүйгээс ийм асуудал болж байгаа юм. Энэ машин Хас банкны 60.000.000 төгрөгний зээлийн барьцаанд тавигдсан байгаа. Улсын бүртгэлийг ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт бүртгэлийг нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу бүртгэнэ гэсэн байгаа. Нотлох баримт гэдэг нь 59 дүгээр тогтоол 3.3 дахь хэсэгт автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг доор дурдсан бичиг баримтыг үндэслэн бүртгэнэ. 3.3.1 дэх хэсэгт иргэн болон хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлэх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн албан бичиг бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт гэж байгаа. Шилжүүлснийг нотлох бусад баримтыг заагаад өгсөн байгаа. Шилжүүлсэнийг нотлох бусад баримт бичиг гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсэг зурж баталгаажуулах гэж байгаа. Худалдах, худалдах авах гэрээ, итгэмжлэл бол энд хамааралгүй яагаад гэхээр энд тийм зүйл байхгүй. Бүртгэгч үнэхээр Бүртгэлийн ерөнхий хууль, Тээврийн хуулийн 15 дугаар зүйл, Хөдөлмөрийн сайдын тушаалын 59 дүгээр 3.3.1 дэх хэсгийг баримтлаад хууль журмынхаа дагуу хийсэн бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байгаа. Энэ хоёр иргэний хооронд яригдаж байгаа учраас М.Гантөмөр, Х.Мөнхбат хоёр хоёулаа иргэний үнэмлэхээ барьж очоод М.Гантөмөр нь шилжүүлэн өгөгч дээр гарын үсгээ зураад,Х.Мөнхбат нь шилжүүлэн авагч дээр зураад маягтаа бөглөөд өгсөн бол маргах зүйл байхгүй. Энэ бүх хуулиудаа зөрчсөн байгаа. *******гийн ажил үүргийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын 1 дээр тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөний бүртгэх гээд байна. Хөдөлмөрийн гэрээн дээр мөн байна. Хөдөлмөрийн гэрээг зөрчвөл ямар арга хэмжээ авах уу гэдэг нь хөдөлмөрийн гэрээн дээр нь мөн байна. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм журмыг зөрчиж бүртгэл хийсэн гэж байна. Энэ үнэхээр дүрэм журмын дагуу бүртгэл хийгдээгүй учир бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. М.Гантөмөр, Цэрэнпил нараас болон холбогдох бүх хүмүүсээс Иргэний хэргийн шүүхэд байхад Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулан гэрчээр байцаалт авхуулсан байгаа. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр хийсэн байгаа. М.Гантөмөрийн гэрчээр асуусан мэдүүлэг байгаа. Хавтаст хэргийн материалтай танилцахад шилжүүлсэн бүртгэл дээр М.Гантөмөрийн регистр дээр Х.Мөнхбат өөрийнхөө регистрийг бичсэн байгаа. Өөрийнхөө регистрийг баллаад өөр регистр бичсэн, гарын үсэг дээр маягт бөглөснөөс өөр гарын үсэг зурсан баллаж сохолсон хууль бус гэдэг нь харагдаад байна. Дүрэм журмаа баримтлаагүй бүртгэсэн учраас энэ бүртгэлийг  хүчингүй болгож байж бид нар хөрөнгөө хамгаалж үлдэнэ. Иргэний журмаар бид хөөцөлдөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатанд хандахад улсын бүртгэлтэй холбоотой асуудал байна гэсэн учраас тэрний дагуу бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

          Хариуцагч ******* нь нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Худалдах худалдан авах гэрээгүй бол хоёр хүн өөрсдөө биеэрээ байж байгаад иргэний үнэмлэх нь эх хувиараа байх ёстой. Тэгээд маягт бөглөөд гарын үсгээ зурах ёстой. Тэр хоёр хүн маягтыг тус тусдаа бөглөнө худалдаж байгаа шилжүүлэх дээр, худалдан авч байгаа хүн нь шилжүүлэн авах гэсэн хэсгийг бөглөөд гарын үсгээ зурна. Энэ хэрэг бол надад холбоогүй байгаа. Би 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс томилогдсон. Тухай үед бүртгэлийн мэргэжилтэн ******* өөрөө ажиллаж байсан. Бүртгэлийн мэргэжилтэн өөрийнх нь ажил үүргийн хувиар, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж биелүүлдэг байгаа. Энэ хүрээндээ машины шилжилт хөдөлгөөнийг заавал Авто тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Засгийн газрын 2012 оны 59 тоот журам баримталж шилжүүлдэг. Шилжүүлэхдээ хоёр хүн мөнгө төгрөгөө өгч аваад дууссан хойно манай Авто тээврийн төв дээр  ирдэг. Тэр хоёр хүн өөрсдөө биеэрээ, иргэний үнэмлэхтэйгээ байх ёстой. Иргэний үнэмлэх нь байхгүй бол тэр хүнийг нотлох бичиг баримтууд байх ёстой. Хүн ганцаараа очоод бүртгүүлэх боломж байхгүй. Худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэлтэй бол ганцаараа очоод шилжүүлж болно гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн  хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарладаа: ******* би ******* улсын дугаартай  Nortbenz маркийн машиныг 2014 оны 04 дүгээр сарын 17-нд Мягмаржав овогтой Гантөмөрийн нэр дээрээс Хандцэрэн овогтой Мөнхбатын нэр  дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч *******г би таньж мэдэхгүй энэ тээврийн хэрэгслийн шилжилттэй Баяраа ямар ч хамааралгүй. Миний шилжилт хөдөлгөөн хийсэн материалыг шалгаж баталгаажуулж тамга дардаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 17-нд дарга М.Түндэв тамга дарж баталгаажуулсан. Эзэмшигч Х.Мөнхбат нь нас барсан гэсэн тухайн үедээ хүмүүс юу гэж ярьж шилжүүлснийг хэн ч мэдэхгүй. Машинаа хүнд өгөөд 3 жилийн дараа нас барахаар нь мэддэг сонин байна. Энэ хүн хэрвээ байсан бол шилжүүлж болно. Энийг 2014 нэр шилжүүлээд 2015 онд банкны барьцаанд тавьсан. Банкнаас хаашаа ч шилжүүлж болохгүй гээд бичиг ирсэн. Тэгээд банк нас барахад нь шүүхийн шийдвэрээр хаалгасан байгаа. Энийг шүүхийн шийдвэр гаргахаар буцааж шилжүүлэх боломжтой, Авто тээврийн төв шилжүүлэхгүй, манайх ч шилжүүлэхгүй тийм л учиртай. Шүүхийн шийдвэр гаргаад ирвэл манайх шилжүүлэх боломжтой. Та нар бол ийм учиртай гээд ярьна, эзэн холбогдогч нас барсан болохоор хэцүү юм байна. 2015 онд мэдсэн байсан бол боломжтой байсан. Манай байгууллага бүртгэх субъект мөн байгаа. Одоо энэ бүртгэлийг өөрчлөхөд олон шат дамжлага дамжихаар байгаа. Энэ машин чинь банкны нэрэн дээр эзэмшигч нь Хас банк болчихоод байгаа. Хас банкнаас эргэж ямар нэгэн тооцоогүй гээд нас барсан хүний нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна гэсэн Хас банкны албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт тооцоогүй гэсэн бичигтэй хамт манай дээр ирвэл тухайн хүний нэр дээр шилжинэ. Тухайн хүний нэрээс энэ хүн дундаасаа хөрөнгө гаргаж авсан хамтран эзэмшигч байх юм бол энэ хүний нэр дээр шилжүүлэх боломж байгаа. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хураагаад авсан байгаа юм байна гэв.

          Гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг үзвэл талийгаач нөхрийн нэр дээр бүртгэлтэй Nortbenz 07-78ГАА улсын дугаартай автомашины өмчлөлийн талаар Иргэний хэргийн анхан шатны болон Давж заалдах шатны шүүхээр хянагдаж байгаа *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* надад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын утга агуулга нэг асуудлаар нэхэмжлэл гаргажээ. *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд нэгэнт Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.2-т “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж зааснаар Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг баталсан. Уг журмын 3 дугаар хэсгийн 3.3-т Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэнэ. Журмын 3.3.1-т зааснаар автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх эрх бүхий субъект нь  иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримтыг үндэслэн бүртгэхээр байна. Шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байхыг хэлнэ.

         Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс үзэхэд Nortbenz, ND3310DSAJ маркийн 0778 ГАА улсын дугаартай өөрөө буулгагч авто машины эзэмшигч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн Мягмаржав овогтой Гантөмөр байсан нь АЯ0249240 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр М.Гантөмөрөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн иргэн Хандцэрэн овогтой Мөнхбатад Nortbenz ND3310DSAJ маркийн 0778 ГАА улсын дугаартай /арал№ LBZF56FB67A016923/ өөрөө буулгагч авто машин, тэвштэй /чиргүүл/ хамт шилжүүлэн бүртгэж, аймгийн Авто тээврийн төвийн дарга М.Түндэв баталж гарын үсэг зурсан байна. Ингэж авто машин болон тэвш /чиргүүл/-ийг шилжүүлэхдээ  Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.3.1-т заасны дагуу тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг хийгээгүй, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална,  3.1.5-т “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасныг зөрчсөн байна гэж үзлээ. Учир нь: Тээврийн хэрэгслийн бүртгэх маягтын тээврийн хэрэгслийг шижүүлсэн иргэнийг бүртгэх бүртгэлд Ургийн овог Амгалан тойн, эцгийн нэр Мягмаржав, өөрийн нэр Гантөмөр, регистр ДЮ75021074, гэрийн хаяг Говь-Алтай Есөнбулаг 1-р баг Баянхайрхан оюу 2-р байр 1- тоот гэсэн бичилт хийгдэж шижүүлсэн хүний газрын үсэг дээр Гантөмөр гэсэн байна.

          Шүүх М.Гантөмөрийг гэрчээр асуухад “...би шилжүүлж өгөөгүй, 2016 оны 9, 10 сарын үед ******* над дээр ирээд машин шилжүүлсэн байна ...чи шилжүүлсэн юм уу гэсэн ... би очиж шилжүүлсэн асуудал байхгүй...гарын үсэг би зураагүй”, мөн М.Гантөмөрийн регистрийн дугаар ДЮ77092814 байхад шилжүүлсэн иргэний бүртгэлд М.Гантөмөрийн регистр ДЮ75021074 буюу Х.Мөнбатын регистрийн дугаар бичигдсэн байгаа байдал, шүүхэд нотлох баримтаар авагдсан М.Гантөмөрийн Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “...0778 ГАА дугаартай Nortbenz машины болон чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь надаас өөр хүний нэр дээр шилжсэн бол хуурамчаар шилжүүлсэн гэж бодож байна” гэсэн тайлбар зэргээр 0778 ГАА улсын дугаартай Nortbenz маркийн автомашиныг чиргүүлийн хамт М.Гантөмөр нь өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад Х.Мөнхбатад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байх тул аймгийн Авто тээврийн төвийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Nortbenz ND3310DSAJ маркийн 0778 ГАА улсын дугаартай /арал№ LBZF56FB67A016923/, ногоон өнгийн өөрөө буулгагч авто машин, тэвш /арал№ LA8GFL10080000392/-тэй автотээврийн хэрэгслийг Х.Мөнхбатад шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

           Мөн Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 7 дахь хэсгийн 7.3-т “Автотээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлээс хасах үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг Бүртгэлийн байгууллагад гаргах ба уг гомдолд 14 хоногийн дотор хариу өгнө” гэж зохицуулж өгсөнөөр нэхэмжлэгч ******* нь аймгийн Авто тээврийн төвд гомдол гаргаж Авто тээврийн төвөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 37 тоот албан бичгээр хариу өгсөн байгаа нь Захиргааний ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

          1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.2 дахь хэсэгт заасныг баримтлан Nortbenz ND3310DSAJ маркийн 0778 ГАА улсын дугаартай /арал№ LBZF56FB67A016923/, ногоон өнгийн өөрөө буулгагч авто машин, тэвш /арал№ LA8GFL10080000392/-тэй автотээврийн хэрэгслийг Х.Мөнхбатад шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ